МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: RELI321
Багц цаг: 3

Товч агуулга

Шашин судлалын үндсэн судлагдахууны нэг бол тухайн шашны ертөнцийг үзэх үзэл буюу тухайн шашны онолыг судлах юм. Энэ хичээлийн хүрээнд Энэтхэг, Хятад, Төвөд, Монгол болон Азийн бусад бүс нутаг улс оронд дэлгэрсэн Буддын шашны онолууд болон бусад эртний Энэтхэг дэх тогтсон таалалтнуудын үзэл онолыг харьцуулан судалж, улмаар тэдгээрийн өвөрмөц мөн чанар, онцлогууд, тус тусын ялгаа зэргийг онолын түвшинд ойлгох мэдлэгийг олгоно. “Тогтсон таалал” хэмээх нэрийн учир, мөн чанар, гадаад хийгээд дотоод тогтсон тааллын ялгалууд, тэдгээрийн үзэл онолыг дэлгэрэнгүй үзнэ. Тухайн чиглэлийн үүсэл хөгжлийн түүх, шашны онол баримтлал, гол төлөөлөгчид, тэдний зохиол бүтээл, үйл ажиллагаа, алдартай шавь нар буюу залгамжлагчдын талаар мэдлэг олох юм. Тогтсон таалал хэмээх буддын философийн түүхийн чиглэлээр бичсэн эртний мэргэдийн сурвалжуудтай танилцана. Үзэл баримтлалдаа хөдөлшгүй болсон гэх тогтсон таалал хэмээх нэрийн мөн чанар, утга учир, гадаад хийгээд дотоод тогтсон тааллын ялгалууд, тэдгээрийн үзэл онолыг дэлгэрэнгүй үзнэ. Тогтсон тааллуудыг нэг бүрчлэн бэлгэ чанар, ялгал, тус тусын утга, нэрийн учир гэсэн үндсэн хэсгээр авч үзнэ. Түүнчлэн тогтсон тааллыг “суурь, мөр, үр”-ийг үзэх үзлийн үүднээс ялган үзэх юм. Үүнээс “суурь” гэдэгт үндсэн онолын тал, ахуйн тухай сургаал, “зам, мөр”- нь гэгээрэлд хүрэх арга зам, явдлыг өгүүлдэг бол “үр” гэдэгт ямар үр дүнд хүрэх өөрөөр хэлбэл гэгээрлийн талаар ямар үзэлтэй болохыг мэднэ.

