Бидний тухай
Багш ажилтан
Дэлхийн янз бүрийн бүс нутагт орчин үед чухал нөлөө бүхий зарим шашны сургаалын агуулгыг философийн плюрализмын үүднээс суралцагч нарт эзэмшүүлэхэд энэ хичээл голлон чиглэнэ.
Шашны эрхзүй судлал нь шашин судлалын салбар болох нь: судлах зүйлийн онцлог, үүсэл хөгжил, судалгааны тойм. Шашин ба эрхзүйн харилцан хамаарал, шашны зохицуулах үүрэг, түүний эерэг сөрөг нөлөөлөлийн онол практикийн асуудал. Дэлхийн шашны номлол сургаал дахь эрхзүйн үзэл баримтлалууд: буддын, христийн, исламын шашин.
Нийгэм дэх шашны харилцааг зохицуулдаг үндэсний болон олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй танилцуулж, шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөний тухай онолын ба практик мэдлэгтэй болгох, монголын төр, сүм хийдийн харилцааны түүх, эрхзүйн зохицуулалтын тухай мэдлэг эзэмшүүлэхэд оршино.
Шашны тухай философийн судлах зүйл, онцлог, шашны үүсэл, эх сурвалжийн талаарх тайлбарууд, бурхан гэж юу болох, бурханд байх шинжийн тухай философи шинжилгээ, бурхны оршихуйн баталгаа, няцаалт, сүсэг бишрэл, оюун ухааны харилцаа, шашны туршлага, илчлэл, тэдгээрийн бодит чанарын асуудал, шашны хэл, бэлгэдэл, зүйрлэл, утгын тайлбар, шашны ёс суртахууны номлолууд, нүгэл, зовлонгийн асуудал, шашны давуу, сул тал, нийгэмд үзүүлэх нөлөө, шашны олон янз байдал, шашин хоорондын харилцаа, орчин үеийн нийгэм дэх шашны байр суурь, шинжлэх ухаан, технологийн эрин дэх шашны ирээдүй
Энэхүү хичээлийн үндсэн зорилго нь шашин, түүний мөн чанар, сүсэг бишрэл зэргийг философийн үүднээс шүүн тунгаах, логик үндэслэлтэйгээр ойлгон дүгнэх чадварыг суралцагчдад төлөвшүүлэхэд оршино. Үүний хүрээнд шашин гэж юу болох, түүний үүсэл, хөгжил, нийгэмд гүйцэтгэх үүрэг, орчин үеийн чиг хандлагыг сэдэвчлэн судална. Тус хичээл нь бурхны тухай үзэл, бурхны оршихуйг ухаалгаар шүүн тунгаах боломж олгох, сүсэг бишрэл, оюун ухаан; шашин, шинжлэх ухаан; шашин; ёс суртахууны харилцааг философийн үүднээс тайлбарлах чадварыг хөгжүүлэх, олон шашинт, олон соёлт нийгэмд хүлээцтэй, нээлттэй сэтгэлгээ төлөвшихөд дэмжлэг үзүүлэх, шашны талаарх шүүмжлэлт сэтгэлгээ, үндэслэлтэй байр суурь илэрхийлэх чадварыг дээшлүүлэх, орчин үеийн нийгэм дэх шашны нөлөө, тулгамдсан асуудал, ирээдүйн чиг хандлагыг ойлгоход туслах ач холбогдолтой.
Шашны социологи-шашин судлалын салбар чиглэл болох нь: судлах зүйлийн онцлог, судалгааны арга, аргазүй, үүсэл, хөгжил, үе шат, бүтэц бүрэлдэхүүн. Социологийн ерөнхий онол ба шашин судлалын холбоо, хамаарал. Шашны социологийн үндэслэгчид. Шашны тухай социологийн тайлбарлал онолууд: Шашин-бүтэц, үүрэг, шашин-нэгдэл ба зөрчилдөөн, шашин-уламжлал ба шинэчлэл, шашин- үзэл санаа ба ертөнцийг үзэхүй, шашин- социаль үйлдлийн тогтолцоо, шашин- хувь хүн ба бүлэг, нийтлэг, гэр бүл. Шашин- бэлгэдэл, зан үйлийн тогтолцоо. Шашин ба хүмүүсийн нийгмийн зохион байгуулалтын хэлбэр: социаль байгууллага, институт, шашны нэгдлүүд. Шашны нийгмийн чиг үүргүүд, тэдгээрийн харилцан үйлчлэл. Шашны нийгэмд эзлэх байр суурь, тэдгээрийн олон төлөв байдал: сакрализаци, секуляризаци, синкретизаци, модернизаци, плюрализаци. Сүсэг бишрэлийн тухай социологийн тайлбарлал: ойлголт, тодорхойлолт, агуулгын задаргаа. Сүсэг бишрэлийг хэмжих социологийн аргачлал. Монгол дахь шашны социологийн судалгааны тойм.
Шашны социологи судлалын онолын суурь мэдлэгтэй болгох, шашны үйлдэл, үйл явцыг социологийн шинжлэх ухааны үүднээс тайлбарлах чадвар, шашин шүтлэгийн асуудлаар социологийн тодорхой судалгааны хөтөлбөр боловсруулах, мэдээлэл авах чадвартай болоход энэхүү зорилго чиглэгдэнэ.
Сүсэг бишрэлийн талаар эргэлцүүлж, түүнийг сорьж ирсэн хүн төрөлхтний сэтгэлгээний олон янз хэлбэрийг судална. Шашин нь хүн төрөлхтний соёл, иргэншлийн гол хүчин байсаар ирсэн ч янз бүрийн эргэлзээ, шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсаар иржээ. Энэ хичээлээр сэтгэгчид шашныг бүхэлд нь бус, харин түүний өвөрмөц илрэлүүдэд эргэлзэх суурь болсон философи, шинжлэх ухаан, нийгэм-улс төрийн үндэслэлийг судлах болно. Эртний скептицизмээс орчин үеийн секуляризм хүртэлх чөлөөт сэтгэлгээний хувьслыг мөшгөж, шашинд хандах хандлага нь оюуны болон нийгмийн өөрчлөлтийг даган хэрхэн хувирч байсныг судална. Шашин, бурхан, сүсэг бишрэлийн талаарх философи, шинжлэх ухааны гол шүүмжлэлүүдийг задлан шинжилснээр оюутнууд сүсэг бишрэл, оюун ухаан хоорондын харилцааг илүү ойлгож ухаарна. Түүнчлэн янз бүрийн эрин үед шашныг эсэргүүцэж байсан улс төр, оюун санааны хөдөлгөөнүүдийн нийгэм-түүхийн шалтгааныг авч үзнэ. Цаашлаад шинжлэх ухаан, сүсэг бишрэл хоёрын таарамж, шашны эрх чөлөөний тэлэлт, шашныг хувь хүний сонголт гэж хүлээн зөвшөөрөх байдал нэмэгдэж байгаа зэргээр орчин үеийн ертөнцөд гүйцэтгэх шашны дүр үүрэг өөрчлөгдөж байгааг хэлэлцэнэ.
Энэхүү хичээлийн зорилго нь оюутнууд шашны тухай асуудлаар эрт эдүгээгийн суут сэтгэгчдийн үзэл сургаал, чөлөөт сэтгэлгээний түүхэн хэлбэрүүдтэй танилцаж, аливаа шашин шүтлэгийн асуудалд шинжлэх ухаанчаар хандах, сүсэг бишрэлийн туйлширсан хэлбэрүүдэд шүүмжлэл, дүгнэлттэй хандах, бусдын үзэл итгэл, шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшихэд оршино. Улмаар шашныг шинжлэх ухааны арга зүйгээр судлах арга зүйд суралцана.
Орчин үед шашин ба нийгмийн амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдийн харилцан хамаарал, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйл, шалтгаан нөхцөл, уламжлалт ба уламжлалт бус шашны тухай таниулах. Орчин үеийн шашны шинэ хөдөлгөөнүүдийн нийгмийн учир холбогдол, тэдгээрийн төрөл ангилал, илрэх хэлбэр, эерэг сөрөг нөлөөллийн талаар тайлбарлан ойлгуулах. Шашны модернизаци, плюрализаци, синкритизацийн үйл явцын мөн чанар, учир шалтгаан, нийгэм дэх илрэлийн талаар мэдлэг өгнө. Дэлхийд өргөн тархалттай, нөлөө бүхий шинэ шашны хөдөлгөөн, тухайлбал, еховын гэрчүүд, мормон, бахайзм, мүүнизм, ээж бурхны сүм, шинэ тэнгэр газар сүмийн тухай, тэдгээрийн манай оронд дэлгэрсэн байдлыг таниулна. Түүнчлэн христийн шашны чиг баримжаатай шинэ шашны урсгал чиглэлүүдийн төлөөлөл болгож зарим хөдөлгөөнүүдийг авч үзнэ. Мөн дорно дахины чиг баримжаатай шинэ шашны хөдөлгөөний төлөөлөл болгож ананда марга, ошо бясалгал, кришна ухамсрын нийгэмлэгийн тухай ойлголт өгнө. Орчин үед нэлээд дэлгэрч буй бясалгалын олон хэлбэрүүдийн тухай товч үзнэ.
Тус хичээлээр шашин нь хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн явцад өөрчлөгдөн хувирч байдаг нийгэм, соёлын үзэгдэл болохыг мэдүүлэх зорилготой. Өнөөгийн дэлхий дахины даяаршил болон нийгмийн өөрчлөлтийн үед шашны амьдралд гарч байгаа эрс хувирал өөрчлөлтийн нийгмийн шалтгаан, хүчин зүйлүүдийг танин мэдсэний үндсэн дээр орчин үеийн шинэ шашны хөдөлгөөнүүдийн нийгмийн нөлөөлөл, үзэл сургаал, зан үйлийн агуулгад дүн шинжилгээ хийж, олон нийтэд үнэн зөв ойлголт өгөх чадварыг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн зорилго оршино.