Бидний тухай
Багш ажилтан
Хүний хэлний тухай шинжлэх ухаан салбар дундын шинжлэх ухаан болох нь; хүний хэлний мөн чанар: биологи, нийгэм, сэтгэхүй, тэмдгийн шинж; хэлний үүсэл хүний үүсэлтэй холбогдох нь; оюунлаг тархи: мэдээлэл хүлээж авах, ой тогтоолт, анхаарал, хэл ашиглах; хэл, сэтгэхүй, танин мэдэх үйлийн холбоо хамаарал; хэл, хэлэхүй ба тархины үйл ажиллагаа; хүүхдийн хэл; ухамсар: хүн, амьтан, хиймэл оюун мэдээлэл боловсруулах тогтолцоо болох нь; биеийн хэл; хэл ба орчин; хэл ба соёл, сэтгэлгээ; хэл ба харилцаа
Дэлхий нийтэд хийж буй судалгаагаар танихуйн нейросайнсын салбар шинжлэх ухааны тэргүүлэх салбар болсон. Шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн шатанд хэл шинжлэл салбар дундын шинжтэй, танихуйн ухааны хүн төвтэй нэг гол салбар болсон билээ. Энэ хичээл шинжлэх ухааны орчин үеийн нэн шинэ танихуйн нейросайнсын (cognitive neuroscience) байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны олон салбар нэгдэн, тархи судлалд суурилан хүн өөрөө өөрийгөө танин мэдэх хандлагаар оюутанд насан туршид үргэлжилдэг танин мэдэх үйл, амьдралаа хэрхэн яаж удирдах, хэрхэн өөрийн хүссэн шиг болох тухай мэдлэг олгоно. Танин мэдэх үйл болоход тархинд биологийн ямар үзэгдэл, үйл болдог, энэ танин мэдэх үйл тархины бүтцэд хэрхэн нөлөөлдөг, нөгөө талаас мэдрэлийн тогтолцоо танин мэдэх үйлийг хэрхэн удирддаг, хэл болон сэтгэл зүйн аливаа үзэгдэл тархитай ямар холбоотой, биднийг хэрхэн өөрчилдөг, бид өөрийгөө хэрхэн бүтээдэг зэрэг хүнд шууд хамаарах олон асуултанд тархи судлалд суурилан хариулж болно. “Шинэ” шинжлэх ухаан нейросайнсын ололт амжилтад суурилан "Бид (би) хэн бэ?", "Бид (би) яагаад ийм юм бэ?", "Бид (би) ямар байхыг хүсч байна?", "Бид (би) яаж хүссэн шигээ болох вэ?" гэх асуултын хариуг олж болно. Суралцах, ажиллах салбараас үл хамааран оюутанд хүн хэрхэн яаж хэлтэй, ухамсартай байдаг, биднийг хүн болгож байдаг тархи хэрхэн ажилладаг, танин мэдэх болоод сэтгэн бодох үйл хэрхэн яаж болдог, бидний амьдардаг бодит ертөнц, орчин хэрхэн яаж хэлтэй холбогддог, ухамсарт хэрхэн шингэдэг тухай мэдлэг олгох тул энэ хичээл хүн байхын утга учраа шинжлэх ухаанд суурилан мэдэж авах, өөрөө өөрийгөө таньж мэдэх, хөгжүүлэх мэдлэг, чадвартай болж, цаашид энэ мэдлэг, чадвараа дадал болгон насан туршид сурах, танин мэдэх, өөрийгөө хөгжүүлэхэд амьдралдаа удирдамж болгон хэрэгжүүлснээр амжилттай суралцах, ажиллах, амьдрах, зөв сайн хүн болоход туслах хүний хөгжлийн тухай хичээл юм. Өнөөгийн монголчуудын хувьд ч энэ асуудал хэлний хүн бүтээх үүргийг чухалчилж нейросайнс шинэ шинжлэх ухааны хандлагаар зөв монгол хүнээ хэрхэн бүтээх тухай онолын суурь мэдлэг олгоно.
Орос хэлний өгүүлбэрзүйн нэгж судлахуун нийлэмжүүдийн төрөл зүйл (нэр, үйлийн гэх мэт хэв шинжүүд, тэдгээрийн онцлог), энгийн өгүүлбэрийн хэв шинж (хоёр бүрэлдэхүүнт, эзэн биегүй, бүрэн ба бүрэн бус гэх мэт), энгийн нийлмэл ба хавсарсан нийлмэл өгүүлбэрийн төрөл зүйл, хэв шинжүүд, холимог өгүүлбэрийн бүтэц тэдгээрийн өвөрмөц онцлог, өгүүлбэр дэх өгүүлбэрийн гишүүдийн байршил, тулгар ба туслах мэдээллийн онцлог зэргийг оюутнуудад онолын болон хэрэглээний үүднээс тайлж тайлбарлан эзэмшүүлнэ.
Хэлэхүйн үндсэн нэгж болсон өгүүлбэрийн тогтолцоог эзэмшүүлэх, зөв хэрэглэж сурах, орос хэлний өгүүлбэрзүйн тогтолцооны талаар цогц ойлголт олгоход энэхүү хичээлийн зорилго оршино. Нийлэмж үг, өгүүлбэрийн гол болон туслах гишүүд, энгийн болон нийлмэл өгүүлбэрийн бүтэц, төрөл, холбох хэрэглүүр зэргийг тодорхойлж сурах, орос хэлний өгүүлбэрийн бүтцийг монгол хэлний өгүүлбэрийн бүтэцтэй харьцуулж, онцлог шинжийг олж илрүүлж сурах зэрэг чухал ач холбогдолтой. Энэ хичээл цаашид судлах мэргэжлийн хичээлүүдийн суурь болно.
Ахуйн болоод нийгмийн амьдралын бүхий хүрээнд тохиолдох үйл явдлын тухай уншиж, шинэ үгтэй ажиллаж, авиа зүй, хэл зүйн мэдлэгээ баталгаажуулж, уншсан зүйлийн дагуу асуултанд хариулж, багш болон нөхөдтэйгээ ярилцах, ойлгосноо бичгээр илэрхийлэх, товчлон бичих, найруулан бичихчадварыг эзэмшүүлнэ
Зөв, хурдан, ухамсартай, уран унших чадварыг эзэмшинэ. Зөв унших арга барил эзэмшсний дараа өргөлт, зогсолт, хурд, аялгыг тохируулан уншиж сурна. Өгүүлбэр, догол мөр, бичвэрийн утга санаа, бүтцэд задаргаа хийх, тэдгээрт асуулт тавих, төрөл бүрийн төлөвлөгөө зохиож сурах, тулгуур үгийг олох, тэдгээрт түшиглэн өгүүлбэрийг өөрчлөн найруулах, товчлол хийх, дэлгэрүүлэх. Өгүүлбэр, догол мөр, бичвэрийн холбох хэрэглүүртэй танилцах, хэрэглэж сурах, төлөвлөгөөний дагуу бичвэр зохиох, үзэж буй сэдвээр санал бодлоо бичгээр илэрхийлэх.
Энэхүү хичээлийг судалсанаар суралцагч төрөл бүрийн богино харилцан яриа, урт харилцан яриа, лекцийн нэг хэсгийг сонсож, сонсоод ойлгох чадваруудыг сурч эзэмшинэ. Хичээлийн агуулга нь суралцагчийг хэлний чадвараас гадна насан туршид суралцахуйд хөтлөх, хариуцлагатай иргэн байхуйд суралцахад чиглэнэ.
Уг хичээлийн зорилго нь оюутны англиар сонсох чадварыг сайжруулан дунд шатанд хүргэхэд оршино. Ингэснээр оюутан англиар сэдвийн хувьд огт шинэ биш, бүтцийн хувьд ойлгомжтой бөгөөд тодорхой, өөрийн сонирхол болон мэргэжлийн чиглэлд нийцсэн лекц, яриа зэргийг ойлгох, харилцан яриа, энгийн үг хэллэгтэй лекцийг сонсох явцад зохих хэмжээний тэмдэглэл хөтлөх, харилцан яриа, лекц сонсоод хэлэх гэсэн далд санааг зохих төвшинд олох, ойлгох, дүгнэх, шинэ мэдээлэлийг хураангуйлан нэгтгэх, харьцуулах, цуглуулах, бусадтай хуваалцах чадварт суралцах ач холбогдолтой.
