Бидний тухай
Багш ажилтан
Хятад улсын физик газарзүй нь 5000 жилийн эдийн засгийн түүхийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж, аж ахуйгаа эрхлэх газарзүйн байршилтай уялдсан хэв маягт нь ихээхэн нөлөөлсөн билээ. Тус улсын газар нутгийн хэмжээ дэлхийн том улсын нэгэнд тооцогдох боловч хүн амынх нь 80 хувь нь илүү үржил шимтэй төв болон зүүн хэсэгт газар нутгийн зөвхөн 20 хувьд төвлөрдөг тэгш өндөрлөг, гол мөрний хөндий болон түүний хотожсон эрэг дагуу төвлөрсөн гурван бүстэй. Үндэстний цөөнхийн дийлэнх нь амьдардаг баруун бүс нутагт арван хоёр засаг захиргааны муж багтдаг. Хүн амьдрах боломжгүй уулархаг газар, цөл газар аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхэд таагүй юм. Найман мужтай Төвийн бүс нутаг нь гол мөрний сав дагуух хүн амын төвлөрөл ихтэй бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн томоохон хэсгийг бүрдүүлдэг. (Зүүн хойд хэд хэдэн аймгийг ерөнхий зориулалтаар Төвийн бүсийн нэг хэсэг гэж ангилдаг боловч засгийн газар нь бүс нутгийн хөгжлийн тусгай хөтөлбөрт тусгасан тул зарим үед тусад нь авч үздэг.) Далайн эргийн бүсийн 11 муж нь Хятад улсын аж үйлдвэр, худалдааны томоохон район бөгөөд түүхийн хувьд гадаад худалдаа, гадаад шилжилт хөдөлгөөнөөр дамжуулан гадаад ертөнцтэй холбогдож иржээ. Хятадын хүн ам эдгээр гурван бүс нутагт ойролцоогоор тэнцүү хуваагддаг тухай уг хичээлээр үзнэ.
Уг хичээлийн үндсэн зорилго нь Хятад судлалын ангийн оюутнуудад, ялангуяа Гадаад хэл, орон судлал хөтөлбөрөөр сурч байгаа оюутанд хятад орон судлалын үндсэн мэдлэг эзэмшүүлэх хичээлээр өнөөгийн хятадын газарзүйн орчин, байрлал, байгаль цаг уураас болж, эдийн засгийн бүтэц, зохион байгуулалт нь ямар байдаг, уламжлалт аж ахуйтайгаа хэрхэн уялдан хөгжсөн, бүс нутгийн болон улс орных нь ерөнхий байдлаас ойлгуулан таниулахад оршино. Зорилгоо биелүүлэхийн тулд суралцагчдын өмнө нь эзэмшсэн хятад хэлний мэдлэгт тулгуурлан шинжлэх ухааны нарийвчилсан үг хэллэгт хэрэглэх түүхийн шинжлэх ухааны судалгааны аргазүй, судалгааны асуудлуудыг нэгэн суурь мэдлэг болгож, тэдгээрийг хэлний мэдлэгтэйгээ уялдуулж, мөн хятад судлалын болон хятадын соёлын элемент газар орны байдал, ангиллын тухай танилцуулж, мэдлэгийг бүрэн эзэмшүүлэх нь энэ хичээлийн зорилт болно.
Хятадын түүх соёлын талаар манай улсад хэвлэгдэн гарсан судалгааны бүтээлийн номзүйг гаргах, тухай судалгааны төлөв байдал, чиг хандлагатай танилцахын зэрэгцээ судалгааны онцлог, судлагдсан байдал зэргийг бодитой тодорхойлж, судалгааны цаашдын төлөв байдал, тулгамдсан асуудал зэргийг судална.
Монголчууд бүр 13 дугаар зуунаас хятадын ном зохиолуудтай эх хэлээрээ танилцаж эхэлсэн бөгөөд хятад судлал өнө эртний түүхтэй билээ. 1990 оноос хятад судлал шинэ шатанд гарч хөгжсөн бөгөөд түүний дотор Хятадын түүх, соёлын чиглэлээр цөөнгүй судалгаа гарчээ. Хичээлээр Хятадын түүх соёлын талаар гарсан судалгаатай танилцаж дүн шинжилгээ хийх зорилготой. Чингэснээрээ докторант Хятадын түүх соёлын судалгааны талаар тодорхой ойлголттой болохын зэрэгцээ цаашид энэ талаарх судалгааг хэрхэн гүнзгийрүүлэх, тулгамдсан арга замыг хайхад дөхөмтэй болно.
Хятадын түүхэнд нийт хорин дөрвөн төрт улс оршин тогтносон бөгөөд эрт, дундад, орчин үе хэмээн хуваан үздэг. Эртний улс болох Шя (НТӨ 2070-1600) улсын түүхийг ихэнх түүхчид домгийн эрин үе хэмээн үздэг бөгөөд энэ нь шинэ чулуун зэвсгийн үед холбогддог. Шан улс ( НТӨ 1600-1046 ) Шя улсын дараа хятадын нутагт тогтнож улмаар Жоу улс бий болсон. Жоу улс (НТӨ 1046-256) нь баруун зүүн хэмээн хуваагддаг ба Зүүн Жоу улс Хавар намар, Байлдаант улсуудын үед хуваагдан оршиж байлаа. Дундад үе нэгдсэн төрт улс болох Чинь (НТӨ 221-НТӨ 207) гүрнээс эхтэй бөгөөд түүний дараа гарч ирсэн Хань (НТӨ 206- НТ220 ) гүрний үед тогтоосон засаглалын арга барил, тогтолцоо хятадын хамгийн сүүлчийн эзэнт улс болох Чин (1644–1912) гүрний үеийг дуустал нийт 2000 жилийн хугацаанд үргэлжилсэн юм. Орчин үеийн түүх Хар тамхины дайн буюу 1840 оноор эхэлдэг ч БНХУ байгуулагдсан оноор албан ёсоор эхэлдэг. 1949 онд БНХАУ байгуулагдсанаар хятадын шинэ үеийн түүх эхэлнэ.
Хятадын түүх хичээлээр оюутнуудад Хятадын түүхийн тухай үндсэн мэдлэгийг цогц системтэйгээр танилцуулна. Үүнд: 1. Эрт үе: Ся, Шан, Жоу 2. Дундад үе: Чинь /-НТӨ 206/, Хань /НТӨ 206-НТ220/, Вэй, Жинь, Өмнөд Умардын улс /220-581/, Сүй, Тан /581-836/ , Таван төрийн арван улс үе /830-960/, Сүн /960-1279/, Юань /1279-1368/, Мин/1368-1636/ Чин /1636-1911/ 3. Орчин үе: БНХУ буюу Дундад иргэн улс /1911-1949/ БНХАУ-ын түүх /1949-Өнөөг хүртэлх үе/ Хятадын 5000 жилийн түүхийг танилцуулахдаа хятадын түүхийн үечлэлийн дарааллыг баримтална. Энэхүү хичээл нь орон судлал, орчуулгын хөтөлбөрөөр суралцагчийн хятад орон судлалын үндсэн ойлголтыг өгөх суурь хичээл болдгоороо ач холбогдолтой.
Хятадын түүх, хятадын сэтгэлгээний түүх, орон судлал, соёл судлал зэрэг хичээлүүд дээр үзсэн мэдлэгтээ тулгуурлан нийгэм соёлын уламжлал хийгээд орчин үе, түүнд өгөх үнэлэмж, нийгэм соёлын түүхийн асуудлууд, даяарчлалын үеийн хятадын нийгэм соёлд гарсан өөрчлөлтүүд, өдөр тутмын амьдралд гарсан өөрчлөлтүүдийн тухай тусгайлан авч судална.
Хятад судлалын ангийн оюутнуудыг хятадын нийгэм, соёлын тухай тодорхой мэдлэгтэй болгоход хичээлийн зорилго оршино. Өмнө нь эзэмшсэн хятад хэл, хятадын түүх, эдийн засгийн газарзүйн мэдлэг дээр суурилж нийгэм, соёлын тал бүрийн агуулгыг багтаан, хэлний мэдлэгтэйгээ уялдуулж, мөн хятад судлалын болон хятадын соёлын элемент, газар орны байдал, ангиллын тухай болон орчин үед хэрэглэгдэж буй нэр томьёонуудыг эзэмшүүлэх нь энэ хичээлийн зорилт болно.
Монголоор: Хятад Монголын харилцаа хамгийн багадаа 2000 жилийн түүхтэй бгөөд бид Монгол-Хятадын харилцааны түүх хичээлээр эртнээс эдүгээ хүртэлх харилцааны түүхийг авч үзнэ. Эртний улс болох Жоу болон бусад нүүдэлчин овог аймгуудтай харилцаж байсан түүхээс авхуулаад (НТӨ 2070-1600) Дундад үе нэгдсэн төрт улс болох Чинь (НТӨ 221-НТӨ 207) гүрнээс эхтэй бөгөөд түүний дараа гарч ирсэн Хань (НТӨ 206- НТ220 ) гүрний үед Хүннү, Сяньби угсааны улсуудтай харилцаж байсан түүхийг өгүүлнэ. Тан, Сун, Юань, Мин, Чин (1644–1912) гүрэнтэй харилцаж байсан Түрэг, Нирун, Их Монгол, Монголын бутрал, Чин гүрний үеийн харилцааг үзээд Орчин үеийн түүхэн харилцааг үзэх болно. Үүнд Хар тамхины дайн, БНХУ-Богд хаант Монгол улс, 1949 онд БНХАУ байгуулагдсанаар Монгол хятадын шинэ харилцааны түүх эхэлдэг. Тус хичээлээр эдгээр агуулгыг үзэх болно.
Тус хичээлээр оюутнуудад Монгол Хятадын харилцааны түүхийн тухай үндсэн мэдлэгийг цогц системтэйгээр танилцуулна. • Эрт үе: Умардын аймгууд, Жоу улсын харилцаа • Дундад үе: a. Хүннү-Хань /НТӨ 206-НТ220/ улсын харилцаа b. Түрэг-Тан /581-836/ улсын харилцаа c. Таван төрийн арван улс үе /830-960/, Сүн /960-1279/, d. Юань /1279-1368/ улсын үеийн харилцааны түүх e. Монгол-Мин/1368-1636/-гийн харилцааны түүх f. Монгол Чингийн харилцаа /1636-1911/ • Орчин үе: a. Богд хаант Монгол улс, БНХУ-ын харилцааны түүх /1911-1924/ b. БНМАУ- Дундад иргэн улсын харилцааны түүх /1924-1949/ c. БНМАУ, БНХАУ-ын харилцааны түүх /1949-2020/ Монгол-Хятадын харилцааны түүхийн 3000 гаруй жилийн түүхийг танилцуулахдаа түүхийн үечлэлийн дарааллыг баримтална. Энэхүү хичээл нь орон судлал, орчуулгын хөтөлбөрөөр суралцагчийн хятад орон судлалын үндсэн ойлголтоо нэмэгдүүлэх сонгон судлах хичээл болдгоороо ач холбогдолтой.
Тухайн хичээлээр үзэх бичвэрүүд нь утга зохиолын дээд найруулгаар бичсэн шинэ болон орчин үеийн шилдэг зохиолчдын зохиолууд юм. Хятадын шинэ ба орчин үеийн зохиоч 朱自清(1898-1948) , 王蒙(1934-) , 徐恂(1901-1972) , 叶圣陶(1895-1988) , 王子野(1916-1994) , 杜鹏程 ,叶圣陶(1895-1988) , 马烽(1922-2004) 秦牧(1919-1992) 老舍(1899-1966), 三毛, 季羡林(1911-), 鲁迅(1881-1936), 冰心(1900-) , 赵燕翼 (1928-) Юй хуа, Мө Янь нарын эх зохиолуудыг үзнэ.
Энэхүү хичээл нь “Дунд шатны хятад хэлний унших бичих дадал 3” хичээлийн үргэлжлэл хичээл бөгөөд суралцагч утга зохиолын дээд найруулгаар бичигдсэн Хятадын шилдэг зохиолчдын эх зохиолтой танилцаж хэвшмэл хэлц өвөрмөц хуучирсан үг хэллэгийг уншиж ойлгох чадвартай болох зорилготой ба хятад хэлний дээд түвшний найруулга, үг хэллэгтэй танилцах ач хологдолтой.
Дэлхийн олон соёл иргэншлийг Дорно, Өрнө хэмээх ерөнхий хоёр бүлэгт хуваан үзэж судална. Үүнд: Энэтхэг, Хятад, Япон, Солонгос хийгээд Төв Ази, Ойрхи Дорнодын олон соёл иргэншлийг Дорнын, харин Грек, Ром, Газар дундын тэнгис, баруун, зүүн болон төв Европ, Америкийн соёлыг Өрнийн соёл иргэншилд хамааруулан авч үзнэ. Чингэхлээр улс төр, нийгмийн байгуулал, шашин, бүс нутгийн харилцаа асуудлын, харилцан нөлөөлөл зэрэг соёл иргэншлийн түүхэн үндэс, түүний мөн чанар, хөгжил дэвшил, зүй тогтолыг тодруулан судална.
Хүн төрөлхтөн үүсч буй болсон цагаасаа эхлэн өнөөг хүртэл олон гайхамшигт соёл иргэншлийг бүтээсээр иржээ. Түүхэн урт хугацааны туршид бүтээгдсэн тэдгээр соёл иргэншилд тодорхой хэмжээгээр өдгөө ч дэлхийн олон улс, үндэстний түүх, хэл соёлд уламжлагдан үлдсэн бөгөөд тэдгээрийг тухайлан үзэж судлахад энэхүү хичээлийн гол зорилго оршино. Дэлхийн олон соёл иргэншлийн талаар шинжлэх ухааны үндэстэй цогц мэдлэг, соёл иргэншлийг танин мэдэх чадвар олгож буйд уг хичээлийн ач холбогдол оршино.
Тухайн гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүнийг зөв ойлгож, зөв орчуулсан эсэхээс судалгааны ажлын ач холбогдол, үнэ цэнэ ихээхэн хамаардаг. Шинжлэх ухаан хийгээд нийгэмд үнэн зөв мэдлэг, мэдээлэл түгээх эсэх нь тухайн хэлээрх эх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалтай шууд холбоотой. Тиймээс гадаад хэлээрх эх сурвалж хэрэглэгдэхүүн судлал нь тухайн хэлийг эзэмшсэн чадвараас гадна орчуулагч, судлаачийн ёс зүйн хэм хэмжээгээр илэрхийлэгддэг. Үүний учир, гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалын үндсэн ойлголт, судалгааны онцлог, аргазүй, зарчим нь энэхүү хичээлийн агуулгад багтсан болно.
Тухайн гадаад хэлээрх эх сурвалж, хэрэглэгдэхүүнтэй танилцах, орчуулах, судлах мөн зарим шинэ, шинэлэг мэдээ, сэлтийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад зайлшгүй шаардлагатай онол аргазүйн мэдлэг, дадал олгоход уг хичээлийн зорилго оршино. Тухайн гадаад хэлээрх сурвалж, хэрэглэгдэхүүн судлалын онцлог, аргазүйн талаар шинжлэх ухааны системтэй мэдлэг олгож буй нь уг хичээлийн гол ач холбогдол болно.
Зүүн Азийн улс орнуудын эрт эдүгээгийн харилцааны түүх, соёлыг үечлэн заана. Чингэхдээ, түүхэн үеүдийн хоорондын хэлхээ холбоо, онцлох үйл явдал түүний шалтгаан, үр дагавар, хөгжил дэвшил, уламжлал шинэчлэл зэрэг талаас нь авч үзнэ. Түүний зэрэгцээ Хятад, Солонгос, Япон улсууд хоорондоо хэрхэн харилцаж ирсэн, тэрхүү харилцааны онцлог, мөн тэдгээр улс орны соёлын өвөрмөц онцлог, ялгаатай, төсөөтэй тал зэрэгтэй танилцаж, тодорхой ойлголттой болно. Түүний зэрэгцээ Монгол улс дахь Зүүн Ази судлалын өнөөгийн байдал цаашдын хандлагатай танилцана.
Хятад, Солонгос, Японы харилцааны түүх соёлыг бүс нутгийн хүрээнд цогц байдлаар авч үзэн, мэдлэг олгоно. Монгол дахь бүс нутаг судлал болон Зүүн Азийн улс орнуудын түүхийн хэлхээ холбоо, соёлын харилцан нөлөөлөл гэх мэт судлагдахууны талаар ерөнхий ойлголт өгч, Ази судлалаар мэргэших үндсийг тавина.
Төв болон Зүүн Азийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн бүтэц, тогтолцоо, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, өнөөгийн бодит байдлыг буй болгосон гол үйл явц, түүний шалтгаан, үр дагавар, үзэл санаатай танилцана. Түүний зэрэгцээ Хятад, Солонгос, Япон, Төв Азийн улсуудын эдийн засгийн харилцаа, түүний онцлог зэргийг үзэж судална.
Төв, Зүүн Азийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн талаарх мэдлэгийг гүнзгийрүүлж, холбогдох судалгааны чиглэлийн дагуу гадаад хэлээрх эх сурвалж хэрэглэгдэхүүнд дүн шинжилгээ хийх зорилготой.
“Азийн соёл, иргэншил ба орчин үеийн Ази” хичээлээр Ази тивийн зонхилох гурван соёл иргэншил буюу Энэтхэг, Хятадын соёл болон Исламын соёлын талаар судална. Түүнчлэн Азийн уламжлалт соёл, ахуй, аж байдлын онцлогоос урган гарсан үндэсний брэнд, улсын имиж, амьдралын хэв маяг дэглэм, урсгалуудын талаар үзэх болно. Тухайлбал, Зүүн Өмнөд Азид хүчтэй нөлөө бүхий Энэтхэгийн соёл (Хиндүизм, Буддизмын үзэл баримтлал), Зүүн Хойд Азийн сэтгэлгээ, үзэл баримтлалын суурь болсон Күнз, Дао, Шинто, Буддизмын соёл, Дундад Ази болон Зүүн Өмнөд Азийн соёл иргэншлийн тулгуур Исламын соёлын үзэл баримтлал, зан заншил, ёс суртахуун, үнэт зүйл нь одоогийн Азийн орнуудын нийгэм, улс төр, эдийн засгийн практик үйлдэлтэй хэрхэн уялдан холбогдож мөн даяарчлалын/даяаршлын эринд Өрнийн соёлтой хэрхэн сүлэлдэн мөн нөгөө талаар сөргөлдөн буй талаар, судална
XXI зуунд Азийн улс гүрнүүд түүн дотроо Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, БНЭУ, Тайланд, Индонези, Малайз улс Ази тив болон улмаар дэлхийн эдийн засаг, улс төрийн тэргүүлэх байр суурийг эзлэх төлөвтэй байна. Эдгээр орон ийнхүү дэлхийн эдийн засаг, улс төрийн томоохон тоглогч болж буй үйл явцад тэдгээр улс оронд дэлгэрсэн соёл (итгэл үнэмшил, зан заншил, шашин-Хиндүизм, Буддизм, Шинто, Күнзийн сургаал, үзэл баримтлал) хэрхэн тулгуур суурь, үзэл суртлын (ideology) чиг баримжаа болж буй талаар судлан дүн шинжилгээ хийх нь Азийн соёл ба орчин үеийн Ази хичээлийн зорилго юм. Азийн улс орнуудын язгуур соёл нь хэрхэн одоогийн Азийн улс орнуудын хүн амын аж ахуй, итгэл үнэмшил, эдийн засгийн баримтлал, хөгжил, төрийн бодлогод нөлөөлж буй мөн улмаар дэлхийд хэрхэн ямар хэлбэрээр тархаж буй талаар задлан шинжилж чадах цогц мэдлэгийг оюутнуудад олгох нь уг хичээлийн ач холбогдол юм. Оюутан энэ хичээлийг судалснаар хүн төрөлхтний бүтээсэн олон соёл иргэншлийн талаар үндсэн мэдлэгтэй болох ба эдгээр соёл иргэншлүүдийн орчин үеийн нөлөөлөл, уламжлал шинэчлэл, харилцаа зэргийн тухай тодорхой ойлголттой болно. Өрнө Дорнын олон улсуудад олныг хамран хөгжиж буй өрнөөд буй Икигай, Иога, Чигун, цагаан ногоон хоолны дэглэм, бясалгал зэрэг хүний хөгжлийн сургалтууд, онолуудын үндэстүүдийг мэдэж хэрэглэж ангилж ялгаж танина. Улмаар холбогдох асуудлыг онолын түвшинд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, ялгаа онцлог бүхий соёлуудыг ойлгон хүндэтгэх, бодит байдлаар тайлбарлах, соёл хоорондын харилцааг шүүн тунгаах, харьцуулах, шинжлэх ухааны үг хэллэг бүхий бичвэр текстийг бүтээлчээр уншиж ойлгох, бичих, өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, чадвартай болно. Өөртөө болон бусдад эергээр хандах, багаар ажиллах, санаал бодлоо илэрхийлэхдээ бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэл, зөвлөмжийг эергээр хүлээн авдаг дадал суулгана.