Бидний тухай
Багш ажилтан
Эконометрикийн сонгодог регрессийн шинжилгээний энгийн түвшний онолын асуудлууд болон бодит тоон өгөгдөлтэй ажиллах практик асуудлуудыг хамарна. Лекцийн хичээлээр онолын асуудлуудыг танилцуулах бол семинарын хичээлээр бодит тоон өгөгдлүүдийн дээр онолын хичээлээр үзсэн ойлголтуудыг бататгах, ашиглах ажлуудыг танилцуулна. Семинарын хичээлийн өөр нэг зорилго нь компьютер дээр эконометрик, статистикийн STATA, Eviews, R (аль нэгийг сонгох) программ хангамжийг ашиглан шинжилгээ хийх арга зүйд төвлөрнө. Лекцийн хичээл дараах үндсэн 4 онолын бүлгийг хамарна. Үүнд: 1. Эконометрикийн үндсэн асуудлууд ба Статистикийн суурь ойлголтууд 2. Энгийн регрессийн шинжилгээ 3. Олон хувьсагчийн регрессийн шинжилгээ 4. Регрессийн шинжилгээнд учрах хүндрэл, алдаанууд, өргөтгөлүүд. Эхний хэсэгт эконометрикийн үүсэл, хөгжил, бүтэц, судлагдахуун болон үндсэн арга аргачлалын тухай танилцуулна. Мөн эконометрикийн шинжилгээнд түлхүү ашиглагддаг статистикийн суурь ойлголтууд болох санамсаргүй хэмжигдэхүүн; түүний магадлалын тархалт, хэлбэрүүд; хүлээлт; цэгэн болон интервал үнэлгээ; эх олонлогийн параметр дээрх таамаглал шалгах процедур зэргийг сэргээн үзнэ. Хоёрдугаар хэсгээр нэг тайлбарлагч хувьсагчтай регрессийн шинжилгээний арга аргачлалыг танилцуулна. Ингэхдээ, эдийн засгийн онолын болон статистик загвар, сонгодог регрессийн таамаглалууд, загварын параметрүүдийг үнэлэх ХБКА-ыг тодорхойлно. Үүний дараагаар регрессийн таамаглалууд биелж байх үеийн үнэлэгчдийн түүврийн шинж чанаруудыг тодорхойлж, Гаусс-Марковын теорем болон статистик дүгнэлтүүд, таамаглал шалгах, интервал үнэлгээг хэрхэн хийх аргын талаар үзнэ. Энэ хэсгийн төгсгөлд регрессийн тэгшитгэлийн үнэлгээний үр дүнг хэрхэн илтгэх болон тэгшитгэлийн хэлбэрийг хэрхэн зөв сонгох талаар үзнэ. Гуравдугаар буюу олон хувьсагчийн регрессийн шинжилгээний хэсэгт өмнө үзсэн энгийн регрессийн шинжилгээнд тодорхойлсон үндсэн ойлголтууд дээрээ үндэслэн олон тайлбарлагч хувьсагчтай тохиолдолд регрессийн шинжилгээг хэрхэн гүйцэтгэх талаар үзнэ. Олон хувьсагчийн регрессийн загварыг хэрхэн тодорхойлох, таамаглал болон статистик дүгнэлтүүдийг хэрхэн өргөжүүлэх, тэдгээрийн үндсэн шинж чанаруудыг авч үзнэ. Үүнээс гадна, регрессийн шинжилгээнд түүврийн бус мэдээллийг хэрхэн үр ашигтайгаар ашиглах, статистик загварын тодорхойлолтыг статистик тестээр шалгах, улмаар яаж сайжруулж болох талаар үзнэ. Сүүлийн буюу дөрөвдүгээр хэсэгт, өмнөх хичээлүүдээр үзсэн сонгодог регрессийн шинжилгээнд учирч болох хүндрэлүүд болон үнэлгээг сайжруулах бусад нэмэлт техникүүдтэй танилцана. Чанарын үзүүлэлтүүдийг регрессийн шинжилгээнд оруулахад түгээмэл хэрэглэгддэг “Dummy” хувьсагчийн аргатай танилцах бол олон тайлбарлагч хувьсагчтай регрессийн шинжилгээнд үүсэж болдог “Multicollinearity” асуудал болон сонгодог регрессийн 3 ба 4-р таамаглалууд зөрчигдсөн үед үүсдэг “Heteroskedasticity”, “Autocorrelation” асуудлууд гэж юу болох тэдгээрийн үр дагавар, хэрхэн засах талаар үзнэ. Үүнээс гадна, загварын тодорхойлолт болон тоон өгөгдлийн шинж чанараас үүсдэг “Omitted Variable Problem” болон “Measurement Error Problem” асуудлуудыг авч үзнэ.
