Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр оюутнууд нэн эртнээс өнөө үе хүртэлх Монголын улс төр, нийгэм, оюун санаа, соёл, аж ахуйн түүхтэй танилцана. Юуны өмнө тус хичээл Монгол нутагт эртний хүн анх суурьшиж, өвөг үеийн аж ахуй, соёл, нийгэм хөгжсөн тухай гол асуудлууд, хүрэл-түрүү төмрийн үед нүүдлийн иргэншил үүссэн хийгээд энэ нь өвөг монгол угсаатнууд, тэдний төрт улс бүрэлдэхэд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар авч үзнэ. Улмаар оюутнууд Монгол нутаг дахь эртний төрт улсуудын хөгжилт, Монголын эзэнт гүрэн байгуулагдсан үйл явц ба эзэнт гүрний үеийн Евро-Ази дахь улс төрийн тогтвортой байдал, соёл, эдийн засагт гарсан гол дэвшлүүдийг судална. Мөн, тус хичээл эзэнт гүрэн мөхсөний дараах их хаадын эрх мэдлийн бууралт болон Монгол дахь улс төр, нийгэм, соёлын өөрчлөлтүүд, XVII-XVIII зуунд монголчууд Манж Чин гүрний харьяанд орсон хийгээд Чин гүрний үеийн улс төр, нийгмийн асуудлуудыг хэлэлцэхэд чухалчлан анхаарна. Хичээлийн сүүл хэсэгт оюутнууд тусгаар тогтнолын төлөө хувьсгалт хөдөлгөөнөөр эхэлсэн Монголын шинэ түүхийг дэлхийн чухал үйл явдлуудын хэлхээ холбоонд ойлгож, XX зууны Монголын нийгэм-улс төрийн хувьсгалууд болон орчин үеийн монголын оюун санаа, эдийн засгийн өөрчлөлтүүдийн талаар хэлэлцэнэ. Хичээл Монгол орны өнөө болон ирээдүйн тухай хэлэлцүүлгээр өндөрлөнө.
Монголчуудын түүхийг дэлхий дахинаа мандан бадарсан эрэлхэг дайнч үндэстэн, эсвэл соёл иргэншлүүдийг аймшигт сүйрэлд автуулж явсан бүдүүлэгчүүдийн гэх хоёрхон хэмжээсээр харах үзэл бий. Гэвч сүүлийн үед олон орны эрдэмтдийн шинэ судалгааны үрээр монголчуудын түүхийн талаарх ташаарлуудыг залруулж, түүнийг хавьгүй баялаг агуулгаар ойлгох боломж нээгдэж байна. Оюутнууд Монголын түүхийг тэрхүү шинэ чиг хандлагаар судлах нь энэ хичээлийн гол зорилго болно. Оюутнууд тус орны нэн эртнээс өнөө үе хүртэлх түүхтэй танилцаж, нийгэм-соёл, аж ахуй, улс төрийн гол өөрчлөлтүүд хийгээд Монгол ба дэлхий, бүс нутгийн түүхэн үйл явцуудын холбоог ойлгохын зэрэгцээ сэдэв, асуудлыг судлахдаа мэдээлэлд анализ хийх, аргумент дэвшүүлэх, өөрийн санааг илэрхийлэх чадвар эзэмшинэ. Үүний сацуу тэд өөрийн ард түмний түүхэн ололт, соёл, үнэт зүйлсийг дээдлэн хамгаалах төдийгүй бусдынхыг хүндэтгэх хандлагатай болно.