Зорилго

Хичээлээр эртний Энэтхэг дэх буддын болон буддын бус тогтсон тааллууд буюу гүн ухааны урсгал чиглэлүүдийн үүсэл хөгжлийн түүх, гол төлөөлөгчид, зохиол бүтээл, ертөнцийг үзэх үзэл, тэдгээрийн ялгаа ба өвөрмөц онцлог, үндсэн ойлголтуудын талаар суурь мэдлэгийг олгоход оршино. Суралцагчид дотоод, гадаад тогтсон таалалтнуудын үзэл онолын ялгаа, ялангуяа дотоодын урсгалуудын явдал, мөр, нирвааны тухай ойлголтын адил болон ялгаатай талыг мэдэж авна. Тэрчлэн Энэтхэг, Төвөд, Монголын сэтгэгчдийн гүн ухааны үзлийг ойлгох, тэдгээр нь ямар урсгал чиглэлийнх болохыг тогтоож чадах мэдлэг, чадвартай болох ач холбогдолтой юм. Тогтсон таалалд эртний энэтхэгийн буддын бус тогтсон таалалтан буюу гадаад үзэлтнийг энэтхэгийн гүн ухаантан, буддын учир шалтгааны ухааныг хөгжүүлэгчийн нэг Дигнага бээр “буруу зам мөрд хязгааргүй” гэсэнчлэн олон урсгал чиглэлд хуваадаг боловч үзэл номлолынх нь ижил төстэй байдлаар нь хураангуйлж мөнхөд өгүүлэгч, тасархайд өгүүлэгч хэмээх үндсэн хоёр хэсэгт ангилна. Данжанба, Жэврагба, Рэгжодба, Жэрвүва, Жанпэнба эдгээр тавд гадаадын тогтсон таалалтан бүгд үзэл баримтлалынхаа хувьд багтдаг. Энэхүү хичээлээр гадаад тогтсон таалалтнаас төлөөлүүлж тасархайг өгүүлэгч Жанпэнба, мөнхөд өгүүлэгч Данжанба, Чавжүгба, Ванчүгба, Жэврагба, Жодваба, Ригбажан, Жэрвүба нарын үзэл номлолыг таньж мэднэ. Шашны онолын ангиллыг арга зүйг: бэлгэ чанар, ялгал, тус тусын утга гэсэн үндсэн гурван хэсгээр авч үзнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: RELI221
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээл нь төвөд хэлээрх сурвалж ном зохиол ашиглах чадвартай болох зорилготой учраас түүнд чиглэгдсэн ном судар орчуулах, төвөд монгол толь, төвөд монгол илт өгүүлэх нэрийн толь, төвөд монгол тайлбар толиуд, төвөд үгийг төвөдөөр тайлбарласан толь, төвөд англи, төвөд орос зэрэг төрөл бүрийн толь бичгүүдийг ашиглаж сурах юм. Түүнчлэн төвөд хэлний сул үгсийг ямар үүргээр орж байгааг тогтоож зөв орчуулж сурахад чиглэгдэнэ. Үүний тулд монголчуудын уламжлалт сургалтын аргаар сүм хийдийн дэргэдэх дацан сургуулиудад олон жил хэрэглэж ирсэн хос ёсны болоод буддын шашин, гүн ухаан зэрэг ухааны арван орны хүрээнд түгээмэл хэрэглэгддэг ойр зуурын үгийг багтаасан, арван бага хэмээн алдаршсан нэрийн сурвалжуудыг орчуулж дадлагын хичээл хийнэ. Эдгээр номуудын эхний хэсэгт орчуулахад хялбар, төвөд бичгийн хэлний үг зүй, өгүүлбэр зүй, тийн ялгалын болоод бусад олон сул үгсийг янз бүрийн хэлбэрээр ил тод илэрхийлэн гаргаж өгсөн байдаг. Түүнчлэн эхлээд хүнд тогтоолгох үүднээс нэг үг дахин давтан хэрэглэгдэж улмаар шинэ үг нэмэгдэх замаар энгийнээс эхлээд хойшлох тусам ёгтолсон хүнд хэцүү, хатуу ёгт үг, өгүүлбэр нэмэгдэж орчуулахад хүндэрдэг юм. Үүнд, Агванлувсанчойндонгийн зохиосон skyabs 'gro'I khrid yig буюу “Итгэл явуулахын хөтөлбөр бичиг” номд чухал дээд гурав гэж юуг хэлдэг, бурхан чухал дээдийн учир холбогдол, ном чухал дээдийн тухай, хувраг чухал дээдийн учир холбогдол, тэднийг шүтэхийн хэрэг хийгээд тус эрдэм, ямар мэт итгэл явуулахын ёс, итгэл явуулаад яаж үйлдэхийн зэрэг дараалал, бурхны шашинтан гэж ямар хүнийг хэлэх, шашинд орсон, ороогүйн ялгаа, зургаан зүйл амьтны тухай гэх мэт өгүүлж бурхны шашны тэр дотроо "бодь мөрийн зэрэг", "билиг барамид" зэрэг зохиолуудын гол нэр томьёо нэлээд дэлгэр орсон байна. Агиванчүгдагва зохиосон ''chos thams cad kyi sngon “gro bslab bya dang bcas pa” буюу “Хамаг номын урьд явуулах сургаал хийгээд сэлт” хэмээх номд төвөд хэлний үсгийн дүрүүдийг тодорхой гаргаж, тухайн сул үгийг олон янзын хэлбэрээр илэрхийлсэн байдаг. Зохиолын хэлбэрийн хувьд үргэлжилсэн ба шүлэглэн хослон бичсэн. Агуулгын хувьд дээд бодид сэтгэл үүсгэхэд хүсэх сэтгэл үүсгэх, орох сэтгэл үүсгэх гэж хоёр хэсэгт хувааж түүндээ үндэслэн цааш дэлгэрүүлэн тайлбарладаг. Буддын шашны шалтгаан, үр, хар, цагаан үйлийн үр, нүгэл хилэнц тэдгээрийн ангилал, мөнх бусын тухай, хүний сурах гэгээрэх явдлыг чухалчлан сургасан ном үзэхийн тус эрдэм, багшийг шүтэхийн ач холбогдол, түүний шалтгаан болоод тус эрдэм, эс шүтэхийн гэм алдал, хилэнц нүглийн тухай, буян номын талаар тодорхой өгүүлдэг. Түүнчлэн зургаан барамид, "бодь мөрийн зэрэг"-ийн гол гол хэллэг нэр томьёог хамарсан байна. Y богд Цүлтэмжигмэддамбийжалцангийн бичсэн “khor ba'I snod bcud mdo” буюу “Орчлонгийн сав шимийн судар”-т орчлонгийн жам ёсны тухай өгүүлээд ном үзэх талаар сургаж шүлэглэн бичсэн байдаг. Гүнтан Данбийдонмэгийн зохиосон '”chu'I bstan bcos'' буюу “Усны шастир”, ''shing gi bstan bcos'' буюу “Модны шастир” зэрэг сударт хос ёсны сургаалын талаар өгүүлдэг. Ном үзэж ухаарсан хүний сайн сайхан чанарыг, түүнчлэн номгүй харанхуй хүний мунхаг бүдүүлэг талыг үлгэрлэн яруу сайхнаар бичжээ. Төрийн сайн, муу хаад ноёд, түшмэдийг номд ухаарсан, ухаараагүйгээр нь үйл ажиллагаагаар илэрхийлэн өгүүлдэг. “lugs zung gi bslab bya mu thi la'I 'phreng ba bzhugs so” буюу “Хос ёсны сургаал улаан сувдан эрих” зохиол нь хос ёсны авах гээхийн талыг нэлээд тодорхой үзүүлсэн бөгөөд “чих”-г “дууг баригч” гэх мэт зарим талаар хатуу, ёгт үг хэллэг орсон байх жишээтэй. Эдгээр нь орчуулж ухаарахад нэлээд хүнд болох юм.

