Бидний тухай
Багш ажилтан
Монгол хэлний авианы түүхэн хувьслын үр дүнд урт эгшиг, хос эгшиг хэрхэн үүссэн, авианы сулрал, тагнайшлын нөлөөгөөр гийгүүлэгч авианы тогтолцоонд гарсан хувьсал зэрэг асуудлыг хэлний бодот материал дээр тулгуурлан судална. Авианы тогтолцоонд гарсан хувьслын үр дүнд үгийн үндэс, дагавар, нөхцөлийн бүтцэд гарсан өөрчлөлтүүдийг монгол хэлний бичгийн дурсгалууд, монгол бичгийн хэлний тогтсон бичлэг хийгээд орчин цагийн монгол хэл аялгууны бодот баримт дээр авч үзнэ. Мөн монгол хэлний бичгийн дурсгалуудын үгсийн сангийн утга ба бүтцийг судална.
Суралцагч монгол хэлний түүхэн хэл шинжлэлийн онолын мэдлэгтэй болсноор эх хэлний түүхийн аль нэг сэдвээр судалгаа хийх, орчин цагийн монгол хэлний бүтцийг авианы түүхэн хувьсал хөгжлийн үүднээс тайлбарлах мэдлэг чадварыг эзэмшинэ. Түүхэн харьцуулсан судалгааны аргатай танилцана.
Энэхүү хичээлээр эх бичгийн судалгаа хийх эрдэм шинжилгээний хандлагыг танилцуулах болно. Лекцийн хүрээнд эх сурвалжийн тухай ухагдахуун, түүний ангилал, янз бүрийн бичээс, он дарааллын бичиг гэх мэт өвлүүлэх зорилгоор бичиж үлдээсэн сурвалж, албан бичиг зэрэг харилцааны явцад хуримтлагдаж үлдсэн сурвалжийн ялгаа, төрөл зүйл, монголын сурвалжийн хэл, бичиг, эхийг тайлж унших, галиглах, эхийн бүтэц, тогтмол хэллэг түүний цаг үеэс хамаарсан хувьсал, эхийн зохиогч, он цаг, газар орныг тодорхойлох, баталгаажуулалт, эхэд оруулсан өөрчлөлт, эхийн иж бүрэн судалгааны талаар авч үзнэ. Семинарын хичээлийн агуулгаар бичгийн сурвалжийн судалгаа хийхэд холбогдох салбар ухаануудыг ашиглах чадвар, дадал олгоход чиглэнэ.
Тус хичээлээр онголын бичгийн сурвалжийн жишээгээр, эхийг судлахад хавсрах салбар ухаануудын онол арга зүйн мэдлэгт тулгуурлан эхийн төрөл, зүйлийг тодорхойлох, дотоод бүтэц, үг хэллэгийг тайлж уншиж, ойлгох, эхийн засвар, нэмэлтүүдийг харгалзах зорилготой. Энэхүү хичээлийг үзсэнээр сурвалжийг судлах, дараагийн түвшний судалгаанд ашиглах үндсэн мэдлэг, арга зүйг эзэмших ач холбогдолтой.
Аливаа хэлийг сурч эзэмшинэ гэдэг нь өргөн утгаараа, тухайн хэлээр ярилцагч ард түмний угсаа гарал, түүх соёл, шашин шүтлэг, ёс заншил, ааш араншин, ахуй амьдралыг судлаж буй хэрэг юм. Иймийн тулд монгол хэлийг судлан суралцагч оюутан нарт Монгол орны тухай цогц мэдлэгийг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.
1. Монгол орны тухай цогц мэдлэгтэй болно. 2. Мөн Монгол судлалын аль нэг салбараар цаашид эрдэм шинжилгээний бүтээл туурвих үндэс суурьтай болно. 3. Нүүдэлчин Монголчуудын ахуй амьдралын талаар тодорхой мэдлэг хуримтлуулан, Монгол оронд сурч ажиллаж амьдрах зохих дадлагыг эзэмшинэ.
