Бидний тухай
Багш ажилтан
Монгол бичгийн хулсан үзэг, төмөр үзэг, хорголжин бар, модон бар, таталган хэлбэрээр бичсэн төрөл бүрийн түүхэн сурвалж, бичгийн дурсгалыг унших арга дадлыг олгож, түүхэн болон хуучирсан үг хэллэгийн гарал, утга, утгын хувьсал, хэрэглээг тайлбарлана. Мөн харь хэлнээс монгол хэлэнд орсон үгсийн цаг үе, соёлын харилцааны учир холбогдол, дуудлага бичлэгийн хувьслыг таниулна. Суралцагч судалгааны ном зохиол, монгол бичгээр гарсан монгол хэлний тайлбар толь, хэлзүйн бүтээлийг ашиглаж, зөв бичихзүй, үгийн гарал, утга, утгын хувьсал, хэрэглээ, бүтээврийн онцлогийг тодруулна.
Монгол бичгийн хэлний хожуу үе буюу 16-17 дугаар зуунаас хойших бичмэл болон олон янзаар барлаж хэвлэсэн бичгийн дурсгалыг унших, сонгодог монгол бичгийн хэлний онцлог, найруулга, үгийн сангийн баялгаас суралцана. Энэ хичээлийг үзсэнээр монгол хэлний үгийн сангаа баяжуулж, монгол бичгийг мэргэжлийн түвшинд судалж, сонгодог монгол бичгийн хэлний дурсгалуудыг уншиж судлах дадал чадварыг эзэмшинэ.
Энгийн ярианы төвшинг шатлан өргөжүүлсэн буюу илүү олон хувилбарт мэндчилгээний хэлбэрүүд (танилцах, хандах, урих, гуйх, зөвшөөх, татгалзах, зөвлөх, сэтгэл засах, ерөөх, утсаар ярих, харилцаа яриа ба эх текст, хурал зөвлөлгөөнд оролцох), Монголын хөдөө нутаг, ёс заншил, таван хошуу мал гэх зэрэг сэдвээр (чөлөөтэй) ярьж сургах ба хүндэтгэсэн үг хэллэг, хар яриа, ярианы баймж, өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үг, сул үгийг яриандаа хэрхэн хэрэглэхийг сургах Оюутан ахуй амьдралын болон ажил төрөл, тухайн тодорхой сэдвээр бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх, ярианы нарийн өнгө аяс, ээдрээ төвөгтэй зүйлийг бусдад ойлгуулахад шаардлагатай үг хэллэг, өгүүлбэрийг ойлгож, хэрэглүүлж сургах Гадаадын их дээд сургуулийн монгол хэлний ангид 2-3 жил суралцсан болон, Монгол улсад ажиллаж амьдарч байгаа, монгол хэлээр уншиж бичихдээ шударгашсан, ийм хүмүүст санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж сурах, харилцан болон ганцаарчилсан ярианы ярих чадвар дадлыг нэмэгдүүлэх, номын үгээр аялгагүй, цэвэр өгүүлж сургахыг зорилго болгож утга зохиолын яруу тансаг, хэл найруулгын амт шимтийг мэдүүлэх, цэвэр, тодорхой, цэгцтэй, нуршилгүй, түгдрэлгүй ярьж сургах Хэл яриаг эмх цэгцтэй болгох, аль болох хар яриаг багасгах үүднээс богино өгүүллэгүүд сонгон авч унших ярих сэтгэл урмыг сэргээхүйц, орчин үедээ тохирсон, аль ч улсын, ямар ч насны хүмүүст нийцэхүйц, хуучин сурталгүй, бусад хичээлийн сэдвийг давхцалгүй, сургах хүмүүжүүлэх аястай тул бэрхшээх зүйлгүй болно.
Өдөр тутмын хэвлэл, цаг үетэй холбоотой сэдвээр ярих чадвар эзэмших, сүүлийн үеийн мэдээг радио телевизээр сонсож ойлгох, үлгэр, бичвэрийн агуулгыг илэрхийлэн ярих, тодорхой сэдвээр зохион ярих, ямар ч сэдвээр бусдаас мэдээлэл авах, өгөх чадвар эзэмшинэ. Анги танхимаас гадна орчинд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, харилцан ярилцах чадвар дадал эзэмшинэ.
•Авиаг зөв дуудаж, мэндлэх, талархах, уучлал гуйх, өөрийгөө болон гэр бүлээ танилцуулах, анги танхимд буй эд зүйлийг нэрлэж, холбоо үг үүсгэж сурах, •Асуулт хариултын энгийн болон дэлгэрэнгүй, хураангуй хэлбэрийг эзэмшүүлэх, •Үйлчилгээний газарт өргөн хэрэглэгддэг өдөр тутмын энгийн ярианд сурах дадлага дасгал хийнэ.
1.Асуулт хариултын хэлбэрийг зөв хэрэглэж сурах 2.Сонссоноо зөв ойлгож, санаа бодлоо энгийн ярианы хэлбэрээр илэрхийлж чаддаг болох. 3.Зөв дуудан түгдрэлгүй түргэн уншиж ойлгосноо товч ярих
Орчин цагийн монгол хэлний авиан зүй, зөв бичих, үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд зайлшгүй мэдвэл зохих сэдвүүдийн хүрээнд зааж, монгол хэлийг богино хугацаанд хурдан ярих, бичих, унших, ойлгох дадлага олгоход оршино.
Уг хичээлийг үзсэнээр суралцагчид монгол хэлний авианы бүрэлдэхүүн, авианы байрлал, дуудлага, тэдгээрийг бичигт хэрхэн тэмдэглэдэг талаар зохих мэдлэг эзэмшинэ. Мөн монгол хэлний үг, өгүүлбэрийн бүтэц, гишүүдийн байр, үгийн үндсэн болон шилжсэн утга, нөхцөл дагаврын утга үүрэг, хэрэглээг зааснаар үг өгүүлбэрийг зөв холбон хэлбэржүүлэх үндсэн мэдлэгийг эзэмшиж, монгол хэлний дүрмийн болон утгазүйн алдаагүй зөв сайхан ойлгох, энгийн болон нийлмэл өгүүлбэрээр санаа бодлоо илэрхийлэх, сурсан хэлзүйдээ тулгуурлан зөв, цэвэр унших, ярих, бичих, сонсох чадварыг эзэмших болно.
Монгол хэлний үгийн сан, утга судлалын хичээлээр үгийн сан болоод утга судлалын ялгаатай ба адил тал, хэлний өнгөн ба гүн бүтцийн онол, утга судлалын нэгж, утга зүйн арга үгийн сан баяжих нэгэн зүйл арга болох тухай, үгийн сангийн ба утга зүйн нэгж, үг, хоршоо үг, нийлмэл үг, өвөрмөц хэлц, хэвшмэл хэлцийн утга, үгийн сан утга зүйн ай болох үгийн үндсэн ба хос, олон утга, ойролцоо утга эсрэг утга, төсөө утга, төрөл утга, харьяа утга, ижил үг зэргийг судлахын сацуу үгийн сангийн нэр зүйн үндэс болсон хүний нэр, газрын нэр, усны нэр, амьтны нэр, ургамлын нэр, байгууллагын нэр, бүтээгдэхүүний нэр тэргүүтнийг судална. Мөн үгийн сангийн найруулгын үндсэн хэв маяг болох тахил үг, мэндийн үг, талархал үг, ерөөл үг, хүндэтгэлийн үг, эерүүлэл, хуучин үг, мэргэжлийн үг тэргүүнийг судалж дадлага хийнэ.
Монгол хэлний үгийн сан, утга судлалын хичээлийг үзсэнээр монгол хэл шинжлэлийн болон ерөнхий хэлшинжлэл, гадаад хэлний бусад хичээлийг үзэж судлах үндсэн бааз суурь үүсэн бий болохын зэрэгцээ монгол хэлний үгийн сан утга судлалын хичээлийн үндсэн ойлголт, тогтолцоог судлан мэдсэнээр цаашид бүх шатны сургууль болон сургалтын байгууллагад заах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшинэ.
Монгол хэлийг эхлэн суралцагч нь тэг төвшинөөс эхлэх тул монгол хэлний үгийн сангийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг ойрын хэрэгцээт үгнээс эхлэн таниулж хичээлийн цаг ахихын хэрээр шинэ шинэ үгтэй танилцуулна. Мөн үг, холбоо үг, үгүүлбэрийг зөв түгдрэлгүй уншиж сургах, уншсан зүйлийнхээ утгыг ойлгодог болгохын зэрэгцээ ярих бичихдээ үгээ зөв сонгох чадварыг эзэмшүүлнэ.
Хичээлийн агуулгын хүрээнд үгийн сангийн үг, хэллэгтэй танилцсанаар мэдээ мэдээлэл, ахуй, түүх, соёл, ёсзаншил, ардын аман зохиол зэрэг богино хэмжээний бичвэр уншиж ойлгох, ойлгосноо өөрийн үгээрярих чадвартай болно. Анхан шатны ангид хичээлийн хагас жилийн туршид 2000-2500 орчим шинэ үг хэллэг сурах боломжтой. Хос хэлний толь бичиг ашиглан тухайн үгийн утгыг саадгүй ойлгох чадвартай болно. Цаашид дунд, түүнээс дээд төвшинд үргэлжлүүлэн суралцах чадвартай болно.
Монгол бичгийн хэл хичээл нь оюутнуудад монгол хэлээр сонссон, уншсан зүйлээ бичгээр илэрхийлэх, өөрийн санаа бодлыг зөв илэрхийлэн бичүүлж сургахад чиглэнэ. Үүний тулд монгол хэлний зөв бичих дүрмийг 4-5 багц болгон ойлгуулах, улмаар зөв бичих дадлага олгох, өдөр тутмын бичгийн хэрэглээний зүйлсийг (эх, бичвэр, өргөдөл, захидал, зурвас зэргийг) зөв бичүүлж сургах, үг, холбоо үг, өгүүлбэрийг зөв холбох, өгүүлбэрийн гишүүдийг зөв байрлуулж бичүүлж сургах, санаа бодлоо зөв илэрхийлэн бичүүлж сургах зорилготой.
Энэхүү хичээлийг үзэж судалснаар оюутнууд: 1.Уншсан, сонссон, үзсэн зүйлээ товч тодорхой дэс дараалалтай зөв илэрхийлэн бичих 2.Өөрийн бодож төлөвлөсөн зүйлээ зөв найруулан, утга санааг зөв илэрхийлж бичих (эх, бичвэр, захиа, өргөдөл гэх мэт) 3.Монгол хэлний бичгийн хэлний зөв бичих дүрмийг баримтлан зөв бичиж сурах 4.Бусад хэлзүй, ярианы хэл, үгсийн сан зэрэг хичээлтэй уялдуулан шинэ үг хэллэг ойрын хэрэглээний үгс, монгол ахуй, ёс заншилтай холбоотой үг, холбоо үг, үгсийн утгыг ойлгон зөв тайлбарлаж бичих чадварыг эзэмшсэн байна.
Бичгийн хэл-оюутнуудын зөв бичих дүрмийг 5-6 багц болгон ойлгуулах, улмаар зөв бичих дадлага олгох, үг, өгүүлбэр, бичвэрийг зөв найруулж бичих, өгүүлбэрийн гишүүдийг зөв байрлуулах, монгол хэлний өвөрмөц хэллэг, хэлц үгийн утгыг ойлгож, зөв хэрэглэх, өөрийн санаа бодлоо бичгээр зөв илэрхийлж сургах зорилготой.
1.Өөрийн уншсан, бодсон санасан зүйлээ зөв бичих дүрмийн алдаагүй бичих 2.Найруулгын алдаагүй зөв бичих 3.Албан бичгийн хэл найруулгын энгийн дадал эзэмшинэ.
Лекцийн хичээлээр монгол бичгийн үүсэл гарал, түүх, монгол бичиг монголчуудын хувьд бахархал, ижилсэл болох нь, монгол бичгийн талаарх төрийн бодлого, монгол бичгийн толь бичгүүд, монгол бичгийн цахим хөгжил, монгол бичиг монгол сэтгэлгээг тусгасан болох, кирилл монгол бичгийн зөв бичих дүрмийн харьцуулал, дүрс ялган бичих үгс, ормол үгс, монгол бичгээр гадаад үг бичих зарчим, монгол бичгийн соёл, монгол бичгийн олон зүйл тиг, монгол бичгийн онцлог дурсгалууд, монгол бусад улс үндэстний бичиг үсэгт нөлөөлсөн байдлын талаарх үндсэн ойлголт, мэдлэг эзэмшинэ. Дадлагын хичээлээр монгол бичгийн зөв бичих зүйн зарчмын тухай мэдлэгт тулгуурлан, орчин цагийн монгол хэлний урт, хос эгшгийн учир, дэвсгэрлэх жийрэглэх ёсны тухай зөв ойлгож, түүндээ тулгуурлан монгол бичгээр нэр, үйл үгийг нөхцөлөөр хувилгах, нэр, үйл үг бүтээх дагаврын утга, хэрэглээ, бичлэгийг сурч, лекцийн хичээлийн агуулгад холбогдох эрт эдүгээгийн олон эхүүдийг ашиглан, монгол бичгийн хэлний хэм хэмжээний дагуу монгол бичгээр зөв уншиж, монгол бичгээс кирилл бичигт, кирилл бичгээс монгол бичигт хэрэглээний түвшинд хөрвүүлэн бичих чадвартай болно.
Энэхүү хичээл нь ерөнхий боловсролын сургуульд эзэмшсэн монгол бичгийн суурь мэдлэгийг баяжуулах, монгол бичгийн зөв бичих зүй, үг бүтэх ёсны тухай хэл шинжлэлийн ухаанд тулгуурласан мэдлэг олгох, монгол бичгээ хэрэглээний түвшинд хэрэглэх чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой. Тус хичээлийг үзсэнээр, монгол бичгийн тухай цогц мэдлэг мэдээлэлтэй болж, монгол бичгээр унших чадварыг сайжруулж, кириллээс монгол бичигт хөрвүүлэх, монгол бичгийг цахимд хэрэглэх арга зүй, дадал эзэмших, монгол хэл, бичгийн чиглэлийн залгамж хичээлүүд болон дараагийн түвшний бүх хичээлийг судлах суурь болох ач холбогдолтой.