Зорилго

“Төвөд сурвалжийн хэл” өмнө үзсэн төвөд хэлний үсгийн үргэлжлэл болгон бүх үсгээ үзэж дуусган улмаар үг зүй, төвөд хэлний үг бүтэх ёс, өгүүлбэр зүй, төвөд хэлний үг бүтэх ёсыг бүтцээр нь энгийн, үүсмэл, нийлмэл хэмээн задалж үзнэ. Үг зүйн хичээлээр төвөд хэлний зүйн дурсгал болох sum rtag-т үгийг ангилсан ёсоор ming буюу нэр үг, bya ba буюу үйл үг, sthig phrad буюу сул үг гэж ангилж, “нэр үг” гэсэн дэд хэсэгт төвөд хэлний тийн ялгал, чанарын нэр, төлөөний үг, тооны нэр тэргүүтнийг, “үйл үг” гэсэн хэсэгт төвөд хэлний үйл үгийн бүтэц, үйл үгийн хэв, нөхцөл үйл үг, үйлт нэр, баймж үйл үгийг, “сул үг”-ийн хэсэгт энгийн болон нийлмэл сул үгийг үзнэ. Өгүүлбэр зүйн хичээлээр холбоо үг, өгүүлбэрийн гол гишүүд, тэдгээрийн байрлал, энгийн ба нийлмэл өгүүлбэр, цэг тэмдгийн тухай үзнэ. Төвөд хэл зүйн жишээ баримт, тайлбарыг төвөд хэлээрх утга зохиолын баримт, шашин гүн ухааны сурвалжийн нэр томьёонд аль болохоор тулгуурлан авч үзэх болно. Түүнчлэн Томисамбадагийн зохиосон гэх төвөд хэлний зүйн сурвалж болох sum cu буюу "Гучит", rtags 'jug буюу "Тэмдгийн орлого" нэрт шастирууд, түүнд хийсэн төвөд, монгол мэргэдийн тайлбаруудтай танилцана. Ингэж төвөд хэлийг гүнзгийрүүлэн үзсэнээр Монгол, Төвөд, Энэтхэг зэрэг эрдэмтэн мэргэдийн төвөд хэлээр бичиж үлдээсэн бүх төрлийн ухааны ном зохиолыг ашиглах, судлах зорилготой. Монголчуудын төрөл бүрийн ухаанаар бичсэн төвөд хэлт утга зохиол нь монголын соёлд томоохон байр суурь эзэлдэг. Бурханы шашин төвөд орноор дамжин монголд дэлгэрч, монголчууд хурал номынхоо үйлээ төвөд хэлээр явуулж ирсэн нь энэтхэг, төвөд, монголд ном соёлын харилцаа тогтож төвөд хэлт утга зохиолын их сан бүрэлдэн тогтох гол шалтгаан болжээ. Энэтхэг, Төвөд, Монгол мэргэдийн төвөд хэлээрх буддын шашин, гүн ухаан зэрэг түүх, соёлын холбогдолтой сурвалжийг ашиглах, судалгааны эргэлтэд оруулахад хичээлийн зорилго чиглэгдэнэ. Үүний тулд тогтсон нэр томьёо, оноосон, хуучирсан, ёгт нэрс хийгээд шүлэглэсэн болоод үргэлжилсэн үгийн төвөд ном зохиол орчуулах, ухаж ойлгох чадвартай болох, өмнө үзсэн анхан шатны буюу “төвөд сурвалжийн хэл” хичээлийг гүнзгийрүүлэх, шүлэглэсэн болоод ёгт нэр орсон зохиолыг орчуулж чадах чадамжтай болох зорилготой. Хичээлийн зорилт: 1. Өмнө үзсэн буддын философийн төвөд сурвалжийн хэл хичээлийг үргэлжлүүлэн бататгах, гүнзгийрүүлэх, төвөд хэл бичгийн хичээлээр үзсэн үг зүй, энгийн, нийлмэл, үүсмэл үг, хэл зүйн утгат бүтээвэр, нэр үг, нэрээс нэр үг үүсгэдэг бүтээвэр зэргийг ашиглаж сурах. 2. Төвөд хэлний тийн ялгал, la-гийн утгат тийн ялгал түүний үйлийн орон, чиг зорилго, мөн чанар, орон шүтээн болон бусад утга заах ёс, барилдахын тийн ялгал, үйлдэгчийн тийн ялгал түүний харьцааны утга, гарах угийн тийн ялгал "nas, las", сул үг учир шалтгаан, гарах угийг заах зэргийг оновчтой орчуулах 3. Төвөд хэлний сул үгүүд, ''na, la'' сул үг, ''gi'' сул үг, ''kyang,'ang, yang'' сул үгүүд, ''te, ste, de'' сул үгс, '' 'di, de'' сул үг, ''ni, dang'' сул үг, ''gang, su, ci,ji, du, nam'' сул үг, ''pa, po, ba, bo, ma, mo, can, ldang, mkhan, bcas'' сул үг, ''ma, mi, min, med'' сул үг,cing, zhing, shing'' сул үг, ''gam, ngam,dam, nam, bam,mam, 'am, ram, lam, sam, tam'' сул үг, go, ngo, do, no, bo,mo, 'o, ro,lo,so, to сул үг зэргийг онож орчуулах. 4. Төвөд хэлний үйл үг, түүний хэв шинж, бүтэц хэлбэр зэргийг зөв ашиглаж орчуулж чаддаг болох. 5. Төрөл бүрийн толь, нэр томьёоны толь, хуучирсан үгийн толь, тайлбар толь, ёгт нэрийн толь, зүйл хуваасан толь зэргийг ашиглаж сурах. 6. Төвөд шүлэглэсэн болоод үргэлжилсэн үгийн зохиолыг толгой, мөр холбон орчуулж сурах 7. Зохист аялгууны онолын талаар анхны мэдэгдэхүүнтэй болох, улмаар энэ орчуулгаар түүнийг ашиглаж сурах 8. Төвөд тогтсон үгийн болоод ёгт нэрийн баялаг сантай болох