Монгол хэлийг эхлэн суралцагч нь тэг төвшинөөс эхлэх тул монгол хэлний үгийн сангийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг ойрын хэрэгцээт үгнээс эхлэн таниулж хичээлийн цаг ахихын хэрээр шинэ шинэ үгтэй танилцуулна. Мөн үг, холбоо үг, үгүүлбэрийг зөв түгдрэлгүй уншиж сургах, уншсан зүйлийнхээ утгыг ойлгодог болгохын зэрэгцээ ярих бичихдээ үгээ зөв сонгох чадварыг эзэмшүүлнэ.
Хичээлийн агуулгын хүрээнд үгийн сангийн үг, хэллэгтэй танилцсанаар мэдээ мэдээлэл, ахуй, түүх, соёл, ёсзаншил, ардын аман зохиол зэрэг богино хэмжээний бичвэр уншиж ойлгох, ойлгосноо өөрийн үгээрярих чадвартай болно. Анхан шатны ангид хичээлийн хагас жилийн туршид 2000-2500 орчим шинэ үг хэллэг сурах боломжтой. Хос хэлний толь бичиг ашиглан тухайн үгийн утгыг саадгүй ойлгох чадвартай болно. Цаашид дунд, түүнээс дээд төвшинд үргэлжлүүлэн суралцах чадвартай болно.
Лекцийн хичээлээр монгол бичгийн үүсэл гарал, түүх, монгол бичиг монголчуудын хувьд бахархал, ижилсэл болох нь, монгол бичгийн талаарх төрийн бодлого, монгол бичгийн толь бичгүүд, монгол бичгийн цахим хөгжил, монгол бичиг монгол сэтгэлгээг тусгасан болох, кирилл монгол бичгийн зөв бичих дүрмийн харьцуулал, дүрс ялган бичих үгс, ормол үгс, монгол бичгээр гадаад үг бичих зарчим, монгол бичгийн соёл, монгол бичгийн олон зүйл тиг, монгол бичгийн онцлог дурсгалууд, монгол бусад улс үндэстний бичиг үсэгт нөлөөлсөн байдлын талаарх үндсэн ойлголт, мэдлэг эзэмшинэ. Дадлагын хичээлээр монгол бичгийн зөв бичих зүйн зарчмын тухай мэдлэгт тулгуурлан, орчин цагийн монгол хэлний урт, хос эгшгийн учир, дэвсгэрлэх жийрэглэх ёсны тухай зөв ойлгож, түүндээ тулгуурлан монгол бичгээр нэр, үйл үгийг нөхцөлөөр хувилгах, нэр, үйл үг бүтээх дагаврын утга, хэрэглээ, бичлэгийг сурч, лекцийн хичээлийн агуулгад холбогдох эрт эдүгээгийн олон эхүүдийг ашиглан, монгол бичгийн хэлний хэм хэмжээний дагуу монгол бичгээр зөв уншиж, монгол бичгээс кирилл бичигт, кирилл бичгээс монгол бичигт хэрэглээний түвшинд хөрвүүлэн бичих чадвартай болно.
Энэхүү хичээл нь ерөнхий боловсролын сургуульд эзэмшсэн монгол бичгийн суурь мэдлэгийг баяжуулах, монгол бичгийн зөв бичих зүй, үг бүтэх ёсны тухай хэл шинжлэлийн ухаанд тулгуурласан мэдлэг олгох, монгол бичгээ хэрэглээний түвшинд хэрэглэх чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой. Тус хичээлийг үзсэнээр, монгол бичгийн тухай цогц мэдлэг мэдээлэлтэй болж, монгол бичгээр унших чадварыг сайжруулж, кириллээс монгол бичигт хөрвүүлэх, монгол бичгийг цахимд хэрэглэх арга зүй, дадал эзэмших, монгол хэл, бичгийн чиглэлийн залгамж хичээлүүд болон дараагийн түвшний бүх хичээлийг судлах суурь болох ач холбогдолтой.