Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр олон улсын хямрал зохицуулалтын тухай ойлголтыг олон улсын харилцааны онол ба түүхэнд тулгуурлан судлах бөгөөд хямрал мөргөлдөнөөс урьдчилан сэргийлэх, энхийг сахиулах, энхийг тогтоох болон энхийг цогцлоох ажиллагаа, хэлэлцээ, зуучлал, хүмүүнлэгийн ажиллагаа, дүрвэгсдийн асуудал зэргийг Босни, Камбож, Косово, Руанда, Сомали, Афганистан, Ирак, Сири болон бусад улсын хямрал мөргөлдөөний жишээн дээр авч үзнэ.
1. Орчин үеийн хямрал мөргөлдөөний онцлог, үүсэх шалтгаан, ангиллын талаар онолын мэдлэгтэй болох. 2. Олон улсын харилцаанд хямрал, мөргөлдөөнийг зохицуулж, шийдвэрлэж ирсэн практиктай танилцаж, тэдгээрт анализ хийж сурах. 3. Хямрал мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх арга замуудын талаар ерөнхий ойлголттой болох. 4. Хэлэлцээ, зуучлалын үйл ажиллагаанд оролцох суурь мэдлэг, чадвартай болох.
Уг хичээлээр олон улсын байгууллагын үүсэл, түүхэн хөгжил, эрх зүйн байдал, шийдвэр гаргах механизмын талаар онолын мэдлэг олгохоос гадна олон улсын аюулгүй байдал, дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, тогтвортой хөгжлийг хангахад тэдгээрийн гүйцэтгэж буй үүргийг практик жишээ баримтаар судална. Орчин үеийн олон улсын харилцаанд голлох үүрэг гүйцэтгэж буй түгээмэл олон улсын байгууллага болох НҮБ-ын талаар олон талаас нь нарийвчлан авч үзнэ. Тухайлбал, НҮБ-ын эх үүсвэр болсон Үндэстнүүдийн Холбооны бүтэц, зохион байгуулалт, авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, татан буугдсан шалтгаан зэргийг судлан, дүн шинжилгээ хийхийн хамт НҮБ-ын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, шинэчлэлийн үйл явцын талаар судална. Тэрчлэн, Монгол Улсын НҮБ-д элссэн түүхэн үйл явц, өнөөгийн хамтын ажиллагааны талаар тодорхой ойлголттой болно. Бүсийн олон улсын байгууллагуудын олон улсын харилцаанд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдол өсөн нэмэгдэж буй өнөө үед олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж буй оюутнуудын заавал судалж, мэдэж байх ёстой зүйлс бол Европын Холбоо, АПЕК, ШХАБ зэрэг байгууллагуудын үүсэл, хөгжил, үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага юм. Олон улсын төрийн бус байгууллагуудын тоо төдийгүй, үйл ажиллагааны хамрах цар хүрээ, ач холбогдол ч нэгэн адил өсөн нэмэгдсээр байгаа билээ. Тийм ч учраас, энэ хичээлийн хүрээнд Эмнести Интернэшнл, Грийнпийс, Транспаренси Интернэшнл зэрэг нэр хүндтэй олон улсын төрийн бус байгууллагуудын талаар мөн судална. Түүнчлэн уг хичээлийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд, дипломатуудыг урьж лекц зохион байгуулна.
Олон улсын байгууллагын үүсэл, түүхэн хөгжил, эрх зүйн байдал, шийдвэр гаргах механизм, үйл ажиллагааны талаар онолын мэдлэгтэй болох; 1. Монгол улсын гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны гүйцэтгэж буй үүрэгтэй танилцах; 2. Олон улсын харилцаанд олон улсын засгийн газар хоорондын болон олон улсын төрийн бус байгууллагуудын гүйцэтгэж буй үүрэг, явуулж буй үйл ажиллагаатай бие даалтын ажлын хүрээнд биечлэн танилцах. 3. Олон улсын хурлын үеэр тогтоолын төсөл хэрхэн боловсруулах, ямар үе шаттайгаар хэлэлцүүлэх, бусад улсын төлөөлөгчдийн дэмжлэгийг авахын тулд ямар стратеги, тактик баримтлан ажиллах талаар онолын мэдлэг олж авахын зэрэгцээ жил бүр уламжлал болон явагддаг НҮБ-ын загвар хуралдаанд оролцон практик дадлага эзэмших. Цаашид олон улсын байгууллагад ажиллах буюу олон улсын байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллах мэдлэг чадвар эзэмших. (Тухайн хичээлийн гол зорилгыг танилцуулан бичнэ. Хичээлийн зорилго бол сурах үйлдлийн эцсийн үр дүн буюу хүрэх гэж эрмэлзэж буй үр дүнг илэрхийлсэн ерөнхий томъёолол юм.)
