Бидний тухай
Багш ажилтан
Хичээлийн зорилго нь эдийн засгийн социологийн сүүлийн үеийн онол болох институцийн эдийн засгийн үндсэн ойлголт, хэлцлийн зардал, өмчийн эрх, гэрээний онол болон шинэ институцийн экономикс, түүний зах зээл, пүүс ба улсын түвшин дэх хэрэглээ болон ач холбогдлын талаарх ойлголт, мэдлэгийг өгөхөд оршино. Орчин үеийн эдийн засгийн социологийн чухал судлагдахуун болох институцийн эдийн засгийн үндсэн ойлголт ба зарчмууд, институцийн эдийн засгийн хөгжлийн үе шат, институцийн орчин эдийн засгийн агентуудын үйл хөдлөлд хэрхэн нөлөөлдөг талаарх ойлголт, мэдлэгийг олгоход энэхүү хичээл тун чухал юм. Хөгжиж буй гэгдэх ядуу орнуудын эдийн засгийн хөгжлийн асуудлыг болон хөгжингүй орнуудын эдийн засгийн түүхийг судалж, ядуурлыг бууруулж, өсөлтийг дэмжих суурь хүчин зүйлс ба төрийн бодлогын талаар хэлэлцэнэ.
Эдийн засгийн социологийн сүүлийн үеийн онол болох институцийн эдийн засгийн үндсэн ойлголт, хэлцлийн зардал, өмчийн эрх, гэрээний онол болон шинэ институцийн экономикс, түүний зах зээл, пүүс ба улсын түвшин дэх хэрэглээ болон ач холбогдлын талаарх ойлголт, мэдлэг, ур чадварыг олгоход оршино.
Нийгмийн судалгаа гэж юу вэ? Нийгмийн судалгааны ёс зүй, тоон ба чанарын судалгааны онцлог, хэрэглээ, давуу ба сул тал, судалгааны дизайны хэлбэрүүд, судалгааны үйл ажиллагааг төлөвлөх, талбар дээр гүйцэтгэх, мэдээллийг боловсруулах зарим энгийн техник мөн шинжилгээ хийх, тайлан бичих, түүний үр дүнг танилцуулах зэргийг судалж шаардлагатай ур чадварыг эзэмшинэ.
Энэхүү хичээлийг үзсэнээр нийгмийн судалгааны үндсэн суурь, аргын талаарх мэдлэгийг олж авч үндсэн аргуудын талаар анхан шатны ур чадварыг эзэмшинэ. Мөн суралцах хугацаанд тоон ба чанарын мэдээ материал, тоо баримт, бичиг баримттай ажиллах, шинжилгээ хийх, дүгнэх анхан шатны ур чадварыг эзэмшүүлнэ. Энэхүү хичээл нь сонгосон мэргэжлийн хичээлээр бие даалтын ажил хийж гүйцэтгэх, курсын ажил хийх, эрдэм шинжилгээний хуралд оролцох судалгаа хийхэд зайлшгүй хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн бакалаврын шатанд төгсөлтийн дипломын ажил бичих, суралцах явцдаа төсөл хөтөлбөр боловсруулах, төрөл бүрийн уралдаанд оролцох, мөн дадлагад гарахад тухайн байгууллагуудаас оюутнуудад өгдөг даалгаврыг хийж гүйцэтгэхэд чухал ач холбогдолтой болно.
Энэхүү хичээлийн хүрээнд оролцогчид нийгмийн асуудлын тухай ойлголт, түүний үндсэн элементүүд, нийгмийн асуудлыг тайлбарлах социологийн хандлагуудыг авч үзэх болно. Түүнчлэн орчин үеийн нийгмийн асуудлын төрөл, хэлбэрүүдийг социаль бүтэц, харилцаа, институцүүдийн хүрээнд хэлэлцэх болно.
Энэ хичээлийн зорилго нь нийгмийн шинжлэх ухааны судлагдахууны салбар дундын орон зайд үлэмж чухал байр суурь эзэлж буй “социаль асуудлууд”-ын талаар суралцагчдад шинжлэх ухааны суурь мэдлэг олгох, цаашид гүнзгийрүүлэн судлах боломжийг нээж өгөх явдал юм. Түүнчлэн суралцагчид орчин үеийн нийгмийн асуудлуудын учир шалтгаан, тэдгээрийн бүрэлдэх үйл явц, төрөл, хэлбэрүүдийн талаар ойлголт эзэмших болно. Суралцагчид тус хичээлд хамрагдсанаар орчин үеийн нийгэм дэх социаль асуудлууд нь хүмүүсийн зан үйл болон институцийн хүчин зүйлсээр хэрхэн нөхцөлдөж байгаа талаар социологийн болон бусад нийгмийн шинжлэх ухааны ойлголт, үзэл баримтлалын үүднээс эргэцүүлэх, тайлбарлах боломжтой болж, цаашид нийгмийн шинжлэх ухааны аль нэг салбараар суралцахад шаардлагатай суурь мэдлэгийг бүтээх юм. Нийгмийн шинжлэх ухааны оюутнуудад нийгмийн асуудлууд төрөн гарахад хүргэж буй байгаа социаль тогтолцоо, институц, үйл явцад шүүмжлэлт байр сууринаас хандах, түүнчлэн тэдгээрийг нийгмийн хөгжил, сайн сайхан байдал, хүний эрхийн үүднээс тайлбарлах суурь мэдлэг, ойлголт олж авах нь чухал билээ.
Энэхүү хичээл нь орчин цагийн технологийн хөгжил дэвшил нийгмийн гишүүдийн амьдрал, зан үйл, харилцан үйлдэлд хэрхэн нөлөөлж байгааг судлан шинжилнэ. Хичээлийн хүрээнд нийгмийн сүлжээ, онлайн олон нийт, хиймэл оюун, ухаалаг утас зэрэг дижитал платформ нь социаль харилцаа, харилцан үйлдэл, нийгэм улс төрийн идэвх оролцоо, эдийн засаг, нийгмийн дижитал тэгш бус байдал, онлайн идэвх, боловсрол, дижитал ажил хөдөлмөрийг хэрхэн нөхцөлдүүлж байгаа болон шинээр бий болж буй технологиудын нийгмийн үр нөлөөг танин мэдэж, тайлбарлах ур чадварт суралцана.
Энэхүү хичээлийн зорилго нь дижитал технологи нийгэм, соёл, хүмүүсийн зан үйл, харилцан үйлдэлд хэрхэн нөлөөлж, нөхцөлдүүлэгч байгааг социологийн онол аргазүй, судалгааны аргуудын тусламжтай судлан мэдэх, тэдгээрийг социологийн танин мэдэхүй, эмпирик хэрэглээнд нэвтрүүлэх ур чадварт сургахад чиглэнэ. Нийгмийн сүлжээ, онлайн олон нийт, хиймэл оюун, бусад дижитал бүтээгдэхүүн зэрэг дижитал платформ нь нийгмийн амьдралын олон талт байдал болох социаль харилцаа, харилцан үйлдэл, нийгэм улс төрийн идэвх оролцоо, эдийн засгийн үйлдлийг хэрхэн учир шалтгаанжуулж, нөлөөлж байгааг судлах боломж олгодгоороо чухал ач холбогдолтой. Түүнчлэн нийгмийн дижитал тэгш бус байдал, онлайн идэвхжил, боловсрол, дижитал ажил хөдөлмөр болон шинээр бий болж буй технологиудын нийгмийн үр нөлөөг шинжлэн дүгнэх боломж бүрдүүлэхээрээ онцлог.