Энэхүү хичээлийн агуулгад доорхи сэдвийг цэгцтэйгээр онолын түвшинд хэрэглэж сурна. Хичээлийн агуулгыг зургаан үндсэн бүлгээр дотор нь дэлгэрүүлэн заана. Үүнд: 1) Өгүүлэхийн эрхтэний тогтолцоо гүйцэтгэх үүрэг. 2) Англи хэлний гийгүүлэгч авиа түүний ангилал, онцлог. 3) Англи хэлний эгшиг авиа түүний ангилал, онцлог. 4) Авиалбарын \фонем\ систем, авиа ижилсэх, ондооших зүй тогтолууд. 5) Аялга, хөг, хэмнэл. 6) Англи хэлний дуудлагын ялгаанд газар зүй, нийгмийн байдлын үзүүлэх нөлөө гэсэн үндсэн агуулгын хүрээнд заана.
Авиа зүйн шинжлэх ухааныг хэл шинжлэлийн салбар талаас нь судалснаар зөвхөн зөв дуудлагад суралцан туршиж, аялгыг эзэмшээд зогсохгүй, монгол англи хэлний дуудлагын ялгаа, бэрхшээлийг задлан шинжилж, даван туулах талаар судалгааны ажил хийнэ. Энэ хичээлийг судалснаар: 1. Авиа зүйн онолын суурь мэдлэгт суралцана. 2. Авиа, авиалбарын дуудах дүрэм \артикуляци\, өгүүлэхийн эрхтний тогтолцоог физиологийн шинжлэх ухааны үүднээс ойлгоно. 3. Хэл шинжлэл, хэрэглээний хэл шинжлэлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд шаардлагатай суурь мэдлэг эзэмшинэ.
Хичээлийн явцад оюутан англи-монгол, монгол-англи хэл рүү бичгийн орчуулга хийх арга барилд суралцана. Ингэхдээ өдөр тутмын сонин хэвлэл, сэтгүүл, ном сурах бичигт нийтлэгдсэн газар зүй, нийгэм эдийн засаг, соёл урлаг, шашин шүтлэг, түүх соёл, уламжлалт ахуй, ёс заншил гэх мэт олон төрлийн сэдвийн хүрээнд орчуулга хийнэ.
Уг хичээлийн зорилго нь оюутанд орчуулгын онол дээр тулгуурлан англи-монгол, монгол-англи хэл рүү орчуулах арга барил, дадлыг оюутанд олгох явдал юм. Түүнчлэн орчуулгын явцад тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа боловсруулж шийдсэнээр оюутан цаашид орчуулгын суурь мэдлэгтээ тулгуурлан бие даан орчуулах чадвар, дадалд суралцахаараа ач холбогдолтой.
Биологи, Зоологи, Экологи, Социологи, Иргэний инженерчлэл, Антропологи, Эрүүл мэнд, Түүх, Хувцас загвар, Эдийн засаг, Бизнес зэрэг шинжлэх ухааны холбогдолтой олон төрлийн сэдвийн хүрээнд шинэ үг хэллэгийг эзэмшинэ. Сонсох даалгаврын дагуу тэмдэглэл хөтлөх, эсрэгцүүлсэн санаа болон утга зүйн шилжилт үгсийг ялгаж сонсох, тухайн сонсох даалгаврын гол болон дэлгэрэнгүй мэдээллийг таних, учир шалтгаан ба үр дагаврыг дохио үгийн тусламжтайгаар сонсож ойлгох, няцаах үндэслэлийг ялган таних зэрэг суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлэх; Ярих чадварын хувьд асуудлын шийдлийг эрэлхийлэх олон талт асуулт дэвшүүлэх, өөрийн үзэл хандлага, сэтгэл хөдлөл болон бодол санаагаа илэрхийлэх, бусдын санаа бодлыг асуух, мэдээллийг нягтлах, шалтгааныг тодорхойлж нотолгоонд тулгуурлан байр сууриа илэрхийлэх; Унших даалгаврын дагуу тухайн эхийн зорилго болон уншигчийг тодорхойлох, текстийн гол агуулгыг дагалдах зураг дүрслэл дээр тулгуурлан таамаглах, тухайн эхийн гол болон дэлгэрэнгүй мэдээллийг таньж унших, үндэслэлтэй дүгнэлт хийх, обьектив, субьектив мэдээллийг ялгах, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, уншихын өмнө агуулгыг тоймлон харах, тэмдэглэл хийж унших, эшлэх, уншлагын гүйлгэж унших болон хайлт хийж унших аргачлалуудыг эзэмшинэ. Бичих даалгаврын дагуу академик эсээний бүтэц: удиртгал, өрнөл, дүгнэлт цогцолборуудыг бичих, удиртгал цогцолбор: дэгээ, суурь мэдээлэл болон эсээний гол санаа өгүүлбэрийг бичих, харьцуулах, эсээний төрлүүд: харьцуулах болон эсрэгцүүлэх эсээ, шалтгаан ба үр дагавар, асуудал шийдэл, тэнцвэртэй байр суурь илэрхийлэх эсээ, тайлбар эсээ, маргаан-няцаах байр суурь илэрхийлэх эсээ, задлан шинжлэх эсээг ялган таних, боловсруулах, найруулах, төлөвлөх, цэгцлэх чадвар эзэмшихэд чиглэсэн дасгал даалгаврууд, бие даалтын ажлуудыг хийж гүйцэтгэнэ
Энэхүү хичээлийн зорилго нь анхан дунд шатны англи хэлний мэдлэгтэй оюутнуудад тодорхой академик сэдвийн хүрээнд сонсож ойлгох, тэмдэглэл хөтлөх, ойлгосон агуулгын хүрээнд ярих, санаа бодлоо илэрхийлэх, харилцах, суурь шинжлэх ухааны салбаруудын сургалт судалгаанд түгээмэл хэрэглэгддэг үг хэллэг, нэр томьёо, өгүүлбэрзүйн бүтэц, найруулгын хэв шинжүүдтэй танилцаж, тэдгээрийг академик англи хэлний дунд түвшинд бүрэн ашиглаж сурахад шаардлагатай арга техникүүдийг эзэмшүүлэхэд оршино. Түүнчлэн судалж буй академик хичээлийн агуулгад гүнзгий нэвтрэх, бусдын үзэл бодлыг шүүн тунгааж, үнэлж дүгнэх, өөрийн ойлголт, бодол хандлагыг амаар болон бичгээр илэрхийлэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Энэхүү мэдлэг чадварыг эзэмшсэнээр өөрийн суралцах үйл явцыг зөв үнэлж дүгнэх, академик ур чадваруудаа дараагийн түвшинд ахиулах боломж бүрдэх ач холбогдолтой.
Анхан дунд шатны хөтөлбөр нь суралцагчдын унших, бичих, сонсох, ярих чадварыг суурь шинжлэх ухааны салбарын академик англи хэлний бичвэрүүдэд тулгуурлан сайжруулна. Суралцагчид тодорхой сэдвүүдийн хүрээнд өгөгдсөн академик бичвэрүүдээс хэрэгтэй мэдээлэл хайж олох, гол санааг тодорхойлох, эх сурвалжуудаас авсан мэдээллийг харьцуулах, эсрэгцүүлэх, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, өөрийн туршлагатай холбох, баримт болон үзэл бодол илэрхийлсэн санааг ялган тодорхойлох, хэлэлцүүлэг хийх, тэмдэглэл хөтлөх зэрэг бичвэрийн ойлголтоо бататгах дасгалуудыг хийж гүйцэтгэнэ. Бичих чадварт зайлшгүй шаардлагатай англи хэлний өгүүлбэрийн үндсэн бүтэц, бичих үе шатууд, цогцолбор, түүний бүтэц, зохион байгуулалт, бичихэд тавигдах стандарт болон шаардлагатай хэлзүйн дүрмийн талаар суурь мэдлэг олгоно. Бүлэг сэдвүүдийн хүрээнд бичлэг үзэн тэмдэглэл хийх, хэлэлцүүлэг, лекц, ярилцлага сонсож гол санаа, туслах мэдээллийг ялгах, түлхүүр үгсийг таних, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах зэргээр суралцагсдын сонсох, ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгалууд, мөн сэдвийн хүрээнд өргөн хэрэглэгддэг академик үгсийг зөв дуудаж, хэрэглээнд хэвшүүлэх дасгалуудыг хийж гүйцэтгэнэ.
Энэхүү хичээл нь англи хэлний анхан дунд түвшний мэдлэгтэй оюутнуудад суурь шинжлэх ухааны академик бичвэрт түгээмэл хэрэглэгддэг англи хэлний үг хэллэг, нэр томьёог эзэмшүүлэх, үгсийн санг баяжуулах, мэдээлэл олж авах зорилготой. Мөн судалгааны ажил, мэргэжлийн ном, сэтгүүл, интернэтээс англи хэл дээр мэдээлэл унших, ойлгох, ашиглах чадварыг хөгжүүлнэ. Үүний үр дүнд оюутнууд унших, бичих, сонсох, ярих гэсэн цогц чадвараа хөгжүүлж, академик орчинд англи хэлийг үр дүнтэй ашиглах чадвартай болно.