Бидний тухай
Багш ажилтан
Оюутнууд ойн экологийн онол аргазүйд суралцаж, ойн экосистемд хүний болон байгалийн ямар хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгаа үүнээс үүдэн ямар үр дагавар асуудлууд гарч болох вэ гэдгийг ойлгож, тооцоолж сурах мэдлэг эзэмшинэ. Экологийн онол, зарчмууд ойн янз бүрийн хэв шинж, олон янз байдалд хэрхэн үйлчлэх зүй тогтлыг шинжлэх ухааны бүтээл туурвил уншиж судлан зураг, дүрслэл ашиглан тайлбарлах чадвартай болно. Янз бүрийн багаж төхөөрөмж ашиглан хэрхэн туршилт, судалгаа хийх, туршилт судалгааны төлөвлөгөө боловсруулах, өгөгдөл цуглуулах, боловсруулах, үр дүнг нэгтгэн тайлагнах, дүгнэх дадал эзэмшинэ. Ихэнх лаборатори болон хээрийн дадлагын ажлууд багаар гүйцэтгэх даалгавар байх бөгөөд үүний үр дүнд оюутан хамт олонч, багаар ажиллах, бусдыг сонсох, хүлээн авах, зохицох зэрэг хувь хүний хөгжилтөй холбоотой дадал, хэвшилд суралцана.
Ойн экологи гэдэг нь ойд болж буй байгалийн бүхий л процесс ургамал, амьтан, микроорганизм тэдний харилцан үйлчлэл, тэдний хүрээлэн буй орчин, ой болон хүний амьдралд үзүүлж байгаа нөлөөг судалдаг. Эдгээр бүх процесс нь тодорхой оронзай цаг хугацаанд явагдаж байдаг ба бүх ойд хоорондоо төсөөтөй, нийтлэг зүй тогтол байдаг (модод, түүний дор ургах ургамал, тэнд амьдрах амьтад, биологийн төрөл зүйл, хөрс гэх мэт). Мөн ой байнга хүний нөлөөнд автагдаж хувьсан өөрчлөгдөж байдаг. Ойн экологи хичээлийг судлахад өргөн мэдлэг чухал. Үүнд: цаг уур судлал, биологи, биохими, усзүй, популяци, генетик, гамшигт үзэгдлийн экологи гэх мэт. Ой хэрхэн бий болох цаашид хэрхэн хөгжих вэ гэдэг асуудалд хариу өгөхөд дээрх шинжлэх ухаануудын мэдлэг шаардагдах бөгөөд эдгээрийн хооронд харьцуулалт, дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах мэдлэг эзэмших нь чухал. Зарим харилцан хамаарал нь тодорхой, тооцоолж болохуйц, шугаман шууд хамааралтай байдаг ч ихэнх нь тодорхой бус, урьдчилан тооцоолох боломжгүй, зөвхөн том хэмжээнд тооцоолж болохуйц (шугаман бус) байдаг. Дээрх асуудлуудыг шийдвэрлэх мэдлэг эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.
Хэмжилт, түүний үндэс, ойн таксац, түүний судлах зүйл, таксацын хэмжилтийн багаж хэрэгсэл, дээж талбай байгуулах арга зүй, нэгж модны шинж чанар, унагасан модны таксац, ургаа модны таксац, модон материалын таксац, загвар модоор ойн нөөцийг тогтоох, ойг сортиментлах, модны өсөлтийг тодорхойлох, ойн моддын өсөлтийн явц, ойн фонд түүний бүртгэл тооллого, огтлох ойн таксац зэргийг судална.
Ойн таксац хичээлээр ойн модод ургах орчны нөхцөл, онцлогоосоо хамааран хэмжээ, чанарын хувьд харилцан адилгүй байдаг тул эдгээр өвөрмөц байдалд нь тохирсон судалгааны аргыг боловсруулж, ойн тооллого бүртгэл, тооцооллыг хийх арга зүйд оюутныг сургахад оршино.
Энэ хичээлээр ойн аж ахуйн систем, мод огтолсон талбайн хэв шинж, ойн бүтээмжийг дээшлүүлэх, ой модыг огтлох тухай сургаал зэргийн онолын чухал ойлголтыг оюутан нарт өгнө. Ойн үндсэн ашиглалтын огтлолтын ангилал. Хавтгайруулсан огтлолт. Аажим огтлолт. Түүвэрлэх огтлолт. Мод бэлтгэсэн талбайг цэвэрлэх. Арчилгааны огтлолтын хэлбэр, арга. Арчилгааны огтлолт явуулах шаардлагатай ой мод. Арчилгааны огтлолтын давтагдах хугацаа, огтлолт хийх арга. Огтлох модыг сонгох, огтлолтын эрчим. Төрөл бүрийн ойд арчилгааны огтлолт хийх. Цэвэрлэгээний огтлолт. Ойг арчлах бусад хэлбэрүүд. Ойн модон бус бүтээгдэхүүнийг ашиглах. Ойн бүтээгдэхүүнт чанарыг дээшлүүлэх. Ойн түймэр судлал, түүний зорилт. Ойн түймэр гарах шалтгаан, нөхцөл. Ойн түймрийн ангилал. Ойн шатах материал. Түймэр гарах газар зүйн онцлог. Түймэр гарах улирал. Ойн шатамхай чанар. Ойн түймрийн үр дагавар. Ойн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Ойн түймрийг илрүүлэх. Ойн түймэртэй тэмцэх. Ойн түймрийн хохирлыг тодорхойлох. Хяналттай гал тавьж түймрийн аюулыг багасгах. Ой модыг ашиглах ба ойг ургуулах техник, технологи ба экологийн асуудлыг органик холбоотойгоор авч үзнэ. Тэрчлэн ой ашиглалтын нийгэм, эдийн засгийн төлөв байдал ба Монголын ойн менежментийн одоо ба ирээдүй, түүний онцлог, гадаад орнуудын туршлагатай харьцуулан судлах болно.
Ойн аж ахуй хичээл нь ойд үндсэн ашиглалт ба арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийх, ойг нөхөн сэргээх, өсгөн бойжуулах, ойн бүтээгдэхүүнт чанарыг нэмэдүүлэх, ойн модон бус бүтээгдэхүүнийг ашиглах, ойн түймэр, түүнээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх онол, практикийн мэдлэг, чадварыг оюутнуудад олгож, тэдгээрийг пракикт хэрэглэх чадвар, дадал эзэмшүүлнэ. Ой ашиглалтын эдийн засаг, нийгмийн төлөв байдал, ойн аж ахуйн менежментийн одоо ба ирээдүйн хөгжлийг шийдвэрлэх асуудлыг оюутнуудад танилцуулна.
Энэхүү хичээлээр Монгол болон Дэлхийн ойн экологи, менежментийн үндэс, туршлагыг судална. Ойн моддын үүсэл, өсөлт, нөхөн төлжих үйл явцын биологийн үндэс, бүс нутгийн ойн аж ахуй болон ойн экосистемд нөлөөлөх хүний нөлөөллийн талаар үзнэ. Түүнчлэн модлог ургамлыг таних, ойн судалгааны дээж авах, өгөгдлийг боловсруулах арга зүйг судлаж эзэмшинэ. Мөн ойн экологийн зарчим, ойн таксаци, модны анатоми, физиологи, ойн хортон шавж болон ойн түймрийн экологи, ой ашиглалтын талаар судална. Мод болон модон бүтээгдэхүүн нь Монгол орны экологи, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг тул бүс нутгийн ялгаварт тулгуурласан ойн болон ойн менежментийн цогц бодлогыг авч үзэхийн зэрэгцээ ойн тухай хууль, тогтоомжийг судална.
Ойн экологи, ойн менежмент, ойн аж ахуй, ойн дагалт баялаг, ой ба уур амьсгалын өөрчлөлт, ойн хөрс, ой ба нүүрстөрөгчийн үндэс
Тус хичээлийг Монгол Улсын Хөгжийн хөтөлбөр Алсын хараа-2050, Ногоон хөгжлийн бодлого, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй ойн нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтуудтай уялдуулан боловсруулав. Хичээлээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтлын шалтгаан, үр дагавар болон байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах олон талт арга замуудыг судална. Мөн ойн экосистемийн үүрэг, Монгол орны ойн төрөл, төлөв байдлыг танин мэдэхийн зэрэгцээ ойн нөхөн сэргээлт, мод үржүүлэг, тарилтын үндсэн арга технологи, шилмүүст ба навчит мод. жимс жимсгэнэ, бут сөөг тарих аргачлал, хотын цэцэрлэгжүүлэлт болон агро-ойн аж ахуйн үндэс зэргийг хамарна. Хичээл нь суралцагчдад мод тарьж, ургуулах, арчлах практик мэдлэг, чадвар олгох төдийгүй өөрийн амьдрах орчныг ногоон болгоход хувь нэмрээ оруулах ухамсар, хандлагыг төлөвшүүлэх зорилготой. Бүхий л мэргэжлийн оюутнуудад зориулсан энэхүү хичээл нь хүрээлэн буй орчны тогтвортой байдал, ирээдүйн амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлэх чадамжтай юм.
Энэхүү хичээлийн зорилго нь МУИС-ийн төгсөгч бүр ямар хөтөлбөрт суралцаж мэргэжил эзэмшсэнээс үл хамааран ой, мод тарьж ургуулах, арчлах шинжлэх ухааны үндэстэй мэдлэг, дадал эзэмшиж, өөрийн ажиллах байгууллага, амьдрах орчны ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх ажлыг төлөвлөх, тарилт арчлалт хамгааллын асуудлыг удирдах, зохион байгуулах, манлайлах, ой мод тарьж ургуулснаар агаарын бохирдлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, хөнөөлт салхи, шороон шуурганаас хамгаалах бүх нийтийн үйлсэд мэдлэг ур чадвараараа хувь нэмэр оруулах мэргэжилтэн болно. Улс орны өмнө тавигдсан дараах зорилтуудыг хэрэгжүүлэхэд манлайлан оролцоно. Хувь хүний түвшинд: Ойн экосистемийн үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгож, байгальд ээлтэй, ногоон амьдралын хэв маягт суралцана. Мод тарих, арчлах, хот, суурин газрын ногоон байгууламжийн ач холбогдлыг ойлгож, амьдрах орчноо сайжруулах, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чадвартай болно. Мэрэгжлийн түвшинд: Улс орны хөгжлийг түүчээлэх, удирдан манлайлах үүрэг бүхий дээд боловсролтой мэрэгжилтэн, нийгмийн гишүүний хувьд ой, хүрээлэн буй орчны талаарх мэдлэг эзэмшсэн, ногоон орчныг бий болгох дадал төлөвшил тогтсон, шинжлэх ухаанд үндэслэсэн төлөвлөлт, тооцоолол дээр тулгуурласан ногоон байгууламжийг бий болгох арга барилд суралцана. Байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийг хязгаарлах, даван туулах, хот төлөвлөх, боловсрол, шинжлэх ухааны олон салбарт мэдлэгээ уялдуулан ажиллах чадвар эзэмшинэ. Нийгмийн түвшинд: Иргэн бүрийн байгаль хамгааллын үйл ажиллагаанд оролцох боломжийг дэмжиж, хамтран ажиллах, зөв ойлголт түгээх, манлайлах, үлгэрлэх, зааж сургах чадвартай болно. Цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх, карбоны зах зээлийн баримжаатай нийгмийг түүчээлэгч дээд боловсролтой мэргэжилтэн болно.
Ой судлалын шинжлэх ухааны нэг салбар болох модны жилийн цагираг судлалын шинжлэх ухааны түүхэн хөгжил болон нээлтүүд, модны жилийн цагираг судлалын энгийн аргазүйг судлаачдын хийсэн судалгааны ажилуудтай уншиж ярилцах замаар танилцана. Mодны жилийн цагираг судлалын хамгийн чухал арга болох плотинг болон кросс дэйтингийн аргыг эзэмшнээр оюутнууд бие даан өөрсдийн дээж материалыг лабораторын нөхцөлд бэлдэж, анализ хийж сурснаар өөрсдийн бие даасан судалгааг эхлэх чадвартай болно.
Ойн шинжлэх ухаанд өргөн хэрэглэддэг модны жилийн цагирагийн судлалын арга зүйг эзэмшиж, энэ чиглэлээр хийгдсэн судалгаатай танилцана.