МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI314
Багц цаг: 2

Товч агуулга

Хичээлийн эхний хэсэг нь улс төрийн эдийн засгийн гол онолын үндэслэл, уламжлалд төвлөрдөг. Тус хэсэгт "Улс төрийн эдийн засаг" ба "онолын хандлага" гэж юу гэсэн үг болохыг урьдчилан ярилцах замаар эртний болон сонгодог улс төрийн эдийн засагтай танилцана. Түүнчлэн энэ хэсэгт Платоны "Улс төрийн эдийн засгийн" тойм; Аристотелийн "Улс төрийн эдийн засаг"; Платонтой хийсэн харьцуулалт, Адам Смитийн “Улс төрийн эдийн засаг”, “жам ёсны эрх чөлөөний систем” болон Смитийн зорилтууд; Дэвид Рикардогийн "улс төрийн эдийн засгийн үндсэн асуудал"-ын талаарх үзэл баримтлал; Смитээс ялгарах шинж, Марксын бүтээлүүд дэх капитализмын норматив шүүмжлэлийг судалж, ялангуяа түүний үнэ цэний онол, түүхий эдийн мөн чанарын талаарх тайлбар, мөлжлөгийн онол, капиталын хуримтлалын онолтой танилцана. Улмаар түүний хөдөлмөрийн үнэ цэний онолыг Австрийн болон бусад маржиналист шүүмжлэгчдийн дэвшүүлсэн үнэ цэний онолтой харьцуулж үзнэ. Эхний хэсэг нь Карл Поланигийн "зохиомол бараа", "давхар хөдөлгөөн", “нийцтэй байдал" ба "үл нийцэл”, "байгууллагажсан үйл явц" гэсэн ойлголтуудаар төгсдөг. Хичээлийн хоёр дахь хэсэг нь дэлхийн улс төрийн эдийн засаг, капитализм, түүний хэм хэмжээ, институци зэрэг практик асуудлуудыг авч үздэг. Түүнчлэн худалдааны шинэ дүрмийг бий болгоход шинээр өндийн босож буй гүрнүүдийн (Хятад, Энэтхэг, Бразил зэрэг) гүйцэтгэх үүрэг, түүний дэлхийн засаглалд үзүүлэх үр дагавар, даяаршсан дэлхийн эдийн засаг дахь аж үйлдвэрийн хөгжилд засгийн газрын гүйцэтгэх үүрэг, бүтцийн тохируулгын хөтөлбөр, Дэлхийн банк, ОУВС, тэдгээрийн хөгжлийн бодлогод үзүүлэх нөлөө; хөгжиж буй орнуудын байгалийн нөөц, эдийн засгийн өсөлтийн улс төр, улс төрийн эдийн засгийн экологийн асуудал зэргийг авч үзнэ.

Зорилго

• Тус хичээл нь аль чиглэлээр суралцаж буй оюутнуудад тухайн улс төрийн эдийн засгийн онолын суурь мэдлэгийг олгох: • Оюутнуудыг улс төрийн эдийн засгийн сонгодог болон орчин үеийн гол дэг сургуулиудтай танилцуулах; • Тухайн дэг сургуулийн гол онолчдын аргументуудыг ойлгож, дүгнэх боломж олгох; • Оюутнуудад улс төрийн эдийн засгийн үндсэн ойлголтуудыг ашиглаж шүүмжлэлтэй дүн шинжилгээ хийх боломж олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI310
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлийн агуулга нь XIX-XX зууны эхний хагас дахь өрнөдийн нийгэм-улс нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрийн сэтгэлгээний гол онцлог, үндсэн асуудлуудын талаар авч үзнэ. Ж.Бентам, Ж.С.Милл, Б.Констан, А.Токвиль, В.Гумбольд, Л.Штэйн, Сен Симон, Фурье, Оуэн, К.Маркс, Ф.Энгельс, В.И.Ленин, И.В.Сталин, Н.И.Бухарин, М.А.Бакунин нарын улс төрийн сэтгэлгээ дэх Хувь хүний эрх, эрх чөлөө, Төлөөллийн удирдлага ба эрх зүйт төрийн үзэл санаа, Төвийг сахисан засаглал ба нийтийн сайн сайхан байдал, ардчиллын үндэс, Төр ба иргэн, иргэний нийгмийн харилцан хамаарал, Нийгэм ба төрийн удирдлагын эрх зүйн зохицуулалт, социалист үзэл санаа, пролетарийн диктатур, тоталитаризм, анархимзмын асуудлыг авч үзнэ.

Зорилго

Баруун европын улс орнуудад явагдсан аж үйлдвэрийн хувьсгал нь нийгэм, улс төрийн харилцаанд суурь өөрчлөлтүүдийг бий болгосон билээ. Тус хичээлээр тэдгээр өөрчлөлтүүд, түүний үр дүнд бий болсон төр, иргэний нийгэм, ардчилал, институтчиллийн мөн чанар, сэтгэлгээний уг сурвалжийг авч үзсэнээр оюутнуудад улс төрийн өнөөгийн асуудлуудыг судлахад шаардлагатай түүхэн ойлголт, сэтгэгчдийн үзэл санаа, хувьсал өөрчлөлтийн динамик, онол, үзэл баримтлал, философийн ойлголтыг бүрдүүлэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI205
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлийн хөтөлбөрийн хүрээнд үндэсний болон орон нутгийн түвшин дэх ардчилал, иргэний нийгмийн онол, практикийн асуудлууд болон иргэн ба төр, хувь хүн ба нийгэм, тэдгээрийн эрх, үүрэг, оролцооны тухай, ардчилсан засаглалын үнэ цэнэ, сорилт бэрхшээл, түүнийг боловсронгуй болгоход төр болон иргэн, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хандлага, арга механизмуудын тухай авч үзнэ. Ингэхдээ ардчилсан нийгэм дэх оролцоо, төлөөлөл гэсэн хоёр үндсэн сэдвийг гол болгон дараах асуултуудыг авч үзсэн болно. Үүнд: Ардчилал гэж юу вэ? Ардчилал яагаад үнэ цэнтэй вэ? Ардчилал угаасаа үнэ цэнтэй юу эсвэл зөвхөн сайн үр дагаварт нь үнэ цэнэ нь оршдог уу? Ардчиллыг хадгалах, бэхжүүлэх оролдлогыг өдөөж байдаг гол үнэт зүйлс юу вэ? Төгс ардчилсан тогтолцооны үндэс нь ямар үнэт зүйлс байдаг вэ? Ардчилал бүх үндэстэнд тохирох засаглалын хэлбэр мөн үү? Ардчилсан нийгэмд ард түмэн засаглана гэдэг нь юу гэсэн үг вэ? Ардчилалд либерал эрх хэрэгтэй юу? Ардчилалд олонхын засаглалын хэр хэмжээ хаагуур хязгаарлагддаг вэ? Ардчилсан улс төрийн институци байхгүй бусад соёл иргэншил, үндэстнүүдэд ардчилал хэр тохирох вэ? Либерал ардчилалд сонгуулийн оролцоо буурч буй тохиолдолд яах ёстой вэ? Ардчилалд залуучууд, цөөнх гэх мэт маргинал бүлгүүдтэй хэрхэн харилцах вэ? Оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхэд ямар төрлийн хөтөлбөрүүд хэрэгтэй вэ? Хүмүүс яагаад (ардчилсан) улс төрд үл итгэдэг, эсвэл үзэн яддаг вэ? Улс төрийн оролцооны гол арга хэмжээ юу вэ? Ямар төрлийн шинэчлэл иргэдийн сэтгэл ханамж, оролцоог нэмэгдүүлэх вэ? Орчин үеийн ардчилсан орнууд яагаад сонгуулийн ирцийн хувь хэмжээнд санаа зовдог вэ? Сонгуульд оролцохыг дэмжихийн тулд яах ёстой вэ? Идэвхтэй иргэдийг хэрхэн бий болгох вэ? Иргэний боловсрол ба ардчиллын үнэт зүйлсийг сургахад тулгарч буй сорилтууд. Орчин үеийн ардчилсан нийгэмд сонгогчдын боловсролын хөтөлбөр ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Монголд “сонгогчдын боловсрол” зэрэг хөтөлбөрүүдийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ? Ардчилал цаашид үндэсний хэмжээнд гэхээсээ орон нутгийн ардчилалд илүү анхаарах ёстой юу? Ардчиллын аль загвар нь (нэгтгэсэн, зөвлөлдөх эсвэл бусад) ардчилсан шийдвэрийг илүү хүлээн зөвшөөрөхүйц болгох вэ? Өнөөгийн засаглалын хэлбэрүүд ардчилсан стандартад хэр нийцэж байна вэ? "Ил тод байдал" засаглалыг сайжруулахад хангалттай байж чадах уу? Ардчиллын институцийн янз бүрийн хямралууд (хууль тогтоох байгууллага, улс төрийн нам, сонгууль г.м). Хэрэв төлөөллийн ардчилал хямралд орсон бол өөр ямар арга зам байж болох вэ? Илүү даяаршсан, орчин үеийн ертөнцөд ардчилсан удирдагчдын өмнө ямар сорилт тулгарч байна вэ? зэрэг асуудлуудыг доорх 16 сэдвийн агуулгад тусган авч үзсэн болно.

Зорилго

• Ардчиллын гол үзэл санаа, үндсэн зарчмуудын талаар мэдлэг, ойлголт өгөх • Ардчилсан төр, засаглал, иргэний нийгэм, тэдгээрийн мөн чанар, институтүүдийн талаар мэдлэг, ойлголт эзэмшүүлэх • Төлөөллийн болон шууд оролцооны хэлбэрүүдийн үзэл санаа, онолын үндэслэл, арга механизмуудыг тайлбарлах • Ардчилсан засаглал дахь иргэдийн оролцооны шинэ боломж, арга хэлбэрүүдийн талаар таниулж, хэзээ, хэрхэн үр дүнтэй ашиглах талаар мэдлэг, дадал олгох • Ардчиллын тулгамдсан сорилтууд, тэдгээрийн учир шалтгаан, шийдвэрлэх боломжийн талаар онол, практикийн үүднээс тайлбарлаж, тухайн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх чадварт сургах

Харьяалах тэнхим: МУИС, Утоухнус, Утст
Индекс: POLI101
Багц цаг: 3

Товч агуулга

Ардчиллын үүсэл, түүхэн хөгжил, хувьслын тухай, Ардчиллын тухай үндсэн ойлголт, үзэл баримтлалууд, тэдгээрийн нийтлэг хийгээд ялгаатай талууд. Ардчиллын хэлбэрүүд, үнэт зүйлс, зарчмууд. Орчин үеийн ардчилсан засаглал: эрх мэдлийн хуваарилалт, парламент, гүйцэтгэх засаглал. Сонгууль, намын тогтолцоо, сонирхлын бүлэг. Дэлхий даяарх болон Монгол дахь ардчилсан өөрчлөлтийн үйл явц, хүний эрх, ардчиллын индекс, сорилт, шийдлийн талаар судалж, хэлэлцэнэ.

Зорилго

“Ардчиллын боловсрол” хичээл нь сонгон судалж байгаа оюутанд ардчиллын үндсэн ойлголтын талаар цогц мэдлэг олгож, нийгмийн бодит үзэгдэл, үйл явцыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах, үнэлгээ өгөх дадал, чадвар эзэмшүүлэхэд оршино. “Ардчиллын боловсрол” хичээл нь сонгон судалж байгаа оюутанд ардчиллын түүхэн хөгжил, гол үнэт зүйлс, зарчим, өнөөгийн нийгэмд учирч буй бэрхшээл сорилт, ардчилсан иргэнийг төлөвшүүлэхэд боловсролын байр суурийн талаар ойлголт өгнө. Лекц, унших зохиол, интерактив үйл ажиллагаагаар дамжуулан оюутнууд шүүмжлэлт хэлэлцүүлэг, кэйс дээр ажиллах, мөн ардчилсан үйл явцыг практик дээр оролцон турших үйл ажиллагаа явуулна. Хичээлийн зорилт: -Ардчиллын түүхэн хөгжил, хувьслын талаар ойлголттой болох, -Ардчиллын цөм үнэт зүйлс, зарчмуудыг авч үзнэ, -Өнөөгийн дэлхий даяар ардчилалд тулгарч буй сорилт, аюул заналыг шинжилж үзнэ, -Ардчилсан үнэт зүйлс, практикийг хөгжүүлэн, бэхжүүлэхэд боловсролын үүрэг, байр суурийн тухай авч үзнэ, -Семинарын хэлэлцүүлгээр дамжуулан, шүүмжлэлт сэтгэлгээг, идэвхтэй иргэн чадварыг эзэмшүүлнэ, -Оролцооны аргаар ардчилсан үйл явц, болон шийдвэр гаргахад оролцох багийн, туршилтын даалгавар гүйцэтгэж, дүгнэж ярилцана.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар