Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү ахисан шатны хичээл нь: (i) Унших ба Бичих чадвар (receptive skills), (ii) Сонсох ба Ярих (Productive skills) гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Унших ба Бичих чадварын хичээл нь найман төрлийн салбар шинжлэх ухааны тэргүүлэх сэдвүүдийн хүрээнд оюутнуудын академик эх сурвалжуудтай (видео, текст г.м.) ажиллах, бусад эх сурвалжаас мэдээлэл цуглуулж, бүтцийн түвшинд анализ хийж унших, төрөл бүрийн бичвэрийн онцлог, ялгааг ойлгож судалгаа хийж, төлөвлөн бичих академик чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ англи хэлний хэл зүй, үгсийн сан, өгүүлбэрийн бүтэц, утга зүйг оновчтойгоор хэрэглэж сургахад чиглэсэн цогц хичээлүүдээс бүрдэнэ. (ii) Сонсох ба Ярих (Productive skills) хичээл нь мөн адил найман салбар шинжлэх ухааныг тойрсон хамгийн сүүлийн үеийн асуудлуудын талаарх лекц, видео сонсох, анализ, дүгнэлт хийх, асуудлыг тодорхойлох, үнэлэх, шийдэл санал болгох академик чадварыг хөгжүүлэхэд чиглэх төдийгүй эдгээрт хэрэгтэй үгсийн сан, хэл зүй, өгүүлбэрийн бүтэц зэрэг хэлний чадварыг олгоход чиглэсэн агуулгатай.
Энэхүү хичээлийн ерөнхий зорилго нь англи хэлний дунд шатны мэдлэгтэй оюутнуудад их дээд сургуульд амжилттай суралцахад шаардлагатай академик англи хэлний мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэхэд оршино. Энэ хичээлийн зорилгуудыг Унших, Бичих, Ярих болон Сонсох чадвараар задалвал: • Бичих чадварын хүрээнд: Академик үгсийн санг өргөжүүлэх, өгүүлбэрт оновчтой хэрэглэх, хэл зүйн дүрмүүдийг ашиглан зөв өгүүлбэр бичих, эссэний төрөл, бүтцийг зөв төлөвлөн бичих, эх сурвалжийг зөв ишлэх, бүтээлийн хулгайгаас зайлсхийж сурах. • Унших чадварын хүрээнд: Академик текстүүдийн бүтцийг таних, анализ хийх, гол санаа болон дэмжих санааг ялган таних, зохиогчийн байр суурийг ухаж ойлгох, эх сурвалжийн найдвартай байдал, холбогдлыг нягтлах, үнэлэх, нэр томъёо, шинэ үг хэллэгийн санг өргөжүүлэх. • Ярих чадварын хүрээнд: Академик илтгэл тавих, семинар хэлэлцүүлэгт үр дүнтэй оролцож, өөрийгөө илэрхийлэх, оновчтой асуулт асуух, хариулах, баримт нотолгоогоор дэмжих, дохио үгүүдийг яриандаа зөв ашиглах, англи хэлний дуудлага, өргөлтийг зөв хэрэглэх. • Сонсох чадварын хүрээнд: лекц, семинарын үеэр тэмдэглэл хөтлөх, гол санаа, дэмжих санааг ялган ойлгох, лекцээр авсан мэдээлэлдээ анализ хийх, дүгнэлт гаргах, дохио үгүүдийг зөв ойлгох, ярианы өнгө аяс, хандлагыг таних.
Биологи, Зоологи, Экологи, Социологи, Иргэний инженерчлэл, Антропологи, Эрүүл мэнд, Түүх, Хувцас загвар, Эдийн засаг, Бизнес зэрэг шинжлэх ухааны холбогдолтой олон төрлийн сэдвийн хүрээнд шинэ үг хэллэгийг эзэмшинэ. Сонсох даалгаврын дагуу тэмдэглэл хөтлөх, эсрэгцүүлсэн санаа болон утга зүйн шилжилт үгсийг ялгаж сонсох, тухайн сонсох даалгаврын гол болон дэлгэрэнгүй мэдээллийг таних, учир шалтгаан ба үр дагаврыг дохио үгийн тусламжтайгаар сонсож ойлгох, няцаах үндэслэлийг ялган таних зэрэг суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлэх; Ярих чадварын хувьд асуудлын шийдлийг эрэлхийлэх олон талт асуулт дэвшүүлэх, өөрийн үзэл хандлага, сэтгэл хөдлөл болон бодол санаагаа илэрхийлэх, бусдын санаа бодлыг асуух, мэдээллийг нягтлах, шалтгааныг тодорхойлж нотолгоонд тулгуурлан байр сууриа илэрхийлэх; Унших даалгаврын дагуу тухайн эхийн зорилго болон уншигчийг тодорхойлох, текстийн гол агуулгыг дагалдах зураг дүрслэл дээр тулгуурлан таамаглах, тухайн эхийн гол болон дэлгэрэнгүй мэдээллийг таньж унших, үндэслэлтэй дүгнэлт хийх, обьектив, субьектив мэдээллийг ялгах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, уншихын өмнө агуулгыг тоймлон харах, тэмдэглэл хийж унших, эшлэх, уншлагын гүйлгэж унших болон хайлт хийж унших аргачлалуудыг эзэмшинэ. Бичих даалгаврын дагуу академик эсээний бүтэц: удиртгал, өрнөл, дүгнэлт цогцолборуудыг бичих, удиртгал цогцолбор: дэгээ, суурь мэдээлэл болон эсээний гол санаа өгүүлбэрийг бичих, харьцуулах, эсээний төрлүүд: харьцуулах болон эсрэгцүүлэх эсээ, шалтгаан ба үр дагавар, асуудал шийдэл, тэнцвэртэй байр суурь илэрхийлэх эсээ, тайлбар эсээ, маргаан-няцаах байр суурь илэрхийлэх эсээ, задлан шинжлэх эсээг ялган таних, боловсруулах, найруулах, төлөвлөх, цэгцлэх чадвар эзэмшихэд чиглэсэн дасгал даалгаврууд, бие даалтын ажлуудыг хийж гүйцэтгэнэ
Энэхүү хичээлийн зорилго нь анхан дунд шатны англи хэлний мэдлэгтэй оюутнуудад тодорхой академик сэдвийн хүрээнд сонсож ойлгох, тэмдэглэл хөтлөх, ойлгосон агуулгын хүрээнд ярих, санаа бодлоо илэрхийлэх, харилцах, суурь шинжлэх ухааны салбаруудын сургалт судалгаанд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэг, нэр томьёо, өгүүлбэрзүйн бүтэц, найруулгын хэв шинжүүдтэй танилцаж, тэдгээрийг академик англи хэлний дунд түвшинд бүрэн ашиглаж сурахад шаардлагатай арга техникүүдийг эзэмшүүлэхэд оршино. Түүнчлэн судалж буй академик хичээлийн агуулгад гүнзгий нэвтрэх, бусдын үзэл бодлыг шүүн тунгааж, үнэлж дүгнэх, өөрийн ойлголт, бодол хандлагыг амаар болон бичгээр илэрхийлэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Энэхүү мэдлэг чадварыг эзэмшсэнээр өөрийн суралцах үйл явцыг зөв үнэлж дүгнэх, академик ур чадваруудаа дараагийн түвшинд ахиулах боломж бүрдэх ач холбогдолтой.