Бидний тухай
Багш ажилтан
Тус хичээл нь үгийн сангийн бүтэц, утга, гарал, хэрэглээ, түүхэн хувьсал болон орчин үеийн хэрэглээний хүрээнд үгсийг шинжлэх ухааны үүднээс тогтолцоотой судлахад чиглэнэ. Хичээлээр уламжлалт үгийн сан судлалын чиглэл (үгийн гарал судлал, утга зүй, толь бичиг зүй, найруулга) болон орчин үеийн хандлага (хөмрөгийн хэл шинжлэл, хиймэл оюун ухаан, орчуулгын үгийн сан судлал, нийгэм-соёлын хүчин зүйлс)–ийг уялдуулан авч үзнэ. Хичээлээр дамжуулан суралцагчдад үгсийн сангийн бүтэц, утгын олон талт байдал, хэрэглээний нөхцөл, хэлний өөрчлөлт, түүхэн болон технологийн нөлөөлөл, орчуулгын арга зүй зэргийг онол, хэрэглээний үүднээс судалж, үгийн санг хэл шинжлэлийн судалгааны олон салбарт хэрхэн ашиглах талаар мэдлэг, арга зүйтэй болно. Түүнчлэн бие даасан судалгааны ажил гүйцэтгэх, академик бичвэр боловсруулах, орчин үеийн өгөгдөлд суурилсан шинжилгээ хийх ур чадварыг хөгжүүлэхэд чиглэж, хэл шинжлэл, орчуулга судлал, толь бичиг зүй, нийгэм хэл шинжлэл болон хэлний технологийн салбарт мэргэшин ажиллах суурь мэдлэг олгоно.
Суралцагчдад үгийн сангийн бүтэц бүрэлдэхүүн, утга зүйн тогтолцоо, хэрэглээний олон талт байдал, түүхэн хувьсал, орчуулга болон технологид суурилсан хэрэглээг онол хэрэглээний түвшинд судлуулах зорилготой. Энэхүү хичээл нь уламжлалт үгийн сан судлал (толь бичиг зүй, найруулга, гарал, утга зүй) болон орчин үеийн чиг хандлага (үгийн сангийн хөмрөг, хиймэл оюун, үгийн сангийн орчуулга, NLP, нийгэм хэл шинжлэл судлал)-ыг хослуулсан судалгааны арга барилыг эзэмшүүлж, судлаачийн шинжлэх ухаанч сэтгэлгээ, бие даан судалгаа хийх чадамжийг хөгжүүлнэ. Хичээлийг судалснаар оюутнууд үгийн сангийн судалгаанд хэрэглэгдэх онол арга зүйг эзэмшиж, олон талт хэлний хэрэглээ, утга, найруулгын шинжилгээ хийж чадах ба орчуулга, толь бичиг боловсруулах, орчин үеийн хэл шинжлэлийн технологид үгсийн санг хэрхэн ашиглах талаарх мэдлэг, ур чадварыг онол, хэрэглээний түвшинд хослуулан хэрэгжүүлэх боломжтой болно. Ингэснээр энэхүү хичээл нь хэл шинжлэл, орчуулга судлал, толь бичиг зүй, нийгэм хэл шинжлэл, цахим хэл шинжлэл зэрэг олон салбарт үр дүнтэй судалгаа хийх үндэс суурийг тавина.
Энэхүү хичээлээр эх бичгийн судалгаа хийх эрдэм шинжилгээний хандлагыг танилцуулах болно. Лекцийн хүрээнд эх сурвалжийн тухай ухагдахуун, түүний ангилал, янз бүрийн бичээс, он дарааллын бичиг гэх мэт өвлүүлэх зорилгоор бичиж үлдээсэн сурвалж, албан бичиг зэрэг харилцааны явцад хуримтлагдаж үлдсэн сурвалжийн ялгаа, төрөл зүйл, монголын сурвалжийн хэл, бичиг, эхийг тайлж унших, галиглах, эхийн бүтэц, тогтмол хэллэг түүний цаг үеэс хамаарсан хувьсал, эхийн зохиогч, он цаг, газар орныг тодорхойлох, баталгаажуулалт, эхэд оруулсан өөрчлөлт, эхийн иж бүрэн судалгааны талаар авч үзнэ. Семинарын хичээлийн агуулгаар бичгийн сурвалжийн судалгаа хийхэд холбогдох салбар ухаануудыг ашиглах чадвар, дадал олгоход чиглэнэ.
Тус хичээлээр онголын бичгийн сурвалжийн жишээгээр, эхийг судлахад хавсрах салбар ухаануудын онол арга зүйн мэдлэгт тулгуурлан эхийн төрөл, зүйлийг тодорхойлох, дотоод бүтэц, үг хэллэгийг тайлж уншиж, ойлгох, эхийн засвар, нэмэлтүүдийг харгалзах зорилготой. Энэхүү хичээлийг үзсэнээр сурвалжийг судлах, дараагийн түвшний судалгаанд ашиглах үндсэн мэдлэг, арга зүйг эзэмших ач холбогдолтой.
Лекцийн хичээлээр монгол бичгийн үүсэл гарал, түүх, монгол бичиг монголчуудын хувьд бахархал, ижилсэл болох нь, монгол бичгийн талаарх төрийн бодлого, монгол бичгийн толь бичгүүд, монгол бичгийн цахим хөгжил, монгол бичиг монгол сэтгэлгээг тусгасан болох, кирилл монгол бичгийн зөв бичих дүрмийн харьцуулал, дүрс ялган бичих үгс, ормол үгс, монгол бичгээр гадаад үг бичих зарчим, монгол бичгийн соёл, монгол бичгийн олон зүйл тиг, монгол бичгийн онцлог дурсгалууд, монгол бусад улс үндэстний бичиг үсэгт нөлөөлсөн байдлын талаарх үндсэн ойлголт, мэдлэг эзэмшинэ. Дадлагын хичээлээр монгол бичгийн зөв бичих зүйн зарчмын тухай мэдлэгт тулгуурлан, орчин цагийн монгол хэлний урт, хос эгшгийн учир, дэвсгэрлэх жийрэглэх ёсны тухай зөв ойлгож, түүндээ тулгуурлан монгол бичгээр нэр, үйл үгийг нөхцөлөөр хувилгах, нэр, үйл үг бүтээх дагаврын утга, хэрэглээ, бичлэгийг сурч, лекцийн хичээлийн агуулгад холбогдох эрт эдүгээгийн олон эхүүдийг ашиглан, монгол бичгийн хэлний хэм хэмжээний дагуу монгол бичгээр зөв уншиж, монгол бичгээс кирилл бичигт, кирилл бичгээс монгол бичигт хэрэглээний түвшинд хөрвүүлэн бичих чадвартай болно.
Энэхүү хичээл нь ерөнхий боловсролын сургуульд эзэмшсэн монгол бичгийн суурь мэдлэгийг баяжуулах, монгол бичгийн зөв бичих зүй, үг бүтэх ёсны тухай хэл шинжлэлийн ухаанд тулгуурласан мэдлэг олгох, монгол бичгээ хэрэглээний түвшинд хэрэглэх чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой. Тус хичээлийг үзсэнээр, монгол бичгийн тухай цогц мэдлэг мэдээлэлтэй болж, монгол бичгээр унших чадварыг сайжруулж, кириллээс монгол бичигт хөрвүүлэх, монгол бичгийг цахимд хэрэглэх арга зүй, дадал эзэмших, монгол хэл, бичгийн чиглэлийн залгамж хичээлүүд болон дараагийн түвшний бүх хичээлийг судлах суурь болох ач холбогдолтой.