Бидний тухай
Багш ажилтан
Байгаль орчныг бохирдуулагч хорт бодисын хэм хэмжээг хянах, хяналт шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах, экологийн аюулгүй байдал, норм, нормативүүдийн талаарх асуудалтай танилцана. Орчны нөхцлийн тухайн үеийн байдалд дүн шинжилгээ хийж, ус, агаар, хөрсөн орчны бохирдлыг байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд хэрхэн тусгах талаар авч хэлэлцэнэ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний асуудлыг авч үзнэ. Уул уурхай, ашигт малтмалын төслүүдийн үйл ажиллагаанд экспертиз хийхэд байгаль, нийгмийн нөхцлүүдийг (хөрс, ургамал, амьтны аймаг, гидрологийн сүлжээ, газрын гадарга, геологийн тогтоц, биотик, абиотик хүчин зүйлсийн үйлчилгээ, хүн ам, нийгмийн бүтэц, дэд бүтцийн онцлог гэх мэт) харгалзан үзэж, тооцох, тэдгээрийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ зэрэг асуудлыг багтаана.
Байгалийн нөөцөд тулгуурласан ашиглах, олворлох зорилго бүхий аливаа төслүүдийн хүрээлэн буй орчин болон амьд организмд үзүүлэх нөлөөллийн ангилал, үйлчлэлийн цар хэм хэмжээг үнэлэх, түүний сөрөг үр дагаврыг бууруулах, мониторингийн судалгааг хэрхэн явуулах, хяналт шинжилгээнд хамруулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний аргуудын талаар онол, арга зүйн мэдлэг эзэмшүүлнэ.
Уг хичээл нь үндсэн таван хэсгээс бүрдэнэ: 1. Экологийн шинжлэх ухаан • Экологийн шинжлэх ухааны судлах зүйл • Тархалт ба элбэгшлийн хэлбэрүүд • Макро ба микро уур амьсгал 2. Бодгалийн экологи • Физиологийн зохилдолгоо ба зүйлийн тархалт • Зүйлийн тархалтанд температурын үзүүлэх нөлөө • Зүйлийн тархалтанд ус ба давсны үзүүлэх нөлөө • Функциональ хариу үйлдлүүд 3. Популяцийн экологи • Нягтшилаас үл хамаарсан популяцийн өсөлт • Нягтшилаас хамаарсан популяцийн өсөлт 4. Бүлгэмдлийн экологи буюу зүйлийн харилцан үйлчлэл • Өрсөлдөөн • Махчлал, өвсөн тэжээлтэн ба паразитизт • Махчин ба золиосын цикл • Хөнөөлт үзэгдлүүд, ба сукцесс 5. Экосистемийн экологи • Экосистем дэх энергийн эргэлт • Экосистем дэх бодисын эргэлт • Идэш тэжээлийн хэлхээ ба тэдгээрийн хэлбэрүүд • Экосистемийн анхдагч ба хоёрдогч бүтээмж
Уг хичээлээр организмын элбэгшил ба тархалтыг тодорхойлдог экологийн процессуудын үндсэн концепцууд, онолууд ба тэдгээрийн баталгаануудыг судлах болно.
Уг хичээлээр экологийн өгөгдөл, түүний хэлбэрүүд, хээрийн судалгааны загвар талбай сонгох, хэмжилтийн төрөл (scale), амьтан ба ургамлын популяцийн элбэгшлийг үнэлэх тэмдэглэх-дахин барих, квадратын, шугаман болон зайн судалгааны аргууд, амьтан, ургамлын популяцийн орон зайн тархалтын хэлбэрүүдийг газарзүйн мэдээллийн систем болон статистик арга ашиглан судлах, бүлгэмдлийн үндсэн параметрийг үнэлэх төсөөзүйн коэффициент, кластер анализ, зүйлийн олон янз байдлыг хэмжих арга, газарзүйн мэдээллийн систем (GIS) программ ашиглан байгаль орчныг үнэлэх болон байгаль орчны тандалт судалгаа хийх аргуудын талаар судалж, тодорхой жишээнүүд дээр суралцагчид дүн шинжилгээ хийж, дүгнэлт хийнэ.
Энэ нь экологийн бүтэц, зохион байгуулалтын (бодгаль, популяци, бүлгэмдэл, экосистем зэрэг) бүхий л түвшний судалгаанд хэрэглэгдэх түүвэрлэлтийн арга техник, судлагдаж буй экологийн системийг төлөөлөхүйц өгөгдөл цуглуулах арга, экологийн системийн бүтцийг илтгэх статистик параметрүүдийг өгөгдлөөс үнэлэх, тэдгээртэй холбоотой таамаглалыг дэвшүүлэх, шалгах, дүгнэлт хийх аргын талаар онолын мэдлэг болон хэрэглээний чадвар олгох үндсэн зорилготой хичээл мөн.
Ургамал, амьтны бодгалийн байршил, шилжилт хөдөлгөөнийг зураглах, ургамал амьтны популяцийн тархалт, элбэгшлийг зураглах, дэлхэц нутгийг тодорхойлох, зүйлийн амьдрах орчныг загварчлах
Ургамал, амьтны олоны янз байдлын элбэгшил, тархалтыг загварчлах орон зайн арга зүйд суралцана.
Амьдралын эргэлт. Үржил, үхэл хорогдлын насны хуваарь. Леслийн матриц. Транзиент ба асимптотик динамик. Хувийн утга, Перрон-Фробениусын теорем. Леслийн матрицын баруун ба зүүн доминант хувийн вектор. Мэдрэмтгий ба уян хатан байдлын анализ. Популяцийн өсөлт ба олзворлолт. Логистик, тета-логистик, нягтшлаас хамаарах байдалд илрэх хугацааны хоцрогдол. Хамгийн их тогтвортой олзворлолтын хэмжээ. Нийгэм-эдийн засгийн хамаарал ба нийтийн өмчийн эмгэнэлт явдал. Өрсөлдөөн. Лотка-Вольтеррын загвар ба төлөв байдлын (фазын) орон зайн анализ. Түүний өргөтгөл. Махчин-золиосын харилцаа. Лотка-Вольтеррын загвар ба д’Анконагийн асуудлын Вольтеррын шийдэл. Эпидемиологи. Эзэн-микропаразитын динамикийн загвар. Эпидемик, эндемик, өвчний элиминаци. Лотка-Вольтеррын загвар N-зүйлийн загвар. Тогтвортой байдлын талаарх экологийн болон математикийн үзэл санаа. Локаль асимптотик тогтвортой байдлыг шалгах аргууд. Ляпуновын функц. Биологийн олон янз байдал ба тогтвортой байдал. Томоохон экологийн систем дэх тогтмол цэгүүдийн тогтвортой байдал: Гершгорины дискийн асуудал, санамсаргүй матриц, Мей-гийн үр дүн. Идэш тэжээлийн сүлжээ ба хэмжээний спектр. Мөхөл. Байгалийн болон хүний үүдэлтэй мөхлийн эрчим. Тулгуур зүйл ба эмзэг бүлгэмдэл. Орон зайн ач холбогдол. Орон зай, цаг хугацааны динамикийн нийлмэл байдал: амьдралын тоглоом. Тасралтгүй орон зай дахь моментын динамик. Тасралтгүй орон зай дахь стохастик процесс. Метапопуляцийн болон метабүлгэмдлийн динамик. Орчны орон зайн бүтэц, хялбаршуулсан ландшафт болон метапопуляцийн динамик. Шилжилт ба диффузи. Стохастик процесс. Детерминистик загвар: харимхай орчны динамик, реакци-диффузийн тэгшитгэл. Шинж тэмдэг солигдох дарааллын стохастик процесс. Асимметри өрсөлдөөний жишээ. Мастер тэгшитгэлийн детерминистик баримжаалал. Эволюцийн салбарлалтын цэг.
