Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр ерөнхий хэл шинжлэлийн онолын үндсэн асуудал, судлах зүйл, судалгааны арга, арга судлал зэргийг тоймлон үзнэ. Тухайлбал, ерөнхий хэл шинжлэлийн онолын сэтгэлгээний тойм, хэлний мөн чанар, үүслийн талаарх онол ойлголтууд, онолын үндсэн асуудал болох хэл дохио тэмдгийн тогтолцоо болох нь, хэл ба соёл, хэл ба нийгэм, хэлний үндсэн ба завсрын түвшин, тэдгээрийн нэгж, хэл шинжлэл ба бусад шинжлэх ухаан, 19-20 дугаар зууны орчин үеийн хэл шинжлэлийн дэг сургуулиуд тэдгээрийн төлөөлөл, ялгаа онцлог, 21 дүгээр зууны хэлшинжлэлийн ерөнхий чиг хандлага, хэл судлалын үндсэн аргазүйн тухай асуудлыг онол аргазүйн шинэ хандлагаар авч үзнэ.)
Ерөнхий хэлшинжлэлийн үндсэн тулгуур ойлголтыг таниулах; Хэл шинжлэлийн онолын баримтлалын дагуу монгол хэлний тодорхой үзэгдлийг судлан шинжлэх мэдлэг чадвар эзэмшүүлэх зорилготой. ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА:
Орчин цагийн монгол хэлний авиан зүй, зөв бичих, үгзүй, өгүүлбэрзүйн төвшинд зайлшгүй мэдвэл зохих сэдвүүдийн хүрээнд зааж, монгол хэлийг богино хугацаанд хурдан ярих, бичих, унших, ойлгох дадлага олгоход оршино.
Уг хичээлийг үзсэнээр суралцагчид монгол хэлний авианы бүрэлдэхүүн, авианы байрлал, дуудлага, тэдгээрийг бичигт хэрхэн тэмдэглэдэг талаар зохих мэдлэг эзэмшинэ. Мөн монгол хэлний үг, өгүүлбэрийн бүтэц, гишүүдийн байр, үгийн үндсэн болон шилжсэн утга, нөхцөл дагаврын утга үүрэг, хэрэглээг зааснаар үг өгүүлбэрийг зөв холбон хэлбэржүүлэх үндсэн мэдлэгийг эзэмшиж, монгол хэлний дүрмийн болон утгазүйн алдаагүй зөв сайхан ойлгох, энгийн болон нийлмэл өгүүлбэрээр санаа бодлоо илэрхийлэх, сурсан хэлзүйдээ тулгуурлан зөв, цэвэр унших, ярих, бичих, сонсох чадварыг эзэмших болно.
Хэл бичгийн ухаан гэдэг хичээлээр монголын судлалын салбарт эрдэм шинжилгээний ажил хийхэд тухайн нэгэн сэдвийг хэл шинжлэлийн онол, монгол хэлний эрт эдүгээгийн судалгаа, соёл, түүх, угсаатны зүй зэрэг олон ухааны уулзварт авч үзэх өргөн боломжийг харгалзах шаардлага тулгардаг тул тэр бүхэнд шаардагдах суурь мэдлэгийг олгохын хажуугаар тэрхүү мэдлэгээ судалгааны ажилд хэрхэн хэрэглэх дадлага эзэмшүүлэх зорилготой. Үүний хажуугаар энэ хичээлээр дэлхийн монголын судлалын бүтээлүүдэд хэл бичгийн ухааны судалгаа, зарчмыг хэрхэн хэрэглэж ирсэн байдлыг холбогдох сэдэв бүрээр танилцуулах болно. Өөрөөр хэлбэл, саланги саланги үздэг дээр дурдсан хичээлүүдийг судалгааны нэг цэг дээр хэрхэн огтлолцуулах мэдлэг, дадлагыг оюутан судлагч нарт олгоно.
Монгол хэл, бичиг, утга соёлын хөгжлийн түүхэн тойм, сурвалж бичиг, аман мэдээ баримт зэрэг баримт судлагдахууныг хэл шинжлэл, түүх, соёл, нэр томьёо, угсаатны зүй зэрэг ухааны үүднээс нэгэн цогц болгон судлах, гадаад дотоодод гарсан холбогдох судлагаа, түүний үр дүн, дүгнэлт зэргийн талаар тогтолцоотой мэдлэг олгохын зэргэцээ задлан шинжлэх, шүүн хэлэлцэх, түүнчлэн дээрх салбараар урьд өмнө гарсан, тэмдэглэгдсэн зүйлийг судалгаандаа хэрхэн хэрэглэх зэрэг судалгааны арга (methodology) болон судалгааны дадалга олгоно.
Лекцийн хичээлээр монгол бичгийн үүсэл гарал, түүх, монгол бичиг монголчуудын хувьд бахархал, ижилсэл болох нь, монгол бичгийн талаарх төрийн бодлого, монгол бичгийн толь бичгүүд, монгол бичгийн цахим хөгжил, монгол бичиг монгол сэтгэлгээг тусгасан болох, кирилл монгол бичгийн зөв бичих дүрмийн харьцуулал, дүрс ялган бичих үгс, ормол үгс, монгол бичгээр гадаад үг бичих зарчим, монгол бичгийн соёл, монгол бичгийн олон зүйл тиг, монгол бичгийн онцлог дурсгалууд, монгол бусад улс үндэстний бичиг үсэгт нөлөөлсөн байдлын талаарх үндсэн ойлголт, мэдлэг эзэмшинэ. Дадлагын хичээлээр монгол бичгийн зөв бичих зүйн зарчмын тухай мэдлэгт тулгуурлан, орчин цагийн монгол хэлний урт, хос эгшгийн учир, дэвсгэрлэх жийрэглэх ёсны тухай зөв ойлгож, түүндээ тулгуурлан монгол бичгээр нэр, үйл үгийг нөхцөлөөр хувилгах, нэр, үйл үг бүтээх дагаврын утга, хэрэглээ, бичлэгийг сурч, лекцийн хичээлийн агуулгад холбогдох эрт эдүгээгийн олон эхүүдийг ашиглан, монгол бичгийн хэлний хэм хэмжээний дагуу монгол бичгээр зөв уншиж, монгол бичгээс кирилл бичигт, кирилл бичгээс монгол бичигт хэрэглээний түвшинд хөрвүүлэн бичих чадвартай болно.
Энэхүү хичээл нь ерөнхий боловсролын сургуульд эзэмшсэн монгол бичгийн суурь мэдлэгийг баяжуулах, монгол бичгийн зөв бичих зүй, үг бүтэх ёсны тухай хэл шинжлэлийн ухаанд тулгуурласан мэдлэг олгох, монгол бичгээ хэрэглээний түвшинд хэрэглэх чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой. Тус хичээлийг үзсэнээр, монгол бичгийн тухай цогц мэдлэг мэдээлэлтэй болж, монгол бичгээр унших чадварыг сайжруулж, кириллээс монгол бичигт хөрвүүлэх, монгол бичгийг цахимд хэрэглэх арга зүй, дадал эзэмших, монгол хэл, бичгийн чиглэлийн залгамж хичээлүүд болон дараагийн түвшний бүх хичээлийг судлах суурь болох ач холбогдолтой.
Тус хичээлээр XIII-XVI зууны үеийн монгол бичгийн дурсгалууд, тэдгээрийг судалсан тоймтой танилцаж, түүхэн хэл шинжлэл, сурвалж судлалын онол арга зүйн үндсэн дээр мөн үеийн олон төрлийн монгол бичгийн дурсгалыг тайлж уншиж, эрдэм шинжилгээний галигаар галиглаж, үсэг зүй, авиа зүй, бүтээвэр зүй, хэл зүй, үгийн сан, үгийн гарал, утга зүй, өгүүлбэр зүйн онцлогийг танин мэдэж, тайлбарлаж, дурсгалын иж бүрэн судалгаа хийх болно.
Энэхүү хичээл нь XIII-XVI зууны үеийн монгол бичгийн дурсгалуудыг тайлж унших, үсэг зүй, авиа зүй, бүтээвэр зүй, хэл зүй, үгийн сан, үгийн гарал, утга зүй, өгүүлбэр зүйн онцлогийг танинж мэдэж, өнөөгийн монгол бичгийн зөв бичих зүйтэй харьцуулан тайлбарлах хэл шинжлэл, сурвалж судлалын суурь мэдлэг олгоход чиглэнэ.
Тус хичээл нь монгол бичгийг сурах, сургах уламжлалт болоод орчин үеийн арга барилд тулгуурлан, монгол бичгээ хэл шинжлэлийн үндэслэлтэйгээр ерөнхий боловсролын сургуулийн “Цөм хөтөлбөр”-т тусгагдсан 6-12-р ангид үзэх Үндэсний бичиг хичээлийн сурах бичигт орсон үсгийн тиг зурлагаас эхлэн зөв бичих дүрэм, монгол бичгээр буй эхийг задлан заах агуулгыг хамарна.
Энэхүү хичээл нь Монгол Улсын ойрын ирээдүйн бодлогод нийцүүлэн, ерөнхий боловсролын сургуулиас эхлээд бүх шатны сургалтын байгууллагын сурагч, суралцагчдад монгол бичгийн ерөнхий мэдлэгийг заан сургах; монгол бичгээр унших, бичих хялбар аргыг эзэмшүүлэх; монгол бичгийг кирилл бичигтэй харьцуулан тайлбарлах; монгол бичгийн онцлогийг гүнзгийрүүлэн судлах үндсийг тавих; орчин цагийн монгол хэлээ, монгол бичгийн хэлтэй холбон ухаарч, эх хэлнийхээ зүй тогтлыг хэл шинжлэл, түүхэн хөгжил, үгийн сан, утгазүйн талаас сонирхолтой заах; монгол бичиг өнгөрсөн, одоо, ирээдүйн монголчуудын оюуны соёлын өв болохыг өөрөө ухаарахын зэрэгцээ өрөөл бусдад ухааруулан, монгол бичгээ сурч мэдэх хүсэл тэмүүлэлтэй болгон заах мэдлэг, чадвар, дадал олгох зорилготой.
Монгол, манж хэл нь нэг язгуурын хэл болохоос гадна өнө эртний харилцан нөлөөлөл ихтэй, нөгөөтээгүүр Монголын түүх, хэлний үлэмжхэн дурсгал манж бичгээр уламжлан хадгалагдаж байгаа тул монгол хэл, сурвалж судлал, алтай судлалаар мэргэших хүний зайлшгүй сурах хэл бичгийн нэг нь манж бичгийн хэл юм. Манж угсаатны бичиг үсгийн түүх, манж бичгийн цагаан толгой, үсэг зүйн онцлогтой танилцаж, манж хэлээрх албан бичиг, түүхэн сурвалж, сургаалын зохиол, аман зохиол, тайлбар болон хавсарсан хэлний толь бичгийн уламжлалыг үзэж судална.
Манж бичгийн хэлний дэвсгэр мэдлэг олгох, манж хэлээр унших бичих, орчуулах, эрдэм шинжилгээний галиглах аргад суралцах анхан шатны мэдлэг олгох зорилготой.