МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Түүхэн замнал

menu 1940.12.06

Их сургууль байгуулах шийдвэр гарав.

СнЗ-ийн 1940 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн “Улаанбаатар хотноо Улсын университет байгуулах тухай” 45 дугаар тогтоол гарлаа.

menu 1942.03.03

Улсын дээд сургуулийн бэлтгэл курс нээх ба захирал томилох тушаал гарав.

БНМАУ-ын Ардыг гэгээрүүлэх явдлын сайдын 1942 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн “Улсын дээд сургуулийн бэлтгэл курс нээх ба захирлыг томилох тухай” тушаал гарлаа.

menu 1942.06.11

МАХН-ын Төв хорооны Тэргүүлэгчдийн тогтоолоор хичээлийн байртай болов.

Уг тогтоолоор 1942 оны 7 дугаар сарын 1-ээс Холбооны сургуулийн байшинг дээд сургуульд түр ашиглуулахаар чөлөөлж, Холбооны удирдах газрын дэргэдэх нэг орон сууцны хамт их сургуулийн мэдэлд шилжүүлэх, их сургуульд уригдан ажиллах Зөвлөлтийн мэргэжилтэн багш нарт Эрүүлийг хамгаалах яамны мэдэлд баригдаж буй байшингаас 4 байр гаргаж өгөх, Хилийн цэргийн сургууль, Холбооны сургуулийн чөлөөлөгдсөн барилгыг их сургуульд шилжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

menu 1942.10.05

Улсын Университет нээлтээ хийв.

menu 1942.10

Эрдмийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болов.

Улсын Университетийн орлогч эрхлэгч Ш.Чимиддамба Эрдмийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг даргалан хуралдуулж, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулжээ.

menu 1942.10.18

Улсын Университетийн ректорын анхны тушаал гарч 93 хүнийг оюутнаар элсүүлэв.

Ректорын 1 тоот тушаал гарч тоо-физикийн багшийн ангид 31, мал эмнэлэг, зоотехникийн факультетэд 27, хүн эмнэлгийн факультетэд 35, нийт 93 хүнийг оюутнаар элсүүлж, тэд Монголд оюутан хэмээх нэрийг хүртсэн анхдагчид болжээ.

menu 1943

МУИС-д гадаадын төр, засгийн албаны хүмүүс анх удаа айлчлав.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Хэнри Уэльс, Бүгд Найрамдах Тува Ард Улсын элчин сайд С.Кимчиг нар МУИС-д зочилжээ.

Оюутны зөвлөл байгуулагдав.

1943 онд МУИС-д оюутны зөвлөл байгуулагдсан нь Монголын анхны оюутны өөрөө удирдах байгууллага оюутны холбооны эхлэл байжээ.

menu 1944

Анхны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.

1944 оны 11 дүгээр сард Зоологийн тэнхимээс эрхлэн анхны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, тус тэнхимийн багш нар, Шинжлэх ухааны хүрээлэн, Тарваган тахал эсэргүүцэх станцын ажилтнууд, З-р курсийн оюутан Д.Цэвэгмид илтгэл тавьсан талаарх мэдээ МУИС-ийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.

menu 1944.06

Анхны экспедиц ажиллав.

1944 оны 6 дугаар сард биологич эрдэмтэн Н.Г.Банников, А.А.Юнатов, Э.М.Мурзаев болон бусад багш, оюутнууд оролцсон анхны эрдэм шинжилгээний экспедицийг алтайн цаад говьд ажиллуулж, биологийн судалгаа хийлгэж байв.

menu 1945

Анхны нэрэмжит стипенд олгож эхлэв.

БНМАУ-ын СнЗ-ийн 1945 оны 6 дугаар тогтоолоор УИС-д Чойбалсангийн нэрэмжит цалинг сар бүр 450 төгрөгөөр тооцон олгохоор шийдвэрлэв. Энэ нь хожим Сүхбаатарын нэрэмжит цалин гэж нэрлэгддэг болсон юм.

menu 1946

Анхны эрдэм шинжилгээний сэтгүүлийг хэвлэв.