Дипломат ёслол бол улс орнуудын найрамдлын хэмжүүр, харилцааны төвшингийн илэрхийлэл төдийгүй төрийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгсэл болдог учраас ирээдүйн гадаад харилцааны салбарын мэргэжилтнүүдийн заавал мэдэж байх ёстой судлагдахуун мөн. Тиймээс энэ хичээлээр дипломат ёсолын үүсэл хөгжил, төрөл зүйл, ач холбогдол, Монгол улсын болон ОХУ, БНХАУ, АНУ, Франц зэрэг дэлхийн томоохон улсуудын дипломат ёслолын онцлогийн талаар судлана. Ахлалын асуудал, дипломат эрх ямба, дархан эрх, өндөр дээд хэмжээний айлчлал, хүлээн авалтын төрөл зүйл, суудал хуваарилалт, хувцаслах жишиг, урилга, нэрийн хуудасны талаар үндсэн талаар үндсэн ойлголттой болно. Мөн дэлхийн томоохон улсуудын зочлохуй ёс, зан заншил, шашин шүтлэг, сэтгэл зүйн онцлогтой танилцсанаар тэдгээр улсын иргэдтэй илүү үр дүнтэй харилцах чадварыг зохих төвшинд эзэмшинэ. Түүнчлэн дипломат баримт бичгийн үндсэн хэлбэрүүд, тэдгээрийг ямар нөхцөлд хэрхэн хэрэглэх, хувийн ноот, төлөөний ноот гэх мэт дипломат баримт бичгийг хэрхэн боловсруулах талаар судлана.
1. Дипломат ёслолын үүсэл хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар үндсэн ойлголт өгөх 2. Гадаад харилцааны байгууллагад ажиллах, олон улсын хурал чуулганд оролцох, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн айлчлалыг зохион байгуулахад зайлшгүй шаардлагатай онол, практикийн мэдлэг эзэмших 3. Дэлхийн томоохон улс орнуудын дипломат ёслол, бизнесийн ёс горимын онцлогийн талаар тодорхой мэдлэгтэй болох. 4. Дипломат баримт бичгийн тухай үндсэн ойлголттой болохын хамт хувийн ноот, төлөөний ноот гэх мэт дипломат баримт бичгийн үндсэн хэлбэрүүдийг боловсруулах чадвар эзэмшинэ. Дипломат ёслолын ялихгүй жижиг гэж хэлж болохоор алдаа ч улс хоорондын харилцаанд сэв сууулгах, тухайн улсын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдаг учраас олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж буй оюутнуудын хувьд дипломат ёслол бол заавал судлах ёстой хичээлийн нэг юм
Дипломат ажиллагааны түүхэн ба ерөнхий ухагдахуун, эрдэмтдийн үзэл баримтлал, орчин үеийн дипломат ажиллагаанд гарч буй шинэ чиг хандлага, дэлхийн нөлөө бүхий улсуудын дипломат албадын тухай болон дипломат төлөөлөгчийн газрын үүрэг, дипломат эрх ямба, дархан эрх, дипломат корпусын талаар судална. Мөн консулын байгууллагын үүсэл хөгжил, үйл ажиллагааны чиглэл, хүлээх үүрэг, эдлэх эрх ямба, дархан эрх, иргэний харьяаллын болон цагаачлалын асуудал, гадаадын иргэний эрх зүйн байдал, визийн нөхцөл ба журам зэргийн талаар судална. Түүнчлэн уг хичээлийн хүрээнд салбарын мэргэжилтнүүд, гадаадын дипломатуудыг урьж лекц зохион байгуулна.
1. Дипломат ажиллагаа, дипломат ба консулын албаны тухай үндсэн ойлголт өгөх 2. Дипломат ба консулын албаны үйл ажиллагаанд хамаарах үндсэн асуудлууд, дипломат эрх ямба, дархан эрхийн тухай тодорхой мэдлэг олгох 3. Гадаад харилцааны байгууллагад ажиллах, олон улсын хурал чуулганд оролцоход зайлшгүй шаардлагатай онол, практикийн мэдлэг эзэмших 4. Дэлхийн томоохон улс орнуудын дипломат ба консулын алба, гадаад бодлогын талаар үндсэн ойлголттой болох.