Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү курс хичээлийн агуулга нь дэлхийн өрнө, дорно дахины эртний түүхийн талаар системтэй мэдлэг олгоход чиглэнэ. Хөтөлбөрийн Эртний дорно дахины хэсэг: Эртний дорно дахин бол хүн төрөлхтний түүхийн эхлэл ба хүмүүний соёл иргэншлийн өлгий голомт мөн бөгөөд өвөг түүхээс бичгийн дурсгалаар судалж болох түүх иргэншил рүү шилжиж, бүс нутагт анхны төр улсууд бий болсон үйл явдлыг судлах ба газар тариалан, мал аж ахуй, төмөрлөг олборлож боловсруулан ашиглах арга технологийг нээж сайжруулсаар томоохон иргэншлүүд бүрэлдэж бий болсон түүхийг үзнэ. Бичиг үсэг үүсэж түгж тархсан үйл явц, шинжлэх ухааны мэдлэгийн үндэс суурь, шашин шүтлэгийн хувьсал хөгжил, хот балгад үүсэж бий болсон түүхийг бүс нутгуудын жишээнд суурилж авч үзнэ. Төр улсын үүсэл, нийгмийн бүлэг давхарга, статус, ялгаа, хараат байдлыг ижил төстэй тал, онцлогийг судална. Харин өрнө дахины түүхийн хэсэг нь жртний Грек, Ромын гэж хоёр хуваагдах бөгөөд эдгээр иргэншлүүдийн үүсэн бүрэлдэж, цэцэглэн хөгжиж, задран мөхсөн түүхийн асуудлыг хамарна. Төр улсын үүсэл, түүний шалтгаан, төрийн хэлбэр, онцлог, зохион байгуулалт, цэрэг дайны гол үйл ажиллагаа, түүхэн зүтгэлтнүүдийн талаар; мөн эдийн засаг, нийгмийн зохион байгуулалтын өвөрмөц шинж чанар, нийгмийн бүтэц; соёл: уран баримал, уран барилга, ваар урлал, театрын урлаг, дүрслэх урлаг, бичиг үсгийн хөгжил, харилцан хамаарал зэрэг соёлын ололтын асуудлууд багтана.
Түүх, археологийн сурвалжийн хэрэглэгдэхүүн, ойрхи үеийн судалгааны сүүлийн үеийн ололтод тулгуурлан хүн төрөлхтний түүхийн эхлэл - Эртний үеийг ойлгох, тайлбарлах системтэй мэдлэг, чадвар олгоно. Ази-Африк-Европ тивийн уулзвар - зааг бүс нутагт иргэншил үүсэж, анхны хотууд байгуулагдаж улмаар хүн төрөлхтний хөгжлийн шинэ үеийн онцлог болсон төр улсууд үүсэж, хөгжиж, мөхсөн түүхийг цаг хугацааны хувьд НТӨ IV мянган – НТ I мянганы эхэн хагас хүртэл, орон зайн хувьд дорнын болон өрнийн (Европын) гэсэн хоёр үндсэн хэсэгт хувааж, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, шүтлэг гэсэн айн хүрээнд сэдэвчлэн судлахдаа тэдгээрийн хожмын цаг үед нөлөөлсөн ололт амжилт, нийтлэг болон өвөрмөц талд гол анхаарал хандуулна.
Тоон арга гэж юу болох, түүнийг нийгмийн шинжлэх ухаан, тэр дунд түүхийн судлагаанд ашиглаж буй өнөөгийн байдал. Түүхийн тоон баримтууд гэж юу болох, Монголын түүхийн сурвалжууд дахь тоон баримтууд, тэдгээрийн төрөл. Тоон баримтуудыг боловсруулах программууд, тэдгээрээс SPSS программыг ашиглах тухай, Түүхийн тоон баримтуудыг ангилах, цэгцлэх, боловсруулах, задлан шинжлэх аргууд; Цаг хугацаа болон харилцан хамаарлыг тооцох аргуудыг авч үзнэ. Түүхийн судалгааны тоон аргын удиртгал Түүхийн судалгаанд тоон аргыг хэрэглэж ирсэн байдал Монголын түүхийн судалгаанд тоон аргыг аргыг хэрэглэх боломжууд, судалгааны эх сурвалжууд Түүхийн баримтуудийг тоонд хөрвүүлэх, тоон аргаар задлан шинжилгээ хийх нь
Статистик мэдээлэл, хүн ам зүйн тооллого, янз бүрийн бүртгэл тооцоо зэрэг янз бүрийн түүхийн сурвалжуудын текстийг тоонд хөрвүүлэх, түүхийн баримт нотолгоо дахь тоон мэдээг боловсруулан судлахыг хүсэж буй оюутнуудад нийгмийн шинжлэх ухаанд хэрэглэгддэг тоон аргуудын онол, методологи, практик туршлага чадвар олгох зорилготой. Үүний тулд: Нийгмийн шинжлэх ухаан, тэр дундаас түүхийн судалгаанд тоон аргыг хэрэглэх онол, аргазүйн үндсэн мэдлэг олгох Монголын түүхийн судалгааг тоон аргаар боловсруулах практик чадвартай болгох Оюутны бие дааж судалгаа шинжилгээний ажил хийх чадварыг дээшлүүлэхэд лекц, семинарын агуулга чиглэгдэнэ.
Энэ курс хичээл нь гурван чиглэлээр явагдана. Нэгдүгээрт, түүх, түүхийн судалгааны ерөнхий ойлголт, ухагдахуун, зарчмууд, түүхийн шинжлэх ухааны үүсэл, хөгжил, байгууллагуудын талаар суурь мэдлэг олгох, хоёрдугаарт, түүхийн эх сурвалжуудыг шүүмжлэлтэй судлах үндсэн чадварыг суулгах, гуравдугаарт, түүхбичлэгийн үндсэн хандлага, төрлүүдтэй танилцуулж, түүхийн эрдэм шинжилгээний ажил хийх ерөнхий арга барил эзэмшүүлэх гэсэн гурван хэсэгт хуваагдана. Энэ гурван чиглэлээр мэдлэг, дадлага хийсний үр дүнд оюутан цаашид түүхийн мэргэжлээр хүссэн сэдвээр сонирхон судлах, арга чадвараа ахиулан хөгжүүлэх чиг баримжааг олгоно.
Энэхүү курс хичээлийн үндсэн зорилго бол оюутан цаашид түүхийн хүссэн сэдвээр сонирхон судлах, эрдэм шинжилгээний ажил хийх арга чадвараа ахиулан хөгжүүлэх мэргэжлийн чиг баримжааг олгох явдал юм. Ингэхийн тулд оюутанд түүхийн судалгааны үндсэн ойлголт, ухагдахуун, зарчмуудыг мэдүүлэх, түүх судлахын утга учир, ач холбогдлыг ухааран ойлгох, өөрийн судлагааны ажлын арга барилаа сонгох болон бусад судлаачдын түүхийн судалгааны ажлыг бие даан шүүмжлэлтэйгээр үнэлэн дүгнэх чадвартай болгох зорилготой.
Оюутанд түүхийн шинжлэх ухааны судлагааны үндсэн ойлголт, ухагдахууны талаар болон түүх судлалын олон дэг сургуулийн талаар цогц мэдлэгтэй болгоно. Мөн түүнчлэн түүхийн судлагааны орчин үеийн аргууд, үндсэн зарчмуудыг таниулах бөгөөд энэ нь судалгаа шинжилгээний ажлын арга зүйн болон суурь ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдэх болно. Түүхийн судалгааны аргазүйн тухайд, түүх ба нийгмийн онолын харилцан холбоо, тэдгээрийн онцлого, мөн конструктист түүх, герменевтик аргазүй, деконструктивист түүх судалгааны аргазүйн өнөөгийн хандлагууд, постмодернист шүүмжлэл ба лингвистик хандлагууд, түүхийг деконструкцичлах тухай өнөөгийн онолуудаас авч үзнэ.
Оюутанд орчин үеийн түүхийн судлагааны үндсэн аргууд, гол ойлголт ухагдахуун, зарчмуудыг задлан шинжилж, орчин үеийн түүх бичлэгийн аргазүйн үндсэн хандлагуудыг судлан мэдсэний үндсэн дээр өөрийн судлагааны ажлын арга барилаа сонгох болон бусад судлаачдын түүхийн судлагааны ажлыг бие даан шүүмжлэлтэйгээр үнэлэн дүгнэх чадвартай болгох зорилготой. Уг хөтөлбөрийг судалсны ач холбогдол нь суралцагсад орчин үеийн түүхийн судлагааны онол-арга зүйг эзэмшин улмаар өөрсдийн судлагаа шинжилгээний ажилдаа бүтээлчээр ашиглах зохих чадвар эзэмшүүлсэн явдалд оршино.
Энэхүү хичээл нь оюутнуудад дэлхийн болон монголчуудын түүхээ бичиж ирсэн онол, ухагдахуун, арга зүй түүхэн уламжлалыг танин мэдэх, өнөөгийн түүхчдийн бүтээлд шүүмжлэлтэй задлан шинжлэх аргад сургах, монголын түүх бичлэгийн хөгжилд гарсан өөрчлөлт шинэчлэлтийг нэн эртнээс орчин цаг хүртэл түүхэн зүйн зарчмын дагуу судлах, үүнийгээ дэлхийн улсуудын түүх бичлэгийн үүсэл хөгжилтэй харьцуулан жиших, эрдэм шинжилгээний шаардлагад нийцсэн янз бүрийн төрлийн бичих чадвар дадал эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
Энэхүү курс хичээлийн үндсэн зорилго бол оюутан цаашид түүхийн хүссэн сэдвээр сонирхон судлах, эрдэм шинжилгээний ажил хийх арга чадвараа ахиулан хөгжүүлэх мэргэжлийн чиг баримжааг олгох явдал юм. Энэхүү курс хичээлийн үндсэн зорилго бол оюутан цаашид түүхийн хүссэн сэдвээр сонирхон судлах, эрдэм шинжилгээний ажил хийх арга чадвараа ахиулан хөгжүүлэх мэргэжлийн чиг баримжааг олгох явдал юм.
Хичээлийн агуулга нь Европын дэлхийн түүхэнд хамгийн их нөлөөлсөн Шинэ үеийн түүхийг хамрах бөгөөд 16 долоо хоног үргэлжилнэ. Шинэ үеийн түүхийн сэдвүүд нь XVI-XXI зууны Европ, тэр дундаа Өрнөд Европын дэлхий дахинд хамгийн ихээр үзүүлсэн түүхэн нөлөө, зангилгаа асуудлуудыг хамарна. Түүхийн шинэ үе, орчин үе гэдэг бол аж үйлдвэржилтэд тулгуурласан нийгэм үүсэн хөгжсөн үе бөгөөд өнөөгийн дэлхий ертөнцийн өнгө төрхийг тодорхойлж буй үйл явц байв.
Өрнөдийн иргэншлийн түүх бол Дэлхийн түүхийн чухал хэсэг юм. Тус курс нь оюутанд Шинэ үе буюу XVI зуунаас XX зууны үеийн Өрнөд Европын орнууд, Америкийн түүхэн хөгжлийн гол гол зангилаа асуудал, ойлголт ухагдахуунууд, Өрнөдийн иргэншлийн түүхэн хөгжил, дэлхийн түүхэнд үзүүлсэн улс төр, нийгэм, соёлын нөлөөний талаар системтэй мэдлэг олгоход чиглэнэ. Хичээлийг судалснаар энэ үеийн түүхийн үйл явцын ерөнхий хандлага, гол үйл явдлуудын шалтгаан, үр дагавар, зангилаа асуудлуудыг тодорхойлох, тайлбарлах, харьцуулах, өнөө цаг үетэй холбогдох уялдаа холбоог олж тогтоох, баримт, эх сурвалжуудыг задлан шинжилж, бие даан шүүмжлэлтэй үнэлэн дүгнэх чадвар, арга барил олгоход хөтөлбөрийн зорилго, ач холбогдол оршино. Тус курс хичээлийн хоёр дахь хэсэг орчин үеийн түүх судлахад оршино. ХХI зуунд дэлхийн улсуудын улс төр, нийгэм эдийн засаг тогтвортой бус хүн ам асар хурдацтай өсөж, өөрчлөгдөж байна. Хүйтэн дайн төгсөж, капиталист, социалист системийн дайсагнал зогсож, хоёр туйлт тогтолцоо нуран унаснаар дэлхий улсууд даяарчлагдаж, тогтвортой хөгжлийг эрэлхийлж байна. Даяарчлагдаж байгаа эрин үед хүн төрөлхтний өмнө шинэ, шинэ олон асуудлууд тулгарч, шийдвэрлэх арга зам, гарцыг болж буй түүхэн үйл явдлын хүрээнд судалж, судлаачдын дэвшүүлсэн саналд дүн шинжилгээ хийх, гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэн баримтыг сонгох, бие дааж судалгаа хийх арга зүйг эзэмших, мэдлэг, чадвараа дээшлүүлэхэд хөтөлбөрийн ач холбогдол оршино.
Энэ курс хичээл нь дундад зууны түүхийг дараах бүс нутгуудын хувьд үзэж судлахаар зохион байгуулагдана: Зүүн Ази (Хятад, Япон, Солонгос, Монгол), Европ (Баруун болон Зүүн Европ), Ойрхи дорнод (араб, исламын шашинт орнууд), Энэтхэг. Эдгээр дөрвөн бүс нутаг, иргэншил тус бүрийн түүхэн хөгжлийн гол үйл явдлууд, асуудлуудын хоорондын харилцан холбоог ойлгон ухаарах, эх сурвалжуудыг задлан шинжлэх, шүүмжлэх замаар түүний бүс нутаг, тив, дэлхийн түүхэнд үзүүлсэн улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн нөлөө, хөгжлийн ерөнхий үйл явцын өөрчлөлт, залгамжийн тухай системтэй мэдлэг олгох, Дундад зууны түүхээр дамжуулан өнгөрсөн, эдүгээ хоёрын харилцаа холбоог түүхийн шинжлэх ухааны ухагдахуун, нэр томъёо, хэллэгээр илэрхийлэх, тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.
Тус хичээлийг судалсны үр дүнд дэлхийн дундад зууны үеийн нийгэм, түүх, соёлын аливаа үйл явдлыг дэлхий, бүс нутаг, газар орны ерөнхий нөхцөл байдлын харилцан хамаарал дунд бодитой танин мэдэх, ойлгон ухаарах, судлагааны анхдагч болон хоёрдогч эх сурвалжуудыг боловсруулах, задлан шинжлэх, баримт нотолгоонд үндэслэн өөрийн гэсэн бодит шүүмжлэлтэйгээр тайлбарлах, оюун дүгнэлт хийж чадах чадвартай болно. Энэ чадвар бол оюутанд цаашид нийгэм, хүмүүнлэгийн ухааны ямар ч чиглэлээр гүнзгийрэн мэргэжихэд шаардагдах үндсэн чадваруудын нэг юм. Тиймээс энэхүү курс хичээл үзсэнээр оюутан цаашид нийгэм, соёл, түүхийн хүссэн сэдвээр сонирхон судлах, эрдэм шинжилгээний ажил хийх арга чадвараа ахиулан хөгжүүлэх мэргэжлийн чиг баримжааг олж авна.