Бидний тухай
Багш ажилтан
Шүүмж бичвэр практикт суурилсан хичээл нь оюутнуудын үндэслэлийг хурцалж, түүнийг үр дүнтэй илэрхийлэх стратегиар хангах зорилготой мэргэжлийн бичвэрийн мэдлэг олгоно. Оюутнууд уг хичээлд хамрагдсанаар тухайн сэдвийн хүрээнд уншлага хийж, хамтарсан хэлэлцүүлгийн хүрээнд бичвэрүүд бичих ба шүүмж бичвэрийн үндсэн зарчимд суралцана. Үүнд: санал боловсруулах, сэдвийн хүрээнд оновчтой асуулт асуух, дэмжих, үндэслэл ба нотлох баримт гаргах, тайлбарлах, түүнчлэн үнэлгээ өгөх зэргээр судалгаатай шүүмж бичиж сурна.
Уран бүтээлийн агуулга, мөн чанарыг ойлгон, түүний урлагийн тухай үзэл баримтлал, онол, сургаалийн хүрээнд судлан үнэлгээ өгнө. Зохиол, бүтээлүүдийг ойлгох идэвхтэй аргуудаас суралцана. Уран бүтээлчийн дүрслэл, уран сэтгэмжийг задлан шинжилж, объектив, субъектив шинж чанарыг тодорхойлно.
Домог нь урлагийн үзэгдлийг анх удаа синкретик хэлбэрээр илэрхийлсэн сэтгэлгээ билээ. Домгийг судалгааны олон салбарт сонирхон судалж байна. Нийгэм-соёлын орон зайд, домгийн эзлэх байр суурь нь янз бүрийн асуудалтай тулгарч байдаг. Учир нь домог түүхийн цаг хугацаанд байнга хувьсан, хүй нэгдлийн үеийн анхны архаик домгоос туульс үлгэр болж өөрчлөгдсөн. Домогт өгүүлэгдэж байгаа агуулгаар үндэстэн угсаатны ертөнцийг үзэх үзэл, мэдлэг нь амаар уламжлагдсан. Домог, ёс заншил, онго шүтлэгийн, уялдаа холбоог ард түмэн үндэстний соёлын өвөрмөц уламжлалаас нарийвчлан олж тонтоосноор урлагийн мистик сэтгэлгээний хөгжлийн тодорхойлох боломж бүрдэх юм.
Үндэстэн, ард түмний сэтгэлгээний гайхамшигт үзэгдлийн нэг нь домог юм. Домгийн сэтгэлгээний хөгжил орон зай, цаг хугацаа, өнгөний ойлгохуйн онцлогийг мэдэж, домог судлалын үндсэн онол, сургаалыг түүх, философи, антропологийн байр сууринаас судална.
Урлагийн бүтээлийн түүх, сэтгэлгээ, урлаг бүтээгч, урлагт холбогдох дүрслэх урлаг, дуу хөгжим, бүжиг, тайз дэлгэц,уран зохиолчдын бүтээлүүд дээр үндэслэн тэдгээрийн талаарх үзэл баримтлал, судлаачдын онолоос гарсан асуумж, дүгнэлт, шүүмж, уран бүтээлийн өнгө, загвар, хэлбэр, хийц зэрэг асуудлууд хамаарна.
Урлагийн бүтээлийн шинжлэл нь урлагийн бүтээлийн түүх, онол, урлагт хамаарах хөгжим, архитектур, уран зохиол, уран зураг, жүжиг, уран баримал, философи зэргийг судлана. Уран бүтээлчдийн хийсэн урлагийн бүтээлүүд дээр дүгнэлт хийх, тэдгээрээр дамжуулан мэдлэг олж авахын зэрэгцээ урлагийн бүтээлүүдийг бусад шинжлэх ухааны дүгнэлт судалгаануудтай харьцуулан судлахад чиглэнэ. Урлагийн бүтээлч, эрдэмтдийн гаргасан шүүмж судалгаанд тулгуурлан судлаачийн үүднээс тайлбарлаж сурна.Урлаг судлаачдын урлагийн бүтээлийн талаарх үзэл баримтлалыг судалснаар философи, гоо зүй, яруу найраг, жүжгийн нэг хэлбэрүүдийг мэдэж, урлагийн гүн илэрхийлэл болон урлаг бүтээгчдийн оюун санааны дүгнэлт, тухайн түүхийн соёлын орчны нөлөө, үзэл баримтлалуудтай танилцаж урлагийн ертөнцөд нэвтрэх чиг хандлага болно.
