Бидний тухай
Багш ажилтан
Хувь хүний худалдан авалт, хэрэглээ, хуримтлал, хөрөнгө оруулалт, санхүүжилт, эрсдлийн талаарх шийдвэрийг санхүүгийн шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахад шаардлагатай онол, арга зүйн асуудлыг авч үзнэ. Хувь хүний санхүүгийн төлөвлөлт(богино, дунд, урт хугацааны), мөнгөн хөрөнгийн удирдлага, татвар, даатгал, эрсдэл, өгөөж, хөрөнгө оруулалт, тэтгэвэрийн төлөвлөлт, өв залгамжлалын талаар судлана.
Хувь хүний санхүү нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүтэй харьцуулахад анхдагч нь болдог. Учир нь: Нэгдүгээрт: Хувийн хөрөнгө оруулалтын шийдвэрүүд нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүгийн үндэс суурийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих хэрэгсэл болдог. Хоёрдугаарт: Иргэдийн худалдан авах чадвар нь эдийн засаг дахь эрэлтийг тодорхойлж байдаг. Гуравдугаарт: Хувийн санхүүгийн харилцаа нь улсын болон аж ахуйн нэгжийн санхүүтэй харьцуулахад орлогын хувиарилалт, дахин хуваарилалтын бүх шатанд явагдаж байдаг. Дөрөвдүгээрт: Хувь хүний санхүү нь тухайн хүний, цаашилбал ард түмний аж амьдралын түвшинг тодорхойлох гол үзүүлэлт болдог. Иймээс хувь хүний санхүү хичээлийн зорилго нь хувийн санхүүгээ зөв төлөвлөж, удирдахад шаардлагатай онолын мэдлэг олгож, санхүүгийн оновчтой шийдвэр гаргах чадварыг эзэмшүүлсний үндсэн дээр хувь хүний хуримтлалыг нэмэгдүүлэх, тэдний сайн сайхан амьдралын нөхцөлийг бүрдүүлэх, улмаар улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оршино.
Уг хичээлээр бизнесийн байгууллагын санхүүгийн удирдлагын хөгжлийн чиг хандлага, санхүүгийн төлөвлөлт, урт болон богино хугацаат санхүүжилтийн талаар оновчтой шийдвэр гаргах зэрэг асуудлыг судална. Түүнчлэн глобаль түвшинд санхүүгийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыгүндэстэн дамнасан корпорацийн жишээн дээр авч үзнэ. Ингэхдээ эдгээр асуудлыг дараах чиглэлээр судална. Үүнд: Бизнесийн байгууллагын Санхүүгийн алба, санхүүгийн менежерийн үүрэг ролийн өөрчлөлт;Богино хугацаат санхүүжилтийн менежмент ба санхүүгийн шийдвэр гаргалт; Урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэрүүд, тэдгээрийн оновчтой бүтцийг тодорхойлох; Компанийн ашгийн удирдлага, түүний компаний үнэ цэнэд үзүүлэх нөлөөлллийг ногдол ашиг болон хуримтлагдсан ашгийн бодлогоор тодорхойлох; Санхүүгийн төлөвлөлт, түүний аргууд; Компанийн өөрчлөн байгуулалтын удирдлага ба шийдвэр гаргалт; Олон улсын корпорацийн санхүүгийн удирдлагын асуудлууд зэрэг болно.
Уг хичээл нь санхүүгийн менежмент хөтөлбөрөөр суралцагчийн заавал судлах мэргэшүүлэх хичээлүүдийн нэг бөгөөд зорилго нь оюутанд бизнесийн үйл ажиллагаанд мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгөх; компанийн богино болон урт хугацаат санхүүжилтийн талаар оновчтой шийдвэр гаргах; компанийн санхүүгийн төлөвлөлт, өөрчлөн байгуулалтын талаарх мэдлэг чадвар эзэмшүүлэхэд оршино.
