МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON309
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр эдийн засгийн хөгжлийн онол прадигмууд болон эдийн засгийн өсөлтийн загварууд, цаашлаад хөгжиж буй орнуудын эдийн засгийн дотоод асуудлыг судлан шинжилнэ. Эдийн засгийн хөгжлийн онол прадигмууд болох (1) өсөлтийн шугаман шатлалын онолууд: Харрод-Домарын хөгжлийн шаталсан загвар, Ростоугийн шаталсан загвар, капитал хуримтлалын онолууд, (2) бүтцийн өөрчлөлтийн загварууд: Льюсийн загвар, дуалист хөгжлийн загвар (3) олон улсын хамаарлын загвар: шинэ колонийн хамаарлын загвар /the neocolonial dependence model/, тохиромжгүй парадигмын загвар /the false paradigm model/, хоёрдмол хөгжлийн загвар /the dualistic development thesis/, (4) шинэ сонгодог хөгжлийн онол: чөлөөт-зах зээлийн шинжилгээ, нийгмийн сонголтын онол буюу шинэ улс төр эдийн засгийн хандлага, зах зээлд ээлтэй хандлага, шинэ өсөлтийн онол: өсөлтийн шинэ онол, дотоод өсөлтийн онол буюу Ромерийн өсөлтийн онол, өсөлтийн шинэ онол зэргийг судлах болно. Хөгжиж буй орнуудын өмнө тулгардаг үндсэн асуудлууд болох орлого хуваарилалт, тэгш бус байдал, хүн амын хөгжил, шилжилт хөдөлгөөн, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хотжилт, хөдөө аж ахуй, аж үйлдвэржилтийн стратеги зэргийг эдийн засгийн хөгжлийн онол, прадигмуудын дараа судлах болно. Хөгжиж буй орнуудын эдийн засагт гадаад эдийн засгийн нөлөөг үндэстэн дамнасан корпорацийн үйл ажиллагаа, гадаадын шууд хөрөнгө оруулалт, олон улсын худалдаа, төлбөрийн балансын талаас шинжлэх бөгөөд хөгжиж буй орнуудын өр, өрийн хямрал, зээл,тусламжийн асуудлыг ч авч үзэх болно. Цаашлаад, олон улсын байгууллагуудын тухай, тэр дундаа Дэлхийн банк болон Олон улсын валютын сангийн үйл ажиллагаа, хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаар судална.

Зорилго

Тус хичээлээр оюутнууд эдийн засгийн онолын мэдлэгээ ашиглан хөгжиж буй орнуудын эдийн засгийн үндсэн асуудлуудыг шинжлэн судалж, ойлгоход чиглэгдэнэ. Эдийн засгийн хөгжлийн онол прадигмууд, эдийн засгийн өсөлт, түүний хуваарилалт, шалтгаан, ядуурал, тэгш бус байдал болон эдийн засгийн хөгжлийн дотоод асуудлууд болох хүн амын хөгжил, боловсрол, эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, хотжилт, хөдөө аж ахуй, байгаль орчин, аж үйлдвэржилт, засаглал, зах зээлийн гажуудал, олон улсын бодлого, санхүү, олон улсын асуудлуудыг судлах болно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON428
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээлээр бид олон улсын санхүүгийн зах зээлийн суурь ойлголтуудад гол анхаарлаа хандуулах юм. Тухайлбал, гадаад валютын ханш хэрхэн тодорхойлогддог, ханш, үнэ болоод үйлдвэрлэл богино болон урт хугацаанд хэрхэн холбогддог, ханшны ямар тогтолцоонууд оршдог, макро эдийн засгийн бодлогууд гадаад валютын зах дээр хэрхэн зохицогддог, үүнд хөрөнгийн захын гүйцэтгэдэг үүргийн талаар авч үзнэ. Эдгээр асуудлуудыг судалхын тулд бид онолын гол гол ойлголтууд, зарчмууд, онолуудын үндэслэлийг тодорхойлох болно. Үндэсний тооцооны систем, төлбөрийн тэнцэл, валютын ханшны тогтолцооны хэлбэрүүд болон хөрөнгийн захуудад хэрэглэгддэг ухагдахуунууд, онолын үндэслэлүүдийг үзэхээс гадна валютын ханш, хүү болон үнэ хэрхэн тодорхойлогддог талаар онолыг үзнэ.

Зорилго

Олон улсын санхүүгийн зах зээл, түүний үйл ажиллагаа болон бодлогын асуудлуудтай танилцуулж, шинжилгээний үндсэн арга хэрэгслүүд болон онолын үндэслэлүүдийг ойлгуулахад оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON429
Багц цаг: 3

Товч агуулга

Энэхүү хичээл үндсэндээ гурван хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт бид мөнгөний онол болон бодлогын суурь ойлголтуудтай танилцана. Тухайлбал, мөнгөний нийлүүлэлтийн механизм, мөнгөний зах болон түүнд оролцогчдын үүрэг, мөнгөний агрегатууд ба тэдгээрийн хоорондын уялдаа холбоо, төв банк, банкууд болон иргэдийн мөнгөний зах дах оролцоо, үүрэг зэрэг ойлголтуудтай танилцана. Улмаар, төв банкнаас авч хэрэгжүүлдэг мөнгөний бодлогын суурь арга хэрэгслүүдтэй танилцана. Үүнд, мөнгөний захын үйл ажиллагаатай танилцах ба мөнгөний бодлогын уламжлалт арга хэрэгсэл болох төв банкны оролцоог онцлон авч үзнэ. Мөнгөний бодлогын стратеги болон олон улсын санхүүгийн системд гарсан өөрчлөлтүүд мөнгөний зах дах төв банкны оролцоо, бодлогод хэрхэн нөлөөлөх талаар авч үзнэ. Уламжлалт мөнгөний бодлогын арга хэрэгслүүдтэй хичээлийн энэ хэсгийн төгсгөлд танилцахын зэрэгцээ Монголбанкны үйл ажиллагаа, авч хэрэгжүүлдэг бодлогын арга хэрэгслүүдтэй мөн танилцана. Хичээлийн хоёрдугаар хэсэгт бид мөнгөний бодлогын макро эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судална. Ингэхийн тулд бид эхлээд макро тэнцвэрийн загвартай танилцаж улмаар энэхүү загвараа ашиглан мөнгөний бодлогын нөлөөллийг судална. Хичээлийн энэ хэсгийн эхэнд бид мөнгөний тооны онол, мөнгөний эрэлтийн онолуудтай танилцана. Улмаар, бодит бараа бүтээгдэхүүний зах зээл болон мөнгөний захын хоорондын уялдааг авч үзнэ. Тухайлбал, IS муруй байгуулан мөнгөний захын тэнцвэрийн загвартай хослуулан эдийн засгийн нийт эрэлтийг байгуулна. Энэ нь мөнгөний бодлогоор дамжуулан нийт эрэлтэд зохицуулалт хийх боломжийг харуулах ба бид энэхүү загвараа ашиглан мөнгөний бодлогын нийт эрэлтэд үзүүлэх нөлөөлөлтэй танилцана. Улмаар, нийт эрэлтийн загвараа нийт нийлүүлэлттэй авч үзэн эдийн засгийн макро тэнцвэрийн загварыг байгуулах ба энэхүү тэнцвэрийн загвараа ашиглан мөнгөний бодлогын нийт эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судална. Хичээлийн гурав дах хэсэгт бид мөнгөний бодлогод хүлээлтийн гүйцэтгэх үүргийн талаар авч үзэх ба мөнгөний бодлогын нөлөөллийн бусад сувгуудтай танилцана. Тухайлбал, хичээлийн хоёр дах хэсэгт үзсэн мөнгөний бодлогын хүүгээр дамжин нөлөөлөх сувгаас гадна зээлийн болон балансын нөлөөллийн сувгуудыг үзнэ.

Зорилго

Эдийн засгийн мөнгөний зах, мөнгөний бодлогын нийтлэг суурь онолыг танилцуулах, улмаар нийт элийн засагт мөнгө, мөнгөний бодлогын гүйцэтгэх үүргийг гүнзгийрүүлэн судлах зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON101
Багц цаг: 3

Товч агуулга

Микро эдийн загийн үндэс хичээлийн хүрээнд эдийн засгийн агентуудын үйл хөдлөл, зах зээлийн тэнцвэр, эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмжүүд, үйлдвэрлэгчийн шийдвэр гаргалт, бүтээгдэхүүний ба хүчин зүйлсийн зах зээлийн төрлүүд, тэдгээрт үнэ тогтох хэлбэрүүдийг судална. Удиртгал хичээлийн хүрээнд оюутнууд микро эдийн засгийн үндсэн асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаагаас хамаарсан эдийн засгийн тогтолцооны талаар ойлголтуудтай танилцана. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо дахь үнэ бүрдэлт, түүнийг тодорхойлогч эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөгч хүчин зүйлүүдийн талаар судална. Эрэлтийн, үнээс болон орлогоос хамаарсан мэдрэмжүүд, солбисон эрэлтийн мэдрэмжүүдийг тооцож чаддаг болох ба мэдрэмжээс нь хамааран бараа бүтээгдэхүүнийг ангилж сурна. Мөн нийлүүлэлтийн мэдрэмжийг тооцоолж чаддаг болно. Үйлдвэрлэлийн урт ба богино хугацааг тодорхойлж сурах ба урт, богино хугацааны зардлуудын шинжилгээг хийнэ. Түүнчлэн зардлын муруйнуудын хоорондын уялдаа холбоог мэддэг болно. Бүтээгдэхүүний зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд төгс ба төгс бус өрсөлдөөнт зах зээлийн хэлбэрүүдтэй танилцаж, тэдгээр зах зээлүүд дэх үнэ бүрдэлтийг судална. Тухайлбал: ТӨЗЗ, монополь, монопольт өрсөлдөөнт зах зээлүүд дэх үнэ тогтоох аргуудтай танилцана. Зах зээлийн давуу болон сул талуудыг тодорхойлно. Хүчин зүйлсийн зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд хөдөлмөр, капитал, газрын зах зээлүүдийн үнэ бүрдэлтийг судална. Улс орнуудын хооронд зах зээлийн хэлбэрээс хамааран ялгаатай цалин тогтох шалтгаануудыг тайлбарлана. Мөн хөдөлмөрийн зах зээл дэх үйлдвэрчний эвлэлийн оролцооны талаар авч үзнэ. Капиталын зах зээл сэдвийн хүрээнд өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнийг тооцоолж сурна. Зах зээлийн тэнцвэрт хүүгийн түвшин, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар ойлголт өгч улмаар газрын үнэ болох рент хэрхэн тодорхойлогддог онцлог шинж чанартай танилцана. Мөн төрийн оролцоо, зах зээлийн сул тал, дам нөлөө болон байгаль орчны хамгааллын тухай танилцана.

Зорилго

Оюутнуудад микро эдийн засгийн онолын үндсэн ойлголтуудыг танилцуулж, тэдгээрийн уялдаа холбоо, илэрхийлж буй агуулгыг дэс дараалалтай, цэгцтэй ойлгуулж, амьдрал дээр гарч байгаа микро эдийн засгийн энгийн үзэгдэл үйл явцыг тайлбарлах чадвартай болгох, дунд түвшний микроэкономикс хичээл судлах оюутнуудын хувьд суурь мэдлэг олгох зорилготой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар