Бидний тухай
Багш ажилтан
Эконометрикийн сонгодог регрессийн шинжилгээний энгийн түвшний онолын асуудлууд болон бодит тоон өгөгдөлтэй ажиллах практик асуудлуудыг хамарна. Лекцийн хичээлээр онолын асуудлуудыг танилцуулах бол семинарын хичээлээр бодит тоон өгөгдлүүдийн дээр онолын хичээлээр үзсэн ойлголтуудыг бататгах, ашиглах ажлуудыг танилцуулна. Семинарын хичээлийн өөр нэг зорилго нь компьютер дээр эконометрик, статистикийн STATA, Eviews, R (аль нэгийг сонгох) программ хангамжийг ашиглан шинжилгээ хийх арга зүйд төвлөрнө. Лекцийн хичээл дараах үндсэн 4 онолын бүлгийг хамарна. Үүнд: 1. Эконометрикийн үндсэн асуудлууд ба Статистикийн суурь ойлголтууд 2. Энгийн регрессийн шинжилгээ 3. Олон хувьсагчийн регрессийн шинжилгээ 4. Регрессийн шинжилгээнд учрах хүндрэл, алдаанууд, өргөтгөлүүд. Эхний хэсэгт эконометрикийн үүсэл, хөгжил, бүтэц, судлагдахуун болон үндсэн арга аргачлалын тухай танилцуулна. Мөн эконометрикийн шинжилгээнд түлхүү ашиглагддаг статистикийн суурь ойлголтууд болох санамсаргүй хэмжигдэхүүн; түүний магадлалын тархалт, хэлбэрүүд; хүлээлт; цэгэн болон интервал үнэлгээ; эх олонлогийн параметр дээрх таамаглал шалгах процедур зэргийг сэргээн үзнэ. Хоёрдугаар хэсгээр нэг тайлбарлагч хувьсагчтай регрессийн шинжилгээний арга аргачлалыг танилцуулна. Ингэхдээ, эдийн засгийн онолын болон статистик загвар, сонгодог регрессийн таамаглалууд, загварын параметрүүдийг үнэлэх ХБКА-ыг тодорхойлно. Үүний дараагаар регрессийн таамаглалууд биелж байх үеийн үнэлэгчдийн түүврийн шинж чанаруудыг тодорхойлж, Гаусс-Марковын теорем болон статистик дүгнэлтүүд, таамаглал шалгах, интервал үнэлгээг хэрхэн хийх аргын талаар үзнэ. Энэ хэсгийн төгсгөлд регрессийн тэгшитгэлийн үнэлгээний үр дүнг хэрхэн илтгэх болон тэгшитгэлийн хэлбэрийг хэрхэн зөв сонгох талаар үзнэ. Гуравдугаар буюу олон хувьсагчийн регрессийн шинжилгээний хэсэгт өмнө үзсэн энгийн регрессийн шинжилгээнд тодорхойлсон үндсэн ойлголтууд дээрээ үндэслэн олон тайлбарлагч хувьсагчтай тохиолдолд регрессийн шинжилгээг хэрхэн гүйцэтгэх талаар үзнэ. Олон хувьсагчийн регрессийн загварыг хэрхэн тодорхойлох, таамаглал болон статистик дүгнэлтүүдийг хэрхэн өргөжүүлэх, тэдгээрийн үндсэн шинж чанаруудыг авч үзнэ. Үүнээс гадна, регрессийн шинжилгээнд түүврийн бус мэдээллийг хэрхэн үр ашигтайгаар ашиглах, статистик загварын тодорхойлолтыг статистик тестээр шалгах, улмаар яаж сайжруулж болох талаар үзнэ. Сүүлийн буюу дөрөвдүгээр хэсэгт, өмнөх хичээлүүдээр үзсэн сонгодог регрессийн шинжилгээнд учирч болох хүндрэлүүд болон үнэлгээг сайжруулах бусад нэмэлт техникүүдтэй танилцана. Чанарын үзүүлэлтүүдийг регрессийн шинжилгээнд оруулахад түгээмэл хэрэглэгддэг “Dummy” хувьсагчийн аргатай танилцах бол олон тайлбарлагч хувьсагчтай регрессийн шинжилгээнд үүсэж болдог “Multicollinearity” асуудал болон сонгодог регрессийн 3 ба 4-р таамаглалууд зөрчигдсөн үед үүсдэг “Heteroskedasticity”, “Autocorrelation” асуудлууд гэж юу болох тэдгээрийн үр дагавар, хэрхэн засах талаар үзнэ. Үүнээс гадна, загварын тодорхойлолт болон тоон өгөгдлийн шинж чанараас үүсдэг “Omitted Variable Problem” болон “Measurement Error Problem” асуудлуудыг авч үзнэ.