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Мххшт
Индекс: LANG341
Багц цаг: 3

Товч агуулга

Төвөд хэлт утга зохиолыг түүх, уран зохиол, яруу найраг, гүн ухаан, хэл шинжлэл, тэжээхүй ухаан, урлахуй ухааны үүднээс авч үзнэ. Түүхийн сурвалж бичгийг дэр-чой буюу нуусан сангаас олдсон ном, хаад, ноёдын ургийн бичиг, шашин дэлгэрсэн түүхийг өгүүлсэн чойн-жүн, он тооллын бичиг; уран зохиолын дурсгалыг намтар, домог, цадиг, сургаалын зохиол, магтаал, ерөөл, сан сэржим гэж ангилж авч үзнэ. Мөн гадаад дотоодын эрдэмтдийн төвөд хэлт утга зохиолын талаар хийсэн судалгаатай танилцаж, төвөд хэлээрх дурсгалыг унших, орчуулах дадлага хийнэ.

Зорилго

Төвөд, Монголын эрдэмтэн лам нар төвөд хэлээр шинжлэх ухааны бүхий л салбар чиглэлээр олон зуун мянган зохиол бүтээлийг туурвисан нь төвөд хэлт утга соёлын нэг бүрэлдэхүүн хэсэг болно. Эрдэм ухааны олон салбар хүрээг хамарсан эдгээр бүтээл улсын номын сан, орон нутгийн номын сан, хувь хүмүүсийн цуглуулгаар өнөө үед уламжлан ирсэн бөгөөд төвөд хэлт утга зохиолын судлалд чухал хэрэглэгдэхүүн болсоор байна. Төвөд хэлт зохиол бүтээлийн талаар цогц мэдлэг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Хус, Фшст
Индекс: RELI211
Багц цаг: 3

