Бидний тухай
Багш ажилтан
Монголын түүхийн сургалт, судалгааны өнөөгийн чиг хандлага, Монгол хүн төрөлхтний өлгий нутгийн нэг болох, монголчуудын угсаа гарвалын судалгааны өнөөгийн ололт, Монгол төрийн түүхийн уламжлал, шинэчлэл, улс төрийн харилцааны түүхийн зангилаа асуудал, Монголын нийгмийн харилцаа, нийгмийн бүтцийн хөгжлийн онцлог, монголчуудын аж ахуй, эдийн засгийн харилцааны хөгжил, хэв маяг, монголчуудын утга соёлын уламжлал, Монгол Улсын гадаад харилцаа, дипломат бодлого, 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны шинэчлэл, өөрчлөлт, ардчилсан хөдөлгөөний өрнөлт, шинэтгэлийн мөн чанар зэргийг сэдэвчилсэн, асуудал дэвшүүлсэн, онолын өндөр түвшинд заана.
Энэ хичээлийг 7 улирал үзсэн Монголын түүхийн мэдлэгийг өнөөгийн онол, арга зүйн шинэ хандлагын үүднээс нэгтгэн дүгнэх, Монголын түүхийн гүн ухааныг ойлгон мэдүүлэх, Монголын түүх судлаачдыг урьж торгон мэргэжлээр нь лекц уншуулж, оюутнууд түүхийн мэргэжилдээ улам элэгтэй болох сонирхлыг төрүүлэх зорилготой.
Нэгдүгээр хэсэг — Монголын өвөг түүх (чулуун зэвсгийн эрин, төмөрлөгийн эрин, монголын археологийн соёлууд); Анхны төр улс ба эртний монголчуудын төр улсууд; Түрэг угсааны овог, аймгууд тэдний байгуулсан улсууд; Төв/Дотоод Ази, Монголын нүүдэлчдийн ертөнцөд монголчуудын манлайлал сэргэсэн нь, Хятан ба Монголын хант улсууд. Хоёрдугаар хэсэг — XII зууны II хагас – XIII зууны эхний Монгол (хант улсуудаас нэгдсэн улс руу); тулгар байгуулагдсан Их Монгол улсын оршин тогтнохуйн төлөөх тэмцэл буюу Чингис хааны байлдан дагуулал; Өгэдэй-Гүюг-Мөнх хааны эрин ба Толуй, Дөргэнэ, Огул Хаймишийн зурвас үе; 1260-1310-д оны Монголын эзэнт гүрэн; XIV зууны эхэн хагасын Монголын түүх (Монголын Юань улс, Жүчийн улс, Цагадайн улс, Өгэдэйн улс, Ил ханы улс; Монголын байлдан дагууллын онцлог болон тамма цэрэг; Дэлхийг захирах бодлого (Даругачи, захирагчийн тогтолцоо); Монголын энхжин (Pax Mongolica)
Монгол, Төв/Дотоод Азийн нүүдэлчдийн эртний төр улсууд болон X-XII зууны монголын хант улсууд, Их Монгол улс, Монголын эзэнт гүрний түүхийг судалж, шинэ мэдлэг эзэмших ба үүний тулд монголын эрт, дундад үеийн түүх, холбогдох бичгийн болон эртний судлалын эх хэрэглэгдэхүүнийг шинжилж, нягтлахад суралцаж, баримт мэдээг судалгаанд хэрэглэх нийтлэг арга зүйд суралцаж, шүүмжлэлт сэтгэлгээ эзэмшиж, энэ хөтөлбөрийн хүрээнд тулгарч буй сорилт, хэрэгцээг тодорхойлж, шийдэл олж чаддаг болно. Ингэснээр эх түүхээ сонирхох, судлах эрмэлзэл улам ахих ба суралцагч нь монголын эрт, дундад үеийн түүхээр дамжуулан хариуцлагатай байхад суралцаж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чадавх сууж, түвшин ахиж дээшлэхэд үүрэг, ач холбогдолтой.
Энэ хичээлээр оюутнууд нэн эртнээс өнөө үе хүртэлх Монголын улс төр, нийгэм, оюун санаа, соёл, аж ахуйн түүхтэй танилцана. Юуны өмнө тус хичээл Монгол нутагт эртний хүн анх суурьшиж, өвөг үеийн аж ахуй, соёл, нийгэм хөгжсөн тухай гол асуудлууд, хүрэл-түрүү төмрийн үед нүүдлийн иргэншил үүссэн хийгээд энэ нь өвөг монгол угсаатнууд, тэдний төрт улс бүрэлдэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар авч үзнэ. Улмаар оюутнууд Монгол нутаг дахь эртний төрт улсуудын хөгжилт, Монголын эзэнт гүрэн байгуулагдсан үйл явц ба эзэнт гүрний үеийн Евро-Ази дахь улс төрийн тогтвортой байдал, соёл, эдийн засагт гарсан гол дэвшлүүдийг судална. Мөн, тус хичээл эзэнт гүрэн мөхсөний дараах их хаадын эрх мэдлийн бууралт болон Монгол дахь улс төр, нийгэм, соёлын өөрчлөлтүүд, XVII-XVIII зуунд монголчууд Манж Чин гүрний харьяанд орсон хийгээд Чин гүрний үеийн улс төр, нийгмийн асуудлуудыг хэлэлцэхэд чухалчлан анхаарна. Хичээлийн сүүл хэсэгт оюутнууд тусгаар тогтнолын төлөө хувьсгалт хөдөлгөөнөөр эхэлсэн Монголын шинэ түүхийг дэлхийн чухал үйл явдлуудын хэлхээ холбоонд ойлгож, XX зууны Монголын нийгэм-улс төрийн хувьсгалууд болон орчин үеийн монголын оюун санаа, эдийн засгийн өөрчлөлтүүдийн талаар хэлэлцэнэ. Хичээл Монгол орны өнөө болон ирээдүйн тухай хэлэлцүүлгээр өндөрлөнө.
Монголчуудын түүхийг дэлхий дахинаа мандан бадарсан эрэлхэг дайнч үндэстэн, эсвэл соёл иргэншлүүдийг аймшигт сүйрэлд автуулж явсан бүдүүлэгчүүдийн гэх хоёрхон хэмжээсээр харах үзэл бий. Гэвч сүүлийн үед олон орны эрдэмтдийн шинэ судалгааны үрээр монголчуудын түүхийн талаарх ташаарлуудыг залруулж, түүнийг хавьгүй баялаг агуулгаар ойлгох боломж нээгдэж байна. Оюутнууд Монголын түүхийг тэрхүү шинэ чиг хандлагаар судлах нь энэ хичээлийн гол зорилго болно. Оюутнууд тус орны нэн эртнээс өнөө үе хүртэлх түүхтэй танилцаж, нийгэм-соёл, аж ахуй, улс төрийн гол өөрчлөлтүүд хийгээд Монгол ба дэлхий, бүс нутгийн түүхэн үйл явцуудын холбоог ойлгохын зэрэгцээ сэдэв, асуудлыг судлахдаа мэдээлэлд анализ хийх, аргумент дэвшүүлэх, өөрийн санааг илэрхийлэх чадвар эзэмшинэ. Үүний сацуу тэд өөрийн ард түмний түүхэн ололт, соёл, үнэт зүйлсийг дээдлэн хамгаалах төдийгүй бусдынхыг хүндэтгэх хандлагатай болно.