1946 онд анхны эрдэм шинжилгээний сэтгүүлийг “Ученые записки Монгольского Государственного Университета имени маршала Чойбалсана” /”Маршал Чойбалсангийн нэрэмжит Улсын их сургуулийн эрдэм шинжилгээний тэмдэглэлүүд”/ нэртэйгээр хэвлэн гаргажээ.

Улсын Их Сургуулийн анхны төгсөлт боллоо.

1946 оны 5 дугаар сарын 5-нд төгсөлтийн шалгалт авч дууссанаар 6 дугаар сарын 29-ний өдөр Лениний нэрэмжит төгсөгчдийн баярын хурал болж, амжилттай суралцсан 35 оюутанд диплом, энгэрийн тэмдэг гардуулжээ.

МУИС-ийн төв байр ашиглалтад оров.

Зөвлөлтийн архитектор Н.Щепетильниковын зургаар 1944 оноос барьж эхэлсэн хичээлийн төв байр 1946 онд ашиглалтад орсон юм.

menu 1947

Нийгмийн ухааны факультет.

Түүх, эдийн засгийн салбартай байгуулав.

menu 1948

Цэрэг-Биеийн тамирын тэнхим байгуулагдав.

menu 1951

МУИС-ийн харьяанд Багшийн институт шинээр байгуулагдав.

menu 1954

Сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим байгуулагдав.

Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны бие даасан тэнхим 1954 онд байгуулагджээ.

menu 1956

Газар зүй, геологийн салбар үүсэв.

1956 оны 8 дугаар сарын 25-нд Багш нарын факультетийн бүрэлдэхүүнд газарзүйн салбар анх байгуулагджээ.

menu 1957

МУИС-ийн 15 жилийн ойгоор “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнав.

Хууль зүйн салбар үүсэв.

1957 онд хуулийн салбар байгуулах шийдвэр гарч сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулан, 1960 онд хуулийн мэргэжлийн анги нээгдсэн байна.

Хятад хэлний анги нээгдэв.

Хэл бичгийн факультетид Хятад хэлний анги нээжээ.

МУИС-ийн анхны “Хүндэт доктор” цолыг гардуулав.

Энэтхэг Улсын ерөнхийлөгч, доктор Сарвепали Радхакришнан МУИС-ийн анхны “Хүндэт доктор” цолыг хүртсэн.

menu 1958

Хөдөө аж ахуйн дээд сургууль байгуулагдав.

МУИС-аас Мал эмнэлэг, Мал зүй, Агрономи гэсэн 3 үндсэн салбартайгаар өрх тусгаарлаж бие даасан дээд сургууль болжээ.

menu 1959

Улсын багшийн дээд сургууль байгуулагдав.

МУИС-ийн харьяанд 1951 онд байгуулагдсан Багшийн институт тусдаа гарч дээд сургууль болов.

menu 1960

Анхны олимпиадыг зохион байгуулав.

МУИС-ийн профессор Л.Шагдар, доцент Д.Ишцэрэн нар санаачлан анхны олимпиадыг 1960 онд математикийн чиглэлээр нийслэлийн сурагчдын дунд явуулсан байна. Хожим 1964 онд АБЯ-ны шийдвэрээр математикийн олимпиад албан ёсоор, 1965 оноос эхлэн 4 даваатайгаар ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдах болсон юм.

menu 1961

Анагаах ухааны дээд сургууль байгуулагдав.

МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет 1961-1962 оны хичээлийн жилээс бие даасан дээд сургууль болжээ.

menu 1962

Цаг уурын инженер бэлтгэж эхлэв.