Товч агуулга

Төвөд бичиг үзэх учир холбогдол, Төвөд бичиг үсэг зохиогдсон түүх, гарал үүсэл, Төвөд бичгийн төрөл зүйл, үеийн үсэгтэй болох, Төвөд үсгийг дуудах монгол аялгын тухай, төвөд хэл зүйн бичгүүдийн тухай, төвөд хэлт утга зохиолын талаар удиртгал хичээлээр үзнэ. Монголчуудын Төвөд үсгийг заах уламжлалт буюу гийгүүлэгч үсгийг аймаглан хувааж, ижил төстэй дуудлагатай үсгүүдийг өөр хооронд нь ялгах үүднээс үсэг бүрд нэр өгч нүдлүүлж байсан аргаар хичээлийг зааж, төвөд бичгийн дан, давхар, толгойт, зүүлтэт, угтвар, дагавар, дахин орсон дагавартай үсгүүдийг үзэж, Уайлигийн галигаар галиглах журмыг зааж, дадлага хийнэ.

Зорилго

Манай тооллын өмнө үүсэж хөгжсөн бурхны шашин Энэтхэгийн соёлын ололтыг Азийн улс орноор түгээн дэлгэрүүлжээ. XIII зууны дунд үеэс Энэтхэгийн бурхны шашин Төвөдөөр дамжин монголд дэлгэрэх явцад Төвөд, Монголын харилцаанд ном соёлын холбоо тогтож Төвөд орон Монголчуудын оюун санааны амьдралын гол чухал төв болж эхэлсэн байна. XVI зууны 2-р хагасаас эхлэн Монголд Төвөдийн гэлүгбагийн ёсныхны үндэслэсэн бурханы шашны өөр нэг шинэ хэлбэр болох шарын шашин хүчтэй дэлгэрч энэ үеэс Төвөд хэлнээс Монгол хэлнээ ном судар орчуулж, мөн хэлээр зохиол бүтээл бичиж эхэлсэн уламжлал сэргэн хөгжсөн байна. Тиймээс ч Монголчуудын Төвөд хэлт утга зохиолын их үйлс XVII зуунаас өрнөсөн гэж судлаачид үздэг. Энэ үеэс хойш Төвөд хэлээр зохиолоо бичдэг хэдэн зуун Монгол эрдэмтэн гарч бүхэл бүтэн төвөд хэлт утга зохиолыг буй болгожээ. С.Гомбожав төвөд хэлээр зохиолоо бичиж байсан 200 гаруй Монгол зохиолчийн нэрийг бүртгэн гаргахдаа давын өмнө арав хорин боть сүнбумтай (төвөд хэлт түүвэр зохиолтой) зохиолчийг оруулсан байх бөгөөд зохиолын эмхэтгэл буюу сүнбум бүрэн бус боловч нэлээд хэдэн зохиол бичсэн Монгол зохиолч цөөнгүй байсныг тооцож үзвэл төвөд хэлээр зохиолоо туурвиж байсан эрдэмтэн олон байжээ. Монголчуудын дотроос зохиол бүтээлээрээ Төвөдийн мэргэдэд гайхагдаж байсан мэргэд олон гарчээ. Монголын зарим эрдэмтэд Энэтхэг, Төвөд мэргэдийн их, бага арван зохиол бүтээлийг дахин задлан тайлбарлаж шүүмжлэн хэлэлцэж байжээ. Энэ бол Монголчуудын оюуны соёл хэр өндөр байсныг харуулах баримт мөн. Төвөд хэлт утга зохиол нь дундад зууны үеийн соёл шинжлэх ухааны бүх салбарыг хамарч байна. Төвөд хэлээр зохиолоо туурвиж байсан олон арван Монгол мэргэдийн нэрийг дурдаж болно. Эдгээр зохиолчдоос гүн ухаан, дуун ухаан, зохист аялгуу, анагаах ухаан, зурхайн ухаан болон түүхийн талаар бичсэн зохиолууд бол тэр цагийн Монголчуудын мэдлэг ухааны хэр хэмжээг ойлгож мэдэхэд чухал хэрэглэгдэхүүн болж байна. Нөгөө талаар Энэтхэг, Төвөдийн мэргэдийн бичсэн Төвөд хэлт утга зохиол, сурвалжууд манай улсад арвин байна. Иймд эдгээр бичгийн соёл, оюуны өвийг судлах зорилгоор Төвөд хэлийг үзэх юм.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар