Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хөтөлбөр нь урлагийн мөн чанарыг тодорхойлох суурь ойлголтоос эхлэн хүн төрөлхтний үүсэл, чулуун зэвсгийн үеийн урлагаас эхлээд Месопотам, Египет, Грек, Ром болон Хятад, Энэтхэг, Япон, Америкийн уугуул соёл иргэншлүүдийн урлагийн хөгжлийн үе шат, онцлогийг хамруулан судална. Мөн домог, нийгэм, шашин, төрийн байгуулал урлагт хэрхэн нөлөөлснийг авч үзэж, уран барилга, уран баримал, уран зураг, гар урлалын дурсгалуудыг харьцуулан ойлгоход чиглэнэ.
Энэхүү урлагийн түүхийн удиртгал хичээл нь “Урлаг гэж юу вэ?” гэсэн суурь асуултаас эхлэн хүн төрөлхтний үүсэл, эртний соёл иргэншлүүдийн урлагийн хөгжил, үе шат, онцлогийг цогцоор нь ойлгуулахад чиглэнэ. Чулуун зэвсгийн үеэс эхлээд Месопотами, Египет, Грек, Ром болон Хятад, Энэтхэг, Япон, Америкийн уугуул соёл иргэншлүүдийн урлагийг харьцуулан судалснаар оюутнууд урлагийг зөвхөн гоо зүйн илэрхийлэл төдийгүй тухайн нийгэм, шашин, улс төр, сэтгэлгээний тусгал болохыг ойлгож, урлагийн бүтээлийг задлан шинжлэх, тайлбарлах суурь чадвар эзэмшинэ. Мөн дэлхийн соёлын ялгаа, уялдаа холбоог танин мэдэж, түүхэн сэтгэлгээ болон харьцуулсан судалгааны арга барилыг хөгжүүлэх ач холбогдолтой.
Урлаг бол өөрийн гэсэн ертөнцтэй. Уран бүтээлч хүн л урлагийг бүтээдэг. Хүний амьдралын орчинд өрнөж буй бүх үзэгдэл, түүхийн хөгжил, нийгмийн өөрчлөлт, улс төрийн үйл ажиллагаа нь урлагийн мотив, зохиомж байж, урлагийн төрөл тус бүрийн агуулгаар илэрч, тусгагдсаныг судална. Урлагийн түүх бол олон урсгал чиглэл, үзэл баримтлал, сэтгэлгээний хэв маяг, аргын харилцаа зөрчил, хурц тэмцлийн түүх юм. Энэхүү түүхийн дунд урлагийн бие даасан онол, сургаал үүссэнтэй танилцана. Урлагийн бүтээлд аливаа үзэгдлийн дотоод гадаад мөн чанар нягт, нямбай дүрслэгдсэн төдийгүй үндэсний баялаг уламжлал, ертөнцийг үзэхүй, олон зуунаар хуримтлагдсан туршлага тусгалаа олсон байдгийг танин мэдэж, тайлбарлах, дамжуулах үүрэгтэй хөтөлбөр байна.
Урлагийн түүх, онолын хөгжлийн ерөнхий зүй тогтол, онцлогийг судалж, орчин үеийн судалгаа, уран сайхны шүүмжийн суурь мэдлэг, мэдээлэлтэй болох зорилготой.
Урлагийн онолд 1970 аад оноос хойш критикал онолууд орж ирснээр судалгааны хүрээ өргөжин тэлсэн билээ. Тиймээс энэхүү хичээлээр бид урлагийн формал болон иконографийн онолыг үзэхийн зэрэгцээ цаашлаад контекст, психоанализ, диконструкц, жендерийн онол уудыг урлагтай холбон үзэх юм.
Урлагийн онолын мэдлэг олгон, уг онолуудыг урлагийн бүтээлд хэрхэн ашиглан шинжилгээ хийх онол, практикийн мэдлэг олж авна.
Уг хичээл нь модерн урлагаас хойш урлаг хэрхэн өөрчлөгдсөнөөс эхлээд олон улсын контемпорари урлаг нийгэм, соёл, улс төр, эдийн засаг, хувь хүнтэй хэрхэн холбогдож буйг тухай улс, үндэстэн бүрийн контемпорари урлагийн онцлог зэрэг агуулгын хүрээнд явагдана.
Энэ хичээлийг үзэж судалсанаар контемпорари урлаг руу шилжсэн шилжилт, олон улсын контемпорари урлагийн хөгжил болон урлаг хэрхэн нийгэм, улс төртэй холбогдож буйг ойлгох, энэ тухай мэдлэгийг эзэмших болно. Хичээлийн төгсгөлд суралцагчид контемпорари урлагийн талаар гүн гүнзгий мэдлэгтэй болж, энэ тухай судлах, мэтгэлзэх хэмжээний түвшний чадвар эзэмшнэ.
Зураг судлал нь урлагийн түүхүүдийн хичээлүүдийг гүнзгийрүүлэн зургийг хэрхэн онолтой уншин ойлгох, тайлбарлан шинжлэх ур чадвар эзэмшүүлэх хичээл юм. Бид өнөөдөр зурган ертөнцөд амьдарч байна. Тийм ч учраас зургийг хэрхэн яаж харах, харсан зүйлээ хэрхэн ойлгох нь урлаг судлаач хүний эзэмшвэл зохих мэдлэг юм. Ингэхдээ зургийг зөвхөн зургийн онол бус нийгэм соёлын онолууыг судалгаа шинжилгээндээ хэрхэн татаж оруулан хэрэглэхийг судлах юм.
Түүхийн хичээлүүдээр олсон мэдлэгийг нэгтгэн системчлэн ойлгох, хүнээс гадаад ертөнц болоод сэтгэцлэг амьдралын инстинктив хамгаалалаа дүрс зурлагын хэл хэлмэрээр утгачилсаныг зөвхөн танин тогтоох бус илэрхийллийн олон талт хамаарлыг онол аргазүйн үүднээс тайлж тайлбарлах боломжийг (зайлшгүй нөхцөлийг) эрэлхийлэх цэгцтэй мэдлэг олгоход оршино. Цаашлаад энэхүү хичээл нь суралцагчдад орчин үеийн урлагийн чиг хандлагын тухай мэдлэг олгох, урлагийг бусдад тайлбарлах мэдлэг чадвар олгох зорилготой.
Бид энэхүү хичээлээр нэн эртний үеийн урлагаас дундад зуун руу шилжин орсон урлагаас эхлээд модерн үеийн урлаг, сэргэн мандалтын үе хүртэлх урлагийн түүхийг үзэх юм. Энэхүү түүхэн үечлэлийн хүрээнд бид урлагийн түүхэн дэх агуу уран бүтээлчдийн сор бүтээлүүд хэрхэн бүтсэн болон тэдгээрийг ямар учир шалтгаанаар сор хэмээх болсон тухай дэлгэрэнгүй үзнэ.
Европын урлагийн түүхийн хөгжил хийгээд түүхий явцад гарсан дүр дүрслэл, хэв маягийн өөрчлөлт, өөрчлөлтийн шалтгааныг энэхүү хичээлээр үзсэнээр урлагийн түүхийн дараа дараагийн үеийг болон Америкийн урлаг, Контемпорари урлагийг ойлгох ач холбогдолтой.
Энэ нь гэрэл зургийн түүх болон онолын хичээл билээ. Бид энэхүү хичээлээрээ гэрэл зургийн онол, түүхийн гол асуудлуудыг хэлэлцэнэ. Ингэхдээ бид баримтад гэрэл зураг болон фото сэтгүүл зүй, хувийн болон олон нийтийн гэрэл зураг, гэрэл зураг ба хүний бие, бараа таваар, урлаг гэсэн сэдвүүдийн хүрээнд ярилцах болно.
Энэхүү хичээлийг судалснаар гэрэл зургийн түүхийг мэдэж, гэрэл зургийг “уншиж” сурах болно. Мөн гэрэл зургийн түүх, онолтой танилцсанаар бидний өдөр тутам гар утсаараа авдаг энгийн зургууд хэрхэн урлагийн бүтээл, баримт нотолгоо, түүхийн гэрч болж болохыг мэдэж, гэрэл зургийн тухай ойлголт чинь өөрчлөгдөж, гэрэл зургийн урлагийн тухай онол ойлголттой танилцах юм.