Бидний тухай
Багш ажилтан
Хичээл нь судалгааны ёс зүйн үндэс, түүхэн хөгжил, олон улсын код, зохицуулалтын хүрээ, практик хэрэглээ гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Хичээлийн эхэнд бид ёс зүйн үндсэн онол, зөвшөөрөл авах, хувийн нууцлал, эмзэг бүлгийн мэдээллийг хамгаалах тухай асуудлыг судална. Дунд хэсэгт соёл хоорондын судалгаа, ашиг сонирхлын зөрчил, академик шударга байдал, судалгааг түгээхтэй хамаатай ёс зүйн асуудлыг авч үзнэ. Төгсгөлд дижитал эриний судалгааны ёс зүй, хиймэл оюунд холбогдох ёс зүйн асуудлууд, IRB(Institutional Review Board) үйл явц, ирээдүйн чиглэлийн талаар хэлэлцэнэ
Энэ хичээл нь нийгэм хүмүүнлэгийн ухааны судалгааны ёс зүйн гол гол асуудал, олон улсын стандарт, холбогдох практик хэрэглээг танилцуулна. Хүмүүнлэгийн ухааны салбарын магистрантуудад судалгааны ёс зүйн хүрээнд тулгарах дилеммийг шийдвэрлэх, зохицуулалтын суурь зарчмыг ойлгох, өөрийн судалгааны ёс зүйн зарчмыг боловсруулж хэрэглэх чадварыг хөгжүүлэх зорилготой. Судалгааг ёс суртахуунтай хариуцлагатай эрхлэх, судалгаанд оролцож буй талууд, нийгэм, академик хүрээний өмнө хүлээж буй хариуцлагаа ойлгох, дижитал эрин үед тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар, хандлагыг олгоно.
Түрэг угсаатны угсаа гарлын асуудал, Хүннү зэрэг эртний төрт улсууд хийгээд түрэг угсаатан, Эртний түрэг угсаат төрт улс, тэдгээрийн үлдээсэн түүх соёлын өв судлал, Монгол эзэнт гүрний байлдан дагуулал ба түрэг угсаат овог аймгууд, Алтан ордон, Цагаадай, Ил хаант улсын үеийн түүх соёлын өв, түүнд хандах хандлага, Монголын болон гадаадын түрэг судлалын тойм зэргийг сурвалж, эх хэрэглэгдэхүүн, судалгаанд тулгуурлан үзэж судална.
Түрэг судлалыг удиртгал хичээлийг үзэж судалснаар Түрэг угсаатны түүх, хэл соёлын судлалын онцлог, өнөөгийн чиг хандлагыг мэдэхээс гадна өөр өөрсдийн түүх, хэл, соёлыг ялган таних, харьцуулж, улмаар лавшруулан судлах, түүхийн үнэн мөнийг, хэлний гарал түүхийг шинжлэх ухааны үндэстэй зөв тогтоох урьдчилсан нөхцөл бүрдэнэ.
БНТУлс нь 1923 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд туулж ирсэн түүхэн замнал, шинэчлэл өөрчлөлт, хөгжил дэвшлийн төлөөх тэмцэл, анхны үндсэн хууль болон улс төрийн төлөвшил, ард иргэдийн үндэсний үзэл, сонгууль, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн намуудын талаар үзэж судална. Түүнчлэн 2016.07.15-нд болсон “Төрийн эргэлт хийх оролдлого” хийгээд түүний үр дагавар, түүнээс үүдсэн шинэчлэл, гадаад харилцаанд гарсан бодлогын өөрчлөлт зэргийг судална.
Бүгд Найрамдах Турк улсын улс төрийн тогтолцооны бүтэц хийгээд гадаад харилцааны талаар тухайлан судлахад уг хичээлийн зорилго орших бөгөөд БНТУ-ын улс төрийн тогтолцоог мэдсэнээр Турк улсын нийгэм эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбар тус бүрийн талаар тодорхой системтэй мэдлэг эзэмшиж буйд үндсэн гол ач холбогдол оршино. Харин тухайн улсын гадаад харилцааны бодлого, олон улсын эдийн засаг, соёлын харилцаанд хэрхэн ханддаг зэргийг тухайлан судлах нь тухайн улстай харилцах өөрийн орны харилцааны үнэт зүйл, зарчмын тодорхой мэдлэгтэй болж улмаар цаашдын сурлага, судалгаандаа ашиглах чадвартай болох ач холбогдолтой юм.
Тухайн суралцагчийн судалгааны сэдэвт хамаарах мэргэжлийн хянагддаг болон Scopus, шинжлэх ухааны өндөр зэрэглэл бүхий сэтгүүлд хэвлэгдсэн төрөлх хэлтний бичсэн (турк) хүний өгүүллийг орчуулах, дүн шинжилгээ хийж хэлэлцүүлэг өрнүүлэх, түрэг угсаат хүний хүний болон англи, америк зэрэг гадаад хүний турк хэлээр бичсэн өгүүлэлд анализ хийх, харьцуулах, хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар өөрийн судалгааны ажлыг хэсэгчлэн орчуулж ярилцах, дүн шинжилгээ зэргээр эрдэм шинжилгээний найруулгын онцлог, мэргэжлийн нэр томьёог ашиглах, хэрэглэх, тухайн мэргэжлийн сэтгүүлийн шаардлагад нийцсэн ном зүй бичих арга барил зэргийг эзэмшүүлэхэд энэхүү хичээлийн агуулга чиглэгдэнэ.
Турк хэлээрх эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ном зохиолыг уншиж ойлгох, судалгааны товчлол хийх дадал эзэмшүүлэх, мэргэжлийн үг хэллэгийг хэрэглэх, ашиглах арга барилд суралцах, өөрийн судалгааг эрдэм шинжилгээний хуралд танилцуулах, илтгэх болон судалгааны өгүүллээ мэргэжлийн түвшинд орчуулж бичих дадал чадвар эзэмшүүлэхэд оршино. Суралцагч судалгаанд суурилж, эрдэм шинжилгээний арга зүйд суралцах, бие даан судалгаа хийх, хийсэн судалгаагаа мэргэжлийн турк хэлний академик түвшинд танилцуулах дадал, чадвар эзэмшиж буйд тус хичээлийн гол ач холбогдол оршино.
Орон судлалын суурь онол, арга зүй болон түүнд тулгуурлан орон судлал, хөрш орон судлал, бүс нутаг судлалын асуудлууд, мөн түүнчлэн олон улсын хууль, эрх зүй, эдийн засгийн харилцаа, шашин соёлын харилцаа, угсаатны асуудал, газар нутгийн маргаан зэрэг орон судлал, олон улс судлалын үндсэн судлагдахууныг хамааруулан системтэйгээр авч үзнэ.
Орон судлалын хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагын хүрээнд тухайн орон, хөрш орон, бүс нутаг, олон улсын хүрээнд цогц байдлаар судлах онол, арга зүйн суурь мэдлэг, чадвар олгоход тус хичээлийн зорилго оршино. Аливаа улс орон судлал нь хүмүүнлэгийн салбар судлагдахуун болохын хувьд нийгэм, соёл иргэншлийн харилцааг онол, арга зүйн үүднээс судлах зайлшгүй шаардлагатай. Энэхүү хэрэгцээ шаардлагад нийцэх, онол, дадлагын мэдлэг олгож буйд тус хичээлийн гол ач холбогдол оршино.
Дэлхийн олон соёл иргэншлийг Дорно, Өрнө хэмээх ерөнхий хоёр бүлэгт хуваан үзэж судална. Үүнд: Энэтхэг, Хятад, Япон, Солонгос хийгээд Төв Ази, Ойрхи Дорнодын олон соёл иргэншлийг Дорнын, харин Грек, Ром, Газар дундын тэнгис, баруун, зүүн болон төв Европ, Америкийн соёлыг Өрнийн соёл иргэншилд хамааруулан авч үзнэ. Чингэхлээр улс төр, нийгмийн байгуулал, шашин, бүс нутгийн харилцаа асуудлын, харилцан нөлөөлөл зэрэг соёл иргэншлийн түүхэн үндэс, түүний мөн чанар, хөгжил дэвшил, зүй тогтолыг тодруулан судална.
Хүн төрөлхтөн үүсч буй болсон цагаасаа эхлэн өнөөг хүртэл олон гайхамшигт соёл иргэншлийг бүтээсээр иржээ. Түүхэн урт хугацааны туршид бүтээгдсэн тэдгээр соёл иргэншилд тодорхой хэмжээгээр өдгөө ч дэлхийн олон улс, үндэстний түүх, хэл соёлд уламжлагдан үлдсэн бөгөөд тэдгээрийг тухайлан үзэж судлахад энэхүү хичээлийн гол зорилго оршино. Дэлхийн олон соёл иргэншлийн талаар шинжлэх ухааны үндэстэй цогц мэдлэг, соёл иргэншлийг танин мэдэх чадвар олгож буйд уг хичээлийн ач холбогдол оршино.