Бидний тухай
Багш ажилтан
ЙН АГУУЛГА: Монголоор: Шилжин ирэгсэдтэй ажиллах нийгмийн ажлын судлах зүйл, хамрах хүрээ, объект, субъект, шилжин ирэгсэдтэй ажиллах нийгмийн ажлын үүсэл, түүхэн хөгжилтэй танилцана. Шилжин ирэгсэдтэй ажиллах нийгмийн ажлын үйл ажиллагааны хэм хэмжээ, эрх зүйн баримт бичиг болон шилжин ирэгсэдтэй ажиллах нийгмийн ажилтны үйл ажиллагааны үйл явц, боломжит дараалал, нийгмийн ажилтны мэдлэг, чадварын шаардлага болон ажлын байрны тодорхойлолт, үүргийг судална. Мөн шилжин ирэгсэдтэй ажиллах нийгмийн ажлын үйлчилгээг төлөвлөн боловсруулахаас гадна шилжин ирэгсдийн давуу талыг нээн илрүүлэх, тэднийг холбогдох байгууллагад холбон зуучлах, тэдний зөрчигдөж буй хүний эрхийн асуудлуудыг хөндөж нөлөөлөн дэмжих ур чадварыг эзэмшинэ.
Энэхүү хичээлийн зорилго нь аливаа нутаг дэвсгэрээс нөгөөд шилжих хөдөлгөөн хийж, оршин суух газраа бүрмөсөн болон түр хугацаагаар сольж шилжин суурьшиж байгаа хувь хүн, бүлэг, олон нийтэд тулгардаг асуудлуудыг танин мэдэх, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд шилжин суурьшигчид, орон нутгийн удирдлага, олон нийттэй хамтарч ажиллах, шилжин суурьшигчдад нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх арга зүй, ур чадвар эзэмшүүлэхэд оршино. Шилжин суурьшигчтай ажиллахад зөвхөн асуудалд төвлөрөх бус иргэдийн өөрсдийг нь чадваржуулах, тэдний давуу талд тулгуурлах, холбогдох байгууллагатай холбон зуучлах, цаашилбал тэдний зөрчигдөж буй эрхийн төлөө нийгмийн ажлын нөлөөлөл үзүүлэх зайлшгүй шаардлагууд тулдаг билээ. Хичээлийн хүрээнд эдгээр өнцөгөөс асуудлыг харж нийгмийн ажлын ерөнхий мэдлэг, чадвар, хандлагад тулгуурлан сонгосон бүлэгтэй ажиллах ур чадвараас илүү нарийвчлан суралцана.
Чанарын судалгааны аргууд хичээлийн хүрээнд чанарын судалгааны хэрэглээ, өнөөгийн бодит байдал, хандлага, чанарын судалгаа позитив арга зүйгээс ялгаатай болох нь, позитивизмыг шүүмжлэхүй, чанарын судалгааны онцлогийн талаар авч үзнэ. Мөн чанарын судалгааны онолын хандлага болох феноменологи социологи, нийгмийн харилцан үйлдлийн онол, билэг тэмдгийн интеракционист хандлага, этнометодлоги үзэл баримтлалуудад чанарын судалгааны арга зүйг хэрхэн авч үзсэнтэй танилцана. Чанарын шинжилгээний нэгж, шинжилгээ хийх логик ба найдвартай байдал, чанарын болон тоон судалгааны онол, таамаглал, арга зүй, аргачлал, чанарын судалгаанд баримтлах зарчмууд, чанарын судалгаанд судалгааны ёс зүйг баримтлахын ач холбогдол, ёс зүйн хэлбэрүүдийг судлана. Ажиглалтын судалгаа хичээлээр ажиглалт хийх дараалал: ажиглалтын найдвартай байдал:Кихот, Диахроник, Синхроник, Үнэн зөв байдал: энгийн тоолох, ерөнхийлөх, таамаглалаа хэрхэн шалгах талаар авч үзнэ. Мөн төлөвлөөгүй сурвалжлагын хэлбэр, онцлог, сурвалжлагын аргыг хийх ерөнхий дараалал, фокус бүлгийн аргын онцлог, явуулах дараалал, семиотик, этнограф, этно арга зүй, текстийн шинжилгээний ерөнхий төлөв, түүнийг хийх аргачлал, амьдралын түүх, намтар судлалын аргын онцлог, амьдралын түүх, намтар судлалын аргаар судалгаа хийх аргачлал, дурдатгал судлал, бичлэг тайлах аргын онцлог, аналитик жишилтийн арга, хэв маягчлах аргад суралцана. Чанарын судалгаа хийх аргазүйн триангуляци, мөн чанар, чанарын шинжилгээний мэдээллийг дүгнэх, үр дүн ба тайлан бичих аргачлалын тухай авч үзэх болно.
Оюутанд чанарын судалгааг цогц байдлаар хийх, оюутанд судалгааны дадал суулгах, мэдээллийг шинжлэх чанарын судалгааны аргын онол арга зүйг судлан мэргэжлийн чадвар, дадал, хандлага эзэмшүүлнэ.
Нийгмийн ажлын нөлөөлөл хичээлээр оюутнууд нөлөөллийг байгууллагын, хууль эрх зүйн актын хүрээнд, шүүхийн шийдвэрт, олон нийтийн эрх ашгийг хамгаалах хүрээнд хэрхэн гүйцэтгэхийг үе шат бүрээр суралцана. Ингэхдээ нөлөөллийн төлөвлөгөө, стратеги боловсруулах, тактик буюу нөлөөллийн арга техникүүдээс сонголт хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслийг нөлөөлөлд ашиглах болон нөлөөллийн үйл ажиллагааг үнэлэх буюу үр дүнг нь олон нийтэд танилцуулах гэсэн практик аргуудтай нэг бүрчлэн танилцаж танхимын мэдлэгээ семинарын дадлагаар батжуулна.
Тус хичээл нь оюутнуудад нийгмийн ажлын нөлөөллийн тухай мэдлэгийг зорилтот бүлгийн түвшинд, сонгосон асуудлын хүрээнд хэрхэн өрнүүлэх талаар мэдлэг олгоход оршино. Хичээлийн явцад олж авсан мэдлэг, ур чадварыг түвшин бүрээр харилцан ярилцаж практикт хэрхэн хэрэглэх тактикт суралцах нь уг хичээлийн ач холбогдол мөн.
Нийгмийн ажил: Хүн-орчин, нийгмийн өөрчлөлтийн төлөөх интервенц хичээлийн хөтөлбөр, ашиглагдах материал нь АНУ-ын Чикагогийн их сургууль, Питтсбургийн их сургууль болон Техас дахь Остиний их сургуулиудын Нийгмийн ажлын салбарт заагддаг мэргэжлийн суурь хичээлийн хөтөлбөрөөс эх авсан бөгөөд нийгмийн шинжлэх ухааныг сонирхож буй бакалаврын түвшний оюутнуудад зориулагдсан болно. Нийгмийн ухааныг сонгон суралцаж буй оюутнуудад мэргэжлийн чиг баримжаагаа олоход нь тус болох зорилгоор тус хичээлийн хөтөлбөр нь дараах дэд сэдвүүдээс бүрдэл болно. Үүнд: 1. Нийгмийн ажлын түлхүүр ойлголтууд 2. Нийгмийн ажил хөгжиж буй мэргэжил болох нь 3. Нийгмийн институцуудийн чиг үүргийг дэмжих нь 4. Нийгмийн асуудлууд ба интервенцүүд
Уг хичээлийн ерөнхий зорилго нь МУИС-д элсэн суралцагчдад нийгмийн ажлын суурь мэдлэг олгох, цаашид гүнзгийрүүлэн судлах боломжийг нээж өгөх явдал юм. Үүний тулд тус хичээлээр оюутнуудад нийгэм, эдийн засаг, засаглал, соёлын олон талт байдал, тогтолцоо нь хүний амьдралд хэрхэн нөлөөлөх талаар ойлголт өгч, хүмүүс хоорондын харилцаа, зан үйл, цаашлаад хүн нийгмийн харилцааны үндсийг нийгмийн ажлын түлхүүр ойлголтууд болон зарчмуудад тулгуурлан тайлбарлахыг зорилт болгоно.
Олон нийттэй ажиллах нь нийгмийн ажлын макро түвшний практик үйл ажиллагаа юм. Нийгмийн ажилтан хувь хүн, бүлэг, гэр бүлтэй ажиллах мэдлэг чадварыг эзэмшихийн зэрэгцээ олон нийтийн талаар ойлголттой, сонгосон олон нийтэд нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлж, тэднийг идэвхжүүлж чаддаг байх нь туйлын чухал болоод байна. Тус хичээлээр оюутнууд олон нийтийг тодорхойлох аргууд, олон нийттэй ажиллахад амьдарч буй орчны нөлөөг харгалзах болон нийгмийн ажлын аспектууд болох чадваржуулах, нөөцийг илрүүлэх, давуу талд тулгуурласан хандлагуудыг олон нийтийн онцлогт тохируулан хэрхэн ашиглах талаар суралцана. Мөн хичээлээр нийгмийн ажилтнуудын мэдвэл зохих төрийн бус байгууллагын менежментийн зарим асуудлуудыг хөндөн ярилцана.
Тус хичээл нь оюутнуудад олон нийттэй ажиллахад ашиглагдах онолууд, олон нийтээс зорилтот бүлгийг сонгох аргууд болон орон нутаг, хотод олон нийттэй хэрхэн ялгаатай байдлаар ажиллах талаар ойлголт өгөхөөс гадна чадавхжуулах хандлага, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх практик аргууд, олон нийтийн хөгжилд сөргөөр нөлөөлж буй нийгмийн хүчин зүйлс (ядуурал, шилжих хөдөлгөөн, орлогын тэгш бус байдал)-ийг ойлгож нийгмийн ажлын үйлчилгээндээ ашиглах чадвартай болгох зорилготой.