Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр хэлний тухай шинжлэх ухааны үндсэн ойлголтууд, хэлний мөн чанар, гарал үүсэл, дэлхийн олон хэлний ангилал, түүнчлэн хэлний нэгжүүд, тэдгээрийн хоорондын харьцаа хамаарал, бүтэц, онцлог, бичиг үсгийн үүсэл, хэлний хэв шинж, хувьсал өөрчлөлт зэргийг судалж, мэдэх болно.
Хэлний онцлог, мөн чанар, үүргийн тухай хэлшинжлэлийн үндсэн мэдлэгийн агуулгыг судалж, улмаар тодорхой хэлний тодорхой үзэгдлийг хэлний онолын баримтад тулгуурлан ойлгож, тайлбарладаг чадвартай болох зорилготой.
Энэхүү хичээлээр ерөнхий хэл шинжлэлийн онолын үндсэн асуудал, судлах зүйл, судалгааны арга, арга судлал зэргийг тоймлон үзнэ. Тухайлбал, ерөнхий хэл шинжлэлийн онолын сэтгэлгээний тойм, хэлний мөн чанар, үүслийн талаарх онол ойлголтууд, онолын үндсэн асуудал болох хэл дохио тэмдгийн тогтолцоо болох нь, хэл ба соёл, хэл ба нийгэм, хэлний үндсэн ба завсрын түвшин, тэдгээрийн нэгж, хэл шинжлэл ба бусад шинжлэх ухаан, 19-20 дугаар зууны орчин үеийн хэл шинжлэлийн дэг сургуулиуд тэдгээрийн төлөөлөл, ялгаа онцлог, 21 дүгээр зууны хэлшинжлэлийн ерөнхий чиг хандлага, хэл судлалын үндсэн аргазүйн тухай асуудлыг онол аргазүйн шинэ хандлагаар авч үзнэ.)
Ерөнхий хэлшинжлэлийн үндсэн тулгуур ойлголтыг таниулах; Хэл шинжлэлийн онолын баримтлалын дагуу монгол хэлний тодорхой үзэгдлийг судлан шинжлэх мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилготой. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:
Нийгэм хэл шинжлэлийн үүсэл хөгжил, хэлний нийгмийн бүлгүүд, нийгэм хэл шинжлэлийн онол ойлголтуудад тулгуурлан монгол хэлний нутгийн ба нийгмийн бүлгийн хэл, аялгууны ялгааг авч үзнэ. Хэлний бодлого, хэлний сургалт, жендерийн хэлний асуудлыг ч нийгмийн бүлэг, угсаатны бүлгийн монгол хэлний баримтаар судална.
Суралцагч монгол хэлний асуудлыг нийгэм хэл шинжлэлийн онолын тулгуур ойлголтуудын хүрээнд ойлгох, дүгнэх, судлах чадвартай болно. Нийгэм хэл шинжлэлийн судалгааны арга зүй болох хэлний болон социологийн судалгааны аргуудыг эзэмшсэнээр хэлний дата, баримт, материалд дүн шинжилгээ хийх арга зүйг эзэмшинэ.
Өмнө нь монгол хэлийг анхан шатны түвшинд сурч байсан бөгөөд тус бэлтгэл ангийн дунд шатанд суралцах боломжтой гадаадын оюутнуудад монгол хэлний хэлзүйн тухай үндсэн мэдлэгийг цэгцтэй, тогтолцоотой олгоход энэ хичээлийн зорилго оршино. Ингэснээрээ монгол хэлний хэлзүйн байгууллын тухай бат суурьтай, эмх замбараатай мэдлэгтэй болж улмаар монгол хэлээр ярих, ойлгох, бичих дадлагыг төгс эзэмшихэд үндсэн нөхцөл болох юм. Гадаад хэлийг зөвхөн дадлагын замаар сургах нь ялангуяа насанд хүрсэн хүмүүст тийм ч үр бүтээлтэй арга биш бөгөөд харин онолын үндэстэй, орчин үеийн хэлшинжлэлийн ололтод тулгуурласан, тогтолцоот бүтэц болох талаас нь тайлбарлан ойлгуулах, ойлгосон зүйлийг нь бататган эзэмшүүлэх чиглэлийн мэдлэг олгох нь илүү үр дүнтэй юм.
1.Орчин цагийн монгол хэлний хэлзүйн байгуулал, түүний тогтолцооны тухай эмх цэгцтэй, нэгдсэн ойлголттой болж хэлзүйн нэгжүүдийн тухай суурь мэдлэгтэй болно. 2.Хэлзүйн байгууллын тухай суурь мэдлэгийг монгол хэлээр ярьж санаа бодлоо илэрхийлэх, уншиж ойлгох, зөв ойлгомжтой бичих чадвар эзэмшихэд бүтээлчээр хэрэглэж сурах 3.Монгол хэлний хэлзүйн талаар хэлшинжлэлийн дунд шатны мэдлэгтэй болж цаашид энэ чиглэлээр гүнзгийрүүлэн судлах боломжтой болно.
Бүтээвэр нь хэлний шаталсан тогтолцооны бие даасан түвшний нэгж бөгөөд түүний байрлал, бүтэц, утга үүргийг судлах хэл шинжлэлийн салбар ухааныг бүтээвэр зүй гэдэг. Энэ хичээлээр Орчин цагийн монгол хэлний үг бүтэх ёс, арга, үгийн аймаг, тэдгээрийн үндсэн шинж, бүтээврүүдийн байрлал, утга үүргийг холбогдох судалгааны ном зохиолд тулгуурлан авч үзнэ.
Монгол хэлний бүтээврийн хэв шинж, байрлал, утга үүргийн тухай тогтолцоот мэдлэгийг эзэмшиж, тодорхой бүтээврийн утга үүргийг задлаг хам бүтэц, нийлэг хам бүтцийн харьцааны үүднээс тайлбарлаж чаддаг болно.
Монгол бичгийн хэл хичээл нь оюутнуудад монгол хэлээр сонссон, уншсан зүйлээ бичгээр илэрхийлэх, өөрийн санаа бодлыг зөв илэрхийлэн бичүүлж сургахад чиглэнэ. Үүний тулд монгол хэлний зөв бичих дүрмийг 4-5 багц болгон ойлгуулах, улмаар зөв бичих дадлага олгох, өдөр тутмын бичгийн хэрэглээний зүйлсийг (эх, бичвэр, өргөдөл, захидал, зурвас зэргийг) зөв бичүүлж сургах, үг, холбоо үг, өгүүлбэрийг зөв холбох, өгүүлбэрийн гишүүдийг зөв байрлуулж бичүүлж сургах, санаа бодлоо зөв илэрхийлэн бичүүлж сургах зорилготой.
Энэхүү хичээлийг үзэж судалснаар оюутнууд: 1.Уншсан, сонссон, үзсэн зүйлээ товч тодорхой дэс дараалалтай зөв илэрхийлэн бичих 2.Өөрийн бодож төлөвлөсөн зүйлээ зөв найруулан, утга санааг зөв илэрхийлж бичих (эх, бичвэр, захиа, өргөдөл гэх мэт) 3.Монгол хэлний бичгийн хэлний зөв бичих дүрмийг баримтлан зөв бичиж сурах 4.Бусад хэлзүй, ярианы хэл, үгсийн сан зэрэг хичээлтэй уялдуулан шинэ үг хэллэг ойрын хэрэглээний үгс, монгол ахуй, ёс заншилтай холбоотой үг, холбоо үг, үгсийн утгыг ойлгон зөв тайлбарлаж бичих чадварыг эзэмшсэн байна.