Бидний тухай
Багш ажилтан
Манлайлал хичээлээр манлайллын хэлбэрүүд, үр дүнтэй харилцаанд нөлөөлдөг хүчин зүйлс; Шийдвэр гаргах, баг бүрдүүлэх болон коачинг хийхэд манлайлагчийн үүрэг; Манлайлагчийн эрх мэдэл, менежер болон манлайлагчийн ялгаа; Сэдэлжүүлэлтийн онолын практик хэрэглээ, өөрчлөлтийн удирдлага, манлайлагчийн зан төлөв болон ёс зүй зэргийг судална.
Манлайлал нь олон хэсгээс бүрдсэн амаргүй үйл явц байдаг бөгөөд байгууллагын ажилчдын ажлын гүйцэтгэл, үр дүнд нөлөөлж байдаг. Аливаа хүний итгэл үнэмшил, ёсзүй, мэдлэг, ур чадвар зэрэгт нөлөөлөх, өөрчлөх замаар тэдний манлайлах ур чадварыг хөгжүүлэх боломжтой байдаг. Манлайлал хичээлийн үндсэн зорилго нь манлайллын талаарх үндсэн ойлголтуудыг өгөх, амжилттай манлайлагч байхын тулд ямар ямар ур чадваруудыг эзэмших болон манлайлал нь байгууллагын үйл ажиллагааны үр ашигт хэрхэн нөлөөлж болохыг судлахад оршино.
Байгууллагын зан төлөв нь байгууллага дахь харилцааг хувь хүн, бүлэг, байгууллага гэсэн 3-н түвшинд ангилан авч үзнэ. Нэгдүгээр түвшин буюу хувь хүний зан төлөв гэсэн түвшинд БЗТ-ийн ерөнхий ойлголт, бие хүний зан төлөв, хүртэхүй ба бие хүний шийдвэр гаргалт, үнэт зүйл, хандлага ба ажлын ханамж, сэдэлжүүлэлт болон стрессийн удирдлагын талаар судална. Хоёрдугаар түвшин буюу Бүлгийн зантөлөв гэсэн түвшинд бүлгийн зан төлөв, манлайлал болон эрх мэдлийн талаар ярихаас гадна зөрчилдөөн удирдлагын талаар авч үзнэ. Гуравдугаар түвшин буюу Байгууллагын зан төлөв гэсэн түвшинд байгууллагын бүтэц, дизайн, байгууллагын соёл, байгууллагын өөрчлөлт, хөгжил болон хүний нөөцийн бодлого, хэрэгжүүлэлтийн талаар судлах болно.
Байгууллагын зан төлөв /БЗТ/ хичээлээр байгууллагын зан төлвийн шинжлэх ухааны талаархи үндсэн ойлголт, судлах болсон шалтгаан, ач холбогдол, энэ шинжлэх ухааны үүсэл хөгжилд хувь нэмэр болсон менежментийн сэтгэлгээнүүдийн онцлог шинжүүдийг тайлбарлахаас гадна байгууллага дахь бие хүний зан төлвийн онцлог шинжүүд, байгууллагын бүтэц, зөрчилдөөн, соёл, манлайлал зэрэг нь байгууллагын үйл ажиллагааны үр ашигт хэрхэн нөлөөлж болохыг судална.