Бидний тухай
Багш ажилтан
Хотын ландшафтын модлог ургамлыг арчлах үндсэн мэдлэгийг олгох зорилгоор модны үнэ цэнэ, ашиг тус; тарих зөв техник; хэлбэржүүлэх, засч залруулах, шинэчлэх тайрах аргын талаар өргөн хүрээтэй судалгаа, лабораторид хийж болон зарим хэмжилтийн ажил; талбай, хөрсний асуудал; хотын модонд нөлөөлдөг хортон шавж, өвчин; харь зүйлийн модлог ургамлын зүйлийн менежмент; барилгын эвдрэлээс урьдчилан сэргийлэх; мөн олон улсын болон Монгол орны энэ чиглэлийн мэргэжлийн байгууллага, төрийн байгууллагуудын тухай ойлголтыг авна.
Энэ хичээлээр хотын орчин дахь мод, хотын ногоон байгууламжийн менежмент, дизайн, арчилгаа зэргийг судлах гэсэн хоёр тодорхой асуудалд анхаарлаа хандуулдаг. Хичээлийн гол зорилго нь хот суурин газар болон хот орчмын орчинд тарьсан гоёл чимэглэлийн модны талаарх гүнзгий мэдлэг, тарих талбайн дотоод болон гадаад асуудлууд, хотын ногоон байгууламжийн үүрэг, төрөл, асуудал, ашиглалт, арчилгаа зэргийг судлах явдал юм. Мөн дадлагын хичээлээр хотын ногоон байгууламжид ашигласан мод, бут сөөг болон бусад гол гоёл чимэглэлийн ургамлын зүйлүүдийг судлах явдал юм.
Оюутнууд ойн экологийн онол аргазүйд суралцаж, ойн экосистемд хүний болон байгалийн ямар хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгаа үүнээс үүдэн ямар үр дагавар асуудлууд гарч болох вэ гэдгийг ойлгож, тооцоолж сурах мэдлэг эзэмшинэ. Экологийн онол, зарчмууд ойн янз бүрийн хэв шинж, олон янз байдалд хэрхэн үйлчлэх зүй тогтлыг шинжлэх ухааны бүтээл туурвил уншиж судлан зураг, дүрслэл ашиглан тайлбарлах чадвартай болно. Янз бүрийн багаж төхөөрөмж ашиглан хэрхэн туршилт, судалгаа хийх, туршилт судалгааны төлөвлөгөө боловсруулах, өгөгдөл цуглуулах, боловсруулах, үр дүнг нэгтгэн тайлагнах, дүгнэх дадал эзэмшинэ. Ихэнх лаборатори болон хээрийн дадлагын ажлууд багаар гүйцэтгэх даалгавар байх бөгөөд үүний үр дүнд оюутан хамт олонч, багаар ажиллах, бусдыг сонсох, хүлээн авах, зохицох зэрэг хувь хүний хөгжилтөй холбоотой дадал, хэвшилд суралцана.
Ойн экологи гэдэг нь ойд болж буй байгалийн бүхий л процесс ургамал, амьтан, микроорганизм тэдний харилцан үйлчлэл, тэдний хүрээлэн буй орчин, ой болон хүний амьдралд үзүүлж байгаа нөлөөг судалдаг. Эдгээр бүх процесс нь тодорхой оронзай цаг хугацаанд явагдаж байдаг ба бүх ойд хоорондоо төсөөтөй, нийтлэг зүй тогтол байдаг (модод, түүний дор ургах ургамал, тэнд амьдрах амьтад, биологийн төрөл зүйл, хөрс гэх мэт). Мөн ой байнга хүний нөлөөнд автагдаж хувьсан өөрчлөгдөж байдаг. Ойн экологи хичээлийг судлахад өргөн мэдлэг чухал. Үүнд: цаг уур судлал, биологи, биохими, усзүй, популяци, генетик, гамшигт үзэгдлийн экологи гэх мэт. Ой хэрхэн бий болох цаашид хэрхэн хөгжих вэ гэдэг асуудалд хариу өгөхөд дээрх шинжлэх ухаануудын мэдлэг шаардагдах бөгөөд эдгээрийн хооронд харьцуулалт, дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах мэдлэг эзэмших нь чухал. Зарим харилцан хамаарал нь тодорхой, тооцоолж болохуйц, шугаман шууд хамааралтай байдаг ч ихэнх нь тодорхой бус, урьдчилан тооцоолох боломжгүй, зөвхөн том хэмжээнд тооцоолж болохуйц (шугаман бус) байдаг. Дээрх асуудлуудыг шийдвэрлэх мэдлэг эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.
Энэхүү хичээлээр Монгол болон Дэлхийн ойн экологи, менежментийн үндэс, туршлагыг судална. Ойн моддын үүсэл, өсөлт, нөхөн төлжих үйл явцын биологийн үндэс, бүс нутгийн ойн аж ахуй болон ойн экосистемд нөлөөлөх хүний нөлөөллийн талаар үзнэ. Түүнчлэн модлог ургамлыг таних, ойн судалгааны дээж авах, өгөгдлийг боловсруулах арга зүйг судлаж эзэмшинэ. Мөн ойн экологийн зарчим, ойн таксаци, модны анатоми, физиологи, ойн хортон шавж болон ойн түймрийн экологи, ой ашиглалтын талаар судална. Мод болон модон бүтээгдэхүүн нь Монгол орны экологи, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг тул бүс нутгийн ялгаварт тулгуурласан ойн болон ойн менежментийн цогц бодлогыг авч үзэхийн зэрэгцээ ойн тухай хууль, тогтоомжийг судална.
Ойн экологи, ойн менежмент, ойн аж ахуй, ойн дагалт баялаг, ой ба уур амьсгалын өөрчлөлт, ойн хөрс, ой ба нүүрстөрөгчийн үндэс
Модлог ургамлын экологийн үндсэн асуудлууд, уур амьсгалын хүчин зүйлс, Үзэгдэл зүйн тухай, ажиглалт үндсэн аргууд, ажиглалтын материал боловсруулалт. Ургамлын зүйл ба тархалтын хэлбэрүүд, зүйлийн дотоод хувьсал, ойн геоботаникийн систематик нэгж, монгол орны байгалийн бүс бүслүүрийн зүй тогтол, ургамалан нөмрөгийн босоо зүй тогтол, газар зүйн мужлалт, удмын холбоо, нүцгэн ба далд үрт ургамлын онцлогийн талаар оюутанд онолын гүн мэдлэг өгч мод сөөгийг тодорхойлж таних талаар дадлагажуулах
Ойн геоботаник болон экологи биологийн үндсэн асуудлууд, морфологи шинж чанар, тархалт, зүйлийн бүрдэл, нүцгэн ба далд үрт ургамалуудын онцлог, тархалт. Ургамлын бүс бүслүүр, үржлийн эрхтэн дээр ажиглалт хийх үзэгдэл зүйн ажиглалт материал боловсруулалт. Монгол орны ботаник газар зүйн мужлалт, систематик ангилалын талаар тодорхой мэдлэг олж авч сурах явдал юм.
Илтгүүр, гео-ургамал судлал – ургамлан бүлгэмдлийг байгаль орчны нөхцөлийн илтгэгч үзүүлэлт гэж авч үздэг геоботаникийн салбар юм. Ургамлан бүлгэмдлийн зэрэгцээгээр гео-ургамал судлал нь байгаль орчны нөхцөлийг тодорхойлохын тулд ургамлын тусгай зүйлүүд, ургамлын зүйл хоорондын хэлбэр, терат зэргийг ашигладаг. Байгаль орчны нөхцөлийг таниж мэдэхийн тулд орчин нөхцөлтэй хангалттай тодорхой тогтвортой холбоотой байдаг ургамлан бүлгэмдлийг илтгүүрүүд хэмээн нэрлэнэ. Илтгүүрүүдийн тусламжтайгаар тододрхойлогдож буй орчны нөхцөлийг илтгүүрийн объект гэж үзэх ба тодорхойлох явцыг илтгүүрчлэх гэнэ. Илтгүүр гео-ургамал судлалын онолын үндэс нь байгаль дахь бүх үзэгдэл юмс, үйл явцын харилцан хамаарал ба холбооны тухай үзэл баримтлал болно. Энэ үзэл баримтлал нь шим мандал дахь түгээмэл харилцаа холбооны тухай болон гео мандалын тухай сургаалын илрэлүүдийн нэг болно. Сургалтын хэд хэдэн технологийг хэрэглэн энэ хичээлийг явуулна. Бодитой асуудлыг шийдвэрлэхийн тулд шаардлагатай мэдлэгийг бие дааж олгоход оюутнуудыг чиглүүлэх ажлыг лекц ба дадлагын хичээлийн явцад гүйцэтгэнэ. Оюутнууд илтгүүр гео-ургамал судлалын талаар шинэ мэдлэг ба мэдээллийг олж авах ба тэдгээрийг хэрэглээний ботаникийн практикт нэвтрүүлэх туршлага, чадвартай болно.
Байгаль, нийгэм, экологийн тулгамдсан асуудал хурцаар тавигдаж байгаа орчин үед тэдгээр асуудлыг шийдвэрлэхэд үндсэн суурь болдог ургамлын аймаг, ургамалжлын төрөл зүйлийн бүрэлдэхүүн, бүтэц хийгээд индикатор ургамлаар байгаль орчны нөхцөл, ашигт малтмалын төрөл, мод огтлох, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн индикатор болгон ашиглах боломжийн талаар шинжлэх ухааны үндэстэй мэдлэг чадвар, дадлагыг оюутан нарт олгоно. Ургамлын гадаад ба дотоод бүтэц байгаль-экологи ба уур амьсгалын нөхцөлтэй нягт холбоотой байдаг. Олон зүйл ургамал ашигт малтмал, ховор метал, ус чийг, давс, хужир, хөрсний үржил шим, цаг уурын өөрчлөлтийн шинж тэмдэг, (ган, зуд, цөлжилт), хүний сөрөг нөлөө (мод огтлох, түймэр, ашигт малтмал олдворлолт, газар тариалан, хотжилт, төрөл бүрийн бохирдолт (агаар, хөрс, ус), мал хэт бэлчээх, техникийн гаралтай гэх мэт) зэргийн амьд илтгүүр болж өгнө.