Бидний тухай
Багш ажилтан
Дэлхийн улс орнуудад ардчиллыг төлөвшүүлэх, цаашлаад ардчиллын чанар, бэхжилтийн асуудалд улс төрийн санхүүжилтийн ил тод, нээлттэй байдал, түүнийг хангахад хэвлэл мэдээллийн оролцоо нэн чухал болохыг чухалчилж байна. Энэxүү хичээлээр улс төрийн санхүүжилтийн талаарх ойлголт, хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдал, улс төрийн намын болон сонгуулийн кампанийн санхүүжилтэд хэвлэл мэдээллийн салбарын хяналт, оролцооны зэрэг асуудлуудыг судална. Ингэхдээ дээрх асуудлаарх эх сурвалж, зохиол бүтээлийн агуулгатай танилцах, судлах, улс төрийн санхүүжилт ба хэвлэл мэдээллийн харилцан уялдааг судлах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэж хэвлэл мэдээллийн салбар дахь улс төрийн бодлогыг тодорхойлно.
Хичээлийн гол зорилго нь Улс төрийн санхүүжилтийн талаар нарийвчлан судлах, улс төр ба хэвлэл мэдээллийн салбарын харилцан хамаарлын талаар харьцуулсан, системтэй, олон талын мэдлэг оюутанд суулган, дүн шинжилгээ хийж, судлаачийн байр сууринаас үнэлэлт дүгнэлт өгөх чадвар, дадал, хандлагыг эзэмших юм.
Улс төрийн коммункацийн түүх, суурь онол, арга зүй, хэв маяг, хөгжлийн чиг хандлагатай танилцана. Тухайлбал: улс төрийн сурталчилгаа, хэвлэл мэдээлэлд суурилсан улс төрийн үзэгдлийг тайлбарлах, улс төрийн үзэл суртлыг хэрхэн сурталчилах, хэвлэл мэдээллийн нөлөө, нийгмийн сэтгэл зүйн байдал зэргийг онолын үндэслэлтэй заах, хамтран кейс дээр ажиллах болно.
Улс төрийн коммуникацийн онол, арга зүй хичээлийн хүрээнд улс төрийн коммуникацийн суурь онол, хэв маяг, хөгжлийн чиг хандлага, салбар шинжлэх ухаануудтай уялдах байдал зэргийг шинжлэх ухааны үндэстэй танин мэдүүлнэ. Улс төрийн коммуникацийн практик хэрэглээний талаар мэдлэгийг олж авах, мөн хэвлэл мэдээлэл, сэтгэл судлалын салбартай хэрхэн уялдах, бодит кейс дээр онолын үндэслэлтэй тайлбар хийх чадвар эзэмших зэрэг ач холбогдолтой.
Энэ хичээлээр улс төрийн бодлогын талаарх орчин үеийн ойлголт, ангилал, улс төрийн бодлогын бүтцийн элементүүдийн талаар үзнэ. Мөн улс төрийн бодлого ба нийгмийн амьдралын бусад хүрээ хоорондын харилцан холбоо, улс төрийн бодлогын зорилго, арга хэрэгсэл, улс төрийн бодлогын субъект, улс төрийн бодлогын чиг үүргийн асуудлыг авч үзэх юм. Бодлогын шинжилгээ: асуудал тодорхойлох, бодлогын зорилтыг сонгох, бодлогын хувилбар гаргах, бодлогын хувилбарын ирээдүйн үр дагаврыг урьдчилан тооцоолох, бодлогын хувилбаруудад үнэлгээ хийх, шийдвэр гаргах; Бодлого төлөвлөх, зохицуулах: хэрэгжүүлэх ажлыг төлөвлөх, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, үр дүнд мониторинг ба үнэлгээ хийх, бодлогыг шийдвэр гаргагчдад хүргэх, бодлогыг сурталчлах; Бодлогын анализын асуудал томъёолох үе шатны гол зүйлс болох асуудал томъёолох шатанд гардаг алдаа болон асуудал мэдрэх, асуудал томъёолох, асуудлыг дахин шийдвэрлэх, цуцлах, шийдэлгүй байх шат дарааллыг авч үзнэ. Улс төрийн прогнозын арга зүйн үндэс, Улс төрийн прогнозчлолын хугацаа, арга хэрэгсэл, үндсэн зарчим зэрэг асуудлыг авч үзнэ. Мөн улс төрийн прогнозчлолын үндсэн үе шат, улс төрийн бодлогын прогнозчлолын аргуудыг авч үзнэ. Бодлогын хэтийн төлөвийг таамаглах зорилго, бодлогын ирээдүйг таамаглах хязгаар буюу шалгуур үзүүлэлтүүд зэргийг үзэхээс гадна ирээдүйн төлөв байдлын төрлүүд, хэтийн төлөвийг таамаглах үндсэн хандлагуудыг дэлгэрэнгүй авч үзнэ. Мониторинг ба үнэлгээний зорилго, хоорондын ялгаа, онцлогийг талбарлаж, бодлогын үйл ажиллагааны хүрээг нарийвчлан авч үзнэ. Зөвлөмжийн энгийн загвар, зөвлөмж оновчтой байх олон талын рациональ шинжүүдийг үзнэ. Зөвлөмж гаргах нь аль хувилбарыг сонгон авахыг дэмжих, итгэн үнэмшүүлэх үйл ажиллагаа юм. Иймд зөвлөмж гаргахад анхаарах зүйлсийг авч үзнэ. Шийдвэрийн онолын тулгуур ойлголтууд болох шийдвэрийн хувилбар, завсрын төлөв, нөхцөлт үнэ цэнэ зэргийг үзэхээс гадна шийдвэрийн мод, шийдвэрийн хүснэгтээр жишээ авч дэлгэрэнгүй тайлбарлана. Шинжилгээний тоон аргын хүрээнд шулуун шугаман тэгшитгэлийг түүврийн хэмжээ, үл хамааран хувьсагч, хамааран хувьсагч зэрэг утгуудаар тайлбарлан авч үзэж бодлого бодно. Бодлогын асуудлын баримт бичгийн үндсэн бүтэц болох асуудлын ерөнхий нөхцөл байдал, асуудлын цар хүрээ, асуудлын тухай бичих, бодлогын альтернатив хувилбарууд, зөвлөмжийн хэсэг, схем, диаграмм, график, статистик тоо баримт зэргийг хэрхэн цуглуулах, ашиглах зэрэг асуудлыг авч үзнэ.
Хичээлийн гол зорилго нь улс төрийн бодлогын анализын талаарх орчин үеийн онол, арга зүйн олон талын мэдлэг олж авахад оршино.
1990 оны Ардчилсан хувьсгал. гарах шалтгаан, өрнөл, үр дүн. 1992 оны шинэ Үндсэн хууль. Монгол улсад улс төрийн шинэ систем бүрэлдэн тогтсон нь. Монгол улсын төрийн тогтолцоо, эрх мэдэл хуваарилалтын зарчим, түүнд тулгарч буй сорилтууд, боловсронгуй болгох арга зам. Монголд олон намын тогтолцоо бүрэлдэн тогтсон нь. Намуудын үзэл баримтлалын ялгарал, үндсэн чиглэл, намын санхүүжилт, дотоод ардчилал, эрх зүйн орчны тулгамдсан асуудлууд. Орчин үеийн намын хөгжлийн хандлага ба Монголын улс төрийн намууд. Монголын ардчилал ба улс төрийн нам. Монголын намуудын бодлого(улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогын хэрэгжилт, хүрсэн үр дүн) үйл ажиллагааны төлөвшилт. Монгол дахь сонгуулийн тогтолцоо, сонгуулийн үйл явц, илэрч буй эерэг сөрөг шинжүүд, тэдгээрийг саармагжуулах ил тод, шударга сонгуулийн тогтолцоог төлөвшүүлэх асуудлууд. Сонгуулийн эрх зүйн орчин, улс төрийн намуудын сонгуульд нэр дэвшүүлэх процесс, анхаарах асуудлууд. Монголын сонгогчдын үйл байдал, улс төрийн оролцооны хөгжилт, цаашдын чиг хандлага. Сонгогчдын улс төрийн үйл байдалд эерэг, сөрөг нөлөө үзүүлэгч хүчин зүйлс. Монголын нийгмийн давхраажилт, гарч буй өөрчлөлт Монгол дахь улс төрийн соёлын хөгжил төлөвшилт, зонхилж буй соёлын хэв маяг. Олон нийтийн санаа бодол ба улс төр. Иргэдээс төр, улс төрийн намуудыг үнэлэх үнэлгээ, түүнд гарч буй өөрчлөлт. Монгол дахь иргэний нийгмийн төлөвшилт, хөгжлийн чиг хандлага. Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн орчин. Монгол дахь улс төрийн коммуникаци. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба улс төр. Монгол дахь сонгуулийн коммуникаци. Монгол дахь ардчиллын хөгжилт, тулгарч буй сорилтууд.
Монголын улс төр хичээлийн зорилго нь Монголын улс төрийн тогтолцоо, институци байгууллага, үйл явц (улс төрийн систем, төр, улс төрийн нам, сонгууль, сонгуулийн тогтолцоо, иргэний нийгмийн байгууллагууд)-ын тухай ойлголт, мэдлэгийг оюутнуудад олгох, өөрийн орны улс төрийн нөхцөлд байдалд шинжлэх ухаанч үнэлэлт дүгнэлт өгөх чадвар суулгахад оршино.
Энэхүү хичээл нь улс төрийн шинжлэх ухааны магистр, докторын хөтөлбөрийн мэргэжлийн суурь хичээлд багтана. Хичээлийн ерөнхий агуулга нь: - Ардчилсан шилжилтийн онол, арга зүйн асуудал, транзитологи судлал - Монгол дахь ардчилсан шилжилтийн үйл явц, хөгжилт - Ардчилал ба ардчилах үйл явцын загваруудыг судлахад чиглэгдэнэ.
Суралцагчдын онол, улс төрийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, улс төрийн асуудлыг түүнд нөлөөлөх хүчин зүйлс, учир шалтгааны холбоо хамаарлыг харгалзан танин мэдэх, зохиц байдлаар авч үзэж хандах чадварыг хөгжүүлэхэд оршино.