Экологийн процессийг танин мэдэхэд загварчлалыг хэрэглэх онолын мэдлэгийн үндэс олгох, энэ мэдлэг дээрээ үндэслэн экологийн процессийн динамик мөн чанарыг (ямар хүчин зүйл динамикийн төлөв байдлыг тодорхойлоход хамгийн их үүрэгтэй байгааг) танин мэдэх туршилт, судалгаа төлөвлөх, загварын симуляци хийх тухай ойлголт, анхан шатны чадварыг оюутанд олгоно.
Популяцийн тухай ойлголт, тодорхойлолт. Популяцийн экологийн судлах зүйл. Математик загварыг популяцийн экологийн судалгаанд хэрэглэх нь. Популяцийн экологийн үндсэн хуулиуд. Нэгэн зүйлийн популяцийн нягтшлаас үл хамаарах динамик. Төгсгөлөг болон тасралтгүй хугацааны загвар (давхацдаг, давхацдаггүй үе удамтай популяцийн загвар). Популяцийн өсөлтийн экспоненциаль ба геометрийн эрчим. Эдгээрийн бодит жишээ. Популяцийн нягтшлаас хамаарах динамик. Нягтшил, нягтшлаас хамаарах хамаарал. Логистик тэгшитгэл, түүний нөхцлүүд. Үхэл хорогдол, төрөлтийн эрчим нягтшлаас хамаарах нь. Зүйлийн доторх өрсөлдөөн. Логистик тэгшитгэлийн хэрэглээ (Рикерийн тэгшитгэл, Бивертон-Холтын тэгшитгэл). Аллигийн үр дагавар. Цаг хугацааны хоцрогдол, өсөлтийн эрчим хэт өндөр байх, орчны болон демографик стохастик байдлын динамик үр дагавар. Сигмойд динамик, амплитуд нь буурах динамик, мөчлөгт хэлбэлзэл, хаос. Популяцийн зохицуулга. Бодит жишээнүүд. Насны бүтцийн онцлогтой популяцийн динамик. Демографийн бүтэц. Мэнд үлдэлтийн хэлбэрүүд. Насны онцлогтой төрөлт, үхэл хорогдлын хуваарь. Мэнд үлдэлтийн хүснэгт: статик ба динамик. Амьдралын үргэлжлэх хугацаа, үе удмын үргэлжлэх хугацаа. Популяцийн цэвэр өсөлтийн эрчим. Насны тогтвортой ба стационарь түгэлт. Популяцийн матриц загвар. Леслийн болон Лефковичийн матриц. Насны бүтэцтэй популяцийн динамикийн Эйлерийн тэгшитгэл, түүний ач холбогдол. Насны бүлэг тус бүрийн үржлийн ач холбогдол. Бодит жишээнүүд. Популяцийн хил хязгаар, орон зайн асуудал, метапопуляци. Метапопуляцийн Левинсийн загвар, Пуллиамын загвар, тэдгээрийн ялгаа. Бодит жишээнүүд. Aмьдралын эргэлтийн стратеги. Амьдралын эргэлтийн олон янз байдал. Зэргийн хууль. Итерипарити ба семелпарити. Коулийн парадокс. МакАртур-Уильсоны r- ба K-шалгарлын онол. Үржлийн өртөг, энергийн хуваарилалт. Ургамлын амьдралын эргэлтийн тухай Граймын загвар. Экологийн бодисын солилцооны онол. Бодит жишээнүүд. Популяцийн элбэгшлийг үнэлэх арга: харьцангуй элбэгшил ба абсолют элбэгшлийг үнэлэх аргууд. Бодит жишээ. Популяцийн экологийн хавсарга асуудлууд: Ашиглалт. Хамгийн их тогтвортой ашиглалтын хэмжээ, логистик загвар ба динамик сангийн загвар. Хяналт: биологийн нэгдсэн хяналт. Хамгаалал: жижиг популяцийн парадигм, буурч буй популяцийн парадигм. Байгаль хамгааллын биологи. Бодит жишээнүүд.
Энэ хичээлээр экологийн шинжлэх ухааны сонгодог салбаруудын нэг болох популяцийн экологийн онолын суурь ойлголт, уг салбарын судалгааны ерөнхий аргазүй, тэдгээрийн практик хэрэглээний талаар мэдлэг, тодорхой хэмжээний хэрэглээний чадвар эзэмшүүлнэ.
Бодгалийн экологи хичээл нь бодгаль организм ба тэдгээрийн амьдрах орчин хоорондын харилцан хамаарлын зүй тогтлуудыг цаг хугацаа ба орон зайн хэмжээсүүдийн бүхий л түвшинд авч үзэх болно. Хичээлийн нэгдүгээр хэсэгт амьдрах орчны хүчин зүйлүүд ба тэдгээрийн орон зай ба цаг хугацааны өөрчлөлтүүд; хоёрдугаар хэсэгт бодгаль организмын орчны хүчин зүйлүүдэд үзүүлэх физиологи ба зан төрхийн хариу үйлдлүүдийг, гуравдугаар хэсэгт организмын физиологийн процессууд ба зан төрхийн үйлдлүүдийн эволюцийг хичээлийн гуравдугаар хэсэгт судална. Экологийн шинжлэх ухааны судлах зүйл, зорилго. Экологийн тухай ойлголтын үүсэл, хөгжил. Экологийн ухааны талаарх орчин үеийн ойлголт, үзэл баримтлал. Экологи ба бусад шинжлэх ухааны уялдаа холбоо. Экологийн системүүд. Амьдрах орчин ба экологийн ниш. Амьдрах орчны физик хүчин зүйлс. Минимумын хууль. Оптимумын хууль. Шельфордын толерант чанарын хууль. Хүчин зүйлийн шууд ба дам нөлөө. Амьд биеийн экологийн уян хатан чадвар. Усны физик, химийн шинж чанар, түүний амьд биед үзүүлэх нөлөө. Далай тэнгис ба цэнгэг усан орчны ялгаа. Устөрөгчийн ионы концентрацийн амьд биед үзүүлэх нөлөө. Нүүрстөрөгч ба хүчилтөрөгчийн амьд биеийн энергийн солилцоонд гүйцэтгэх үүрэг. Эрдэс бодисууд, тэдгээрийн хүрэлцээтэй байдлаас амьд биед үзүүлэх нөлөө. Амьдрах орчны физик хүчин зүйлсийн хувьсал. Агаарын температур ба хур тунадасны дэлхийн хэмжээний ерөнхий төлөв байдал. Далайн урсгалуудаар дулаан ба чийг хуваарилагдах. Улирал солигдох зүй тогтол. Сэрүүн бүсийн нуур, цөөрмийн дулааны горим. Газрын гадарга ба газар зүйн байршлаас шалтгаалсан уур амьсгал. Walter-ийн уур амьсгалын график. Организмын ус ба давсны зохицуулга. Хуурай газрын ургамлын усны зохицуулга. Осмос, транспираци. Говь, цөлийн организмын усны зохицуулга. Хөрсний шинж чанараас хамаарсан ус ба шим тэжээлийн бодисын хүрэлцээт байдал. Гиперосмотик ба гипо-осмотик организмууд. Организмын биеэс илүүдэл бодисыг гадагшлуулах механизм. Организмын дулааны зохицуулга. Хомеостаз. Хомеотерм ба пойкилотерм организм. Хагас хомеостаз. Хомеостазийн өртөг. Организмд гэрлийн үзүүлэх нөлөө. Гэрлийн энергийн шинж чанар. Гэрлийн хүч, гэрлийн тоо хэмжээ. Гэрэлд амьд биеийн дасан зохицох нь. Амьдрах орчны хувьсалд организмын дасан зохицох. Proximate ба ultimate хүчин зүйлс. Зохилдолгоо, генотип ба фенотип. Фенотипийн уян хатан байдал. Үйл ажиллагааны орон зай (activity space). Микро амьдрах орчин. Аклиматизаци. Хөгжлийн хариу үйлдэл (developmental response). Нүүдэл. Шим тэжээлийн бодисыг нөөцлөх. Ичих (мөн зуны диапауз). Организмын идээшлэх хамгийн тохиромжтой орон зай (central foraging theory). Орчны нөөцийн хуваарилалт ба организмын амьдралын эргэлтийн стратеги. Организмын бие гүйцэх (хамгийн анх үржилд орох нас), амьдралынхаа туршид хэдэн удаа үржилд орох, нэг удаагийн үржлээр хэдэн үр төл гаргах, хэд наслах зэрэг нь орчны нөөцийн хуваарилалтаас хамаарах. Организмын хөгшрөлт.
Энэ хичээлээр экологийн шинжлэх ухааны сонгодог салбаруудын нэг болох бодгалийн экологийн онолын суурь ойлголт, уг салбарын судалгааны ерөнхий аргазүй, тэдгээрийн практик хэрэглээний талаар мэдлэг, тодорхой хэмжээний хэрэглээг лекц, семинарын хичээлээр эзэмшүүлнэ
Энэ хичээлээр биостатистикийн үндсэн зарчим, арга техникийг биологи, анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд зэрэг салбаруудад хэрэглэхэд зориулан үзнэ. Оюутнууд олон төрлийн биологийн судалгаануудтай холбоотой статистикийн үндсэн ойлголт, өгөгдөлд дүн шинжилгээ хийх арга, үр дүнг статистикийн хувьд тайлбарлахад суралцана. Мөн энэ хичээлд өгөгдөлд дүн шинжилгээ хийх, MS Excel, R хэл зэрэг статистикийн программуудыг ашиглах талаар тусгасан болно.
Биостатистикийн хичээлийн зорилго нь оюутнуудад биологи, биоанагаах, эрүүл мэнд зэрэг салбарын судалгаануудтай холбоотой статистикийн аргуудыг ойлгох, хэрэглэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох юм. Мөн оюутнуудад статистикийн нотолгоонд тулгуурлан өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тайлбарлах, үндэслэлтэй дүгнэлт хийх, шийдвэр гаргах аргуудыг эзэмшүүлэх зорилготой.
Амьтад, амьдрах орчны хоорондын харилцан холбооны ерөнхий зүй тогтлууд. Амьтдын хооллолтын үндсэн хэлбэр, дасан зохилдлогооны онцлогууд. Амьтдын ус-эрдэс, хийн солилцооны механизм. Амьтдын амьдралд гэрлийн энерги, температур, даралт, амьдрах орчны хүчин зүйлсийн хөдөлгөөн (усны урсгал, салхи г.м.), хөрс, усан сангийн ёроолын хурдас, мөс, цасан бүрхэвч, мөнх цэвдгийн үүрэг, холбогдол. Амьтдын амьдралын мөчлөг. Орон зайд баримжаалах нь. Амьтны популяцийн ангилал. Популяци хоорондын харилцаа. Амьтны популяцийн бүтэц, бүрэлдэхүүн, хөдлөл зүй. Популяцийн тоо толгойн зохицуулгын механизмууд. Амьтад ба бусад биемахбод хоорондын харилцааны хэлбэр, ангилал. Өрсөлдөөн, махчлал, комменсализм, мутуализм, паразитизм. Амьтны зан төрх. Бүлийн амьдралын хэлбэрийн эволюци ба амьдралын нийгэмч хэлбэр.
Суралцагсдын экологийн үндсэн хууль, дүрэм, зүй тогтлуудын талаарх онолын мэдлэгийг амьтны аймгийн түвшинд гүнзгийрүүлэн бататгаж, тэдгээрийн тоо толгойг үнэлэх болон популяцийн динамикийг тодорхойлоход чиглэсэн тусгай мэдлэгийг олгож, судалгааны мэдээ баримтыг боловсруулах, үр дүнг практикт ашиглах анхан шатны чадвар, дадал төлөвшүүлнэ.