МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH300
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр Монголын ба хөрш бүс нутгийн хадны зургийн үндсэн дурсгалуудтай танилцаж, онцлог ба нийтлэгийг судлана. Он цагийн хувьд чулуун зэвсгийн үеэс буюу одоогоос 12000-15000 жилийн өмнөөс хожуу дундад зууны үе буюу НТ XIV зууныг хамарна. Хил залгаа бүс нутгууд төдийгүй нүүдэлчдийн соёлын хүрээнд багтах зарим алслагдсан бүс нутгийг, түүний дотор Умард Энэтхэгийн Ладах ба Узбекистаны Памирын бүс нутгийг мөн хамруулах юм. Хадны зургийн судалгааны үндсэн аргууд, хээрийн баримтжуулалт, тодорхойлолт, ангилал зүй, хэв шинжийн судалгааны аргуудыг судлана. Хадны зурагт тулгуурлан эртний хүмүүсийн шашин шүтлэг, зан үйл, ертөнцийг үзэх үзэл, соёлын хэлхээ холбоог тодруулан сэргээх аналитик судалгааны арга барилыг судлана. Он цаг тогтоох аргууд, палимпсест болон байгалийн ухааны аргуудтай танилцана. Урлагийн үүсэл ба Монголын эртний хадны зургуудын он цаг, утга агуулга зэргийг энэ хичээлийн хүрээнд судлана. Эцэст нь Монголын хадны зургийн урлагийн хөгжлийн ерөнхий зүй тогтлыг өргөн хүрээтэй хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан судлана.

Зорилго

Чулуун зэвсгийн палеолитийн дээд үеэс эхлэн Дундад зууны үе хүртэл Монгол нутагт амвдарч байсан хүмүүсийн урлаг ба оюун санааны ертөнц, үзэл суртал, зан үйл, шашин шүтлэгийг судлах гол хэрэглэгдэхүүн болсон хадны зургийн дурсгалуудыг системтэйгээр судлан үзэхэд энэ хичээлийн зорилго оршино. Ингэхдээ хүрээлэн буй хөрш бүс нутгууд ба нүүдлийн соёлын хүрээнд багтах алс холын орнуудын хэрэглэгдэхүүнийг харьцуулан үзэх хэрэглэгдэхүүн болгох нь археологийн судалгааны гол аргуудын нэг болох ахрьцуулан судлах аргыг эзэмших боломж олгоно. Урлагийн үүсэл ба түүний Төв Азийн голомт бол үндэсний бахархал бөгөөд археологийн баялаг өвтэй Монгол орны нэгэн нэрийн хуудас болохыг танин мэднэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH203
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлийн агуулгын хүрээнд Сибирийн байгаль орчин, цаг уур, ургамал амьтны аймаг, уугуул оршин суугчид ба тэдний уламжлалт аж ахуйтай танилцаж хөгжлийн зүй тогтол, оршин амьдрах стратегийг тодруулна. Денисовын агуйн хүн, Сибирийн чулуун зэвсгийн бууц, суурин, тус бүс нутгийн неолитын соёлууд, НТӨ III мянганы үеэс Алтай, Өмнөд Сибирийг чиглэсэн европ төрхтөн ард түмний их нүүдэл, Афанасьев, Каракол, Елунино, Окунев, Андронов болон Карасукийн соёлууд, НТӨ VIII зууны үеэс Алтай, Өмнөд Сибирийн скиф хэлбэрийн соёлууд үүсэн хөгжсөн асуудал. Урлагийн бие даасан хэлбэр төлөвшин тогтож цэцэглэн хөгжсөн түүх. Хүннү ба Түрэгийн эзэнт гүрний үед зах хязгаар нутаг хэрхэн хөгжсөн жишээнүүд. Өвөр Байгалын бүс нутаг монгол үндэстний үүсэл гаралтай холбогдох ээдрээтэй асуудлыг хэрхэн үзэж байгааг баримтаар судлана. Эцэст нь Монголын эзэнт гүрний үед Сибирь хэрхэн хязгаар нутаг болсон асуудал зэргийг багтаасан болно.

Зорилго

Өвөг хүмүүс ба Денисовын хүн Сибирьт нүүдэллэн ирж суурьшсан түүхээс эхлэн Сибирийн өвөг ба эртний түүхийг археологийн хэрэглэгдэхүүнээр судлахад чиглэнэ. Сибирийн археологийн дурсгалууд ба соёлууд Монголын археологитой холбогдох асуудалд онцгой анхаарал хандуулна. Нүүдлийн иргэншил, соёл шилжин ирэгсэд болон уугуул монгол төрхтөний соёлын синтезийн үр дүнд бий болсныг танин мэдэх ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH204
Багц цаг: 3

Товч агуулга

Ази тивийн баруун хэсгийг доод палеолитын үеэс эхлэн хүн эзэмшин сууж эхэлсэн бөгөөд анх түрүүн түүвэрлэх аж ахуйгаас үйлдвэрлэх аж ахуйд шилжин орсон бүс нутаг юм. Энэ үйл явдлыг Английн археологич Г. Чайлд неолитын хувьсгал хэмээн нэрлэжээ. Газар тариалан, мал аж ахуйд гарсан хөгжил дэвшлийн явцад анхны хот маягийн суурин газар, соёлын төвүүд үүсэн бий болжээ. Хотын төвүүд энгийн иргэд, гар урчууд, худалдаачдын дүүрэг хорооллуудад хуваагдаж, мөргөл тахилгын сүрлэг байгууламжуудыг барих болсон байна. Анхны бичиг үсгийг зохион хэрэглэх боллоо.

Зорилго

Баруун Азид неолитын хувьсгал буюу үйлдвэрлэх аж ахуйд шилжин ороход хүргэсэн хүчин зүйлс болон өнөөгийн иргэншлийн үндэс суурь сонгодог хэлбэрээрээ тавигдсан үйл явцын зүй тогтлыг таниулахад чиглэнэ. Баруун Азийн археологийн материал нь нэн эрт үеэс эхлэн аж ахуй, соёлын олон хэв шинж зэрэгцэн оршиж байсан бүс нутаг бөгөөд түүхэн үйл явцын нэгэн чухал онцлог болох хөгжлийн жигд бус чиг хандлагыг тодоор илэрхийлж байдаг. Чухамхүү Баруун Азийн археологийн хэрэглэгдэхүүнд тулгуурлан эртний хүмүүний анхны нийгэмлэг, газар тариалан, мал аж ахуйд шилжин орсон болон манай дэлхий ертөнц дээр нийгэм, соёлын систем, иргэншил хэлбэршин тогтсонтой холбоотой ангийн нийгэм, төр улс үүсэн бий болсон зэрэг зангилаа асуудлыг судлах юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH404
Багц цаг: 3

Товч агуулга

Шавар эдлэлийн зуурмаг, хольц, түүний хэмжээ, хийх арга, гараар барих ба эргэх хүрд ашиглах, гадаргууг боловсруулах, хээ чимэглэл, багаж хэрэгсэл. Ваарны анатоми бүтэц, нэр томьёо, хэмжих, зурах арга. Нүүдэлчдийн шавар сав суулга. Ваар хийсэн технологийг ашиглан судлах, вааран эдлэл он цаг, угсаатны мэдээллийг агуулдаг тухай.

Зорилго

Булш болон хот суурингийн малталтаас гарсан ваарыг задлан шинжлэх, тайлбарлах онол, практикийн суурь мэдлэг олгоход чиглэнэ. Хээрийн судалгаагаар хуримтлагдсан археологийн ваар ажиглан судлах, тодорхойлох техникийг сурна. Түүнчлэн, онолын хувьд чухам ямар ваар он цаг болон угсаатны мэдээллийг тээж байгааг ялгах чадвартай болох юм.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ANTH101
Багц цаг: 3

Товч агуулга

Тус хичээлээр орчин үеийн эртний судлалын шинжлэх ухааны түүх, онол аргазүйн үндэс, судалгааны шинэ чиг хандлагуудтай танилцах бөгөөд олон улсад нэрд гарсан археологийн судалгааны нээлт бүтээлүүдтэй танилцаж, судалгааны аргазүйн жишээг тухайн бүс нутагт ба манай улсын нутаг дэвсгэрт явуулсан судалгаанд үндэслэн тайлбарлана. Үүний зэрэгцээ сонгодог археологи буюу Грек-Ромын археологи, египетолог, өвөг ба эртний түүх, Өрнөд Азийн эртний судлал зэрэг археологийн уламжлалт төрөл салбарын тухай танилцуулахын хажуугаар бас археологи дахь байгалийн шинжлэх ухааны судалгааны арга барилын үүрэг [мод ба органик материалаас дендрохронолог ба С14-өөр он цагийг тогтоох], араг ясны олдворыг судлах анагаах ухаан ба антропологийн шинжилгээ, том талбайг геофизикийн аргаар судлах, агаарын зургийн археологи зэрэг орчин үеийн археологийн ажлын салшгүй хэсэг болж хувирсан аргуудын тухай судлах болно. Археологийн эх сурвалжийн төрөл, он цаг, тархалтын хүрээ, соёлт давхаргын болон он цаг тогтоох аргуудын тухай ойлголт, угсаа гарвалын хамаарлын талаарх мэдлэг эзэмшинэ. Түүнчлэн Монголын археологийн ухааны хөгжлийн түүх, судалгааны гол ололтууд ба археологийн шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн оруулсан хувь нэмрийн тухай, Монгол Улсад археологийн хайгуул, малтлага судалгаа явуулах хууль эрхзүйн орчинтой танилцана.

Зорилго

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар шинжлэх ухаануудын дотроос сүүлийн хориод жилийн турш манай оронд хамгийн идэвхтэй хөгжиж байгаа салбарын нэг нь археологийн ухаан билээ. Энэ хугацаанд Монголын археологичид бие даан болон гадаадын мэргэжил нэгт нөхдийн хамтаар эрт дундад үеийн түүхийг судлах эх хэрэглэгдэхүүнийг баяжуулсан хэдэн арван томоохон малтлага хийсний зэрэгцээ Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд яригдах нээлтүүдийг хийжээ. Иймээс ч Монголын археологийн ухаан эх орондоо төдийгүй хилийн чанадад ч олон нийтийн анхаарлын төвд байж ихээхэн сонирхол татах болов. Үүний зэрэгцээ хүн төрөлхтөн орчин цагийн хотжилт, үйлдвэржилт, соёлын даяаршлын нөлөөгөөр байгаль эх, өвөг дээдсийнхээ уламжлалт амьдралын хэвшил, түүх соёлын үнэт зүйлсээс улам бүр холдож хүнийссээр байна. Ийм учраас “Археологийн удиртгал” хичээлийг судлах нь нийгмийн ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын хувьд өнгөрсөн үеийн тухай аль болох их мэдээллийг аварч үлдэх, боловсруулах онолын системтэй мэдлэг, аргазүйн үндсийг эзэмших, өвөг дээдсээс уламжилсан хуучин соёлын өвөө сонирхон судлах, соён гэгээрүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд залуу хойч үеийг эх түүхээрээ бахархах, түүх соёлоо дээдлэх, эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд Монголын төрийн бодлогод нийцнэ.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Нус, Аат
Индекс: ARCH701
Багц цаг: 3

Товч агуулга

Шавар эдлэлийн зуурмаг, хольц, түүний хэмжээ, хийх арга, гараар барих ба эргэх хүрд ашиглах, гадаргууг боловсруулах, хээ чимэглэл, багаж хэрэгсэл. Ваарны анатоми бүтэц, нэр томьёо, хэмжих, зурах арга. Нүүдэлчдийн шавар сав суулга. Ваар хийсэн технологийг ашиглан судлах, вааран эдлэл он цаг, угсаатны мэдээллийг агуулдаг тухай

Зорилго

Булш болон хот суурингийн малталтаас гарсан ваарыг задлан шинжлэх, тайлбарлах онол, практикийн суурь мэдлэг олгоход чиглэнэ. Хээрийн судалгаагаар хуримтлагдсан археологийн ваар ажиглан судлах, тодорхойлох техникийг сурна. Түүнчлэн, онолын хувьд чухам ямар ваар он цаг болон угсаатны мэдээллийг тээж байгааг ялгах чадвартай болох юм. Шавар эдлэлүүд археологийн малталт судалгаагаар хамгийн элбэг олддог материал учир судлаач бэлтгэхэд чухал ач холбогдолтой, заавал үзвэл зохих мэдлэг мөн.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар