Бидний тухай
Багш ажилтан
2007/2008-аас 2018 онд Монгол Улсын хүн амын амьжиргааг хэрэглээнийх нь зардалд тулгуурлан авч үзэхэд сайжирсан эсэхийг 2007/2008 ба 2018 онд Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос хийсэн Өрхийн Нийгэм Эдийн Засгийн Судалгаа (ӨНЭЗС)-ны тоон өгөгдөлд тулгуурлан судлав. Үр дүнг үзвэл, 2007/2008-аас 2018 онд Монгол Улсын хүн амын хэрэглээнд бага боловч өсөлт ажиглагдаж, хэрэглээний бүтэц амьжиргааны сайжралтыг илтгэсэн чиглэлд өөрчлөгдөж чадсан ч хүн амын дийлэнхийн хэрэглээ нийт хүн амын дундаж хэрэглээнд хүрэхгүй хэмжээнд байсаар байна. Хэрэглээнд суурилсан ядуурал, ядуурах эмзэг байдлын түвшин мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан ч хүн амын дундах хэрэглээний тэгш бус байдал дорвитой буурсангүй. Хэрэглээнд нь сөрөг нөлөөтэй ямар нэг шок эдийн засагт тохиоход ядуурч болзошгүй гэж үнэлэгдсэн хүн амын олонх нь хэт бага дундаж хэрэглээнээсээ үүдэн эмзэг байдалтай болсон гэж 2007/2008 оны хувьд үнэлэгдсэн бол 10 жилийн дараа эмзэг байдалтай хүн амын 55.0% нь хэт бага дундаж хэрэглээний улмаас, үлдсэн нь хэлбэлзэл ихтэй хэрэглээнээс шалтгаалан эмзэг байдалтай болжээ. Эмзэг байдлын голлох эх сурвалжийг хүн амын ядуу ба ядуу бус бүлгээр зааглан авч үзэхэд мөн ялгаатай байв. Ийнхүү, 2007/2008-аас 2018 оны хооронд хэрэглээний тэгш бус байдал төдийлөн буураагүйг эс тооцвол хүн амын амьжиргаанд ахиц гарсан гэж үзэж болохоор байна.
Энэхүү эмпирик судалгааны ажлаар Монгол Улсын Засгийн Газраас 0-17 насны бүх хүүхдийг хамарсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хөтөлбөрийн хамрах хүрээг буурууллсан шийдвэрийн өрхийн хэрэглээнд үзүүлсэн нөлөөг үнэллээ. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн анхны зорилго нь ядуурлыг бууруулах, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, хоол тэжээлийг нэмэгдүүлэх, уул уурхайн орлогыг дахин хуваарилах явдал байв. Гэвч 2014 оноос эдийн засгийн өсөлт саарч, улмаар 2016 онд хүүхдийн мөнгийг 0-17 насны бүх хүүхдэд олгох боломжгүй болсон юм. Бид ӨНЭЗС-ны 2014 болон 2018 оны кроссэкшинал тоон өгөгдлийг ашиглан Propensity Score Matching болон регрессэд суурилсан Differece-In-Difference аргаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг бууруулсан шийдвэрийн өрхийн хэрэглээнд үзүүлсэн нөлөөг үнэлсэн. Бидэнд панел өгөгдөл нэгэнт байхгүй учраас Propensity Score Matching аргыг ашиглан хуурмаг панел өгөгдөл үүсгэн үнэлгээгээ хийсэн. Үүний дараа ATET-ыг регрессэд суурилсан Differece-In-Difference аргаар үнэлсэн. Регрессэд суурилсан Differece-In-Difference арга нь дан Differece-In-Difference аргаар үнэлсэн үнэлгээний боломжит биасыг багасгаж өгдөг давуу талтай. Кейнсийн хэрэглээний онолын дагуу өрхийн орлого буурах нь хэрэглээнд сөрөг нөлөө үзүүлдэг. Судалгааны үр дүнгээр Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг бууруулах шийдвэр нь орлого өндөртэй бүлгийн хэрэглээнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй бөгөөд орлого багатай, ядуу өрхийн хэрэглээнд нөлөөлсөн байна. Өрхийн хэрэглээнд нөлөөлөхдөө байр, орон сууц, хүнсний бус өргөн хэрэглээний болон хүнсний хэрэглээний зарим нэр төрөлд зарцуулж буй зарлагыг бууруулсан байв.
Бусад хөгжиж буй орны нэгэн адил, ядуурлын чиглэлийн судалгаа Монгол Улсад зохих түвшинд хийгдэж ирсэн ч хүн амын ядуурах эмзэг байдлын асуудал бараг хөндөгдөж байсангүй. Ядуурлыг бууруулах бодлого төдийлөн үр дүнтэй хэрэгжиж чадахгүй байгаагийн нэг гол шалтгаан нь хүн амаа ядуурахаас сэргийлэх тал дээр дорвитой ажил хийхгүй байгаатай холбоотой хэмээн үзэж болно. Энэ судалгаанд Монгол Улсын хүн амын 2014 оны ядуурах эмзэг байдлыг учир шалтгааных нь хамт үнэлэн тооцож, ядуурлын динамик талыг судлан, тодруулахыг гол зорилго болгосон. Судалгааны үр дүнгээс 2014 онд Монгол Улсын хүн амын ядуурах эмзэг байдлын түвшин ядуурлынх нь түвшингээс өндөр байсан нь нотлогдож буй бөгөөд энэ нь хүн амын ядуурлын өнөөгийн төлөв байдлын ex-post судалгаанаас гадна ирээдүйн төлөв байдлыг нь тодруулсан ex-ante судалгааг өргөжүүлэн хийх шаардлагатай гэдэг дүгнэлтийг бататгаж байна. Мөн, ядуурал “динамик” шинжтэй тул ядуу хүн амын бүлгийг “нэг төрлийн” гэж үзэх боломжгүй нь тодорхой харагдаж байна. JEL ангилал :I32, O53 Түлхүүр үг: Ядуурал, Эрсдэл, Эмзэг байдал, Ядуурах эмзэг байдал