Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү курс хичээлийн агуулга нь дэлхийн өрнө, дорно дахины эртний түүхийн талаар системтэй мэдлэг олгоход чиглэнэ. Хөтөлбөрийн Эртний дорно дахины хэсэг: Эртний дорно дахин бол хүн төрөлхтний түүхийн эхлэл ба хүмүүний соёл иргэншлийн өлгий голомт мөн бөгөөд өвөг түүхээс бичгийн дурсгалаар судалж болох түүх иргэншил рүү шилжиж, бүс нутагт анхны төр улсууд бий болсон үйл явдлыг судлах ба газар тариалан, мал аж ахуй, төмөрлөг олборлож боловсруулан ашиглах арга технологийг нээж сайжруулсаар томоохон иргэншлүүд бүрэлдэж бий болсон түүхийг үзнэ. Бичиг үсэг үүсэж түгж тархсан үйл явц, шинжлэх ухааны мэдлэгийн үндэс суурь, шашин шүтлэгийн хувьсал хөгжил, хот балгад үүсэж бий болсон түүхийг бүс нутгуудын жишээнд суурилж авч үзнэ. Төр улсын үүсэл, нийгмийн бүлэг давхарга, статус, ялгаа, хараат байдлыг ижил төстэй тал, онцлогийг судална. Харин өрнө дахины түүхийн хэсэг нь жртний Грек, Ромын гэж хоёр хуваагдах бөгөөд эдгээр иргэншлүүдийн үүсэн бүрэлдэж, цэцэглэн хөгжиж, задран мөхсөн түүхийн асуудлыг хамарна. Төр улсын үүсэл, түүний шалтгаан, төрийн хэлбэр, онцлог, зохион байгуулалт, цэрэг дайны гол үйл ажиллагаа, түүхэн зүтгэлтнүүдийн талаар; мөн эдийн засаг, нийгмийн зохион байгуулалтын өвөрмөц шинж чанар, нийгмийн бүтэц; соёл: уран баримал, уран барилга, ваар урлал, театрын урлаг, дүрслэх урлаг, бичиг үсгийн хөгжил, харилцан хамаарал зэрэг соёлын ололтын асуудлууд багтана.
Түүх, археологийн сурвалжийн хэрэглэгдэхүүн, ойрхи үеийн судалгааны сүүлийн үеийн ололтод тулгуурлан хүн төрөлхтний түүхийн эхлэл - Эртний үеийг ойлгох, тайлбарлах системтэй мэдлэг, чадвар олгоно. Ази-Африк-Европ тивийн уулзвар - зааг бүс нутагт иргэншил үүсэж, анхны хотууд байгуулагдаж улмаар хүн төрөлхтний хөгжлийн шинэ үеийн онцлог болсон төр улсууд үүсэж, хөгжиж, мөхсөн түүхийг цаг хугацааны хувьд НТӨ IV мянган – НТ I мянганы эхэн хагас хүртэл, орон зайн хувьд дорнын болон өрнийн (Европын) гэсэн хоёр үндсэн хэсэгт хувааж, улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, шүтлэг гэсэн айн хүрээнд сэдэвчлэн судлахдаа тэдгээрийн хожмын цаг үед нөлөөлсөн ололт амжилт, нийтлэг болон өвөрмөц талд гол анхаарал хандуулна.
Түүхэн газар зүйн шинжлэх ухааны үүсэл, хөгжил, түүний чиглэл; Эх сурвалж хэрэглэгдэхүүн, онол, арга зүй, орчин цагийн хандлага/тренд; Монголын түүхэн газар зүйн судалгааны түүх бичлэгийн тойм; Монголчуудын газар нутаг, түүхэн орон зай хэрхэн тэлж, хумигдаж ирсэн хувьсал хөгжлийн түүх; Эрт, дундад шинэ үеийн Төв/Дотоод Азийн овог, аймгуудын төр улсын голомт, хил хязгаар, засаг захиргаа (мянгат, түмт, гар/жигүүрүүд гэх мэт)-ны өөрчлөлт хувьсал; Сурвалжид тэмдэглэсэн эрт, дундад, хожуу дундад үеийн овог, аймгуудын түүхэд, түүхэн үйл явдлаар тэмдэглэгдэж үлдсэн газар орон (уул, ус гол мөрөн, нуур тойром), говь, тал, ой хөвч)-ы байршил, тэр цагийн байдал (гол мөрөн нуур цөөрөм ширгэсэн, багассан эсвэл ой мод түрсэн, ухарсан зэрэг)-ын судалгаа
Монголчуудын оршихуйн язгуур үндэс, нөхцөл болсон монголын түүхэн орон зай, нутаг дэвсгэрийн түүхийг Түүхэн газар зүйн ухааны үүднээс, өөрчлөлт, шалтгаан үр дагаврын хэлхээ холбоост тулгуурлаж, баримттай, шүүмжлэлт сэтгэлгээгээр авч үзэн, асуудлыг шийдвэрлэж, үзэл бодлоо цэгцтэй, бичиг, амаар илэрхийлж, тайлбарлах чадвар эзэмшүүлэх зорилготой хөтөлбөрийг дүүргэх нь түүхийн шинжлэх ухааны суурь, үндсэн мэдлэг судалгааны аргыг эзэмшсэн, түвшин ахих чадвартай суралцагч болж хөгжихөд хувь нэмэр болно.