1962 оны СнЗ-ийн 64 дүгээр тогтоолоор УИС-ийн дэргэд Цаг уурын анги байгуулахаар шийдвэрлэжээ.

menu 1963

Франц хэлний сургалт явуулж эхлэв.

menu 1964

Орос хэл, утга зохиолын тэнхим байгуулагдав.

menu 1965

Цөмийн шинжилгээний лаборатори байгуулагдав.

menu 1968

МУИС-ийн анхны “Хүндэт профессор” цолыг гардуулав.

ХХ зууны нэрт онолын физикч, Москвагийн их сургуулийн Физикийн факультетийн профессор Анатолий Александрович Власовт МУИС-ийн анхны “Хүндэт профессор” цолыг хүртээжээ.

menu 1969

МУИС-ийн бүрэлдэхүүнд Политехникийн дээд сургууль байгуулав.

МУИС-ийн бүрэлдэхүүнд Политехникийн дээд сургуулийг Барилга, Эрчим хүч, Геологи-уул уурхай, Механик-инженер, Инженер-эдийн засгийн гэсэн 5 факультет, мэргэжлийн 13 тэнхимтэйгээр байгуулжээ.

menu 1975

Япон хэл зааж эхлэв.

Япон хэлийг сонгоноор зааж эхэлсэн байна.

menu 1982

Политехникийн дээд сургууль байгуулагдав. /ШУТИС/

БНМАУ-ын СнЗ-ийн шийдвэрээр Политехникийн дээд сургуулийг МУИС-ийн бүрэлдэхүүнээс гарган, бие даасан дээд сургууль болгож зохион байгуулжээ.

menu 1987

Төрөлжсөн тусгай сургалттай ахлах сургууль байгуулав.

Шилдэг элсэгчдийг бэлтгэх зорилгоор 1987 онд төрөлжсөн тусгай сургалттай ахлах сургуулийг байгуулав. Энэ нь 2000 онд Гэгээрлийн сайдын тушаалаар байгуулагдсан “Байгаль-Эх лицей ахлах сургууль”-ийн үндэс болсон байна.

menu 1988

Электроникийн эрдэм шинжилгээний лаборатори байгуулагдав.

Радио долгионы тархалт, үйлдвэрлэлийн процессын автоматжуулалт, хагас дамжуулагчийн физик зэрэг судалгааны гурван чиглэл бүхий Электроникийн эрдэм шинжилгээний лабораторийг байгуулсан нь электроник, мэдээллийн технологийн анхны бие даасан нэгж байлаа.

menu 1991

Олон Улсын Харилцааны Дээд Сургууль байгуулагдав.

МУИС-ийн бүтэц, зохион байгуулалтын талаар гаргасан Боловсролын сайдын 1991 оны 162 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор МУИС-ийн захирлын 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн тушаал гарч ОУХДС-ийг МУИС-ийн харьяанд байгуулжээ.

Солонгос хэлний тэнхим байгуулагдав.

Шинэ материалын хими, технологийн төв байгуулагдав.

menu 1993

МУИС-ийн харьяанд Ховд дахь Улсын багшийн дээд сургуулийг шилжүүлэв.

1979 онд байгуулагдсан Ховд дахь Улсын багшийн дээд сургуулийг 1993 онд МУИС-ийн харьяанд шилжүүлэн МУИС-ийн Ховд дахь салбар сургууль болгон өөрчлөн зохион байгуулсан бол 2004 оноос тус сургууль бие даан гарч Ховд их сургууль болов.

menu 1995

МУИС Томсон Ройтерсийн “Web of knowledge” шинжлэх ухааны мэдлэгийн санд бүртгэгдэв.

menu 1996

МУИС-ийн харьяанд Орхон аймаг дахь УБДС-ийн харьяа ГХДС-ийг шилжүүлэв.

1992 онд УБДС-ийн харьяа ГХДС нэртэй байгуулагдаж, 1996 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль болсон бөгөөд өдгөө МУИС-ийн Эрдэнэт сургууль нэртэйгээр сургалт, судалгааны үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

МУИС-ийн харьяанд Завхан аймаг дахь Эдийн засгийн коллежийг шилжүүлэв.

1974 онд Худалдааны техникум нэртэй байгуулагдаж, 1992 оноос эдийн засгийн коллеж, 1996 оноос МУИС-ийн Завхан аймаг дахь Эдийн засгийн коллеж, 1999 оноос МУИС-ийн Завхан аймаг дахь эдийн засгийн салбар сургууль, 2010 оноос МУИС-ийн Завхан сургууль болсон юм.

menu 1998

Экологийн боловсролын төв байгуулагдав.

1957 онд байгуулагдсан “Залуу байгальчдын төв станц-ыг 1998 онд “Бүх нийтийн экологийн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр МУИС-ийн харьяанд шилжүүлж Экологийн боловсролын төв болгожээ.

menu 2000

Монгол судлалын хүрээлэн байгуулагдав.

МУИС-ийн захирлын 2000 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 640 тоот тушаалаар Монгол судлалын төвийг байгуулжээ. 2011 оны 8 дугаар сараас Монгол судлалын хүрээлэн болон өргөжсөн байна.

menu 2002

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үйл ажиллагаагаа эхлүүлэв.

menu 2005

Олон улсын харилцааны сургууль хичээлийн шинэ байртай болов.

Нобелийн шагналтны лекцийг эхлүүлэв.

Анх 2005 оны 5 дугаар сарын 20-нд МУИС-ийн урилгаар ирсэн 1999 оны Нобелийн шагналт эдийн засагч, евро мөнгөн тэмдэгтийн “загалмайлсан эцэг” хэмээн алдаршсан АНУ-ын Колумбын их сургуулийн профессор Роберт Манделл “Дэлхийн эдийн засгийн гол хандлагууд” сэдвээр лекц уншсан юм.

Монгол-Франц төв байгуулагдав.

menu 2007

Сэжүн институт үйл ажиллагаагаа эхлүүлэв.

menu 2008

МУИС-ийн Күнзийн институт байгуулагдав.

menu 2014

МУИС бүтцийн өөрчлөлт хийж бүрэлдэхүүн 13 сургуулийн тоог 5 болгон, либерал арт системд шилжив.

menu 2015

Эмерит профессор цол олгож эхлэв.

menu 2017

Монголын анхны хиймэл дагуулыг МУИС-ийн залуу багш нар бүтээв.

МУИС-ийн залуу багш нарын бүтээсэн “Мазаалай” хиймэл дагуул 201_ оны 6 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатарын цагаар 05 цаг 50 минутад Олон улсын сансрын станцаас хөөрч сансрын тойрог замд орон үүргээ гүйцэтгэж эхэлжээ.

Номын сангийн шинэ барилга ашиглалтад оров.

МУИС-ийн Номын сан анх 1942 онд нэг номын санчтай, цөөн тооны номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.

Сүхбаатарын одонгоор шагнуулав.

МУИС-ийн 75 жилийн ойгоороо төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнуулав.

menu 2018

МУИС-ийн Номын сан “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналаар шагнуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагнал гардан авав.

menu 2019

МУИС-ийн Номын сан чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001 : 2015 олон улсын стандартыг үйл ажиллагаа, үйлчилгээндээ нэвтрүүллээ.

МУИС-ийн Захиргаа, удирдлагын баг “Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001” стандартыг амжилттай хэрэгжүүлсэн байгууллага болж гэрчилгээгээ гардан авав.

menu 2021

U-Multirank 2021 их сургуулиудын эрэмбийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны үзүүлэлтээр дэлхийн шилдэг 25 их сургуулийн нэг боллоо. Түүнчлэн МУИС гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтран хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн үзүүлэлтээр нийт эрэмбэлэгдсэн 1140 их, дээд сургуулиас хамгийн өндөр оноо авав.











Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар