Бидний тухай
Багш ажилтан
Газар дээрх бүх улсыг “Таван өнгө, дөрвөн харь” хэмээх утга төгөлдөр үгээр илэрхийлэх ба түүнийг бүгдийг эрхшээсэн хааныг “9 тугтай хаан” хэмээх улс төрийн үзэл 1000 жилийн өмнөх үед хэдийн бий болоод байжээ. 1206 оны их хуралдайгаар байгуулсан 9 хөлт цагаан тугийн тоо нь энэхүү уламжлалыг илтгэж байгаа бол Тэнгэрийн хүчийг хүртсэн болохыг цагаан өнгөөр илэрхийлжээ. Тэнгэртээ зориулан цагаан адуугаар тахилга өргөж, түүний гөхөл хялгасыг дээш тэнгэрт өргөх туг болгосноор өөрсдийн хүсэл зоригоо түүнд дуулгаж буй хэлбэр хэмээн бид үзлээ. Тэнгэрийн таалалд орших газрын хүмүнд Мөнх Тэнгэрийн суу зали хүргэгч элч нь эгц доош эрчлэн шунгах цагаан шонхор байжээ. Газар дээрх хүмүн, эцэг тэнгэрийн хоорондын харилцааг илэрхийлсэн утга бэлгийг Чингис хааны есөн цагаан туг илтгэж байв. Хубилай хааны үед Ядам бурхан Цагаан шүхэртэй эх сахиусны цагаан шүхрийг улс орныг бүрхэн хамгаалагч хэмээн шүтэн үзэх болсноос цагаан тугийн уламжлалт тэнгэрлэг үзэл санаанд өөрчлөлт орох болов. Юань гүрний цэргийн гол шүтээн болсон Ядам бурхан Махагала сахиусны гурван үзүүрт сэрээг цагаан тугийн оройд залан, улмаар шүншиглэн сүнслэг байдлаар тахих болсноор “Сүлд” гэж дуудагдахад хүрчээ. Цагаан туг цагаан сүлд болсныг илтгэх хамгийн эртний хэрэглэгдэхүүн бол Ордосын цахарчуудын Үүшин хошууны “Монголын төрийн цагаан сүлд”, Засагт ханы Лу гүний хошууны “Чингисийн цагаан сүлд” бололтой. Чингис хааны цагаан тугийн эх загвар нь Тэнгэрт өргөсөн цагаан азарга, гүүний дэл сүүлээр гөхөлийг нь хийсэн бол түүний орой дээрх сэсэм нь нар сараа атган Тэнгэрийн суу залийг тээн газарт цагаан буулгахаар шунган айсуй цагаан шонхор болох Хиад боржигины сүлдэр байсан бололтой. Тиймээс бид анхдагч цагаан тугийн нар сарыг Лу гүний цагаан тугийн гилбэр дээр доош эрчлэн бууж буй байдалтай сийлснээр, шонхор нь шунган гурван сэрээ хэлбэрт орсноор тус тус сэргээн төсөөлөв. Түлхүүр үгс: 9 хөлт цагаан туг, Тэнгэр, цагаан сүлд, цагаан шүхэртэй, гурван үзүүрт сэрээ, сэсэм, шонхор, суу зали
Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голын дээд урсгалын газар орших Зүүн хүрээний туурь нь Хэрлэн голын баруун эрэг, Зүүн Байдлаг голын бэлчир болох тэгш дэнж бүхий газар байрлана. Хүрээний туурь нь эрт цагаас нүүдэлчдийн хот суурин байгуулахад сонгосоор ирсэн газрын байрлал, дундад үеийн хот суурин хийгээд хүрээ хийдийг үүсгэхэд зохицох газар шинжих монгол ёстой гайхалтай таацаж буй. МНТ-нд нийтдээ 6 удаа дурдагдсан Хэрлэнгийн эх хавьд орших “Бүрги эрэг” хэмээх газрыг эдүгээ судлаачид эцэслэн тогтоогүй байна. Х.Пэрлээ, О.Сүхбаатар нарын эрдэмтэд Багануураас баруун хойд зүгт 24 км-т мөнхүү нэрээрээ байгаа өндөр эрэгт газрыг гэж үзсэн билээ. Мөнгөнморьт сумын төвийн урд, хойгуур нь урсаж, Хэрлэн голд цутгах Баруун, Зүүн Бүрхийн гол орчимд нэрийн ойролцоо дуудлагаар баримжаалан энд багцаалсан судлаачид бас цөөнгүй бий. МНТ-ны мэдээгээр “Бүрги эрэг” хэмээх газар нь тухайн үедээ улс төр, эдийн засгийн том төв байсан нь тодорхой байдаг учраас энэхүү газрын байрлалыг баталгажуулах археологийн хэрэглэгдэхүүн илрүүлэх нь бидний зорилго юм. Тиймээс Зүүн хүрээний туурь байрлах эл сэрүүн дэнж дээр МНТ-нд олонтаа дурдагдсан Бүрги эрэг дэх Тэмүжиний орд өргөө, их гэр бүхий хүрээ энэ хавьд байрлаж байсан байх сагадлалтай хэмээн бид үзэж буй билээ.
МОНГОЛ-АНГЛИЙН ХАМТАРСАН “ЗҮҮН ХҮРЭЭ-2022” ЭКСПЕДИЦ АРХЕОЛОГИЙН ХЭЭРИЙН СУДАЛГАА С.Эрдэнэ, Марк Хортон, С.Өлзийбаяр, Ш.Уранчимэг Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэн голын дээд урсгалын газар орших Зүүн хүрээний туурь нь Хэрлэн голын баруун эрэг, Зүүн Байдлаг голын бэлчир болох тэгш дэнж бүхий газар байрлана. Хүрээний туурь нь эрт цагаас нүүдэлчдийн хот суурин байгуулахад сонгосоор ирсэн газрын байрлал, дундад үеийн хот суурин хийгээд хүрээ хийдийг үүсгэхэд зохицох газар шинжих монгол ёстой гайхалтай таацаж буй. МНТ-нд нийтдээ 6 удаа дурдагдсан Хэрлэнгийн эх хавьд орших “Бүрги эрэг” хэмээх газрыг эдүгээ судлаачид эцэслэн тогтоогүй байна. Х.Пэрлээ, О.Сүхбаатар нарын эрдэмтэд Багануураас баруун хойд зүгт 24 км-т мөнхүү нэрээрээ байгаа өндөр эрэгт газрыг гэж үзсэн билээ. Мөнгөнморьт сумын төвийн урд, хойгуур нь урсаж, Хэрлэн голд цутгах Баруун, Зүүн Бүрхийн гол орчимд нэрийн ойролцоо дуудлагаар баримжаалан энд багцаалсан судлаачид бас цөөнгүй бий. МНТ-ны мэдээгээр “Бүрги эрэг” хэмээх газар нь тухайн үедээ улс төр, эдийн засгийн том төв байсан нь тодорхой байдаг учраас энэхүү газрын байрлалыг баталгажуулах археологийн хэрэглэгдэхүүн илрүүлэх нь бидний зорилго юм. Тиймээс Зүүн хүрээний туурь байрлах эл сэрүүн дэнж дээр МНТ-нд олонтаа дурдагдсан Бүрги эрэг дэх Тэмүжиний орд өргөө, их гэр бүхий хүрээ энэ хавьд байрлаж байсан байх сагадлалтай хэмээн бид үзэж буй билээ.
МУИС-ын Антропологи-археологийн тэнхим, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн хамтарсан хээрийн шинжилгээний анги 7 сарын 1-20-ны хооронд Сүхбаатар аймгийн Онгон сумын Тавантолгойд ажиллав. Бүрэлдэхүүнд МУИС-ийн профессор М.Эрдэнэ, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор (Ph.D) С.Өлзийбаяр, эрдэм шинжилгээний ажилтан Б.Очир, С.Очирбат, МУИС-ийн Антропологи-археологийн тэнхимийн судалгааны туслах ажилтан Б.Бямбадорж, археологич Г.Цэнгүүн болон МУИС-ийн тус тэнхимийн оюутнууд оролцов. Дурсгалт газар бид оршуулга болон тахилгын байгууламж 9-ийг малтан судалсан бөгөөд үүнээс 3 дурсгал ямар нэгэн нүхгүй (Б-12, 13, 14) газрын хөрсөн дээр үйлдсэн тахилгын байгууламж, 1 дурсгал он цаг нь нарийн тодорхойгүй булш (Б-17), 5 дундад зууны монголчуудын булш оршуулгын дурсгал байв (Б-15, 16, 18, 19, 20).
МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, МУИС-ийн проф М.Эрдэнийн удирдсан “Монголын шинэ чулуун зэвсгийн үеийн хүн амын антропологийн судалгаа” төслийн хүрээнд энэхүү хээрийн судалгаа зохион байгуулагдсан болно. Уг хээрийн судалгааг МУИС-ийн Антропологи, археологийн тэнхмээс 2002-2015 оны хооронд 10 гаруй жил тасралтгүй зохион байгуулсан “Дорнод Монгол” төслийн хээрийн судалгааны үргэлжлэл хэмээн үзэж, үзэл баримтлалаа боловсруулсан болно. Хээрийн судалгааны зорилго нь Дорнод Монголын нутагт урьд өмнө нь судлагдсан шинэ чулуун зэвсгийн үеийн булш илэрсэн дурсгалт газруудад нарийвчилсан хайгуул хийх, малтан шинжлэх болон эртний хүн судлалын хэрэглэгдэхүүн илэрсэн тохиолдолд антропологийн хэмжилт, палеогенетикийн шинжилгээнд хамруулах, хүрсэн үр дүнгийн талаар олон улсын хөндлөнгийн үнэлгээтэй өндөр зэрэглэлийн мэргэжлийн сэтгүүлд хэвлэн нийтлэх явдал байв. Хээрийн судалгааг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг Устай бургастай, мөн аймгийн Онгон сумын Онгон элсний Шарбүрд, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг Овоот, мөн аймгийн Булган сумын Норовлин уулын чиглэлд хийж гүйцэтгэв.