Бидний тухай
Багш ажилтан
Эдийн засгийн онол нь микро эдийн засаг ба макро эдийн засаг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Хичээлийн эхний хэсэгт экономиксийн зарчимууд, микро болон макроэкономиксийн судлах зүйл, экономиксийн судалгааны арга болон онолын гол урсгалуудыг тухай ойлголт өгнө. Микро эдийн засгийн хүрээнд эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн тэнцвэр, түүнд нөлөөлөх үнийн болон үнийн бус хүчин зүйлс, эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмжүүд, үйлдвэрлэгчийн шийдвэр гаргалт, бүтээгдэхүүний ба хүчин зүйлсийн зах зээлийн төрлүүд, тэдгээрт үнэ тогтох хэлбэрүүдийг судална. Эрэлтийн, үнээс болон орлогоос хамаарсан мэдрэмжүүд, солбисон эрэлтийн мэдрэмжүүдийг тооцож чаддаг болох ба мэдрэмжээс нь хамааран бараа бүтээгдэхүүнийг ангилж сурна. Мөн нийлүүлэлтийн мэдрэмжийг тооцоолж чаддаг болно. Үйлдвэрлэлийн онол сэдвийн хүрээнд үйлдвэрлэлийн зохион байгуулалтын хэлбэрүүдтэй танилцана. Үйлдвэрлэлийн урт ба богино хугацааг тодорхойлж сурах ба урт, богино хугацааны зардлуудын шинжилгээг хийнэ. Түүнчлэн зардлын муруйнуудын хоорондын уялдаа холбоог мэддэг болно. Бүтээгдэхүүний зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд төгс ба төгс бус өрсөлдөөнт зах зээлийн хэлбэрүүдтэй танилцаж, тэдгээр зах зээлүүд дэх үнэ бүрдэлтийг судална. Тухайлбал: ТӨЗЗ, монополь, монопольт өрсөлдөөнт зах зээл, олигополь зах зээл дэх үнэ тогтоох аргуудтай танилцана. Хүчин зүйлсийн зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд хөдөлмөр, капитал, газрын зах зээлүүдийн үнэ бүрдэлтийг судална. Макро эдийн засгийн хүрээнд үндэсний тооцооын систем гэсэн бүлгээр үндэсний орлогыг хэмждэг үзүүлэлтүүд болох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ) гэж юу болох, тэдгээрийг тооцоолдог аргуудтай энгийн түвшинд танилцана. Түүнчлэн, бодит болон нэрлэсэн ДНБ, ДНБ-ий дефлятор гэсэн ойлголтуудтай танилцана. Тухайн улсын үндэсний орлогыг хэмждэг үзүүлэлтүүдээс гадна амьжиргааны түвшинг хэмждэг хэрэглээний үнийн индекс (ХҮИ) болон ДНБ-ий дефлятор, тэдгээрийн ялгаа зэрэг ойлголтуудыг тайлбарлана. Хичээлийн дараагийн хэсгүүдэд эдийн засгийн бодит өсөлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, хадгаламж, хөрөнгө оруулалт, ажилгүйдэл, мөнгө, банкны систем зэрэг макро эдийн засгийн үндсэн ойлголтуудтай танилцана. Хичээлийн төгсгөл хэсэгт нийт эрэлт болон нийлүүлэлтийн загвар, эдийн засгийн хэлбэлзэл, түүний шалтгаан, макро эдийн засгийн тогтворжилт болон тогтворжуулах бодлогуудын тухай судална.
Оюутнуудад микро болон макро эдийн засгийн онолын үндсэн ойлголтуудыг танилцуулж, тэдгээрийн уялдаа холбоо, илэрхийлж буй агуулгыг дэс дараалалтай, цэгцтэй ойлгуулж, амьдрал дээр гарч байгаа эдийн засгийн энгийн үзэгдэл үйл явцыг тайлбарлах чадвартай болгох зорилготой.
Уг хичээл нь оюутнуудад хөрөнгө оруулалтын үүрэг, хөрөнгө оруулалтын хийх зах зээлүүд, тэдгээрийн онцлог, үйл ажиллагаа, оролцогчид, ашиглагддаг хэрэгслүүдийн талаарх онолын мэдлэгийг олгоно. Түүнчлэн, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтынхаа тухай мэдээллийг ямар эх сурвалжаас авах, хөрөнгө оруулалтын стратегийг хэрхэн боловсруулах, уг стратегийн дагуу хувьцаа, бонд болон үүсмэл үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх мөн хамтын санд хөрөнгөө байршуулахадучрах эрсдэл болон хүртэх өгөөжийг тооцоолох аргуудыг танилцуулж, хөрөнгө оруулагчийн эрсдлийг бууруулахын тулд Марковичийн оновчтой багц сонголтын онолыг заах болно.
Хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалт хийх зах зээлээ зөв сонгон санхүүгийн ямар хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийвэл эрсдэл бага, өгөөж өндөртэй болохыг шинжилгээ хийж, тооцоололд үндэслэн бодитой дүгнэлт гаргаж сургахад оршино.
Урдаа тавьсан төслийн зорилгодоо зөв, үр дүнтэйгээр хүрэх нь төслийн менежментийн гол үүрэг болно. Иймээс энэ хичээл дээр доорх зүйлүүдийг судална. • Төслийн менежментийн түүхэн хандлага • Төслийн менежментийн орчин үеийн хандлага • Төслийг эхлүүлэх, төлөвлөх, зохион байгуулах, хийж гүйцэтгэх, хяналт, мониторинг хийх, төслийн хаалт гээд төслийн менежерийн хийх үйл ажиллагаанууд • Төслийн менежер, төслийн гол гурвалжин, төслийн менежментийн ерөнхий бүтэц, ажлын задаргааны хэлбэр, портфолиогийн удирдлага зэрэг сэдвүүдийг судлах болно.
Төслийн менежментийн мөн чанар, төслийн иж бүрэн төлөвлөгөө боловсруулах, төслийг удирдан зохион байгуулах, байгууллагад төслийг хэрхэн оновчтой зөв удирдах талаар олон улсын болон өөрийн орны жишээ, кэйс, дасгал дээр тулгуурлан орчин үеийн онол, арга зүй, практикийн мэдлэг, ур чадвар олгоно.
Санхүүгийн шинжилгээний онол, арга зүйн үндсийг судалж, санхүүгийн тайлангийн шинжилгээ, үйл ажиллагааны шинжилгээ, эрсдэл өгөөжийн шинжилгээ, санхүүгийн хөшүүргийн шинжилгээ, капиталын бүтцийн шинжилгээ, ногдол ашгийн шинжилгээ, хөрөнгө оруулалтын шинжилгээний арга үзүүлэлтийг ашиглан бизнесийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг шинжлэх, санхүүгийн шинжилгээний тогтсон жишиг арга үзүүлэлтийн системийг ашиглан шинжилгээ тооцоолол хийх, түүнд тулгуурлан, үнэлгээ дүгнэлт өгөх; санхүүгийн ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох, таамаглах, богино болон урт хугацааны санхүүгийн төлөвлөгөө боловсруулахарга зүйн үндсийг судална.
Бизнесийн байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны шинжилгээг төрөл бүрийн аргаар хийж, өнөөгийн ба хэтийн төлөв байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх замаар санхүүгийн төлөвлөгөө боловсруулах арга зүй, дадлага, чадварыг эзэмшүүлэхэд оршино.
Тус хичээлийн агуулгад дараах сэдвүүд багтана. Үүнд : Улс орнуудын ялгаатай байдал: улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын болон бизнесийн ёс зүйн ялгаанууд ОУ-ын худалдаа ба хөрөнгө оруулалт: ОУ-ын худалдааны онолууд, ОУ-ын худалдааны улс төрийн эдийн засаг, Гадаадын шууд хөрөнгө оруулалт, Бүс нутгийн эдийн засгийн интеграци ОУ-ын бизнес дэх санхүүгийн систем: ОУ-ын валютын систем, ОУ-ын хөрөнгийн зах зээл ОУ-ын бизнесийн стратеги: ОУ-ын бизнесийн стратеги, ОУ-ын бизнес дэх байгууллагын зохион байгуулалт, ОУ-ын зах зээлд нэвтрэх стратеги, стратегийн альяанс Бизнесийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах: Экспорт, импорт, угтвар худалдаа, Глобал үйлдвэрлэл, логистик, аутсорсинг, ОУ-ын маркетинг, судалгаа хөгжил, ОУ-ын хүний нөөцийн удирдлага
Оюутнуудад олон улсын бизнесийн үндсэн ойлголтыг онол, аргазүйн болон практик түвшинд олгож, тухайн чиглэлээр мэргэжүүлэх хичээлийг гүнзгийрүүлэн судлах, чиглэл олгоход оршино.
Менежментийн үндэс хичээлийн “Байгууллага ба менежмент” бүлэгт байгууллага, түүний шинжүүд, орчин, соёл, тэдгээрийн менежерийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө, менежментийн үндсэн чиг үүргүүд, менежментийн түвшингүүд, менежерийн үүрэг, менежерийн ур чадвар, тэдгээрийн уялдаа холбоо, менежментийн шинжлэх ухааны үүсэл хөгжлийг судална. Менежментийн үндсэн чиг үүргүүдийн нэг болох төлөвлөлтийн хүрээнд зорилго стратегийг тодорхойлох, төлөвлөх, шийдвэр гаргах үйл явц, үе шат, арга хэрэгслүүд, төлөвлөлтөнд нөлөөлж буй орчин үеийн тулгамдсан асуудлуудыг судална. Зохион байгуулах гэсэн чиг үүргийн хүрээнд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн үндсэн элементүүд, хэлбэрүүд, баг бүлгийг удирдах арга зүй, хүний нөөцийг удирдах үйл явц, хэрэгцээ шаардлага, ач холбогдол зэргийг судална. Манлайллыг хангах хүрээнд манлайллын онол загварууд, манлайллын тор, манлайлагчийн шинжүүд, менежер баманлайлагчийн ялгаа ба нэгдэл; хүний нөөцийг идэвхжүүлэх онол, арга хэрэгсүүд; менежментийн харилцаа, харилцааны үйл явц дахь оролцогчид, харилцааны төрлүүд, аргууд, харилцааны саад, түүнийг даван туулах хэрэгслүүд зэргийг судална. Хяналтын чиг үүргийн хүрээнд хяналтийн үйл явц, үе шатууд; хяналтын төрлүүд; хяналтанд ашиглагдах мэдээлэл, тэдгээрийн эх үүсвэр, менежментийн мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг судална.
Тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд хамтран ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хянах хэрэгцээ шаардлага, онол, арга зүйг ойлгох, эзэмшүүлэхэд чиглэнэ.