Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү ахисан шатны хичээл нь: (i) Унших ба Бичих чадвар (receptive skills), (ii) Сонсох ба Ярих (Productive skills) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Унших ба Бичих чадварын хичээл нь найман төрлийн салбар шинжлэх ухааны тэргүүлэх сэдвүүдийн хүрээнд оюутнуудын академик эх сурвалжуудтай (видео, текст г.м.) ажиллах, бусад эх сурвалжаас мэдээлэл цуглуулж, бүтцийн түвшинд анализ хийж унших, төрөл бүрийн бичвэрийн онцлог, ялгааг ойлгож судалгаа хийж, төлөвлөн бичих академик чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ англи хэлний хэл зүй, үгсийн сан, өгүүлбэрийн бүтэц, утга зүйг оновчтойгоор хэрэглэж сургахад чиглэсэн цогц хичээлүүдээс бүрдэнэ. (ii) Сонсох ба Ярих (Productive skills) хичээл нь мөн адил найман салбар шинжлэх ухааныг тойрсон хамгийн сүүлийн үеийн асуудлуудын талаарх лекц, видео сонсох, анализ, дүгнэлт хийх, асуудлыг тодорхойлох, үнэлэх, шийдэл санал болгох академик чадварыг хөгжүүлэхэд чиглэх төдийгүй эдгээрт хэрэгтэй үгсийн сан, хэл зүй, өгүүлбэрийн бүтэц зэрэг хэлний чадварыг олгоход чиглэсэн агуулгатай.
Энэхүү хичээлийн ерөнхий зорилго нь англи хэлний дунд шатны мэдлэгтэй оюутнуудад их дээд сургуульд амжилттай суралцахад шаардлагатай академик англи хэлний мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршино. Энэ хичээлийн зорилгуудыг Унших, Бичих, Ярих болон Сонсох чадвараар задалвал: • Бичих чадварын хүрээнд: Академик үгсийн санг өргөжүүлэх, өгүүлбэрт оновчтой хэрэглэх, хэл зүйн дүрмүүдийг ашиглан зөв өгүүлбэр бичих, эссэний төрөл, бүтцийг зөв төлөвлөн бичих, эх сурвалжийг зөв ишлэх, бүтээлийн хулгайгаас зайлсхийж сурах. • Унших чадварын хүрээнд: Академик текстүүдийн бүтцийг таних, анализ хийх, гол санаа болон дэмжих санааг ялган таних, зохиогчийн байр суурийг ухаж ойлгох, эх сурвалжийн найдвартай байдал, холбогдлыг нягтлах, үнэлэх, нэр томъёо, шинэ үг хэллэгийн санг өргөжүүлэх. • Ярих чадварын хүрээнд: Академик илтгэл тавих, семинар хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцож, өөрийгөө илэрхийлэх, оновчтой асуулт асуух, хариулах, баримт нотолгоогоор дэмжих, дохио үгүүдийг яриандаа зөв ашиглах, англи хэлний дуудлага, өргөлтийг зөв хэрэглэх. • Сонсох чадварын хүрээнд: лекц, семинарын үеэр тэмдэглэл хөтлөх, гол санаа, дэмжих санааг ялган ойлгох, лекцээр авсан мэдээлэлдээ анализ хийх, дүгнэлт гаргах, дохио үгүүдийг зөв ойлгох, ярианы өнгө аяс, хандлагыг таних.