Уг хичээлээр урлагийн бүтээлийг антропологийн үүднээс ойлгож, тайлбарлах гол онол баримтлалыг танилцуулна. Хичээлийн хүрээнд унших, ярилцах, бичих үндсэн сэдвийг багцалвал: "примтив" болон орчин цагийн урлаг, урлагийн хэлбэр, хэв маяг, илэрхийлэл, соёл хоорондын гоозүйн ялгаатай болон нийтлэг шинж, урлагийн бүтээлийн нийгмийн ойлголт, хэрэг үүрэг, эрх мэдэл, урлаг ба жендер зэргийг хамарна. Урлагийн нийгэм, соёлын байгуулалд гүйцэтгэх хэрэг үүрэгт голлон анхаарна. Нийгэм дэх уран бүтээлч үйл ажиллагааны онцлог шинжийг авч үзэхдээ чанарын судалгаанд голлон ашигладаг хээрийн судалгаа, биечлэн дагаж ажиглах аргыг багтаасан этнограф арга барилын тухай мэдлэг эзэмшинэ.
- A. Урлагийн бүтээл, урлан бүтээх үйл ажиллагааг антропологи, этнографийн үүднээс тодорхойлон судлах, мэдлэг олгох Б. Урлаг, урлагийн бүтээлийг колоничлол, анги давхраажилт, үндэс угсаа, жендер, ижилсэл, шилжилт хөдөлгөөн, улс төр гэх мэт антропологийн гол гол ойлголттой холбон тайлбарлах В. Нийгэм дэх урлан бүтээх үйл ажиллагааны түүх, нийгэм, соёлын үр нөлөөг этнографийн арга зарчмаар тодорхойлон судлах Г. “Примитив” урлаг, “дээд” урлаг гэх мэт түүхэн ангиллалд шүүмжлэлтэй хандаж, урлагийн төрөл зүйл, бүтээх, хэрэглэх, түгээх, илэрхийлэх нөхцлийн ялгааг антропологийн арга зарчмаар хэлэлцэх
Утга зохиол, урлаг судлал багш Л.Хэрлэн,Ш.Ариунаа,А.Одгэрэл:Хүн төрөлхтөний соёлын үүсэл, хөгжил, соёлын тухай ойлголт, тодорхойлолтууд, эдийн болон оюуны соёлын тухай, тэдгээрийн нийтлэг болон ялгаатай тал, соёл судлалын үүрэг төрлүүд, хүн, нийгэм, байгаль, шинжлэх ухаан, угсаатан, хэл зэрэг соёлд хамаарал хүчин зүйлс, өрнө, дорно болон монголын соёлын түүхэн дэх соёлын дурсгалууд, нэрт төлөөлөгчдийн үзэл баримлал, бие хүний соёл, биеэ авч явах ёс журам, хэм хэмжээ, хүн болоод нийгмийн соёлын харилцааны асуудлуудыг хамрана. Философи, шашин судлалын тэнхим багш Т.Дорждагва, Д.Оюунгэрэл, Б.Мөнхжавхлан: Соёл судлалын объект, судлагдахуун, бүтэц, судалгааны арга. Соёл судлалын түүхэн нөхцөл байдал, мэдлэгийн салбарт түүний эзлэх байр суурь. Натураль, сонгодог, сонгодог бус болон постмодерн загвар, соёлын үзэгдлийг авч үздэг хандлагууд. Соёлын тухай ойлголт, тодорхойлолт, түүнийг ангилал. Соёлын функцүүд. Үнэлэмж, хэм хэмжээ, ёслол, чин эрмэлзлэл, соёлын универсаль. Соёлын бүтэц, хэв маяг, хэв маягчлал. Соёлын динамик: аккультураци, инкультураци, дэвшил, бууралт, хуьсал, хувьсгал, өвлүүлэх, хуримтлал, нэгдэл, салбарлалт, нэвчилт, шинэчлэл, түрэмгийлэл, даяарчлал, хожимдол, уламжлал, тогтвортой байдал, хямрал, соёлын бодлого. Ардын язгуур, нийтийн, элит соёлууд, дэд болон эсрэг соёл, залуучуудын соёл, маргиналь хүн. Биет ба биет бус соёл, соёлын олон янз байдал. Нийгэм, семиотик, хэл, тэмдэг, бие хүн, жендер, угсаатан, арьтан, институци, субъект, иргэншил. Байгаль, тогтвортой хөгжил, экологийн асуудал, улс төр, эдийн засаг, эрх, ёс суртахуун, шашин, шинжлэх ухаан, философи, шидэт домог. Техник, постмодерн соёл, соёлын ирээдүйн тухай үзэл баримтлалууд. Соёл ба уран сайхны соёл. Урлаг ба уран сайхны соёл, урлагийн тухай үзэл, урсгалууд. Соёл ба ардчилал, хүний эрх, эрх чөлөө.
Утга зохиол, урлаг судлал багш Л.Хэрлэн,Ш.Ариунаа,А.Одгэрэл: Соёл судлалын судлагаа нь хүн судлал, хүн төрөлхтний соёлын түүх, соёлын онол зэрэг өргөн хүрээг хамарсан судлагдахуун юм. Соёлын онолоор /cultural studies/, түүхээр /cultural history/, салбар шинжлэх ухааны бие даасан соёлын судлагдахуунуудаар / Cultural anthropology, archaeology, cultural region or cultural sphere/ задлан үздэг дэлхийн хэмээний олон их дээд сургуулиуд бий. Энэ хичээлээр ийм мэргэшсэн соёл судлаачдад зориулагдсан бус ерөнхий суурь боловсролд зориулагдсан соёл судлалын хичээлийг үзэхэд зориулагдсан болно. Хичээлийн зорилго нь хүн төрөлхтөний соёлын үүсэл хөгжил, соёл судлалын онолын үндсэн ойлголт мэдлэгтэй болох, соёлын түүхийн судлагдахуун нь урлагийн төрөл зүйлсийн 60-70%-ийг эзэлдэг учраас соёлын түүхэнээ хөгжиж уламжлагдаж ирсэн урлаг соёлын үнэт өв, дурсгалуудтай танилцах, соёлын хөгжилд гарсан урсгал чиглэл, нэрт төлөөлөгчдийн үзэл баримтлалууд, хөгжлийн зүй тогтлууд болон хувь хүний болоод нийгмийн харилцааны мөн чанар, хэлбэрүүд зэрэг цогц мэдлэгийг ерөнхий тойм байдлаар олгоход чиглэгдэнэ. Энэ хичээлийг үзэж судласнаар дэлхийн улс түмний соёлын ялгааг таниж мэдэх, монголын өв соёлыг сурч судлан бахархах, соёл судлал нь шинжлэх ухааны олон салбаруудтай холбоотой хөгжиж ирснийг ойлгож мэдсэнээрээ соёл болон тухайн шинжлэх ухааныг холбон гүнзгийрүүлэн судлахад чухал ач холбогдолтой болно. Философи, шашин судлалын тэнхим Т.Дорждагва, Д.Оюунгэрэл, Б.Мөнхжавхлан:Соёлын тухай онолын цэгцтэй ойлголтыг суралцагчдад өгч, тэдэнд хүмүүнлэг / хүнлэг чанар олгох, орчиндоо (байгаль, нийгэм, хүмүүст) төдийгүй, өөртөө ухаалаг, хүндэтгэлтэй хийгээд хүлээцтэй (tolerance) харьцах чадвар эзэмшүүлэх зорилготой.
Хичээл урлагийн онол, түүх, уран сайхны шүүмжийн суурин дээр өгөгдөх бөгөөд утга судлалын үндсэн ойлголтыг нэмж олгох юм. Хичээл урлаг урлагийн онолын ерөнхий хууль; үйл ажиллагааны арга зүйн өөрчлөлтийн дагуух урлагийн асуудлыг тодорхойлох; орчин үеийн урлагийн үйл явцын шинжилгээний үндсэн асуудал (утга судлал, бичвэр зүй) гэсэн хэсгүүдээд оюутанд мэдлэг олгож ирээдүйн мэргэжилтний мэдлэг, үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж уран сайхны ерөнхий онол, урлаг, соёлын удирдлагын үйл явцын хамрах хүрээний ажлыг хянан шийдвэрлэхэд сургалтын технологийг чиглүүлнэ.
Урлагийн судлалын курсыг урлаг судлалын задлан шинжилгээний онол, урлагийн философийн дидактик, орчин үеийн урлагийн анализын үндэс гэсэн чиглэлээр өгөх. Энэ хичээлийг хүмүүнлэгийн ухааны орчин үеийн судалгаанд өргөн хэрэглэгдэж байгаа урлагийн утгазүйн талаар үндсэн ойлголтыг өгч утга зүйд үндсэн хоёр түвшин: 1. Утгазүй ба бичвэрийн онол /интертекст, 2. Дүрийн утга ба онол гэсэн модулаар авч үзнэ. Монголын үгийн эрт үеийн ба орчин үеийн төрлүүдийн судалгааг тоймлон ярилцаж, онолын хөгжлийн тойм, түүх бичлэгийн төлөв, уран сайхны шүүмжлэлийн онол, задлан шинжилгээний аргазүйн мэдлэг, дадлага олгох зорилт тавина.
Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний хөгжлийн суурь болсон домог зүйн агуулга, монгол үндэстний язгуурын шүтлэг бөө мөргөлийн аман билгийн уламжлал /Тэнгэр, онгодын магтаал, дуудлага, тамлага, өчил, хурайлга, даллага гэх мэт/, монгол ардын язгуур урлаг/ өгүүлэхүйн эрхтний шүтэлцээт аялгуунаас ардын дуу хөгжмийн уламжлал, ардын бүжиг бий биелгээ, жүжиг наадмын зүйлс г,м / зэрэг ардын урлагийн хэлбэрийг судална.
Энэхүү хичээл нь хүн төрөлхтний оюун сэтгэлгээний хөгжлийн суурь болсон домог зүйн сэтгэлгээнээс эхлэн язгуурын шүтлэг бөө мөргөлийн уламжлал, аман билиг, өгүүлэх урлагийн зүйлс, ардын язгуур урлагийн төрөл хэлбэрүүдийг таниулж, цаашид аман зохиол, ардын урлаг судлалын хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлах суурь мэдлэг чадварыг олгох, монгол үндэсний язгуур урлагаа уламжлан хөгжүүлэх, судлан шинжлэх үзэл хандлага төлөвшүүлэх зорилготой.