Бидний тухай
Багш ажилтан
Олон улсын харилцааны үндсэн мэдлэгийг олгохдоо даяаршилтай холбоно. Даяаршлын нөлөөгөөр олон улсын харилцааны үндсэн үйл явц, оролцогчдын бүрэлдэхүүнд чанарын өөрчлөлт орж байна. Энэ нөхцөлд дэлхийн хөгжлийн үндсэн чиг хандлага, олон улсын харилцааны бүтэц мөн чанарт гарч буй хувьсал, гадаад бодлого ба дэлхийн бодлогын харилцан хамаарлын талаар ойлголт өгнө. Олон улсын улс төрийн үйл явцын гол онцлог нь улс төрийн энэхүү салбарт дээд засаглал байдаггүйд оршдог бөгөөд өөр өөрсдийн эрх ашгийг тунхаглах улс хоорондын улс төрийн харилцааг эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулдаг. Гэвч олон улсын улс төрийн харилцааг зохицуулах гол улс төрийн зохицуулагч нь улс хооронд үүссэн хүчний тэнцвэр байдаг. Олон улсын харилцааны орчин, оролцогчид өөрчлөгдөхийн хэрээр олон улсын улс төрийн үйл явц улам ярвигтай болж байна. Хичээлийн хүрээнд олон улсын тавцанд гарч буй өөрчлөлтөнд анализ хийх байдлаар орчин цагийн олон улсын харилцааны улс төрийн үйл явцын шинж чанар болон чиг хандлагыг таниулахыг эрмэлзэнэ. Олон улсын улс төрийн үйл явц нь зөрчилт, ярвигтай, олон хувилбартай хөгжиж байдгийг оролцогчдын харилцан адилгүй, зөрчилт сонирхолтой уялдуулан ойлгуулна. Нийгмийн хөгжил хурдсахын хэрээр олон улсын улс төрийн үйл явцад бүрэн эрхт улсуудтай хамт олон тооны олон улсын байгууллагууд, төрөл бүрийн бүлэглэлүүд оролцох болсныг тайлбарлана. Олон улсын улс төрийн үйл явцыг зохицуулагч хүчний тэнцвэрт цөмийн зэвсгийн хүчин зүйл шийдвэрлэх үүрэгтэй хэвээр байгааг ойлгуулна. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс төрийн үйл явцад хүчний арга хэрэгслүүр шийдвэрлэх нөлөөтэй хэвээр байна. Энэ нөхцөлд дэлхийн бодлогын талаарх зөв ойлголт үнэлэлт өгөхийг эрмэлзэнэ. Үүнд, дэлхийн бодлого нь олон улсын эрх зүйн үндсэн субьектүүдийн улс төрийн үйл ажиллагааны нэгдэл байдгийг ойлгуулна.
Олон улсын харилцааны талаарх ерөнхий суурь ойлголтыг олгохыг зорино.Үүнд, Олон улсын харилцаа нь бие даасан шинжлэх ухаан болохын хувьд судлах зүйл, тухайлбал, бүрэн эрхт улс хоорондын улс төр-эрх зүйт харилцаа үүсэн бүрэлдсэнээс хойшхи олон улс харилцааны оролцогчдын талаар, тэдгээрийн ангилал, олон улсын тавцанд өөрийгөө илэрхийлэх зорилго, арга хэрэгслүүр, олон улсын харилцааны газарзүйн буюу геополитикийн, нийгмийн буюу соёл иргэншлийн орчин ба тэдгээрийн олон улсын харилцааны субьектүүдэд үзүүлж буй нөлөөлөл, олон улсын харилцааны систем, түүний түүхэн хувьсал, дэлхийн дэг журам, тэдгээрийн хувьслыг орчин даяаршлын үйл явцтай нягт уялдуулан олон улсын харилцааны шинжлэх ухааны судалгааны салбаруудтай холбон судална.
Вестфалиас эхлэн түүхэн хөгжлийн явцад орчин цагийн ОУХ бүрдэх үе хүртэлх улс хоорондын харилцааны түүхэн гол зангилаа асуудлуудыг хамарна. Тухайлбал, ОУХ-ны түүхийг үечлэх асуудал ба ОУХ-ны системийн онол, арга, ОУХ-ны Вестфалийн (1648-1712), Утрехтийн (1753-1789), Эзэнт гүрний (1799-1814), Венийн (1815-1853), Парисын (1856-1870), Бисмаркийн (1871-1891), Колоничлогчдын олон туйлт (1900-1914), Версаль- Вашингтоны (1918-1939), Ялт-Потсдамын (1943-1945), “Хүйтэн дайны” үеийн 2 туйлт (1946-1990), интеграцлагдаж буй олон туйлт систем (1990 оноос хойшхи).
Суралцагчдад олон улсын харилцаа (ОУХ), гадаад бодлогын асуудлаар мэргэжлийн суурь мэдлэг олгож, цаашид үзэж судлах мэргэжлийн хичээлүүдийг, тухайлбал их гүрнүүдийн гадаад бодлого, орчин цагийн ОУХ-г түүхэн учир шалтгааны үүднээс задлан шинжлэх, урьдчилан дүгнэх чадварыг эзэмшүүлэх, ОУХ-ны түүхийг орчин цагийнхтай харьцуулах, ОУХ-ны түүхийг онолтой холбох, ОУХ-ны системийн онолд тулгуурлах, ОУХ-ны системүүдийн түүхэн хөгжлийг заахдаа уламжлалт түүхэн аргаар буюу аль нэг түүхэн үе дэх улс хоорондын дипломат харилцааг тодотгож авч үзнэ.
Монгол улсын гадаад бодлогын чиг хандлагыг ойлгохын тулд юуны өмнө Монгол улсын түүхэн сургамжтай асуудлуудыг товч дурьдах шаардлагатай. Үүний тулд эхлээд тусгаар тогтнолын үнэ цэнийг тайлбарлах. Энэ хүрээнд монголчууд ямар учраас Манжийн дарлалд орж, ямар нөхцөл байдлын үед Манж Чин улсын ноёрхолоос гарч, тусгаар тогтнолоо зарласан, дэлхийн улс орнууд Монголын тусгаар тогтнолд хэрхэн хандаж байсан, ямар байр суурьтай байсан. Монгол улс тусгаар тогтнолоо баталгаажуулахын тулд түүхэн ямар үе шатуудыг даван туулсан эдгээр түүхэн сургамжууд нь өнөөгийн Монгол улсын гадаад бодлогыг хэлбэржүүлэхэд ямар нөлөө үзүүлсэн. Монгол улсын өнөөгийн гадаад бодлогын чиг шугамыг Монгол улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал дээр тулгуурлан тайлбарлах хөрш орнуудтай харилцах гуравдагч хөршийн асуудал ОУБ-тай харилцах асуудал Бүс нутгийн хамтын ажиллагаанд нэгдэн орох цөмийн зэвсэггүй байх талаар явуулж байгаа бодлого, түүний шалтгаан зэргийг хамрана.
Аливаа улс өөрийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхолоо хамгаалах зорилгоор хөрш орон, гадаадын бусад улс орон, дэлхий дахинтай харилцах шаардлагатай байдаг ба энэ зорилгоор гадаад харилцаанд маш их ач холбогдол өгдөг. Цөмийн зэвсэгтэй хоёр том гүрэнтэй хиллэдэг, далайд гарцгүй Монгол улсын хувьд нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулахыг эрмэлздэг ба энэхүү бодлогын хүрээнд гадаад орчноо мэдрэх, гадаад бодлогоо ойлгох, түүний чиг хандлагыг мэдэх нь маш чухал юм