Бидний тухай
Багш ажилтан
Оюутнууд ойн экологийн онол аргазүйд суралцаж, ойн экосистемд хүний болон байгалийн ямар хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгаа үүнээс үүдэн ямар үр дагавар асуудлууд гарч болох вэ гэдгийг ойлгож, тооцоолж сурах мэдлэг эзэмшинэ. Экологийн онол, зарчмууд ойн янз бүрийн хэв шинж, олон янз байдалд хэрхэн үйлчлэх зүй тогтлыг шинжлэх ухааны бүтээл туурвил уншиж судлан зураг, дүрслэл ашиглан тайлбарлах чадвартай болно. Янз бүрийн багаж төхөөрөмж ашиглан хэрхэн туршилт, судалгаа хийх, туршилт судалгааны төлөвлөгөө боловсруулах, өгөгдөл цуглуулах, боловсруулах, үр дүнг нэгтгэн тайлагнах, дүгнэх дадал эзэмшинэ. Ихэнх лаборатори болон хээрийн дадлагын ажлууд багаар гүйцэтгэх даалгавар байх бөгөөд үүний үр дүнд оюутан хамт олонч, багаар ажиллах, бусдыг сонсох, хүлээн авах, зохицох зэрэг хувь хүний хөгжилтөй холбоотой дадал, хэвшилд суралцана.
Ойн экологи гэдэг нь ойд болж буй байгалийн бүхий л процесс ургамал, амьтан, микроорганизм тэдний харилцан үйлчлэл, тэдний хүрээлэн буй орчин, ой болон хүний амьдралд үзүүлж байгаа нөлөөг судалдаг. Эдгээр бүх процесс нь тодорхой оронзай цаг хугацаанд явагдаж байдаг ба бүх ойд хоорондоо төсөөтөй, нийтлэг зүй тогтол байдаг (модод, түүний дор ургах ургамал, тэнд амьдрах амьтад, биологийн төрөл зүйл, хөрс гэх мэт). Мөн ой байнга хүний нөлөөнд автагдаж хувьсан өөрчлөгдөж байдаг. Ойн экологи хичээлийг судлахад өргөн мэдлэг чухал. Үүнд: цаг уур судлал, биологи, биохими, усзүй, популяци, генетик, гамшигт үзэгдлийн экологи гэх мэт. Ой хэрхэн бий болох цаашид хэрхэн хөгжих вэ гэдэг асуудалд хариу өгөхөд дээрх шинжлэх ухаануудын мэдлэг шаардагдах бөгөөд эдгээрийн хооронд харьцуулалт, дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах мэдлэг эзэмших нь чухал. Зарим харилцан хамаарал нь тодорхой, тооцоолж болохуйц, шугаман шууд хамааралтай байдаг ч ихэнх нь тодорхой бус, урьдчилан тооцоолох боломжгүй, зөвхөн том хэмжээнд тооцоолж болохуйц (шугаман бус) байдаг. Дээрх асуудлуудыг шийдвэрлэх мэдлэг эзэмшүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино.
Хэмжилт, түүний үндэс, ойн таксац, түүний судлах зүйл, таксацын хэмжилтийн багаж хэрэгсэл, дээж талбай байгуулах арга зүй, нэгж модны шинж чанар, унагасан модны таксац, ургаа модны таксац, модон материалын таксац, загвар модоор ойн нөөцийг тогтоох, ойг сортиментлах, модны өсөлтийг тодорхойлох, ойн моддын өсөлтийн явц, ойн фонд түүний бүртгэл тооллого, огтлох ойн таксац зэргийг судална.
Ойн таксац хичээлээр ойн модод ургах орчны нөхцөл, онцлогоосоо хамааран хэмжээ, чанарын хувьд харилцан адилгүй байдаг тул эдгээр өвөрмөц байдалд нь тохирсон судалгааны аргыг боловсруулж, ойн тооллого бүртгэл, тооцооллыг хийх арга зүйд оюутныг сургахад оршино.
Геодезийн шинжлэх ухааны судлах зүйл, ач холбогдол, план зураг, карт зурагт газрын гадаргууг дүрслэх, газрын зургийн тухай ойлголт, зургийн масштаб, газрын зургийн дүрслэл, талбайн хэмжээг тооцоолох, зургийг унших, газрын зургийн нэрлэвэр, газрын зураг дээр цэгийн солбилцол, тэгш өнцгийн солбилцол, цэгийн өндөр, шулууны налуугийн өнцөг, чиглэлийн өнцгийг тодорхойлох, төлөвлөгөөт геодезийн зураг авалт ба геодезийн торлог, геодезийн торлолын арга, геодезийн хэмжилтийн багажуудыг ашиглан хэвтээ болон босоо өнцгийн болон цэг хоорондын зайн хэмжилт, түүний үр дүнг боловсруулах, ойн план зураг үйлдэх талаар мэдлэг олгоно
Геодезийн хичээлээр оюутанд геодезийн шинжлэх ухааны үндсэн ойлголтууд, геодезийн торлог, план, карт зургийг дүрслэх, тооцоолох, цэгийн байршил тогтоох, геодезийн хэмжилтийн багажуудыг ашиглах, хэвтээ болон босоо өнцгийг хэмжих, журнал хөтлөх, хэмжилтийн үр дүнг боловсруулах, талбайн хэмжээг тодорхойлох болон план зургийг үйлдэх чадварыг эзэмшүүлэх зорилготой
Ойжуулалт, ойн мелиораци хичээл нь ойн үр судлал, үрийн аж ахуй, мод үржүүлэг, ойжуулалтын ажил, хамгаалалтын зурвас түүний ач холбогдол. Мод сөөгний үр өгөлт, үрийн селекцийн категори, ойн үрийн мужлал, орчны нөлөөлөл, үрийн ургацыг тооцох аргууд, үр түүх, дээж авах, хадгалах, боловсруулах арга технологи. Үрийн чанар түүний үзүүлэлт, үрийг тарилтанд бэлтгэх процесс. Ойн түр болон байнгын үрийн хэсэг, плантаци, ойн үрийн мужлал. Эд, эсийн өсгөвөр, тэжээлт орчин, ургал эрхтэнээр үржүүлэх, өсөлт тэжээлийн хэмнэл. МҮГ-ыг сонгох, төрөл аж ахуйн хэсэг, норм норматив тооцоо, хөдөлмөр хамгаалал. МҮГ, хүлэмж, ойжуулалтын газрын хөрс боловсруулах систем хэлбэр, орчин үеийн аргууд. Үрийн болон бойжуулах хэсэгт хийгдэх арчилгаа, бордоо түүний төрөл норм, норматив. Суулгац материалыг тоолох, бэлтгэх, тээвэрлэх маркетинг. Ойжуулалтын ажлын мужлал ба төлөвлөх, ойжуулах ажлын арга, хэлбэр, ойжуулалтын тохиромжтой шигүүрэл. Ойжуулах сангийн бүрдэл, ойжуулах санг эзэмших дараалал. Суулгац ургуулах агротехник ба технологи. Үрээр болон тарьцаар ойжуулалт хийх, арчилгаа, тооцох үнэлэх, бүртгэл тооллого.Ойжуулалт хүлээн авах чанарын үнэлгээ, таримал ой. Байгалийн сэргэн ургалтанд туслах ажилбар, талбай хамгаалах зурвасны төрөл, хэлбэр, хийц, мод сөөг сонгох байршуулах, эклогийн бусад хүчин зүйлд ойн зурвасны нөлөө. Эдийн засгийн үр ашиг. Хичээлийн явцад амаар болон реферат бичүүлэх, дадлагын даалгавар өгөх, дадлага хийлгүүлэх, курсын ажил бичүүлж оюутны мэдлэгийг шалгана. Улирлын эцэст шүүлэг шалгалтыгсургуулиасболовсруулсанкредитүнэлгээнийдагууавна. Онолын дагуу үзсэн материалаа бататгах зорилгоор сургалтын хээрийн дадлага 14 хоног хийж тайлан бичиж хамгаална.
Ойжуулалт, ойн мелиораци хичээлээр үр судлал, үрийн аж ахуй, мод үржүүлгийн газар төрөл бүтэц, хүлэмж түүний бүтэц тарилт хийх технологи. Ойг нөхөн сэргээх ойжуулалтын ажлын ач холбогдол, ойн сан, ойжуулах сангийн бүрдэл. Байгалийн сэргэн ургалтанд туслах ажил. Байгалийн тохиромжгүй үзэгдлүүд тэдгээрийн шинж чанар, хамгаалалтын зурвас түүний бүтэц хийц, ойн баялагийг хайрлан хамгаалах, үржүүлэх талаар авч явуулж байгаа бодлого, журам, заавар, туршилт судалгааны ажлын үр дүн шинжлэх ухааны үндэстэй онолын гүн мэдлэг өгч дадлагажуулах зорилгоор заагдана.
Ойн шавьжны тухай ерөнхий ойлголт, ойн шавьж судлалын салбар шинжлэх ухааны судлах зүйл, бие бүтэц, ангилал, экологийн үндсэн бүлэглэл, ойн шавьжны байгаль, ойн аж ахуйн холбоо, онцгой хор холбогдолт шавьжны хэт олшрол түүний шалтгаан, зүй тогтол, олшролын үе, үелбэр, давтагдал, дараалал, онцгой хортон шавьж, тэдгээрийн тархалт, хөнөөлийн голомтыг илрүүлэх, тэмцэж хамгаалах аргын ангилал, сонгох, зохион байгуулах, үр дүнг тооцох арга технологийн холбогдолтой үндсэн ойлголтыг эзэмшинэ. Мөн хичээлээр ойд элбэг тархсан ойн өвчин түүний онцлог, ойд тархах болон халдварлах арга замууд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээтэй танилцана. Ойд голлон тохиолддог өвчин үүсгэгч вирус, халдварлалт, учруулах хор хөнөөл, урьдчилан сэргийлэх болон тэмцэх арга ажиллагаатай танилцан онолын болон практик дадлага чадвар эзэмшинэ. Ургамлын өвчний тухай ойлголт, ургамлын өвчний хэлбэр, халдварт болон халдварт биш өвчний шинж ялгаа, Халдварт өвчин үүсгэгч мөөг, мөөгийн ангилал, мөөгийн бэлгийн бус үржил, Ойн өвчнийг үүсгэгч бусад бичил организм, Модны өвчнийг оношлох тухай, Ур өвчнийг оношлох тухай, Тарьц суулгац ба үр жимсний өвчин, Ойн өвчний экологи, зонхилох өвчний хөгжлийн динамик, Шилмүүст ба навчит модны өвчин, Модны мөчир, ишний өвчин, Ойн өвчний прогнозчлол, урьдчилан сэргийлэх арга, Модлог ургамлын үндэсний илжрэл, Модлог ургамлын гол ишний илжрэл, Мод, модон материал, сууцны гэмтэл, Ойн өвчинтэй тэмцэх АА болон физик механик арга, Ойн өвчний хор хөнөөл тэдгээртэй тэмцэх арга, Ойн өвчинтэй тэмцэх хими-биологийн арга зэргийг үзэж судална.
Ой хамгаалал хичээл нь үндсэн хоёр хэсгээс бүрдэл болно. Нэгдүгээрт: Ойн шавьж судлал хэсгээр ойн шавьжны ангилал, экологийн бүлэглэл, ойн ценозод тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, онцгой хор хөнөөлт, тэдгээртэй тэмцэх, хамгаалах арга хэмжээний биологийн үндэслэлийг үзнэ. Хоёрдугаар хэсэгт: Ойн өвчин судлал хэсэгт ойн болон хотын ногоон байгууламжид өргөн тархсан өвчин, түүний онцлог, тархах болон халдварлах замууд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга замуудын талаар судална. Модлог ургамлын өвчин үүсгэгч биотик болон абиотик хүчин зүйлүүд, өвчний илрэл болон шинж тэмдэг, түүнийг таних арга зам, өвчний хэлбэрүүд, өвчин үүсгэгч болон модлог ургамлын харилцан үйлчлэл зэргийг судална.
Энэхүү хичээлээр Монгол болон Дэлхийн ойн экологи, менежментийн үндэс, туршлагыг судална. Ойн моддын үүсэл, өсөлт, нөхөн төлжих үйл явцын биологийн үндэс, бүс нутгийн ойн аж ахуй болон ойн экосистемд нөлөөлөх хүний нөлөөллийн талаар үзнэ. Түүнчлэн модлог ургамлыг таних, ойн судалгааны дээж авах, өгөгдлийг боловсруулах арга зүйг судлаж эзэмшинэ. Мөн ойн экологийн зарчим, ойн таксаци, модны анатоми, физиологи, ойн хортон шавж болон ойн түймрийн экологи, ой ашиглалтын талаар судална. Мод болон модон бүтээгдэхүүн нь Монгол орны экологи, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг тул бүс нутгийн ялгаварт тулгуурласан ойн болон ойн менежментийн цогц бодлогыг авч үзэхийн зэрэгцээ ойн тухай хууль, тогтоомжийг судална.
Ойн экологи, ойн менежмент, ойн аж ахуй, ойн дагалт баялаг, ой ба уур амьсгалын өөрчлөлт, ойн хөрс, ой ба нүүрстөрөгчийн үндэс
Оюутнууд REDD+ үйл ажиллагааг үндэсний хэмжээнд төлөвлөх, стратегийн хувилбарыг боловсруулах, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэхэд үндэсний гол хамтрагч байгууллагууд болон оролцогч талууд идэвхтэй оролцож, тодорхой үүрэг, хариуцлага хүлээн, идэвхтэй хамтарч ажиллах, онол аргазүйд суралцаж, ойн экосистемд хүний болон байгалийн ямар хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгаа үүнээс үүдэн ямар үр дагавар асуудлууд гарч болох вэ гэдгийг ойлгож, тооцоолж сурах мэдлэг эзэмшинэ. Ойн, хомсдол доройтлын онол, зарчмуудын судалгаа хийх, туршилт судалгааны төлөвлөгөө боловсруулах, өгөгдөл цуглуулах, боловсруулах, үр дүнг нэгтгэн тайлагнах, дүгнэх дадал эзэмшинэ. Ихэнх лекц болон семинар, дадлагын ажлууд багаар гүйцэтгэх даалгавар байх бөгөөд үүний үр дүнд оюутан хамт олонч, багаар ажиллах, бусдыг сонсох, хүлээн авах, зохицох зэрэг хувь хүний хөгжилтөй холбоотой дадал, хэвшилд суралцана.
Монгол орон, бүс нутаг, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй ойн доройтол, хомсдолыг бууруулах бодлого, сайн арга механизмууд, олон улсын туршлага болон онол, практикийн мэдлэг, чадвар олгоход оршино.