Бидний тухай
Багш ажилтан
Түрэгүүдийн угсаа гарал, овог аймгийн бүрэлдэхүүн, үүсэл гарлынх нь талаарх домог, уугал газар нутаг, говийн өмнө, ард байршсан тухай, тэдний шилжилт хөдөлгөөний үр дагавар, түүхэн нөхцөл байдал; Түрэгийн I, II хаант улсын улс төр, нийгмийн байгуулал, тэдний дотоод, гадаад зөрчил, аян дайн, хүчирхэгжин мандсан үе, бүс нутагт эзэлж байсан байр суурь, мөхөж дахин сэргэн мандсан нь, дахин мөхөж тэднийг Уйгурууд залгамжилсан тухай Эртний Түрэгийн эрхлэх аж ахуйн онцлог Эртний Түрэгийн эдийн ба оюуны соёл: шашин, бичиг соёлын гол онцлог Монгол нутаг дахь Түрэгийн үеийн археологийн дурсгалын судалгааны тойм, судлагдсан байдал, судалгааны чиг хандлага зэргийг тухайлан үзэж судална.
552-744 он хооронд оршин тогтнож байсан эртний Түрэг хаант улсын улс төрийн тогтолцоо, нийгмийн байгуулал, эрхлэх аж ахуй, гадаад, дотоод харилцаа, мөн түүнчлэн тэдний угсаа гарал, овог аймгийн бүрэлдэхүүн, шашин соёл, хэл бичиг хийгээд Монгол нутаг дахь Түрэгийн үеийн археологийн судалгааны тойм зэрэгтэй танилцах, улмаар Түрэгийн түүхийн талаар шинжлэх ухааны үндэстэй, системтэй мэдлэг эзэмших, эзэмшүүлэхэд хичээлийн гол зорилго, ач холбогдол оршино.
Хичээлийн агуулгын хүрээнд БНТУ-ын газарзүйн онцлог, байгаль цаг агаарын нөхцөл байдал тухайн улсын эдийн засгийн гол салбарууд болох аж үйлдвэр, худалдаа, газар тариалан, зам тээвэр, аялал жуулчлал, цахилгаан энергийн эх үүсвэр хийгээд ашигт малтмалын орд нөөцийн боловсруулалт зэрэгтэй хэрхэн холбоо хамааралтай байдаг талаар, эдгээр хүчин зүйлс нь улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг цогц байдлаар авч үзэх болно. Түүнчлэн эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн бодлого хийгээд хүн амзүй, хотжих явц, өнөөгийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам зэрэг нь уг хичээлийн агуулгад багтана. Уг хичээл нь мэргэжлийн заавал судлах хичээлд багтах бөгөөд оюутанд БНТУ-ын эдийн засгийн газарзүйн цогц мэдлэгийг эзэмшүүлэхээс гадна тухайн шинжлэх ухааны салбарын өргөн хэрэглээний нэр томьёог туркээр ойлгож, утга дүйх нэр томъёогоор зөв оноон орчуулах, тайлбарлах агуулга багтана.
БНТУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд, нөлөөлөх хүчин зүйлс хийгээд газарзүйн байршлын онцлогийг цогц байдлаар авч үзэж тухайн хэл-орон судлалын тулгуур ойлголт, мэдлэг чадварыг эзэмшүүлэх нь уул хичээлийг гол зорилго болно. Тус мэргэжилд холбогдох судалгаа шинжилгээний бүтээл, эх хэрэглэгдэхүүнийг орчуулах замаар энэхүү салбарт өргөн хэрэглэгдэх нэр томьёо, үг хэллэгийг зөв оноон ойлгох, орон судлалын суурь мэдлэгийг олгох ач холбогдолтой.
Орчин цагийн турк хэлээр хэлний нийлмэл цагийн нөхцлүүд болон туслах үгсийг ярих, ярилцах үйлдээ хэрэглэх, тодорхой нэгэн сэдвээрх эхийг сонсож ойлгох, эх хэлнээ орчуулахад ашиглах чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий эх, дасгал ажлууд багтана. Тухайлбал, телевиз, радиогийн өөрийн сонирхсон нэвтрүүлэгийг тайван тогтуун, тодорхой байвал ойлгох, өөрийн туршлага, хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшлийнхээ тухай бусдад тайлбарлан ярих, өөрт холбогдох аливаа ярилцлагад орох, бусдын үзэл бодлыг тайлбарлах, найз нөхдийн хүрээнд санал бодлоо хуваалцах, тайван, тодорхой ярьж байгаа бол өөрийн сонирхлын төвшинд радио, телевизийн нэвтрүүлгийн гол агуулгыг, ойр зуурын хэрэглээний багажийн хэрэглэх заавар зэргийг сонсоод ойлгох, сонирхлын дагуу аливаа сэдвээр тайлбарлан, өөрийн бодол хүсэл, төлөвлөгөө, түүнчлэн хүсэл мөрөөдөл, үзэж уншсан ном, киноныхоо тухай, богино өгүүллэг зэргийг ярих, ихэнх харилцан ярианд оролцох, хувь хүнтэй холбоотой аливаа ярилцлагад орох, бусдын үзэл бодлыг тайлбарлах, тэдний жаргал зовлонг ойлгож хариулт өгөх, найз нөхөдтэйгээ санал бодлоо хуваалцах, аялалд тохиолдож болох элдэв асуудлыг шийдэх \хаяг асуух, билет, зочид буудал захиалах, төлбөр төлөх\-тэй холбоотой ярианд оролцон ярилцах гэх мэт.
Орчин цагийн турк хэл нь эдүгээ 80 гаруй сая хүн хэлэлцдэг дэлхийн түгээмэл хэлний нэг юм. Харин монгол, түрэг хэл нь нэг язгуурын хэл учраас монгол оюутнуудад суралцахад, мөн энэхүү хоёр хэлийг харьцуулан судлахад ихээхэн дөхөмтэй байдаг. Тиймээс тус судлагдахууны зорилго нь хэлний төвшнийг зөв тодорхойлон, европын хэл сургалтын технологийн алхамуудыг ашиглан турк хэлийг хэрэглээнийх нь орчинд эзэмшүүлэхэд оршино.
Турк хэл нь монгол хэлний нэгэн адил Алтай язгуурын хэлэнд хамаарах залгамал бүтэцтэй хэл юм. Суралцагч нь гэр бүл найз нөхдийнхөө тухай энгийн яриа, харилцан яриа болон бусдын яриаг ойлгох, өөрийн тухайн танилцуулах чадварыг эзэмших нь Турк хэлний ярих сонсох дадал (Анхан 1) хичээлийн үндсэн агуулга болно. Тухайлбал: мэндлэх, танилцах, танилцуулах, хоолны газар, хүнсний болон хувцасны дэлгүүрээр үйлчлүүлэх, хичээл сургууль дээр яриа өрнүүлэх, ямар нэгэн зүйлийг юу болох талаар асуулт тавих, нэрлэх, орон зай, зүг чигийг тодорхойлон хэлэх, цаг тохирох, болзох, уучлал гуйх, эрүүл мэндийн заавар зөвлөгөө өгөх ярианы чадвар эзэмшиж, энэ тухай өгүүлэмжийг сонсоод ойлгох, эргэн хариу өгөх сонсож ойлгох чадвар эзэмшинэ. Ажил мэргэжил, орон гэр, сууц, өдөр тутмын ажил үйл, өдрийн тэмдэглэл, аяллын хөтөлбөр, амралт, болсон явдал, осол эндэл, хоолны зуршил, хувцас загвар, цаг агаар, эрүүл мэнд, биеийн тамир гэх мэт сэдвээр сонсож ойлгох, ярианд оролцох, учир холбогдолтой ярихад сурна. Түүнчлэн Турк улс, түүний түүхэн дурсгалт газрын тухай мэдлэгтэй болж, тэдгээрийн тухай ярилцана.
Ярих сонсох дадал (Анхан 1) хичээлийн зорилго нь турк хэлээр тодорхой нэг сэдвийн хүрээнд энгийн, богино харилцаа(гэр бүл, ойр дотныхон, амьдарч буй орчин тойронтой холбоотой)-нд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусдын санаа бодлыг ойлгох чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ. Тодруулбал, турк хэлээр ойлгож ярих дадалтай болохын зэрэгцээ мэргэжлийн бусад хичээлээр үзэж буй зүйлийг бататгах мөн турк хүний харилцааны хэм хэмжээтэй танилцуулах, өдөр тутмын үг хэллэгээр өөрийгөө илэрхийлэх, бусдыг ойлгох, өөрийгөө болон бусдыг танилцуулах, бусдад хувь хүний мэдээллийн талаар (жишээ нь хаана амьдардаг, ямар хүмүүс таньдаг, ямар зүйл тэдэнд бий талаар) асуулт тавих, мөн энэ төрлийн асуултанд хариу өгөх чадварыг эзэмшүүлнэ. Харилцагч нь удаан бөгөөд тод ойлгомжтой ярьж, ойлгоход нь тусалж байвал энгийн аргаар ойлголцох чадварыг эзэмшүүлэх замаар хэлний ерөнхий мэдлэгийн хэрэглээ болон Турк улсын нийгэм-соёлын мэдлэг олгохын зэрэгцээ сурах үйл ажиллагаагаа ухамсартай жолоодох, хэл сурах болон бие даан сурах арга барил эзэмшүүлэх, үнэлгээний олон хэв маягтай танилцан өөрийн болон бусдын үнэлгээнд суралцах, албан бус, тасралтгүй болон насан туршид сурахуйд сургана.
Нийгэм-улс төр, урлаг, уран зохиол, өдөр тутмын амьдрал, ажил мэргэжил, боловсрол, шинжлэх ухаан-танин мэдэхүй зэрэг сэдэвт хамаарах эхүүдийг сонсож ойлгоод харилцан ярилцах, асуултанд хариулах, мэтгэлцэх замаар орчин цагийн турк ярианы хэлний чадвараа сайжруулахын хамт шинэ мэдлэгийг эзэмших нь судлагдахууны гол агуулга болно. Нийгмийн өдөр тутмын амьдрал болон хүний хөгжил, төлөвшил, ёс суртахуунд холбогдох эхүүдийг сонсож ойлгох, энэ сэдвийн хүрээнд харилцан ярилцах, ертөнцийн элдэв юм үзэгдлийн учир холбогдол, шинжлэх ухааны ололт амжилтын талаархи мэдээ, мэдээллийг сонсож ойлгох, сэдвийн хүрээнд харилцан ярилцах, улс орны түүх болон түүхт хүмүүсийн тухай, мөн соёл, уламжлалт зан заншил, шашин шүтлэгт холбогдох эхүүдийг сонсож ойлгох, сэдвийн хүрээнд харилцан ярилцах, уран зохиолын төрөлд хамаарах эхүүдийг сонсож ойлгох, мөн түүнчлэн кино зэргийг үзэж сэдвийн хүрээнд харилцан ярилцах болно.
Оюутанд турк хэлээр сонсож ойлгох, бусдад санаа бодлоо зөв илэрхийлэх, харилцан ярилцах дунд шатны чадварыг эзэмшүүлэхэд уг хичээлийн үндсэн зорилго оршино. Тодорхой нэг сэдвийн хүрээнд турк эхийг сонсож ерөнхий агуулгыг нь ойлгон тухайн сэдвээр бусдад санаа бодлоо илэрхийлэх, асуудал дэвшүүлэн харилцан ярилцах, шинэ санаа сэдлийг бий болгох орчинг бүрдүүлэх.
Унших бичих дадал 3 хичээлийн агуулгад орчин цагийн турк хэлний нийлмэл цагийн нөхцлүүд болон туслах үгсийн хэрэглээг эх, зохион бичлэг бичих болон тодорхой нэгэн сэдвээрх эхийг уншиж ойлгох, эх хэлнээ орчуулахад ашиглах чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий эх, дасгал ажлууд багтана. Тухайлбал: Аялалын тэмдэглэл хөтлөх, домог үлгэр, баяр ёслол, ардын урлагийн талаар тайлбар хийх, сэтгэл ханамжийн захиа, амьдралын хэв маяг, ирээдүйн төлөвлөгөө зэрэг сэдвийн дагуу бичвэр уншиж бичих. Түгээмэл сэдвээр хувийн туршлагаасаа хуваалцан, амьдралын хэв маяг, цаг хугацааны тухай ойлголт, эрчүүд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, хосын харилцаа, сурах үйл, цаг агаар, уур амьсгал, байгал орчны асуудал, биеэ авч явах байдал, амьдралын мөчлөг, үе шат, цагаачлалын талаархи сэдвийг хамрах ба эдгээрийн тухай бичвэрийг ойлгон утга санааг эргүүлэн бичих, энэ асуудлаар бичгээр өөрийгөө илэрхийлэх, амьдралын зорилго, зан төлөв, соёлын ялгаатай аливаа нөхцөл байдал, зөрчлийг ялган таньж, тодорхойлон томъёолох, сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ илэрхийлж сурах, өдөр тутамд буюу нийгмийн амьдралд тулгарах түгээмэл нөхцөлд (ажил дээр, банк, цагдаагийн газар) тулгарах асуудал, ажлын байран дээр гарах ослыг тодорхойлон, урьдчилан сэргийлэх, шийдвэрлэх аргыг бичгээр санал болгох, Туркийн боловсролын тогтолцоо, түүхэн үйл явдал, үйлдвэрлэлийн бүс нутгийн хөгжлийн түүхийн мэдлэгтэй болох.
Турк хэлний ахисан дунд шатны түвшний бичвэр уншиж ойлгох, алдаагүй бичих. Мөн турк хэлний хэлзүйн А2 түвшний мэдлэг бататгах, бусад хичээлээр эзэмшсэн идэвхтэй хэрэглээ бүхий B1 түвшний үгийн санг бататгах, хэлний орчин бүрдүүлж туркээр ярьж ойлгох чадвартай болох, Туркийн соёл, урлаг, зан заншлын талаар ерөнхий мэдлэгтэй болох.
Уг хичээлийн агуулга нь турк хэлээр унших болон бичих анхан шатны чадвартай болгох зорилго бүхий найман багц сэдэвтэй байна. Сэдэв бүрт зөв дуудах, унших болон уншсанаа эх хэл болон турк хэлээр товчлон бичих, цээжээр бичих, түүнчлэн сэдвийг үргэлжлүүлэн өөрийн санаа бодлыг илэрхийлэх дадлага хийх болно. Өөрийгөө болон бусад хүнийг товч танилцуулах (овог нэр, хандах хэлбэр, нас, төрсөн он, сар, өдөр, Үгийн сангийн түвшинд хүйс, хаяг, утасны дугаар, гэр бүл сэдвийн хүрээнд идэвхтэй хэрэглээний үг, хэллэгтэй болох. Гудамжны хаяг, сонин сэтгүүлийн товч нийтлэл унших, хувийн тэмдэглэл хөтлөх, аялал жуулчлалын хөтөч унших, товч танилцуулга бичиж сурах, урилга болон мэндчилгээний ил захидал бичих, хувийн тэмдэглэл хөтөлж сурах, аялалын товч танилцуулга бичиж сурах, богино мэдээ бичих. Мэндлэх, танилцах, хоолны газар, хүнсний болон хувцасны дэлгүүрээр үйлчлүүлэх, хичээл сургууль дээр өрнөх харилцан ярианы болон тухайн нөхцөлтэй уялдаатай бичвэрийг уншиж ойлгох, ямар нэгэн зүйлийг юу болохыг нэрлэн бичих, орон зай, зүг чигийг уншаад ойлгох, тодорхойлон бичих, бичгээр цаг тохирох, болзох, уучлал гуйх, эрүүл мэндийн заавар зөвлөгөө бичгээр өгөх чадвар эзэмшиж, энэ тухай өгүүлэмжийг уншаад ойлгох, эргэн хариу бичих чадвар эзэмшинэ. Ажил мэргэжил, орон гэр, сууц, өдөр тутмын ажил үйл, өдрийн тэмдэглэл, аяллын хөтөлбөр, амралт, болсон явдал, осол эндэл, хоолны зуршил, хувцас загвар, цаг агаар, эрүүл мэнд, биеийн тамир гэх мэт сэдвээр уншиж ойлгох, энэ сэдвээр хялбар бичвэр бүтээх, учир холбогдолтой бичихэд сурна. Түүнчлэн Турк улс, түүний түүхэн дурсгалт газруудын тухай мэдлэгтэй болж, тэдгээрийн тухай бичвэрийг уншаад ойлгох гол санааг тэмдэглэн бичнэ.
Унших бичих дадал (Анхан 1) хичээлийн үндсэн зорилго нь суралцагчдыг турк хэлний үгийг зөв уншиж, зөв бичиж сурах болон турк хэлээр энгийн бичвэрийг уншсанаа ойлгодог, өөрийн тухай болон ойр дотны хүмүүсийнхээ тухай бичгээр ойлгуулж чаддаг болгоход чиглэгдэнэ.
Түрк хэлний үйл үгийг хувилгах нөхцөлийг ерөнхийд нь төгсгөх ба холбох нөхцөл хэмээн үндсэн 2 бүлэг болгон үзэж байна. Төгсгөх нөхцөл болох цагийн нөхцөл(Zaman ekleri), үйл үгийн төлөв(Kipleri)-үүд, холбох нөхцөл болох дайвар-үйл үгийн нөхцөл(Zarf-fiil ekleri), тэмдэг-үйл үгийн нөхцөл(Sıfat-fiil ekleri)-үүд болон хэвийн нөхцөл(Çatılar)-үүд болон нийлмэл хэлбэрүүдийг тусгайлан үзэх болно. .
Орчин цагийн түрк хэл нь эдүгээ 80 сая хүн хэлэлцдэг дэлхийн томоохон хэлнүүдийн нэг юм. Харин монгол түрэг хэл нь нэг язгуурын хэл учраас монгол оюутнуудад суралцахад, мөн энэхүү хоёр хэлийг харьцуулан судлахад ихээхэн дөхөмтэй байдаг. Тиймээс тус судлагдахууны зорилго нь хэлний төвшнийг зөв тодорхойлон, европын хэл сургалтын технологийн алхамуудыг ашиглан түрк хэлний хэлзүйн бүтцийг хэрэглээнийх нь орчинд эзэмшүүлэхэд оршино.
Түрк хэл нь монгол хэлний нэгэн адил Алтай язгуурын хэлэнд хамаарах залгамал бүтэцтэй хэл юм. Энэхүү хичээлийн агуулгын хүрээнд түрк хэлний гарал, үүсэл, төрөл хэлүүдийн холбоо хамаарал, монгол, түрэг хэлний түүхэн хөгжил, хувьсал, үсэг бичгийн онцлог, авианы бүтэц, үгийн бүтэц хийгээд ялангуяа нэр үгийн хувилал буюу тоо, тийн ялгал, биед хамаатуулах нөхцөл, үйл үгийн үндсэн цаг болох одоо, ирээдүй, өнгөрсөн цагийн нөхцөл, тэдгээрийн авианы зохицол зэргийг үзэж судална.
Хичээлийн гол зорилго нь дэлхийн олон хэлүүдтэй харьцуулан авч үзэхэд түрк хэлний онцлог шинж, гарал үүсэл, үсэгзүйн тогтолцоо, авианзүйн онцлог, авианы зохицол хийгээд үгийн бүтцийн үндсэн шинж, өгүүлбэрийн ерөнхий зохион байгуулалтыг таниулахад чиглэнэ. Энэхүү хичээл нь монгол хэлтэй гарал язгуур нэг, залгамал хэв шинжит хэл болох түрк хэлийг гүнзгийрүүлэн судлах, төрөл олон хэлүүдийг харьцуулан авч үзэх, цаашлаад Алтай хэл шинжлэлийн судалгаа шинжилгээ хийхэд үндсэн суурь мэдлэгийг олгох ач холбогдолтой болно.
Дэлхийн олон соёл иргэншлийг Дорно, Өрнө хэмээх ерөнхий хоёр бүлэгт хуваан үзэж судална. Үүнд: Энэтхэг, Хятад, Япон, Солонгос хийгээд Төв Ази, Ойрхи Дорнодын олон соёл иргэншлийг Дорнын, харин Грек, Ром, Газар дундын тэнгис, баруун, зүүн болон төв Европ, Америкийн соёлыг Өрнийн соёл иргэншилд хамааруулан авч үзнэ. Чингэхлээр улс төр, нийгмийн байгуулал, шашин, бүс нутгийн харилцаа асуудлын, харилцан нөлөөлөл зэрэг соёл иргэншлийн түүхэн үндэс, түүний мөн чанар, хөгжил дэвшил, зүй тогтолыг тодруулан судална.
Хүн төрөлхтөн үүсч буй болсон цагаасаа эхлэн өнөөг хүртэл олон гайхамшигт соёл иргэншлийг бүтээсээр иржээ. Түүхэн урт хугацааны туршид бүтээгдсэн тэдгээр соёл иргэншилд тодорхой хэмжээгээр өдгөө ч дэлхийн олон улс, үндэстний түүх, хэл соёлд уламжлагдан үлдсэн бөгөөд тэдгээрийг тухайлан үзэж судлахад энэхүү хичээлийн гол зорилго оршино. Дэлхийн олон соёл иргэншлийн талаар шинжлэх ухааны үндэстэй цогц мэдлэг, соёл иргэншлийг танин мэдэх чадвар олгож буйд уг хичээлийн ач холбогдол оршино.
Энэ курс хичээл нь дундад зууны түүхийг дараах бүс нутгуудын хувьд үзэж судлахаар зохион байгуулагдана: Зүүн Ази (Хятад, Япон, Солонгос, Монгол), Европ (Баруун болон Зүүн Европ), Ойрхи дорнод (араб, исламын шашинт орнууд), Энэтхэг. Эдгээр дөрвөн бүс нутаг, иргэншил тус бүрийн түүхэн хөгжлийн гол үйл явдлууд, асуудлуудын хоорондын харилцан холбоог ойлгон ухаарах, эх сурвалжуудыг задлан шинжлэх, шүүмжлэх замаар түүний бүс нутаг, тив, дэлхийн түүхэнд үзүүлсэн улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн нөлөө, хөгжлийн ерөнхий үйл явцын өөрчлөлт, залгамжийн тухай системтэй мэдлэг олгох, Дундад зууны түүхээр дамжуулан өнгөрсөн, эдүгээ хоёрын харилцаа холбоог түүхийн шинжлэх ухааны ухагдахуун, нэр томъёо, хэллэгээр илэрхийлэх, тайлбарлах чадвар эзэмшүүлнэ.
Тус хичээлийг судалсны үр дүнд эрт, эдүгээгийн нийгэм, түүх, соёлын аливаа үйл явдлыг дэлхий, бүс нутаг, газар орны ерөнхий нөхцөл байдлын харилцан хамаарал дунд бодитой танин мэдэх, ойлгон ухаарах, судлагааны анхдагч болон хоёрдогч эх сурвалжуудыг сурвалжилан хайх, шүүмжлэлтэйгээр тайлбарлах, илэрхийлэх, баримт нотолгоонд үндэслэн өөрийн гэсэн бодит тайлбарлал, оюун дүгнэлт хийж чадах чадвартай болно. Энэ чадвар бол оюутанд цаашид нийгмийн ухааны ямар ч чиглэлээр гүнзгийрэн мэргэжихэд шаардагдах үндсэн чадваруудын нэг юм. Тиймээс энэхүү курс хичээл үзсэнээр оюутан цаашид нийгэм, соёл, түүхийн хүссэн сэдвээр сонирхон судлах, эрдэм шинжилгээний ажил хийх арга чадвараа ахиулан хөгжүүлэх мэргэжлийн чиг баримжааг олж авна.
Османы эзэнт гүрний мөхөл, холбоотны цэрэг ба хувьсгал, үр дүн, Ататуркийн хэл, соёлын шинэчлэл, БНТУ-ын боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны хөгжил зэргийг тухайлан авч үзнэ.
БНТУ-ын улс төр, нийгмийн тогтолцоо, эдийн засаг, хамтын ажиллагаа, боловсрол, соёл, шинжлэх ухааны өнөөгийн байдал, түүхэн цуваа цагийн үүднээс системтэй судлан задлан шинжлэхэд уг хичээлийн зорилго оршино. Исламын шашинт хоцрогдсон орноос өдгөөх хөгжил дэвшилтэт БНТУ хүртэлх түүхэн замналыг танин мэдэж буй нь хичээлийн гол ач холбогдол болно.
“Азийн соёл, иргэншил ба орчин үеийн Ази” хичээлээр Ази тивийн зонхилох гурван соёл иргэншил буюу Энэтхэг, Хятадын соёл болон Исламын соёлын талаар судална. Түүнчлэн Азийн уламжлалт соёл, ахуй, аж байдлын онцлогоос урган гарсан үндэсний брэнд, улсын имиж, амьдралын хэв маяг дэглэм, урсгалуудын талаар үзэх болно. Тухайлбал, Зүүн Өмнөд Азид хүчтэй нөлөө бүхий Энэтхэгийн соёл (Хиндүизм, Буддизмын үзэл баримтлал), Зүүн Хойд Азийн сэтгэлгээ, үзэл баримтлалын суурь болсон Күнз, Дао, Шинто, Буддизмын соёл, Дундад Ази болон Зүүн Өмнөд Азийн соёл иргэншлийн тулгуур Исламын соёлын үзэл баримтлал, зан заншил, ёс суртахуун, үнэт зүйл нь одоогийн Азийн орнуудын нийгэм, улс төр, эдийн засгийн практик үйлдэлтэй хэрхэн уялдан холбогдож мөн даяарчлалын/даяаршлын эринд Өрнийн соёлтой хэрхэн сүлэлдэн мөн нөгөө талаар сөргөлдөн буй талаар, судална
XXI зуунд Азийн улс гүрнүүд түүн дотроо Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, БНЭУ, Тайланд, Индонези, Малайз улс Ази тив болон улмаар дэлхийн эдийн засаг, улс төрийн тэргүүлэх байр суурийг эзлэх төлөвтэй байна. Эдгээр орон ийнхүү дэлхийн эдийн засаг, улс төрийн томоохон тоглогч болж буй үйл явцад тэдгээр улс оронд дэлгэрсэн соёл (итгэл үнэмшил, зан заншил, шашин-Хиндүизм, Буддизм, Шинто, Күнзийн сургаал, үзэл баримтлал) хэрхэн тулгуур суурь, үзэл суртлын (ideology) чиг баримжаа болж буй талаар судлан дүн шинжилгээ хийх нь Азийн соёл ба орчин үеийн Ази хичээлийн зорилго юм. Азийн улс орнуудын язгуур соёл нь хэрхэн одоогийн Азийн улс орнуудын хүн амын аж ахуй, итгэл үнэмшил, эдийн засгийн баримтлал, хөгжил, төрийн бодлогод нөлөөлж буй мөн улмаар дэлхийд хэрхэн ямар хэлбэрээр тархаж буй талаар задлан шинжилж чадах цогц мэдлэгийг оюутнуудад олгох нь уг хичээлийн ач холбогдол юм. Оюутан энэ хичээлийг судалснаар хүн төрөлхтний бүтээсэн олон соёл иргэншлийн талаар үндсэн мэдлэгтэй болох ба эдгээр соёл иргэншлүүдийн орчин үеийн нөлөөлөл, уламжлал шинэчлэл, харилцаа зэргийн тухай тодорхой ойлголттой болно. Өрнө Дорнын олон улсуудад олныг хамран хөгжиж буй өрнөөд буй Икигай, Иога, Чигун, цагаан ногоон хоолны дэглэм, бясалгал зэрэг хүний хөгжлийн сургалтууд, онолуудын үндэстүүдийг мэдэж хэрэглэж ангилж ялгаж танина. Улмаар холбогдох асуудлыг онолын түвшинд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, ялгаа онцлог бүхий соёлуудыг ойлгон хүндэтгэх, бодит байдлаар тайлбарлах, соёл хоорондын харилцааг шүүн тунгаах, харьцуулах, шинжлэх ухааны үг хэллэг бүхий бичвэр текстийг бүтээлчээр уншиж ойлгох, бичих, өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, чадвартай болно. Өөртөө болон бусдад эергээр хандах, багаар ажиллах, санаал бодлоо илэрхийлэхдээ бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэл, зөвлөмжийг эергээр хүлээн авдаг дадал суулгана.