Бидний тухай
Багш ажилтан
Энэхүү хичээлээр оюутнууд шашны зан үйл, дэг ёсыг хэл шинжлэл, антропологи, угсаатан зүй, сэтгэл судлал, социологи, философи, шашин судлал зэрэг нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны чиглэлээр судалсан эрдэмтэн судлаач нарын судалгааны тойм, дэвшүүлсэн үзэл онолыг судлана. Мөн Монголын ард түмний уламжлалт шүтлэг болох тэнгэр шүтлэг, бөө мөргөлийн зан үйл, дэг ёсыг үзэж судлахын зэрэгцээ дэлхийн шашнууд болох Христос, Ислам, Буддын шашны зан үйл, дэг ёсыг харьцуулан судлах болно.
Дэлхийн олон улс, ард түмний ёс заншилын салшгүй нэг хэсэг болох шашны зан үйл, дэг ёс нь тухайн ард түмнийхээ нийгэм, хэл, соёл, сэтгэлгээ, амьдралыг үзэх үзэл бодол, шашинтайгаа хэрхэн холбогддогийг шашин судлалын үүднээс тайлбарлах чадварыг шашин судлалын оюутнуудад эзэмшүүлэх зорилготой. Энэ хичээлийг үзсэнээр шашны аливаа зан үйл, дэг ёсны мөн чанар, утга учир, бэлэгдлийг танин мэдэж, аливаа ард түмний соёлд хүлээцтэй хандаж, тэдний зан үйл, дэг ёсыг хүндэлж, ойлгодог болно.
Христийн шашны ёс суртахууны үндэс, ёс зүйн үндсэн ойлголт. Христийн шашны хайрын тухай ойлголт, Христийн шашинд сайн, муугийн тухай ёс зүйн ойлголтыг илэрхийлсэн хэлбэрүүд. Христийн шашны буян нүглийн тухай ойлголт. Бөөгийн ёс зүйн онцлог. Онгод шүтээнээ дээдлэх ёс, зан үйлийг ёс суртахуунчаар уламжлуулахын ач холбогдол. Ислам шашны ёс суртахууны сургаалын цөм. Ислам шашны буян нүглийг хүний үйл ажиллагааны сонголт хийх эрх чөлөөтэй холбон үзсэн нь.
Олон шашин зэрэгцэн оршиж байгаа өнөө үед дэлхийн гол дөрвөн шашны ёс зүйн сургаалын агуулга, зорилго, адил болоод ялгаатай талыг гаргах, Аливаа шашныг хүндэтгэн дээдэлж, тэгш хандах ёс суртахууны ухамсарыг бий болгох.
Шашинд хандах хүний олон янз байдал, шашныг шүтэх ба судлахуйн ялгаа. Шашин судлал: судлах зүйл, хамрах хүрээ, бүтэц, бүрэлдэхүүн хэсэг. Түүхэн ба онолын шашин судлал. Голлох төлөөлөгчид. Шашин шүтлэгийн үүсэл гарал, үндэс шалтгаан, түүхэн хувьсал өөрчлөлт, үе шат,төрөл ангилал: эртний шүтлэг, үндэстний болон төр улсын шашнууд, дэлхий дахины шашнууд, орчин үеийн шашнуудын тухай тойм мэдээлэл. Шашны бүрдэл хэсэг: шашны үзэл ухамсар, ер бусын зүйл, далдын хүчний итгэл бишрэл, шашинлаг сэтгэхүй, зан үйл, үйлдлийн онцлог, шашны байгууллага, сүм хийд, нийгэмлэг цуглаан, санваартан, номлогчдын үйл ажиллагааны тухай. Шашин ба орчин үеийн асуудлууд: иргэншил, соёлын харилцаа, байгаль экологи,уламжлал ёс суртахуун, техник технологийн дэвшил, хүний эрх, эрх чөлөө, улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал дахь шашны учир холбогдол. Монголчуудын шашны түүх ба өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар сонирхолтой мэдээ мэдээлэл сонсох болно.
Энэ хичээл нь оюутанд шашин ба шашин судлалын талаар онолын системтэй суурь мэдлэг олгож, эрт эдүгээгийн олон шашны тухай болон шашин гэж юу болох тухай үе үеийн, газар газрын олон сэтгэгчдийн үзэл онолын тухай мэдлэг мэдээлэлийг эзэмшүүлснээр нийгмийн амьдралд илэрч байгаа шашин шүтлэгтэй холбоотой үзэгдэл, үйл явц хийгээд янз бүрийн шашны үйл ажиллагаанд өөрийн байр сууринаас хандах чадвар, дадал олгох зорилгод чиглэгдэнэ.
Дэлхийн олон соёл иргэншлийг Дорно, Өрнө хэмээх ерөнхий хоёр бүлэгт хуваан үзэж судална. Үүнд: Энэтхэг, Хятад, Япон, Солонгос хийгээд Төв Ази, Ойрхи Дорнодын олон соёл иргэншлийг Дорнын, харин Грек, Ром, Газар дундын тэнгис, баруун, зүүн болон төв Европ, Америкийн соёлыг Өрнийн соёл иргэншилд хамааруулан авч үзнэ. Чингэхлээр улс төр, нийгмийн байгуулал, шашин, бүс нутгийн харилцаа асуудлын, харилцан нөлөөлөл зэрэг соёл иргэншлийн түүхэн үндэс, түүний мөн чанар, хөгжил дэвшил, зүй тогтолыг тодруулан судална.
Хүн төрөлхтөн үүсч буй болсон цагаасаа эхлэн өнөөг хүртэл олон гайхамшигт соёл иргэншлийг бүтээсээр иржээ. Түүхэн урт хугацааны туршид бүтээгдсэн тэдгээр соёл иргэншилд тодорхой хэмжээгээр өдгөө ч дэлхийн олон улс, үндэстний түүх, хэл соёлд уламжлагдан үлдсэн бөгөөд тэдгээрийг тухайлан үзэж судлахад энэхүү хичээлийн гол зорилго оршино. Дэлхийн олон соёл иргэншлийн талаар шинжлэх ухааны үндэстэй цогц мэдлэг, соёл иргэншлийг танин мэдэх чадвар олгож буйд уг хичээлийн ач холбогдол оршино.
“Азийн соёл, иргэншил ба орчин үеийн Ази” хичээлээр Ази тивийн зонхилох гурван соёл иргэншил буюу Энэтхэг, Хятадын соёл болон Исламын соёлын талаар судална. Түүнчлэн Азийн уламжлалт соёл, ахуй, аж байдлын онцлогоос урган гарсан үндэсний брэнд, улсын имиж, амьдралын хэв маяг дэглэм, урсгалуудын талаар үзэх болно. Тухайлбал, Зүүн Өмнөд Азид хүчтэй нөлөө бүхий Энэтхэгийн соёл (Хиндүизм, Буддизмын үзэл баримтлал), Зүүн Хойд Азийн сэтгэлгээ, үзэл баримтлалын суурь болсон Күнз, Дао, Шинто, Буддизмын соёл, Дундад Ази болон Зүүн Өмнөд Азийн соёл иргэншлийн тулгуур Исламын соёлын үзэл баримтлал, зан заншил, ёс суртахуун, үнэт зүйл нь одоогийн Азийн орнуудын нийгэм, улс төр, эдийн засгийн практик үйлдэлтэй хэрхэн уялдан холбогдож мөн даяарчлалын/даяаршлын эринд Өрнийн соёлтой хэрхэн сүлэлдэн мөн нөгөө талаар сөргөлдөн буй талаар, судална
XXI зуунд Азийн улс гүрнүүд түүн дотроо Япон, Өмнөд Солонгос, БНХАУ, БНЭУ, Тайланд, Индонези, Малайз улс Ази тив болон улмаар дэлхийн эдийн засаг, улс төрийн тэргүүлэх байр суурийг эзлэх төлөвтэй байна. Эдгээр орон ийнхүү дэлхийн эдийн засаг, улс төрийн томоохон тоглогч болж буй үйл явцад тэдгээр улс оронд дэлгэрсэн соёл (итгэл үнэмшил, зан заншил, шашин-Хиндүизм, Буддизм, Шинто, Күнзийн сургаал, үзэл баримтлал) хэрхэн тулгуур суурь, үзэл суртлын (ideology) чиг баримжаа болж буй талаар судлан дүн шинжилгээ хийх нь Азийн соёл ба орчин үеийн Ази хичээлийн зорилго юм. Азийн улс орнуудын язгуур соёл нь хэрхэн одоогийн Азийн улс орнуудын хүн амын аж ахуй, итгэл үнэмшил, эдийн засгийн баримтлал, хөгжил, төрийн бодлогод нөлөөлж буй мөн улмаар дэлхийд хэрхэн ямар хэлбэрээр тархаж буй талаар задлан шинжилж чадах цогц мэдлэгийг оюутнуудад олгох нь уг хичээлийн ач холбогдол юм. Оюутан энэ хичээлийг судалснаар хүн төрөлхтний бүтээсэн олон соёл иргэншлийн талаар үндсэн мэдлэгтэй болох ба эдгээр соёл иргэншлүүдийн орчин үеийн нөлөөлөл, уламжлал шинэчлэл, харилцаа зэргийн тухай тодорхой ойлголттой болно. Өрнө Дорнын олон улсуудад олныг хамран хөгжиж буй өрнөөд буй Икигай, Иога, Чигун, цагаан ногоон хоолны дэглэм, бясалгал зэрэг хүний хөгжлийн сургалтууд, онолуудын үндэстүүдийг мэдэж хэрэглэж ангилж ялгаж танина. Улмаар холбогдох асуудлыг онолын түвшинд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, ялгаа онцлог бүхий соёлуудыг ойлгон хүндэтгэх, бодит байдлаар тайлбарлах, соёл хоорондын харилцааг шүүн тунгаах, харьцуулах, шинжлэх ухааны үг хэллэг бүхий бичвэр текстийг бүтээлчээр уншиж ойлгох, бичих, өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх, чадвартай болно. Өөртөө болон бусдад эергээр хандах, багаар ажиллах, санаал бодлоо илэрхийлэхдээ бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэл, зөвлөмжийг эергээр хүлээн авдаг дадал суулгана.