Нэгдүгээр хэсэг — Монголын өвөг түүх (чулуун зэвсгийн эрин, төмөрлөгийн эрин, монголын археологийн соёлууд); Анхны төр улс ба эртний монголчуудын төр улсууд; Түрэг угсааны овог, аймгууд тэдний байгуулсан улсууд; Төв/Дотоод Ази, Монголын нүүдэлчдийн ертөнцөд монголчуудын манлайлал сэргэсэн нь, Хятан ба Монголын хант улсууд. Хоёрдугаар хэсэг — XII зууны II хагас – XIII зууны эхний Монгол (хант улсуудаас нэгдсэн улс руу); тулгар байгуулагдсан Их Монгол улсын оршин тогтнохуйн төлөөх тэмцэл буюу Чингис хааны байлдан дагуулал; Өгэдэй-Гүюг-Мөнх хааны эрин ба Толуй, Дөргэнэ, Огул Хаймишийн зурвас үе; 1260-1310-д оны Монголын эзэнт гүрэн; XIV зууны эхэн хагасын Монголын түүх (Монголын Юань улс, Жүчийн улс, Цагадайн улс, Өгэдэйн улс, Ил ханы улс; Монголын байлдан дагууллын онцлог болон тамма цэрэг; Дэлхийг захирах бодлого (Даругачи, захирагчийн тогтолцоо); Монголын энхжин (Pax Mongolica)
Монгол, Төв/Дотоод Азийн нүүдэлчдийн эртний төр улсууд болон X-XII зууны монголын хант улсууд, Их Монгол улс, Монголын эзэнт гүрний түүхийг судалж, шинэ мэдлэг эзэмших ба үүний тулд монголын эрт, дундад үеийн түүх, холбогдох бичгийн болон эртний судлалын эх хэрэглэгдэхүүнийг шинжилж, нягтлахад суралцаж, баримт мэдээг судалгаанд хэрэглэх нийтлэг арга зүйд суралцаж, шүүмжлэлт сэтгэлгээ эзэмшиж, энэ хөтөлбөрийн хүрээнд тулгарч буй сорилт, хэрэгцээг тодорхойлж, шийдэл олж чаддаг болно. Ингэснээр эх түүхээ сонирхох, судлах эрмэлзэл улам ахих ба суралцагч нь монголын эрт, дундад үеийн түүхээр дамжуулан хариуцлагатай байхад суралцаж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чадавх сууж, түвшин ахиж дээшлэхэд үүрэг, ач холбогдолтой.
ХІІ зууны ІІ хагасаас XIII зууны эх хүртэлх Монгол, Төв/Дотоод Азийн нөхцөл байдал (Хант улсуудаас Нэгдсэн улс байгуулагдсан түүх); Их Монгол улс байгуулагдсан түүхэн ач холбогдол, үр дагавар; Чингис хааны төрийн бодлого; Төв Евразийн улс төрийн нөхцөл байдал ба шинэ улсын оршин тогтнохуйн төлөөх тэмцэл ба Чингис хааны байлдан дагуулал; Өгэдэй-Гүюг-Мөнх хааны үеийн монголын төрийн бүтэц зохион байгуулалт, онцлог; Өгэдэй-Гүюг-Мөнх хааны эрин ба Толуй, Дөргэнэ, Огул Хаймишийн зурвас үе; 1260-1310-д оны Монголын эзэнт гүрэн; XIV зууны эхэн хагасын Монголын түүх (Монголын Юань улс, Жүчийн улс, Цагадайн улс, Өгэдэйн улс, Ил ханы улс; Их Монгол улсын төрийн бүтэц зохион байгуулалт, онцлог (Их хурилдай, хурилдай, түмт, мянгат гэх мэт); Их Монгол улсын эдийн засаг ба XIII-XIV зууны дэлхийн худалдааны түүх (Алба татвар, хүн амын тооллого, Ортаг худалдаа, Торгоны зам гэх мэт); Монголын байлдан дагууллын онцлог болон тамма цэрэг; Дэлхийг захирах бодлого (Даругачи/баскак, шихнэ, Захирагчийн тогтолцоо); Монголын энхжин (Рах Mongolica)
XIII-XIV зууны Дэлхийн түүхийг монголчууд тодорхойлсон учраас Монголын эзэнт гүрний түүхийг судалж, шинэ мэдлэг эзэмших зайлшгүй шаардлагаас хөтөлбөрийн зорилго, ач холбогдол урган гарч уялдах бөгөөд үүний тулд монголын дундад үеийн түүх, холбогдох бичгийн, археологийн эх хэрэглэгдэхүүнийг шинжилж, нягтлахад суралцаж, баримт мэдээг судалгаанд хэрэглэх нийтлэг арга зүйд суралцаж, шүүмжлэлт сэтгэлгээ суулгаж, хөтөлбөрийн хүрээнд тулгарч буй сорилт, хэрэгцээг тодорхойлж, шийдэл олж чаддаг болно. Ингэснээр эх түүхээ сонирхох, судлах эрмэлзлээ улам ахиулж, суралцагч нь монголын түүхээр дамжуулан хариуцлагатай байхад суралцаж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах чадавх сууж, түвшин ахиж дээшлэхэд үүрэг, ач холбогдолтой.