Оюутнуудад эконометрикийн сонгодог регрессийн шинжилгээний суурь онолуудыг танилцуулж, бодит тоон өгөгдөл ашиглан эдийн засгийн тоон шинжилгээг орчин үеийн хэрэглээний программ ашиглан хийх арга барилд сургах.
Энэхүү хичээлээр статистикийн үндсэн ойлголтууд, дескриптив статистикуудыг хэрхэн тооцох, тайлбарлах, төвийн хандлага, хэлбэлзлийн үзүүлэлтүүдийг хэрхэн тооцох, тайлбарлах, хэвийн тархалттай танилцаж, улмаар түүвэрлэлтийн тархалтын тухай судална. Эдгээр агуулгад тулгуурлан түүврийн мэдээлэлд үндэслэн эх олонлогийн параметрийг үнэлэх, таамаглал шалгах тухай судлаж, цаашлаад дисперсийн шинжилгээ, корреляцийн шинжилгээ, параметрийн бус аргуудыг авч үзнэ. Статистикийн аргуудыг нийгмийн салбарын датанд хэрэглэх практик дасгалуудыг Excel, SPSS программыг ашиглан ажиллана.
Магадлалын онол, математик статистикийн үндсэн ойлголттой танилцаж нийгмийн судалгаанд статистик аргуудыг хэрэглэх мэдлэгтэй болно. Нийгмийн үзэгдлүүдийн талаарх статистик үзүүлэлтүүдийг хэрхэн тооцдог, тэдгээр тоо мэдээллийг уншиж ойлгох, тоо баримттай ажиллах, баримтанд тулгуурлан статистик ач холбогдол бүхий дүгнэлт, тайлбар хийж, үр дүнгээ хэрэглэх чадварт суралцана.
Энэхүү хичээлээр магадлал, математик статистикийн үндсэн ойлголтууд, арга зүйг хэрэглэх нөхцөлийн хамт тайлбарлан таниулна. Хичээлийн эхэнд магадлалын үндсэн ойлголтууд, санамсаргүй хувьсагч, түүний магадлалын тархалтууд болон математик дундаж, дисперс, моментууд зэрэг тодорхойлогч тоон үзүүлэлтүүдийг авч үзнэ. Цаашлаад математик статистикийн үндсэн ухагдахуунуудтай танилцаж, төвийн хязгаарын теорем, үнэлэгч, үнэлэгчийн чанар, түүвэрлэлтийн тархалт болон түүвэр судалгаа /туршилтын үр дүнд гарган авсан тоон мэдээллийг ашиглан эх олонлогийн үл мэдэгдэх параметрийн үнэлэлтийг хийх цэгэн болон интервал үнэлгээний аргууд, мөн статистик таамаглал дэвшүүлэн шалгах талаар дэлгэрүүлэн судална.
Статистик программ ашиглаад магадлал, математик статистикийн онол, арга зүйд тулгуурлан нийгэм-эдийн засгийн өгөгдөлд статистик боловсруулалт, дүн шинжилгээ хийж, бодит асуудлуудад шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах ур чадварыг эзэмшүүлэх