МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON202
Багц цаг: 3

Товч агуулга

Эконометрикийн сонгодог регрессийн шинжилгээний энгийн түвшний онолын асуудлууд болон бодит тоон өгөгдөлтэй ажиллах практик асуудлуудыг хамарна. Лекцийн хичээлээр онолын асуудлуудыг танилцуулах бол семинарын хичээлээр бодит тоон өгөгдлүүдийн дээр онолын хичээлээр үзсэн ойлголтуудыг бататгах, ашиглах ажлуудыг танилцуулна. Семинарын хичээлийн өөр нэг зорилго нь компьютер дээр эконометрик, статистикийн STATA, Eviews, R (аль нэгийг сонгох) программ хангамжийг ашиглан шинжилгээ хийх арга зүйд төвлөрнө. Лекцийн хичээл дараах үндсэн 4 онолын бүлгийг хамарна. Үүнд: 1. Эконометрикийн үндсэн асуудлууд ба Статистикийн суурь ойлголтууд 2. Энгийн регрессийн шинжилгээ 3. Олон хувьсагчийн регрессийн шинжилгээ 4. Регрессийн шинжилгээнд учрах хүндрэл, алдаанууд, өргөтгөлүүд. Эхний хэсэгт эконометрикийн үүсэл, хөгжил, бүтэц, судлагдахуун болон үндсэн арга аргачлалын тухай танилцуулна. Мөн эконометрикийн шинжилгээнд түлхүү ашиглагддаг статистикийн суурь ойлголтууд болох санамсаргүй хэмжигдэхүүн; түүний магадлалын тархалт, хэлбэрүүд; хүлээлт; цэгэн болон интервал үнэлгээ; эх олонлогийн параметр дээрх таамаглал шалгах процедур зэргийг сэргээн үзнэ. Хоёрдугаар хэсгээр нэг тайлбарлагч хувьсагчтай регрессийн шинжилгээний арга аргачлалыг танилцуулна. Ингэхдээ, эдийн засгийн онолын болон статистик загвар, сонгодог регрессийн таамаглалууд, загварын параметрүүдийг үнэлэх ХБКА-ыг тодорхойлно. Үүний дараагаар регрессийн таамаглалууд биелж байх үеийн үнэлэгчдийн түүврийн шинж чанаруудыг тодорхойлж, Гаусс-Марковын теорем болон статистик дүгнэлтүүд, таамаглал шалгах, интервал үнэлгээг хэрхэн хийх аргын талаар үзнэ. Энэ хэсгийн төгсгөлд регрессийн тэгшитгэлийн үнэлгээний үр дүнг хэрхэн илтгэх болон тэгшитгэлийн хэлбэрийг хэрхэн зөв сонгох талаар үзнэ. Гуравдугаар буюу олон хувьсагчийн регрессийн шинжилгээний хэсэгт өмнө үзсэн энгийн регрессийн шинжилгээнд тодорхойлсон үндсэн ойлголтууд дээрээ үндэслэн олон тайлбарлагч хувьсагчтай тохиолдолд регрессийн шинжилгээг хэрхэн гүйцэтгэх талаар үзнэ. Олон хувьсагчийн регрессийн загварыг хэрхэн тодорхойлох, таамаглал болон статистик дүгнэлтүүдийг хэрхэн өргөжүүлэх, тэдгээрийн үндсэн шинж чанаруудыг авч үзнэ. Үүнээс гадна, регрессийн шинжилгээнд түүврийн бус мэдээллийг хэрхэн үр ашигтайгаар ашиглах, статистик загварын тодорхойлолтыг статистик тестээр шалгах, улмаар яаж сайжруулж болох талаар үзнэ. Сүүлийн буюу дөрөвдүгээр хэсэгт, өмнөх хичээлүүдээр үзсэн сонгодог регрессийн шинжилгээнд учирч болох хүндрэлүүд болон үнэлгээг сайжруулах бусад нэмэлт техникүүдтэй танилцана. Чанарын үзүүлэлтүүдийг регрессийн шинжилгээнд оруулахад түгээмэл хэрэглэгддэг “Dummy” хувьсагчийн аргатай танилцах бол олон тайлбарлагч хувьсагчтай регрессийн шинжилгээнд үүсэж болдог “Multicollinearity” асуудал болон сонгодог регрессийн 3 ба 4-р таамаглалууд зөрчигдсөн үед үүсдэг “Heteroskedasticity”, “Autocorrelation” асуудлууд гэж юу болох тэдгээрийн үр дагавар, хэрхэн засах талаар үзнэ. Үүнээс гадна, загварын тодорхойлолт болон тоон өгөгдлийн шинж чанараас үүсдэг “Omitted Variable Problem” болон “Measurement Error Problem” асуудлуудыг авч үзнэ.

Зорилго

Оюутнуудад эконометрикийн сонгодог регрессийн шинжилгээний суурь онолуудыг танилцуулж, бодит тоон өгөгдөл ашиглан эдийн засгийн тоон шинжилгээг орчин үеийн хэрэглээний программ ашиглан хийх арга барилд сургах.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON101
Багц цаг: 3

Товч агуулга

Микро эдийн загийн үндэс хичээлийн хүрээнд эдийн засгийн агентуудын үйл хөдлөл, зах зээлийн тэнцвэр, эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмжүүд, үйлдвэрлэгчийн шийдвэр гаргалт, бүтээгдэхүүний ба хүчин зүйлсийн зах зээлийн төрлүүд, тэдгээрт үнэ тогтох хэлбэрүүдийг судална. Удиртгал хичээлийн хүрээнд оюутнууд микро эдийн засгийн үндсэн асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаагаас хамаарсан эдийн засгийн тогтолцооны талаар ойлголтуудтай танилцана. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо дахь үнэ бүрдэлт, түүнийг тодорхойлогч эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөгч хүчин зүйлүүдийн талаар судална. Эрэлтийн, үнээс болон орлогоос хамаарсан мэдрэмжүүд, солбисон эрэлтийн мэдрэмжүүдийг тооцож чаддаг болох ба мэдрэмжээс нь хамааран бараа бүтээгдэхүүнийг ангилж сурна. Мөн нийлүүлэлтийн мэдрэмжийг тооцоолж чаддаг болно. Үйлдвэрлэлийн урт ба богино хугацааг тодорхойлж сурах ба урт, богино хугацааны зардлуудын шинжилгээг хийнэ. Түүнчлэн зардлын муруйнуудын хоорондын уялдаа холбоог мэддэг болно. Бүтээгдэхүүний зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд төгс ба төгс бус өрсөлдөөнт зах зээлийн хэлбэрүүдтэй танилцаж, тэдгээр зах зээлүүд дэх үнэ бүрдэлтийг судална. Тухайлбал: ТӨЗЗ, монополь, монопольт өрсөлдөөнт зах зээлүүд дэх үнэ тогтоох аргуудтай танилцана. Зах зээлийн давуу болон сул талуудыг тодорхойлно. Хүчин зүйлсийн зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд хөдөлмөр, капитал, газрын зах зээлүүдийн үнэ бүрдэлтийг судална. Улс орнуудын хооронд зах зээлийн хэлбэрээс хамааран ялгаатай цалин тогтох шалтгаануудыг тайлбарлана. Мөн хөдөлмөрийн зах зээл дэх үйлдвэрчний эвлэлийн оролцооны талаар авч үзнэ. Капиталын зах зээл сэдвийн хүрээнд өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнийг тооцоолж сурна. Зах зээлийн тэнцвэрт хүүгийн түвшин, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар ойлголт өгч улмаар газрын үнэ болох рент хэрхэн тодорхойлогддог онцлог шинж чанартай танилцана. Мөн төрийн оролцоо, зах зээлийн сул тал, дам нөлөө болон байгаль орчны хамгааллын тухай танилцана.

Зорилго

Оюутнуудад микро эдийн засгийн онолын үндсэн ойлголтуудыг танилцуулж, тэдгээрийн уялдаа холбоо, илэрхийлж буй агуулгыг дэс дараалалтай, цэгцтэй ойлгуулж, амьдрал дээр гарч байгаа микро эдийн засгийн энгийн үзэгдэл үйл явцыг тайлбарлах чадвартай болгох, дунд түвшний микроэкономикс хичээл судлах оюутнуудын хувьд суурь мэдлэг олгох зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON102
Багц цаг: 3

Товч агуулга

Хичээлийн эхний хэсэгт экономиксийн зарчмууд, макро эдийн засгийн судлах зүйл, судалгааны арга болон онолын гол урсгалуудын тухай ойлголт өгнө. Хоёрдугаар хэсэг буюу үндэсний тооцооны систем гэсэн бүлгээр үндэсний орлогыг хэмждэг үзүүлэлтүүд болох дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт бүтээгдэхүүн гэж юу болох, тэдгээрийг тооцоолдог аргуудтай энгийн түвшинд танилцана. Тухайн улсын үндэсний орлогыг хэмждэг үзүүлэлтүүдээс гадна амьжиргааны түвшинг хэмждэг хэрэглээний үнийн индекс болон ДНБ-ий дефлятор, тэдгээрийн ялгаа зэрэг ойлголтуудыг тайлбарлана. Хичээлийн гурав, дөрөв болон тавдугаар хэсэгт макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн урт хугацааны төлөв байдлыг судална. Үүнд: эдийн засгийн бодит өсөлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, хадгаламж, хөрөнгө оруулалт, ажилгүйдэл, мөнгө, мөнгөний үүрэг, төв банк, инфляц, инфляцын шалтгаан, инфляцын зардал болон нээлттэй эдийн засаг дахь макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй танилцана. Макро эдийн засгийн урт хугацаанд судална гэдэг нь эдийн засаг тэнцвэртэй буюу хэвийн байдалд байгаа үеийг судлахыг хэлж байна. Үүнд: нийт эрэлт болон нийлүүлэлтийн загвар, эдийн засгийн хэлбэлзэл, түүний шалтгаан, макро эдийн засгийн тогтворжилт болон тогтворжуулах бодлогуудын тухай судална.

Зорилго

Энэ хичээлээр оюутан макро эдийн засгийн онолын урсгалууд, үндсэн ойлголтууд болон макро эдийн засгийн үзүүлэлтүүдтэй танилцана. Мөн түүнчлэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа холбоо, тэдгээрт нөлөөлөгч хүчин зүйлсүүдтэй танилцана.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON203
Багц цаг: 3

Товч агуулга

Хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэр, түүнд нөлөөлдөг хүчин зүйлс, хэрэглэгчийн эрэлт ба зах зээлийн эрэлтийн уялдаа, харилцан хамаарал, үйлдвэрлэгчийн шийдвэр гаргалт, бүтээгдэхүүний нийлүүлэлт болон нөөцийн эрэлтийг ТӨЗЗ-ийн нөхцөлөөр тайлбарлана. Мөн монополь болон олигполийн шийдвэр гаргалттай холбоотой бусад асуудлыг дэлгэрүүлж авч үзнэ.

Зорилго

Хичээлийн зорилго нь зах зээлийн өрсөлдөөний орчин дахь хэрэглэгч, үйлдвэрлэгчийн шийдвэр гаргалтыг онолын үндэслэлтэйгээр мэддэг болсноор зах зээлийн үйл явцыг тодорхой хүрээнд тайлбарлах, дүгнэлт өгөх чадвартай болоход оршино.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Эзт
Индекс: ECON319
Багц цаг: 3

Товч агуулга

\Оюутнууд боловсролын зах зээл гэж юуг хэлж байгаа, боловсролын эрэлтийг хэрхэн хэн хийдэг, боловсролын нийлүүлэлт хэрхэн явагдаж байдаг талаар судалсны дараа боловсролын үйлдвэрийн функцийн хэмжилт, үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс тухайлбал, нэг багшид ноогдож байгаа сурагчийн тоо, багшийн тоо хэмжээ, чанар, сургуулийн дэд бүтэц, эцэг эхийн боловсрол, орлого зэргийг судална. Боловсролын үйлдвэрийн функцийг үзсэний дараа сургуулийн санхүүжилт, санхүүжилтийн томьёо, сургалтын төлбөр, сургалтын төлбөрийн мэдрэмжийг хэрхэн хэмжих, боловсролын санхүүжилтийн зардал-үр ашгийн, зардал-үр дүнгийн, зардал-ханамжийн түвшинг хэрхэн тооцох, хэмжих талаар судлан. Хичээлийн хоёрдугаар хагаст хүмүүн капитал, сигналын онол, боловсрол, цалингийн хамаарал нь ажлын туршлага, салбар, хүйс, нас, байршил, гэр бүлийн байдлын хувьд ямар ялгаатай байдаг талаар судална. Сүүлийн сэдэв бол боловсролын салбарт төрийн оролцоо ямар байх ёстой, боловсролын чанарын асуудал, стандарт, боловсролын байгууллагуудын магадлан итгэмжлэх, хувьчлал, сонголтыг хэрхэн хангах асуудлуудыг хамарна.

Зорилго

“Оюутнууд боловсролын эдийн засаг гэж юуг хэлдэг, боловсролын эдийн засагт үүсэж байгаа асуудлууд, түүнийг хэрхэн эдийн засгийн талаас нь хэмжиж, шийдэх талаар үндсэн ойлголттой болно. Үүнд боловсролын эрэлт, нийлүүлэлт, зах зээл, боловсролын үйлдвэрийн функц, боловсролын санхүү, боловсролд оруулж буй хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашгийг боловсролын байгууллага, боловсрол олж авч байгаа хувь хүн, нийгмийн түвшинд авч үзэх бөгөөд багшийн хөдөлмөрийн зах зээл, боловсролын салбарт төрийн оролцоо ямар байх талаар судална.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар