Бидний тухай
Багш ажилтан
Хүүхэд хамгааллын хичээл нь нийгмийн ажлын мэргэжлийн бусад суурь хичээлүүдтэй уялдсан, хүний эрх, шударга ёс, нийгмийн ажлын ёс зүйг эрхэмлэх суурь зарчимтай. Тус хичээлээр оюутнууд өнөөгийн Монголын хүүхэд хамгааллын тогтолцооны талаар мэдлэгтэй болохоос гадна хүүхэд хамгааллын олон улсын туршлага, хүүхэдтэй ажиллах нийгмийн ажлын үе шат, арга техникүүдээс суралцана. Түүнчлэн хүүхэд оролцуулсан ёс бус үйл ажиллагаанууд болох хүүхэд худалдаалах гэмт хэрэг, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих явдал, хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглах явдал зэргийн талаар мэдлэгтэй болж тэдгээрээс үйлчлүүлэгчийг хэрхэн урьдчилан сэргийлэх, гэмт үйлдлийг хэрхэн таних, мэдээллэх арга барилаас суралцана.
Хүүхэд хамгааллын хичээл нь бакалаврын түвшний оюутнуудад хүүхэд хамгааллын талаарх үндсэн ойлголт, хүүхэдтэй ажиллахад нийгмийн ажилтны баримтлах хандлага, эзэмшвэл зохих ур чадвар, хүүхэдтэй зүй бусаар харьцах явдал түүний хэлбэрүүдийг ялгаж таних арга техникүүд, онолын мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой.
Хүний зан үйл, хүмүүс хоорондын харилцаанд үзүүлэх нийгмийн орчны нөлөөллийг тайлбарлах тогтолцоо, хүний хөгжил болон хүчирхэгжүүлэх зэрэг онолууд, хүний хөгжлийн үе шат бүрт хамаарах хүний биологи, нийгэм, сэтгэл зүйн онцлог шинжүүд, нийгэм-экологийн хүчин зүйлс зэрэг сэдвээр ойлголт мэдлэг өгч, тухайн нөхцөл дэх хүнийн нөхцөл байдал, хүний зан үйлийг таних анхан шатны мэдлэг, ур чадвар олгоно.
Хүний зан үйл ба нийгмийн орчин хичээл нь “тухайн нөхцөл дэх хүн” гэсэн нийгмийн ажлын суурь ойлголтыг тогтолцооны, хувь хүний хөгжлийн болон хүчирхэгжүүлэх онолуудаар тайлбарлаж, үйлчлүүлэгч хийгээд түүний орчин нөхцлийг ойлгон, таних мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой. Хүний амьдралын мөчлөг, хүн хоорондын харилцаанд түүний амьдарч буй орчин нөхцөл хэрхэн нөлөөлдөг тухай ойлгон таних мэдлэг, чадвартай байх нь нийгмийн ажилтан бүрийн зайлшгүй эзэмших ёстой мэргэжлийн суурь мэдлэг, чадвар юм.
Нийгмийн ажил (НА)-ын практик үйл ажиллагаа нь хүний эрх, нийгмийн хөгжил, өөрчлөлт, эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн цогц үйл явц тул оюутнууд энэ хичээлээр НА-ын практикийн үндэс болох үнэт зүйлс, мэдлэг, ур чадваруудын тухай, үйлчлүүлэгчтэй тулж ажиллах зарчмууд, НА-ын үйлчилгээ үзүүлэх үе шатууд болох нөхцөл байдлын үнэлгээ, төлөвлөлт, зохицуулалт, үнэлгээ ба үйлчилгээг төгсгөх зарчмуудын талаар судална. Мөн үйлчлүүлэгчийг хүчирхэг болгох, хямралыг даван туулах арга хэмжээ болон үйлчлүүлэгчийг дэмжих төрөл бүрийн аргад суралцаж НА-ын шууд үйлчилгээний явцад үйлчлүүлэгчтэй тулгарах харилцааны бэрхшээлийг зохицуулж, хэрхэн үйлчилгээг зөв төгсгөх талаар суралцана. Цаашлаад гэр бүлтэй ажиллах НА-ын үүсэл хөгжил, гэр бүлтэй ажиллах НА-ын онолын үзэл баримтлалууд, загварууд, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтны ур чадваруудтай танилцахаас гадна гэр бүлийн харилцааны асуудлыг тодорхойлох, гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтны үйл ажиллагааны үе шат, гэр бүлтэй ажиллах НА-ын заслын аргыг судалж, гэр бүлийн нийгмийн хамгаалал, халамж, монгол гэр бүлийн хувьсал өөрчлөлт, уламжлал ба шинэчлэл, гэр бүлийн асуудлаар төрөөс явуулж буй бодлого хийгээд гэр бүлтэй ажиллах нийгмийн ажилтны үйл ажиллагааны хэм хэмжээ, эрх зүйн баримт бичигт дүн шинжилгээ хийнэ. Үүнээс гадна гэр бүлийн хэв маягууд, гэр бүлийн амьдралын үе шат, мөчлөг, гэр бүлийн үүрэг, гэр бүлтэй ажиллах аргуудтай холбоотой онолын болон практик мэдлэгийг олгоно.
Энэхүү хичээл нь нийгмийн ажлын практикийн суурь болохын хувьд энэ чиглэлээр сурч буй оюутнуудад хувь хүн болон гэр бүлтэй ажиллахад шаардагдах мэргэжлийн мэдлэг, үнэт зүйлс, ур чадварыг судалж, үйлчлүүлэгчтэй тулж ажиллах үе шатуудад загвар, нийтлэг зарчмуудыг хэрхэн баримтлан ажиллах талаар өмнө үзсэн НА-ын онолын мэдлэгт тулгуурлан онол, практикийн мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэхэд чиглэнэ.
Нийгмийн ажил: Хүн-орчин, нийгмийн өөрчлөлтийн төлөөх интервенц хичээлийн хөтөлбөр, ашиглагдах материал нь АНУ-ын Чикагогийн их сургууль, Питтсбургийн их сургууль болон Техас дахь Остиний их сургуулиудын Нийгмийн ажлын салбарт заагддаг мэргэжлийн суурь хичээлийн хөтөлбөрөөс эх авсан бөгөөд нийгмийн шинжлэх ухааныг сонирхож буй бакалаврын түвшний оюутнуудад зориулагдсан болно. Нийгмийн ухааныг сонгон суралцаж буй оюутнуудад мэргэжлийн чиг баримжаагаа олоход нь тус болох зорилгоор тус хичээлийн хөтөлбөр нь дараах дэд сэдвүүдээс бүрдэл болно. Үүнд: 1. Нийгмийн ажлын түлхүүр ойлголтууд 2. Нийгмийн ажил хөгжиж буй мэргэжил болох нь 3. Нийгмийн институцуудийн чиг үүргийг дэмжих нь 4. Нийгмийн асуудлууд ба интервенцүүд
Уг хичээлийн ерөнхий зорилго нь МУИС-д элсэн суралцагчдад нийгмийн ажлын суурь мэдлэг олгох, цаашид гүнзгийрүүлэн судлах боломжийг нээж өгөх явдал юм. Үүний тулд тус хичээлээр оюутнуудад нийгэм, эдийн засаг, засаглал, соёлын олон талт байдал, тогтолцоо нь хүний амьдралд хэрхэн нөлөөлөх талаар ойлголт өгч, хүмүүс хоорондын харилцаа, зан үйл, цаашлаад хүн нийгмийн харилцааны үндсийг нийгмийн ажлын түлхүүр ойлголтууд болон зарчмуудад тулгуурлан тайлбарлахыг зорилт болгоно.