Бидний тухай
Багш ажилтан
1946 онд батлагдсан үндсэн хуулийн хүрээнд хэрэгжиж буй Японы улс төрийн тогтолцоог парламент, сайд нарын кабинет, улс төрийн нам, сонгууль, засаг захиргааны өөрчлөлт, санхүү татварын тогтолцоо, нийгмийн халамж, орон нутгийн бие даасан байдал гэсэн бүтцийн дотор авч үзнэ. Түүний зэрэгцээ Японы гадаад харилцааны тухайд, гадаад бодлогын зарчим, түүний хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэлбэрүүд, гадаад бодлого ба эдийн засгийн гадаад харилцаа, тэдгээрийн харилцан уялдаа, уламжлал, шинэчлэл зэргийг задлан шинжилнэ.
Япон орны талаар эзэмшсэн өмнөх мэдлэгээ гүнзгийрүүлэн, Японы өнөөгийн улс төрийн тогтолцоо, гадаад харилцаа, түүний уламжлал, шинэчлэл, онцлогтой танилцана.
Татвар, санхүү, төсөв, хувьцаа, гадаад худалдаа, олон улсын байдал, аялал жуулчлал, нийгмийн халамж, соёл, урлаг зэрэг нийгэм эдийн засгийн холбогдолтой мэдээлэл текстийг уншиж ойлгох, тоймлон тэмдэглэх, зарим хууль тогтоомж, гэрээ, итгэмжлэл, протокол зэрэг эрхзүйн баримтуудын бүтэц агуулгатай танилцан, тухайлан шаардлагатай хэсгийг орчуулах, монгол, япон хоёр хэлнээ үгийн сангийн болон хэлзүйн хувьд оновчтой зөв орчуулах аргад суралцана.
Япон, монгол хэл дээрх нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, хууль эрхзүй зэрэг нийгмийн олон талт сэдэвтэй бичвэрийг монгол хэл, япон хэл рүү үгчилэн буюу утгачлан орчуулах арга барил эзэмшүүлнэ.
Япон орон судлалын удиртгал хичээл нь Япон орны талаар ерөнхий мэдлэг өгнө. Японы газар нутаг, онцлог, байгаль, цаг уур, япончуудын аж төрөх ёсон, баяр ёслол, зан үйл, шашин шүтлэг, улс төрийн тогтолцоо, эзэн хаан, эдийн засгийн бүтэц, бүсчлэл, шинжлэх ухаан, боловсролын тогтолцоо, уламжлалт соёл урлаг зэргийг үзэж судална.
Япон орон судлалын удиртгал хичээлийг судалснаар оюутан Япон орны талаар ерөнхий ойлголттой болно. Даяаршлын үед оюутнууд нэг бүс нутагт амьдарч буй улс орны талаар мэдэх нь чухал юм.
Харилцааны хэм хэмжээ, харилцааны бүс, үе хоорондын харилцааны соёл, албан харилцааны соёл болон монголчуудын уламжлалт мэндлэх, хүндлэх, талархах, зэмлэх ёс заншлын тухай мэдлэг олгож, чадварыг хөгжүүлнэ. Мөн түүнчлэн бусдын соёлд хүндэтгэл, хүлээцтэй хандах харилцааны дадал бий болно. Ярих ур чадвар, ярианы найруулга, илтгэлийн төрөл, хэлбэр, илтгэлийн бүтэц, илтгэх арга, илтгэх бичих аргуудыг таниулж, илтгэх чадварыг хөгжүүлнэ. Эсээний үүсэл, хөгжил, төрөл хэлбэр, бүтэц, эсээ бичих арга барил, үе шатуудыг танилцуулж, эсээ бичих арга барилд сургана. Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэлийн хэл найруулга, эшлэл авах, ном зүй бичих зэргийг таниулна.
Хэл, ярианы соёлын хичээлийн зорилго нь оюутныг эх хэлээрээ зөв ярьж, бичиж сургахад оршино. Энэ хичээлээр оюутан энгийн харилцааны соёлоос эхлээд нийтийн өмнө ярих, мэдээлэл хийх, илтгэх, эсээ бичих, эрдэм шинжилгээний зохиол, бүтээл унших чадвартай болно.
Тухайн эхэд гарч буй салбарын үг хэллэг, өгүүлбэр хоорондын, эх хоорондын уялдаа холбоо, сэдвийн өрнөл зэргийг сайтар ойлгон, тухайн зохиогчийн илэрхийлж буй гол агуулга, мэдээлэл, үзэл бодол зэргийг уншиж ойлгох, гол санааг товчлох, тухайн сэдэвтэй холбоотой өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, бусдын үзэл бодлыг сонсох, мэтгэх зэрэг аргаар уншиж ойлгох, уншсан сэдвийн талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлж сурна.
Төрөл бүрийн сэдвээр бичсэн эх уншин, хэлзүйн нарийн утга, хэрэглээ бүхий үг хэллэгийн дасгал, ойлгож боловсруулах дасгал хийх замаар “Япон хэлний боловсролын стандарт”-ын B2 түвшний уншиж ойлгох чадвар эзэмшүүлэх зорилготой.
Цар хүрээ, хэмжээ хязгаарыг заах үг хэллэгүүд, онцлох, цохон тэмдэглэх, зэрэгт хэрэглэгдэх үг хэллэгүүд, ижил төстэй олон зүйл байгааг илэрхийлэх үг, тоо хэмжээг заах хэллэгүүд, юмыг тайлбарлах, холбоо уялдааг илэрхийлэх үг хэллэгүүд, ярианы сэдэвт магтах, муулах зэргээр хандах өнгө аясыг илэрхийлэх хэллэгүүд, байр, цаг, хамрах хүрээг илэрхийлэх үг хэллэгүүд, арга хэрэглүүр, шалтгаан заах үг хэллэгүүд, оногдохуйг заах үг хэллэгүүдийн утга, хэрэглээний онцлог, ялгаа, өнгө аяс, бичгийн болон ярианы хэлний түвшний ялгаа зэргийг багтаасан байна.
“Япон хэлний боловсролын JF Standard”-ийн B1-ийн анхан шатны хүрээнд унших, уншиж ойлгох, сонсох, сонсож ойлгох, бусадтай харилцах, түүнчлэн илтгэл тавих, найруулан бичих чадварыг эзэмшихэд шаардлагатай хэлзүйн суурь мэдлэгийг олгоно.