Оюутнуудад эконометрикийн сонгодог регрессийн шинжилгээний суурь онолуудыг танилцуулж, бодит тоон өгөгдөл ашиглан эдийн засгийн тоон шинжилгээг орчин үеийн хэрэглээний программ ашиглан хийх арга барилд сургах.
Эдийн засгийн онол нь микро эдийн засаг ба макро эдийн засаг гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Хичээлийн эхний хэсэгт экономиксийн зарчимууд, микро болон макроэкономиксийн судлах зүйл, экономиксийн судалгааны арга болон онолын гол урсгалуудыг тухай ойлголт өгнө. Микро эдийн засгийн хүрээнд эрэлт, нийлүүлэлт, зах зээлийн тэнцвэр, түүнд нөлөөлөх үнийн болон үнийн бус хүчин зүйлс, эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмжүүд, үйлдвэрлэгчийн шийдвэр гаргалт, бүтээгдэхүүний ба хүчин зүйлсийн зах зээлийн төрлүүд, тэдгээрт үнэ тогтох хэлбэрүүдийг судална. Эрэлтийн, үнээс болон орлогоос хамаарсан мэдрэмжүүд, солбисон эрэлтийн мэдрэмжүүдийг тооцож чаддаг болох ба мэдрэмжээс нь хамааран бараа бүтээгдэхүүнийг ангилж сурна. Мөн нийлүүлэлтийн мэдрэмжийг тооцоолж чаддаг болно. Үйлдвэрлэлийн онол сэдвийн хүрээнд үйлдвэрлэлийн зохион байгуулалтын хэлбэрүүдтэй танилцана. Үйлдвэрлэлийн урт ба богино хугацааг тодорхойлж сурах ба урт, богино хугацааны зардлуудын шинжилгээг хийнэ. Түүнчлэн зардлын муруйнуудын хоорондын уялдаа холбоог мэддэг болно. Бүтээгдэхүүний зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд төгс ба төгс бус өрсөлдөөнт зах зээлийн хэлбэрүүдтэй танилцаж, тэдгээр зах зээлүүд дэх үнэ бүрдэлтийг судална. Тухайлбал: ТӨЗЗ, монополь, монопольт өрсөлдөөнт зах зээл, олигополь зах зээл дэх үнэ тогтоох аргуудтай танилцана. Хүчин зүйлсийн зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд хөдөлмөр, капитал, газрын зах зээлүүдийн үнэ бүрдэлтийг судална. Макро эдийн засгийн хүрээнд үндэсний тооцооын систем гэсэн бүлгээр үндэсний орлогыг хэмждэг үзүүлэлтүүд болох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ), үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ) гэж юу болох, тэдгээрийг тооцоолдог аргуудтай энгийн түвшинд танилцана. Түүнчлэн, бодит болон нэрлэсэн ДНБ, ДНБ-ий дефлятор гэсэн ойлголтуудтай танилцана. Тухайн улсын үндэсний орлогыг хэмждэг үзүүлэлтүүдээс гадна амьжиргааны түвшинг хэмждэг хэрэглээний үнийн индекс (ХҮИ) болон ДНБ-ий дефлятор, тэдгээрийн ялгаа зэрэг ойлголтуудыг тайлбарлана. Хичээлийн дараагийн хэсгүүдэд эдийн засгийн бодит өсөлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс, хадгаламж, хөрөнгө оруулалт, ажилгүйдэл, мөнгө, банкны систем зэрэг макро эдийн засгийн үндсэн ойлголтуудтай танилцана. Хичээлийн төгсгөл хэсэгт нийт эрэлт болон нийлүүлэлтийн загвар, эдийн засгийн хэлбэлзэл, түүний шалтгаан, макро эдийн засгийн тогтворжилт болон тогтворжуулах бодлогуудын тухай судална.
Оюутнуудад микро болон макро эдийн засгийн онолын үндсэн ойлголтуудыг танилцуулж, тэдгээрийн уялдаа холбоо, илэрхийлж буй агуулгыг дэс дараалалтай, цэгцтэй ойлгуулж, амьдрал дээр гарч байгаа эдийн засгийн энгийн үзэгдэл үйл явцыг тайлбарлах чадвартай болгох зорилготой.
Уг хичээл нь худалдааны сонгодог онолууд болох Рикардогийн харьцангуй давуу талын онол, Хекшер-Олиний загвар, орчин үеийн худалдааны онолууд болох өргөжилтийн үр өгөөж, монопольт өрсөлдөөн, пүүсийн түвшний ялгаатай байдал зэргийг судална. Мөн худалдааны бодлогын хэрэгслүүд, сайн сайхан байдлын шинжилгээний онолын мэдлэгийг эзэмшинэ. Холбогдох сонгодог болон орчин үеийн худалдааны эмпирик судалгаануудтай танилцана.
Энэхүү хичээл нь улс орнуудын хоорондын худалдааг тодорхойлогч эдийн засгийн хүчин зүйлсийг судалдаг олон улсын худалдааны онолын гүнзгий ойлголтыг олгоно. Оюутнууд харьцангуй давуу тал, хүчин зүйлийн нөөц, пүүсийн түвшний ялгаатай байдал зэрэг сонгодог болон орчин үеийн загваруудыг судална. Мөн худалдааны бодлогын хэрэгслүүд болон тэдгээрийн нийгмийн сайн сайхан байдал, орлогын хуваарилалтад үзүүлэх нөлөөллийг авч үзнэ. Уг хичээлээр онолыг бодит амьдрал дахь худалдааны асуудал, бодлогын маргаантай уялдуулан судлахад анхаарна. Мөн уг хичээлийн төгсгөлд оюутнууд бүрэн хэмжээний академик судалгааны ажлыг гүйцэтгэсэн байна.
Хичээл үндсэн 3 хэсгээс бүрдэнэ. Эхний (буюу онолын) хэсэгт төрөөс эдийн засагт оролцох үндэслэлийг зах зээлийн сул талыг (market failure) даван туулах болон тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд тайлбарлана. Тодруулбал, төгс бус өрсөлдөөн, дам нөлөө, нийтийн бараа, мэдээллийн тэгш бус байдал нь үр ашгийн алдагдалд яагаад хүргэдэг, улмаар төр оролцсоноор үр ашгийг хэрхэн хангах боломжтойг авч үзнэ. Дараагийн хэсэгт нийгмийн зарлага, төрөөс хэрэгжүүлж буй боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн хөтөлбөрүүд, тэдгээрийн үр нөлөөг олон улсын болон Монгол улсын жишээн дээр тайлбарлана. Хичээлийн сүүлийн хэсэгт татварын дарамт, татварын төрөл ба бодлого, оптимал татварын тогтолцоо, улмаар төсвийн тэнцэл, засгийн газрын өрийн асуудлыг хамарна. Төсвийн зарлагын хөтөлбөрүүд болон татварын бодлогыг задлан шинжлэхдээ үр ашиг болон тэгш байдалд үзүүлэх нөлөө, энэ хоёрын харилцан хамаарлыг (efficiency and equity trade-off) чухалчилна. Бүх асуудлыг Монгол улсын жишээн дээр үндэслэж тайлбарлана.
Зах зээлийн нөхцөлд төрөөс эдийн засагт оролцох үндэслэл, төрийн оролцооны арга хэрэгсэл, хүрэх үр дүнг тодорхойлж, Монгол улсын төсвийн орлого, зарлагын тогтолцоо, манай улсын нийтийн секторын тулгамдсан асуудлуудын талаар гүнзгий ойлголттой болно
Микро эдийн загийн үндэс хичээлийн хүрээнд эдийн засгийн агентуудын үйл хөдлөл, зах зээлийн тэнцвэр, эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмжүүд, үйлдвэрлэгчийн шийдвэр гаргалт, бүтээгдэхүүний ба хүчин зүйлсийн зах зээлийн төрлүүд, тэдгээрт үнэ тогтох хэлбэрүүдийг судална. Удиртгал хичээлийн хүрээнд оюутнууд микро эдийн засгийн үндсэн асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаагаас хамаарсан эдийн засгийн тогтолцооны талаар ойлголтуудтай танилцана. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо дахь үнэ бүрдэлт, түүнийг тодорхойлогч эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөгч хүчин зүйлүүдийн талаар судална. Эрэлтийн, үнээс болон орлогоос хамаарсан мэдрэмжүүд, солбисон эрэлтийн мэдрэмжүүдийг тооцож чаддаг болох ба мэдрэмжээс нь хамааран бараа бүтээгдэхүүнийг ангилж сурна. Мөн нийлүүлэлтийн мэдрэмжийг тооцоолж чаддаг болно. Үйлдвэрлэлийн урт ба богино хугацааг тодорхойлж сурах ба урт, богино хугацааны зардлуудын шинжилгээг хийнэ. Түүнчлэн зардлын муруйнуудын хоорондын уялдаа холбоог мэддэг болно. Бүтээгдэхүүний зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд төгс ба төгс бус өрсөлдөөнт зах зээлийн хэлбэрүүдтэй танилцаж, тэдгээр зах зээлүүд дэх үнэ бүрдэлтийг судална. Тухайлбал: ТӨЗЗ, монополь, монопольт өрсөлдөөнт зах зээлүүд дэх үнэ тогтоох аргуудтай танилцана. Зах зээлийн давуу болон сул талуудыг тодорхойлно. Хүчин зүйлсийн зах зээл гэсэн бүлэг сэдвийн хүрээнд хөдөлмөр, капитал, газрын зах зээлүүдийн үнэ бүрдэлтийг судална. Улс орнуудын хооронд зах зээлийн хэлбэрээс хамааран ялгаатай цалин тогтох шалтгаануудыг тайлбарлана. Мөн хөдөлмөрийн зах зээл дэх үйлдвэрчний эвлэлийн оролцооны талаар авч үзнэ. Капиталын зах зээл сэдвийн хүрээнд өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнийг тооцоолж сурна. Зах зээлийн тэнцвэрт хүүгийн түвшин, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийн талаар ойлголт өгч улмаар газрын үнэ болох рент хэрхэн тодорхойлогддог онцлог шинж чанартай танилцана. Мөн төрийн оролцоо, зах зээлийн сул тал, дам нөлөө болон байгаль орчны хамгааллын тухай танилцана.
Оюутнуудад микро эдийн засгийн онолын үндсэн ойлголтуудыг танилцуулж, тэдгээрийн уялдаа холбоо, илэрхийлж буй агуулгыг дэс дараалалтай, цэгцтэй ойлгуулж, амьдрал дээр гарч байгаа микро эдийн засгийн энгийн үзэгдэл үйл явцыг тайлбарлах чадвартай болгох, дунд түвшний микроэкономикс хичээл судлах оюутнуудын хувьд суурь мэдлэг олгох зорилготой.