Энэ хичээлээр оюутнууд нэн эртнээс өнөө үе хүртэлх Монголын улс төр, нийгэм, оюун санаа, соёл, аж ахуйн түүхтэй танилцана. Юуны өмнө тус хичээл Монгол нутагт эртний хүн анх суурьшиж, өвөг үеийн аж ахуй, соёл, нийгэм хөгжсөн тухай гол асуудлууд, хүрэл-түрүү төмрийн үед нүүдлийн иргэншил үүссэн хийгээд энэ нь өвөг монгол угсаатнууд, тэдний төрт улс бүрэлдэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар авч үзнэ. Улмаар оюутнууд Монгол нутаг дахь эртний төрт улсуудын хөгжилт, Монголын эзэнт гүрэн байгуулагдсан үйл явц ба эзэнт гүрний үеийн Евро-Ази дахь улс төрийн тогтвортой байдал, соёл, эдийн засагт гарсан гол дэвшлүүдийг судална. Мөн, тус хичээл эзэнт гүрэн мөхсөний дараах их хаадын эрх мэдлийн бууралт болон Монгол дахь улс төр, нийгэм, соёлын өөрчлөлтүүд, XVII-XVIII зуунд монголчууд Манж Чин гүрний харьяанд орсон хийгээд Чин гүрний үеийн улс төр, нийгмийн асуудлуудыг хэлэлцэхэд чухалчлан анхаарна. Хичээлийн сүүл хэсэгт оюутнууд тусгаар тогтнолын төлөө хувьсгалт хөдөлгөөнөөр эхэлсэн Монголын шинэ түүхийг дэлхийн чухал үйл явдлуудын хэлхээ холбоонд ойлгож, XX зууны Монголын нийгэм-улс төрийн хувьсгалууд болон орчин үеийн монголын оюун санаа, эдийн засгийн өөрчлөлтүүдийн талаар хэлэлцэнэ. Хичээл Монгол орны өнөө болон ирээдүйн тухай хэлэлцүүлгээр өндөрлөнө.
Монголчуудын түүхийг дэлхий дахинаа мандан бадарсан эрэлхэг дайнч үндэстэн, эсвэл соёл иргэншлүүдийг аймшигт сүйрэлд автуулж явсан бүдүүлэгчүүдийн гэх хоёрхон хэмжээсээр харах үзэл бий. Гэвч сүүлийн үед олон орны эрдэмтдийн шинэ судалгааны үрээр монголчуудын түүхийн талаарх ташаарлуудыг залруулж, түүнийг хавьгүй баялаг агуулгаар ойлгох боломж нээгдэж байна. Оюутнууд Монголын түүхийг тэрхүү шинэ чиг хандлагаар судлах нь энэ хичээлийн гол зорилго болно. Оюутнууд тус орны нэн эртнээс өнөө үе хүртэлх түүхтэй танилцаж, нийгэм-соёл, аж ахуй, улс төрийн гол өөрчлөлтүүд хийгээд Монгол ба дэлхий, бүс нутгийн түүхэн үйл явцуудын холбоог ойлгохын зэрэгцээ сэдэв, асуудлыг судлахдаа мэдээлэлд анализ хийх, аргумент дэвшүүлэх, өөрийн санааг илэрхийлэх чадвар эзэмшинэ. Үүний сацуу тэд өөрийн ард түмний түүхэн ололт, соёл, үнэт зүйлсийг дээдлэн хамгаалах төдийгүй бусдынхыг хүндэтгэх хандлагатай болно.