Бидний тухай
Багш ажилтан
Дотоод Азийн ард түмэнд Сибирийн / буриад, тува/, өвөр монголчууд /дээд монгол, шинжаан уйгар/, Монголчуудынг хамруулан авч үзлээ. Нүүдэллэх ёс нь соёлын нэг чиглэл болох бөгөөд янз бүрийн экологийн тогтолцоонд хүн төрөлхтөн дасан зохицох нэг хэлбэр юм. Дотоод Азийн нүүдэлчин ард түмний нүүдлийн соёлыг эдийн болон оюуны соёлын хүрээнд хамруулан, тэдний соёл ахуйн өвөрмөц онцлогууд тэдгээрийн ялгаатай талуудыг харицуулан авч үзнэ.
Нүүдлийн ба суурин соёл иргэншлийн ялгаатай ба төсөөтэй талуудыг харьцуулан үзэх, нүүдэлчдийн нийгмийн хувьсалд дэвшилт өөрчлөлтийн хувилбаруудыг судлахыг зорилоо.
Музей судлалын хичээл нь музейн үүсэл бүтэц, ангилал, хөгжлийн асуудлыг судална. Уг хичээлээр музейн судлалын үндсэн судлах зүйлүүд, судалгааны тойм, үүсэл, хөгжлийн асуудлууд, музейн цуглуулга бүрдүүлэх зарчим, үзмэр дэглэх, үзэсгэлэн зохион байгуулах, үзмэр цуглуулга, хадгалалт, хамгаалалт, музейн сан хөмрөг түүний бүрдүүлэлт, сэргээн засварлах арга зүйн талаархи онолын мэдлэгийг олгоно . Мөн музейн цаашдын чиг хандлага менежмент маркетингийн асуудал, тэдгээрийн уялдаа холбоог авч үзэх болно.
Музейн талаархи онолын мэдлэгийг олгох ,түүх соёлын дурсгалыг үнэлэн цэгнэхийн чухлыг мэдүүлэх ,соёлын өвийг хадгалж хамгаалах
Монгол болон Дотоод Ази, үүнд ялангуяа Өвөр Монгол, Буриад улсад ажиллаж байсан XX-XXI зууны үеийн нийгэм, соёлын хүн судлаачид, тэдгээрийн эрдэм шинжилгээний бүтээлийг танилцуулах болно. Ингэхдээ Монгол, Дотоод Азийн антропологийн судалгааны үүсэл гарал, хөгжил, өнөөгийн чиг хандлагыг судлах бөгөөд агуулгын хувьд төр-нийгмийн зохион байгуулалт, шашин, зан үйл, социализм ба постсоциализм, үндэстэн-угсаатны үзэл, бэлчээрийн мал аж ахуй, байгаль орчин хийгээд дасан зохицохуй, соёл урлаг, ураг төрөл, жендер, хүний хөгжил зэрэг асуудлыг авч үзэж, судлах болно.
Энэхүү хичээлийн зорилго нь нийгэм, соёлын антропологийн III курсын оюутнуудад Монгол ба дотоод Азийн антропологийн сулалгааны түүх, орчин үеийн чиг хандлагын талаар зохих хэмжээний мэдлэг олгож, Монгол болон бусад орны эрдэмтдийн судалгаа болон угсаатны зүйн эх хэрэглэгдэхүүнийг унших, антропологийн салбарт авч үзэж буй онол, практикийн гол гол асуудалтай уялдуулан тайлбарлах чадвартай болгоход оршино.
Сибирь , Казахстан, Алс дорнод, Баруун ба Умарт Хятадын орчин үеийн хүн амын угсаатан бүрдэл, эрхлэх аж ахуйн хэлбэрүүд, хэлний ангилал, эдгээр бүс нутгийн археологи, палеоантропологийн судалгааны тойм, соёлын гол гол бүс нутаг, эртний миграци, эртний хүн амын гарал үүсэл, угсаа гарвалын талаархи гол үзэл баримтлалууд, тухайн бүс нутгийн орчин үеийн хүн амын биоантропологи, хэл шинжлэл, соёлын антропологийн судалгааны тойм, тус бүсийн эртний болон орчин үеийн хүн амын угсаа гарвал, гарал үүслийн холбооны талаар онолын баримтлал, судалгааны үр дүн зэргийг хамарна.
ЕЕвразийн эртний болон орчин үеийн хүн амын талаархи , археологи, угсаатан судлал, хэл шинжлэлийн антропологийн суурь мэдлэгтэй болох ба эзэмшсэн мэдлэгээ монголчуудын угсаа гарвал, Азийн эртний хүн амын соёлын холбоо зэргтэй уялдсан түүх, археологи, антропологийн тодорхой чиглэлийн судалгааны практикт ашиглах чадвартай болно.
Аялал жуулчлалын антропологийн талаархи ерөнхий ойлголт, аялал жуулчлалын төрлүүд тэдгээрийн хөгжил, хандлагын загварууд, аялал жуулчлалын эдийн засгийн нөлөө, хүрээлэн буй орчны нөлөө, нийгэм соёлын нөлөө, аялал жуулчлалын өнөөгийн төрх байдал, даяарчлалтой холбогдон ард түмнүүд улам бие биенээ сонирхох болсонтой уялдуулан соёлын болон эко аялал жулчлалыг хөгжүүлэх боломж, хөтөч тайлбарлагчийн мэдлэг, ёс зүй зэргийг таниулах
Аялал жуулчлалын антропологийн ерөнхий ухагдахуун, онолуудыг оюутнуудад тайлбарлан таниулах ,Аялал жуулчлалын түүх,орчин үеийн хандлага, ,Аялал жуулчлал ба соёлын харилцан хамаарал, даяаршлын үйл явц дахь аялал жуулчлалын онцлог шинжийг таниулан мэдүүлэх , Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, байгаль орчинтой хамаарах асуудлуудын талаар ойлгон таниулах.
Антропологийн шинжлэх ухааны үндсэн чиглэлүүдийн онолын үзэл баримтлал болон судалгааны арга зүй, судалгааны үр дүнтэй танилцаж хүний өвөг дээдэс захирагдаж байсан биологийн зүй тогтлоос нийгмийн зүй тогтол руу шилжих явц, хүн үүссэн цаг хугацаа, газар нутаг, төрхтний ангилал, орчин үеийн хүний бие бялдрын өсөлт хөгжил, түүний зүй тогтол, нөлөөлдөг хүчин зүйлс, биеийн бүтэц, хэлбэр, хэв шинжийн ангилал, биологийн нас, акселераци, хөгшрөлтийн тухай мэдлэгийг танилцуулна. Нийгэм, соёлын антропологи нь хүний нийгэм ба соёлыг судалдаг ухаан юм. Энэ хичээл нь соёлын антропологийн ухааны үндсэн судлах зүйлүүд, ухагдахуунууд, аргууд, өнөөгийн төлөв байдал, болон түүний хэрэглээний талаар ерөнхий мэдлэгийг олгоно. Тус хичээл нь антропологийн шинжлэх ухааны түүхэн тойм, бусад салбар шинжлэх ухаануудтай нэгдэх холбоо, cудалгааны арга зүй, дэлхий дахинд антропологийн хөгжил хийгээд дэд салбарууд гэсэн үндсэн хэсгээс бүтэх болно.
Антропологийн үндэс хичээл нь МУИС-ийн 1, 2-р ангийн оюутнуудад зориулагдсан. Хүний гарал үүсэл, эволюци хөгжил, угсаатны антропологи, төрхтний ангилал, хүн төрлөхтний зүйлийн нэгдмэл байдал, орчин үеийн хүний бие бялдрын биологи онцлог, хүний удамшил хувьслын тухай мөн хэрэглээний антропологийн талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Антропологийн нэг салбар болох нийгэм, соёлын антропологийн түүх, судалгааны арга зүйн онцлог, онолын задлан шинжилгээг танилцуулж оюутнуудыг нийгэм, соёлын антропологийн ухааны анхан шатны мэдэгдэхүүнтэй болж цаашид энэ чиглэлээр суралцах бэлтгэл мэдлэг чадвар олгох зорилготой.