Уг хичээлээр Санхүүгийн менежментийн агуулга, мөн чанар,онолын үзэл баримтлал, үүрэг, зорилго болон Санхүүгийн менежментийн тулгуур ойлголтууд, Компаний хөгжлийн үе шат, бүтэц, зохион байгуулалт, Өгөөж эрсдэлийн үнэлгээ, Хувьцаа, бондын үнэлгээ, Капиталын өртгийн үнэлгээ ба санхүүгийн шийдвэр гаргалт, Капиталын бүтэц ба хөшүүрэг, Санхүүгийн шинжилгээ, Хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээг санхүүгийн шийдвэрт ашиглах, Ажлын капиталын менежментийн бодлого, Мөнгө ба ТБҮЦ-ны менежмент, Авлагын менежмент, Бараа материалын менежмент зэргийг дэлгэрэнгүй авч үзнэ. Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийн үнэлэлт дүгнэлт өгсөний үндсэн дээр үйлдвэрлэл, үйлчилгээний бусад талуудтай нягт холбоотойгоор санхүүгийн менежерийн шийдвэр гаргах арга зүйг дараах чиглэлүүдээр судлана. Үүнд: Мөнгөний цаг хугацааны үнэ цэнийн үзэл баримтлалд суурилан мөнгөний урсгалыг оновчтой зохион байгуулах, хөрөнгийг үйл ажилгааны циклд зөв байршуулах; Компанийн өгөөж, эрсдлийг тодорхойлж компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц үр дүнтэй шийдвэр гаргах; Санхүүжилтийн эх үүсвэр, түүний өртөгийг тооцож капиталын бүтцийн шийдвэрийн гаргалтуудыг оновчтой хийх, капиталын бүтцийн шийдвэр гаргалтанд хөшүүргийн нөлөөллийг тооцох; Үйл ажиллагааны, санхүүгийн болон нийт хөшүүргүүдийг тодорхойлж, тэдгээрийн мөн чанар, санхүүгийн удирдлагын шийдвэрт хэрэглэх хэрэглээг тооцох; Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг санхүүгийн талаас нь шинжилж цаашдын бодлого, төлөвлөлтөнд ашиглах; Компаний хөрөнгө оруулалтын бодлого, капитал төсөвлөлтийг хийхдээ хөрөнгө оруулалтын мөнгөн урсгалуудыг таамаглах, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтын аргууд болох цэвэр өнөөгийн үнэ цэнийн арга (NPV),өгөөжийн дотоод нормын арга (IRR), эргэн төлөгдөх хугацааны арга (PP) болон бусад аргуудыг судлан тэдгээрийн онцлог уялдаа холбоог тодорхойлох; Ажлын капиталын ашиглалтын талаар оновчтой шийдвэр гаргах арга зүйн ойлголтуудыг өгөх зэрэг болно.
Уг хичээл нь эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцагчдын мэргэжлийн заавал судлах суурь хичээлүүдийн нэг бөгөөд үндсэн зорилго нь оюутанд бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн байдалд мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгч, ирээдүйн чиг хандлагыг нь тодорхойлоход санхүүгийн оновчтой, зөв шийдвэр гаргах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд оршино.
Энэ хичээлийн агуулга нь олон улсын валютын харилцааны үндэс болох дэлхийн мөнгө ба валют, валютын зах зээл, түүний оролцогчид, бүтэц, валютын бодлогын хэрэгслүүд, валютын ханш, арилжааны үндэс, валютын ханш таамаглах аргууд, олон улсын санхүүгийн харилцааны үндэс, капиталын гадагшлах урсгалын теоремууд, олон улсын санхүүгийн хөгжилт, үечлэл, онцлог, доллар, евро нэгдсэн валютын гүйцэтгэх үүрэг, байр суурь, үнэ ханш, тэдгээрийн олон улсын санхүүд нөлөөлөх нөлөөлөл, олон улсын хөгжлийн санхүүжилт, хөгжлийн санхүүжилтийн институтын тогтолцоо, олон улсын санхүүгийн байгууллагууд тэдгээрийн үйл ажиллагааны талаар дараах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдээр авч үзнэ. Олон улсын санхүүгийн үндэс, капиталын гадагшлах урсгалын теоремууд, хөгжлийн үечлэл, олон улсын санхүү ба капиталын зах зээл бүрэлдэн тогтсон үйл явц, олон улсын санхүүгийн хөгжилт Олон улсын валют, тодорхойлолт, ангилал, валютын зохицуулалт, ханш, ханшны төрөл, валютын солилцоо болон арилжаа /арбитраж/, валютын зах зээл, түүнийоролцогчид бүтэц Валют, валютын ханш ба валютын эрэлт, экпортлогчийн валютын эрэлт ба экспортын үнэ, нэрлэсэн ба бодит ханш, форвард ханш, ханш тодорхойлох аргууд Валютын төлбөр тооцооны хэлбэрүүд, гэрээ хэлцлүүд, тэдгээрийн төрөл хэлбэр, олон улсын төлбөрийн механизм ба төлбөрийн тэнцэл Европын валютын систем, евро, еврогийн зах зээл Олон улсын хөгжлийн санхүүжилт, шилжилтийн эдийн засагтай хөгжиж буй орнуудын хөгжлийн санхүүжилт, хөгжлийн санхүүжилтийн институцын тогтолцоо, шилжилтийн эдийн засагтай хөгжиж буй орнуудын санхүүжилтэнд тавих хяналтын тогтолцоо Олон улсын санхүүгийн байгууллагууд, зорилго, бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн үйл ажиллагаа, олон улсын санхүүд гүйцэтгэх үүрэг, үзүүлэх нөлөөлөл, ач холбогдол /ОУВС, ДБ, Азийн хөгжлийн банк, бусад/.
Уг хичээлийн үндсэн зорилго нь оюутанд валютын үнэ ханшийн судалгаа дүгнэлт хийх, валютын ханш тодорхойлох аргуудыг судалж тооцон, ханшийг таамаглах чадвар эзэмшүүлж, олон улсын санхүүгийн харилцааны хөгжилт үечлэлийг судалж олон улсын валют, алтны уялдаа холбоо, үнэ ханш, өсөлт хөгжилт, европын холбоо, евро, тэдгээрийн олон улсын санхүүд үзүүлэх нөлөөлөл, олон улсын хөгжлийн санхүүжилт, институтын тогтолцоо, үйл ажиллагааны талаарх мэдлэг олгоход оршино.
Эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд санхүүгийн менежерүүдийн үүрэг улам бүр төвөгтэй болж байгаа өнөөгийн нөхцөлд дараах үндсэн чиглэлүүдээр ахисан түвшний санхүүгийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлнэ. Санхүүгийн тайлан ба мөнгөн урсгалын шинжилгээ сэдвийн хүрээнд санхүүгийн тайлангийн уялдаа холбоог ойлгох, мөнгөн урсгалыг үнэлэх арга зүйг судлах; Эрсдэл ба өгөөжийн шинжилгээ (CAPM) хийх, эрсдэл-өгөөжийн хамаарал, хөрөнгө оруулалтын шийдвэр дэх хэрэглээг судлах; Капиталын өртгийг тооцох, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад ашиглах, капиталын бүтцийн онолыг судлах; Капитал төсөвлөлт ба мөнгөн урсгалын үнэлгээний NPV, IRR, MIRR, PI зэрэг аргууд, мөн эрсдэлийн шинжилгээ (сценари, мэдрэмжийн, симуляци) хийх; Санхүүгийн төлөвлөлт ба таамаглал хийхийн тулд стратегийн төлөвлөгөө, санхүүгийн таамаглалын арга, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэрүүд гаргах; Компанийн үнэлгээ ба үнэ цэнийг тодорхойлох арга, аргачлалыг судлах; Ашгийн хуваарилалт ба ногдол ашгийн талаар ногдол ашгийн бодлого, дахин хөрөнгө оруулалт хийх, хувьцаа эзэмшигчийн үнэ цэнэд үзүүлэх нөлөөг судлах; Ажлын капиталын удирдлагын хүрээнд богино хугацааны хөрөнгө, эх үүсвэрийн удирдлагын оновчтой шийдвэр гаргах; Давуу эрхтэй хувьцаа, варрант, хөрвөх үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгслүүдийг ашиглан эх үүсвэр татах, IPO ба хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа, үүрэг, зохион байгуулалтын талаар судлах. Нэгдэлт, худалдан авалт ба холдинг компанийн нэгдэл, салбар, стратегийн альянс, холдинг компанийн бүтцийг тодорхойлох; Дампуурал, шинэчлэлт, татан буугдахтай холбогдон үүсэх санхүүгийн хүндрэл, эрсдэлийн удирдлага, шинэчлэлтийн стратегийг судлах; Эрсдэлийн удирдлагын хүрээнд дериватив хэрэгсэл болон бусад арга хэрэгслээр дамжуулан эрсдэлээс хамгаалах; Компанийн хувьцааны үнэ цэнийг хамгийн их байлгах оновчтой өр төлбөрийн зарим түвшинг тодорхойлох зэргээр өрийн санхүүжилттэй холбоотой үр ашиг болон өртгийг ойлгох зэрэг боломжуудыг олгоно.
Энэхүү хичээл нь “Санхүүгийн менежмент”-ийн ахисан түвшний хичээл бөгөөд суралцагчид санхүүгийн удирдлагыг мэргэжлийн өндөр түвшинд үр ашигтай хэрэгжүүлэх чиглэлээр онолын мэдлэг олгохын зэрэгцээ шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны үндсэн дээр удирдлагын оновчтой шийдвэр гаргах ур чадвар эзэмшүүлэхэд оршино. Суралцагч нь санхүүгийн менежментийн асуудлыг гүнзгийрүүлэн судалснаар бизнесийн стратеги дахь санхүүгийн бодлогын хэрэгжилтийг үр ашигтай байлгах чиглэлд удирдлагын үндэслэлтэй шийдвэр гаргах, санхүүгийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх боломжтой болох бөгөөд энэ нь компанийн үнэ цэнийг өсгөхөд нөлөөлөхүйц ач холбогдолтой юм.