Бидний тухай
Багш ажилтан
Уг хичээлээр гүнзгий уншлагад тулгуурлан, уран зохиолын бүтээлийг бүрдүүлэгч нэгж хэсэг бүрийг задлан шинжлэх замаар яруу найргийн зохиолыг судлах онол, арга зүйн чадварыг эзэмшинэ. Зохиолын байгууламж, явдлын болон явдлын бус нэгж, өгүүлэмж, дүр, орчин нөхцөл, үзэл санаа, сэдэв, хам сэдэв болоод эх болон хувирсан бичвэрийн холбоо хамаарлыг авч үзэх замаар суралцагчий үргэлжилсэн үгийн зохиолын талаарх мэдлэг, ур чадварыг нэмнэ. Үүний дээр яруу найргийн зохиолыг задлан шинжлэх гол арга дадлыг эзэмшүүлж, задлан шинжилсэн болон дүрслэг бичвэр бичих чадварыг хөгжүүлэх юм.
Утга зохиол судлалын чиглэлээр мэргэших суралцагч эрт эдүгээгийн уран зохиол дахь яруу найргийн бүтээлийг уламжлал шинэчлэлийн харьцаанд нь хам болон цуваа цагийн үүднээс тусгайлан авч үзэх, яруу найргийн төрөл хэлбэр, онол туурвил зүйн онцлог, уншигчийн болон нийгмийн орон зайн харилцан нөлөөлөл дунд тусгай болон ерөнхийн үүднээс хандах чадвар, туршлагыг бий болгоход гол зорилго оршино.
Энэхүү хичээл нь оюутанд уран зохиолын хүүрнэлийн хэлбэр, маяг, төрөл зүйл, задлан шинжлэх аргачлал болоод эсээ бичих дөрвөн чиглэлийн мэдлэг олгоход оршино. Үүнд уран зохиолын төрөл зүйл болох хүүрнэл зохиол, яруу найраг болоод жүжиг; техникийн хувьд аллегори, ёгтлол, хэл ярианы дүрслэл, алиенаци буюу хөндийрөх нөлөө, драмчлал, хэтрүүлэг, ономатопоэя, парадокс, элэглэл, пастиш, хошигнол; задлан шинжилгээний аргачлалын хувьд гүн уншлага, харьцуулалт, соёл болоод түүхэн шинжийг тодруулах, хүүрнэлийн эзэн, ерөнхий зохион байгуулалтад суралцана. Эдгээр задлан шинжлэх чадварт суралцаж тодорхой бүтцийн дагуу эсээ бичихэд суралцах болно.
• Уран зохиолын үндсэн төрөл зүйл ба шинжлэх аргачлалуудтай танилцаж бичгийн хэлбэрээр (эсээгээр) задлан тайлал хийж сурах • Уран зохиолын үндсэн төрөл зүйлүүдийн бүтэц ба онцлогийг танин мэдэх • Задлан шинжлэлийн үндсэн аргачлалуудтай танилцах • Уран зохиолын сурвалжууд дээр ажиллаж эсээгээр задлан шинжилгээ бичих ур чадварыг хөгжүүлэх • Энгийн түвшний задлан шинжилгээ хийж сурснаар Утга зохиолын ерөнхий онол хичээлийн суурь мэдлэгийг олгох
Энэхүү хичээлээр сурагчид уран зохиолын мөн чанар, төрөл зүйл, хэл найруулгын онцлогийг судалж, дэлхийн болон үндэснийхээ уран зохиолын түүхэн хөгжил, үндсэн төлөөлөгчид, утга санааны онцлогийг танин мэднэ. Мөн уран зохиолын бүтээлийг судлах аргуудыг хэрэглэж, шинжилгээ хийх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх чадвартай болно. Уран зохиолоор дамжуулан хүний оршихуй, ёс суртахуун, нийгмийн асуудал, соёл, хувь хүний эрх чөлөө зэрэг сэдвүүдийг гүнзгий ойлгож, бүтээлч сэтгэлгээ, шүүмжлэлт хандлагыг хөгжүүлнэ. Орчин үеийн цахим болон хиймэл оюун ухаанд суурилсан уран зохиолын чиг хандлага, кино ба уран зохиолын уялдаа, олон ургалч, соёл хоорондын харилцааг судалж, уран зохиолыг бүтээлчээр хэрэглэх ур чадвар эзэмшинэ.
Суралцагчдыг уран зохиолын үндсэн ойлголт, төрөл зүйл, хэл найруулгын онцлог, хөгжлийн түүхэн үе шаттай танилцуулж, уран зохиолын бүтээлийг задлан шинжлэх, ойлгож хүлээн авах, бүтээлчээр хэрэглэж сурах чадварт сургана. Мөн дэлхий болон үндэсний уран зохиолоор дамжуулан хүний оршихуйн мөн чанар, соёл, нийгмийн асуудал, үнэт зүйлсийг гүнзгий танин мэдэх, өөрийн үзэл бодлоо төлөвшүүлж, соёлтой, ёс суртахуунтай иргэн болон төлөвшихөд чиглэнэ.
“Монголын нууц товчоо” судлал бол Монгол судлалын тулгуур асуудлуудын нэг юм. Уг хичээлээр гадаад, дотоодын эрдэмтдийн “ Монголын нууц товчоо”-г тусгайлан судалсан бүтээлүүдтэй нэгбүрчилэн үзэж, унших. Түүн дээрээ тулгуурлаад зэрэгцүүлж авч үзэх бөгөөд чухам “Монголын нууц товчоо” зохиолын гүн гүнзгий утга агуулга, далд санаа, тухайн бүтээлийн үнэ цэнэ, ач холбогдол юунд оршин буйг зүйл зүйлээр нь нарийвчилж тусгайлан авч үзнэ.
“Монголын Нууц Товчоо”-ны судалгаа нь дотоод, гадаадын олон эрдэмтдийн судалгаан цөм төдийгүй дүүгээр дамжиж Монголын судлалд ордог гүүр болсон бүтээл билээ. Хэдийгээр энэхүү алдартай зохиолыг хэдэн үеэр олон арван жилээр уйгагүй судалж шинжилж байгаа боловч нэг мөр болж шийдэгдээгүй олон асуудал эдүгээ ч байсаар байна. “Монголын нууц товчоо” зохиолын зохиогдох үеийн нийгэм, цаг үеийн ээдрээт нөхцөл байдал, монголчуудын сэтгэлгээний онцлог, түүхэн үндэслэл, уран сайхан, хэл найруулгын онцлогийг судлах.
Илтгэх урлагийн түүх бол хүний хөгжлийн түүх юм. Хүн хэчнээн их зүтгэл чармайлт гаргана, амжилт бүтээл төдий чинээ ойртож, хүнд аз жаргал баяр хөөр авчирдгийг энэ хичээлээр ойлгуулна. Ингэхдээ дэлхийн дахины болон монголын илтгэх урлагийн хөгжлийг судалж уран яруу илтгэгч, сэтгэгчдийн бүтээл туурвил, ажлын арга барил, нөр их хөдөлмөр зүтгэл уйгагүй оролдлого, өөрийгөө ялахын төлөө хийсэн тэмцэл зэргийг мэднэ. Илтгэх урлагийн шинжлэх ухааны онолын үндсийг судалж, практик ач холбогдлыг гүн гүнзгий ойлгуулна.
Илтгэх урлагийн тухай өөрийн урьд өмнө сонссон төсөөлөл таамаглалаа шинжлэх ухааны үндэстэй зөв чиг баримжаанд оруулан онолын үндэсийг судалж илтгэл гэж ямар эрхэм зүйл байдаг, түүнийг хэрхэн зөв ойлгож бэлтгэл хүндэтгэлтэй хандахын чухлыг ойлгоход энэ хичээлийнзорилго, ач холбогдол оршино.