Бидний тухай
Багш ажилтан
Аливаа хэлийг сурч эзэмшинэ гэдэг нь өргөн утгаараа, тухайн хэлээр ярилцагч ард түмний угсаа гарал, түүх соёл, шашин шүтлэг, ёс заншил, ааш араншин, ахуй амьдралыг судлаж буй хэрэг юм. Иймийн тулд монгол хэлийг судлан суралцагч оюутан нарт Монгол орны тухай цогц мэдлэгийг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.
1. Монгол орны тухай цогц мэдлэгтэй болно. 2. Мөн Монгол судлалын аль нэг салбараар цаашид эрдэм шинжилгээний бүтээл туурвих үндэс суурьтай болно. 3. Нүүдэлчин Монголчуудын ахуй амьдралын талаар тодорхой мэдлэг хуримтлуулан, Монгол оронд сурч ажиллаж амьдрах зохих дадлагыг эзэмшинэ.
Ярианы хэлний хичээлээр өмнө үзсэн ахуй амьдралын сэдвийг нарийвчлан дэлгэрүүлж, улмаар монголын соёл, түүх, нийгмийн амьдралын өргөн хүрээг хамарсан сэдвээр богино хэмжээний бичвэр уншуулж, шинэ үг хэллэг сурч, монголоор зөв сонсож, ярих дадлага хийнэ. Үүнд хэлний зүйн тайлбар, бататгах дасгалууд дагалдана. Мөн монгол хэлний хүндэтгэлийн үг хэллэг, ярианы баймж, өвөрмөц хэллэг, зүйр цэцэн үг, сул үгийг яриандаа хэрхэн хэрэглэхийг сургана. Монголын ардын аман зохиол, орчин үеийн уран зохиолоос танилцуулна.
-Монголоор ярих дадал эзэмшинэ. -Үзэж буй сэдвээр үгийн баялгаа нэмэгдүүлж, ойлгосноо чөлөөтэй, өөрийн үгээр ярьж чаддаг болно.Бусдаас мэдээлэл авах, бусдад мэдээлэх чадвар эзэмшинэ. Монгол хүний ярианы өнгө аясыг мэдэрч, харилцагчийнхаа санааг зөв ойлгож чаддаг болно. -Цаашид гүнзгий шатанд суралцах чадвар эзэмшинэ.
•Авиаг зөв дуудаж, мэндлэх, талархах, уучлал гуйх, өөрийгөө болон гэр бүлээ танилцуулах, анги танхимд буй эд зүйлийг нэрлэж, холбоо үг үүсгэж сурах, •Асуулт хариултын энгийн болон дэлгэрэнгүй, хураангуй хэлбэрийг эзэмшүүлэх, •Үйлчилгээний газарт өргөн хэрэглэгддэг өдөр тутмын энгийн ярианд сурах дадлага дасгал хийнэ.
1.Асуулт хариултын хэлбэрийг зөв хэрэглэж сурах 2.Сонссоноо зөв ойлгож, санаа бодлоо энгийн ярианы хэлбэрээр илэрхийлж чаддаг болох. 3.Зөв дуудан түгдрэлгүй түргэн уншиж ойлгосноо товч ярих
Орчин цагийн монгол хэлний авиан зүй, зөв бичих, үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд зайлшгүй мэдвэл зохих сэдвүүдийн хүрээнд зааж, монгол хэлийг богино хугацаанд хурдан ярих, бичих, унших, ойлгох дадлага олгоход оршино.
Уг хичээлийг үзсэнээр суралцагчид монгол хэлний авианы бүрэлдэхүүн, авианы байрлал, дуудлага, тэдгээрийг бичигт хэрхэн тэмдэглэдэг талаар зохих мэдлэг эзэмшинэ. Мөн монгол хэлний үг, өгүүлбэрийн бүтэц, гишүүдийн байр, үгийн үндсэн болон шилжсэн утга, нөхцөл дагаврын утга үүрэг, хэрэглээг зааснаар үг өгүүлбэрийг зөв холбон хэлбэржүүлэх үндсэн мэдлэгийг эзэмшиж, монгол хэлний дүрмийн болон утгазүйн алдаагүй зөв сайхан ойлгох, энгийн болон нийлмэл өгүүлбэрээр санаа бодлоо илэрхийлэх, сурсан хэлзүйдээ тулгуурлан зөв, цэвэр унших, ярих, бичих, сонсох чадварыг эзэмших болно.
Хичээлийн зорилго ач холбогдол, монгол хэл гарал үүсэл болон хэв шинжийн хувьд дэлхийн бусад хэлнээс ямар ялгаатай болох, монгол хэл, бичгийн онцлог, найруулга зүйн ухааны судлагдахуун, үндсэн ойлголт, нэр томьёоны талаар удиртгал хичээлээр үзнэ. Үндсэн хичээлээр найруулга зүйн шинжлэх ухаан хэлний бусад ухаантай холбогдох нь, үгийн сан болон хэлний зүйн найруулга, найруулгын ур маяг, ярианы болон бичгийн хэлний найруулгын ялгаа, орчуулгын хэлний найруулга, зөв бичих зүй болон зөв дуудах зүй найруулгад холбогдох, найруулгын төрөл зүйл болох эрдэм шинжилгээний найруулга, уран зохиолын найруулга, албан бичгийн найруулгын талаар онолын мэдлэг өгнө. Найруулга зүйн онолын мэдлэгт тулгуурлан эх хэлээрээ зохистой зөв ярих, бичих дасгал хийнэ.
Монгол хэлний найруулга зүйн онолын мэдлэгийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж сурах, санаа бодлыг оновчтой зөв илэрхийлж, бичиж найруулж сургахад энэхүү хичээлийн зорилго, ач холбогдол оршино.