Бидний тухай
Багш ажилтан
Хөдөөгийн газрын менежмент гэдэг үндсэндээ хөдөөгийн хөгжлийг хангахад байгаль, газрын нөөцийн удирдлагыг хэрхэн зүй зохистой зохион байгуулж буй явдал бөгөөд үүнд орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоонд тулгуурлах явдал чухал. Өөрөөр хэлбэл Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа нь хөдөө орон нутгийн хөгжлийг тодорхойлоход тэргүүлэх байр суурь эзлэх болсон явдал юм. Иймд энэ мэргэжлээр суралцаж буй суралцагсдын дийлэх нь хөдөө орон нутгийн төлөөлөл байх бөгөөд тэдний хувьд өөрсдийн орон нутгийг хөгжүүлэн, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд газрын эзний болоод газрын менежерийн зүгээр мэдвэл зохих мэдлэг, ойлголт, хандлагыг энэхүү хичээлээр олж авна.
Энэхүү хичээлийг Газар зохион байгуулалтын мэргэжлээр бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд судлах бөгөөд тогтвортой хөгжлийн баримжаатай хөдөөгийн хөгжлийн дэлхийн чиг хандлага, тэргүүлэх туршлага хийгээд алслагдмал хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааг тогтвортой дээшлүүлж, амьдралын чанарыг сайжруулахад тэдний өөрсдийн оролцоотойгоор байгаль, газрын нөөцийн ашиглалт, хамгааллыг тогтвортой газрын удирдлага, зохион байгуулалтаар хангах, бодлогыг тодорхойлох, арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ойлголт, хандлагыг оюутнуудад төлөвшүүлэхэд оршино.
Газрын сангийн тухай эрх зүйн ойлголт. Газрын өмч, эзэмшлийн үүсэл хөгжлийн түүх. Монгол орны газрын сангийн тойм. Газрын ашиглалт хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх үндсэн арга зам. Газрын бодлогын бүсүүд тэдгээрийн чиг үүрэг, тавигдах шаардлага, харгалзах хязгаарлах үзүүлэлтүүд. Газрын сангийн үндсэн ангилал бүрийн ашиглалт хамгаалалтын менежмент. Газар хадгалан хамгаалах, нөхөн сэргээх, сайжруулах эрх зүй, арга технологийн үндсүүд
Газрын сангийн эрх зүйн тухай ойлголттой болж, Газрын сан, нутаг дэвсгэр, газрын нөөцийн тухай ухагдахуунуудтай танилцана. Газрын сангийн эрх зүй, ашиглалт хамгаалалтын тухай ойлголт, газрын сангийн ангилал тус бүрийн ашиглалтын хүрээнд үүсэж буй экологи, нийгмийн харилцааг зохицуулахад холбогдох салбар эрх зүйнүүд, тэдгээрийн хэм хэмжээ, механизмуудыг ашигладаг байх мэдлэг чадвар эзэмших ач холбогдолтой.
Газрын удирдлагын нэгдсэн цахим системийг хэрэглээнд нэвтрүүлж, улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр тогтоосон. 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд газрын бүртгэл, зураглалын алдааг бүрэн засварлаж, цаасан хувийн хэргийн материалыг цэгцлэх, цахимжуулах ажлыг хийж, нэгдсэн санд бүртгэж баталгаажуулсан бөгөөд албан хаагчдын хийж буй газрын бүртгэл нээлттэй, шат бүрд хяналттай болж, шийдвэр гаргагч нарыг бодит агшны мэдээллээр хангах боломжтой болсон. 2017 оноос газрын салбарт Лэнд менежер программ хангамжийг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд төрийн албанд ажиллаж буй мэргэжилтэн бүр тус программ дээр ажиллах чадвартай байх хэрэгцээ шаардлага үүссэн ба энэ хичээл нь эдгээр бүх ур чадварыг эзэмшүүлнэ.
Газрын удирдлагын систем болон Газрын кадастрын системийг хөтөлдөг “Лэнд Менежер” программ хангамжийг ашиглаж сурах мэргэжлийн ур чадварыг эзэмшинэ. Мөн холбогдох хууль тогтоомж, иргэнд газар өмчлүүлж, кадастр хийх журам, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам зэрэг эрхзүйн орчинтойгоо хэрхэн уялдаж ажилладаг талаар ойлголт өгөх, өргөдөл бүртгэх боломжит бүх жишээн дээр “Лэнд Менежер” сургалтад зориулсан хувилбарыг ашиглан ажиллаж сурахад чиглэнэ.