Бидний тухай
Багш ажилтан
Хүрээлэн буй орчны загварчлал хичээл нь хүрээлэн буй орчны аливаа үзэгдэл, үйл явц, тэдгээрийн зүй тогтлыг загварчлах боломж, загварт тавих шаардлага, загвар сонгох зарчим; загварчлалын тоон болон газар зүйн мэдээллийн системийн аргууд; урьдчилсан таамаглал гаргах боломж, шалгуур зэргийг үнэлэх; дэлхийн нэртэй сургуулиудын хөгжүүлж буй загварын программуудтай танилцах, ажиллах аргачлал, судалгаа хийхэд баримтлах зарчим, арга хэрэгслийн талаар заах онол, дадлагын хичээл юм.
Оюутанд өмнө үзсэн хичээлүүд дээр тулгуурлан Хүрээлэн буй орчинд болж буй аливаа үзэгдэл, түүний явцын зүй тогтлыг ойлгох, бохирдлын тархалт, цаашдын хандлагыг урьдчилан таамаглах чадвар олгох зорилготой хичээл юм. Уг хичээлийг судалснаар оюутан асуудалд цогцоор хандах, судалгааны шинэ арга зүй, чиглэлүүдийг эзэмших, хөрвөх чадавх сайжирна.
Энэ хичээлээр гадаргын ус судлалын шинжлэх ухааны тодорхойлолт, ус судлалын шинжлэх ухаан Дэлхийд болон Монголд үүсэж хөгжсөн түүх, гадаргын усны ажиглалт хэмжилтийн сүлжээ, түүний хөгжил ач холбогдол, байгаль дахь усны эргэлт, ус судлалын шинжлэх ухааны ач холбогдол, хэрэглэх хүрээ, агаар мандал дахь усны эргэлт, хур тунадас, сав газрын дундаж тунадас тооцох арга, хур борооны эрчимжил, Усны ууршил ба нийлбэр ууршил, усны тэнцлийн тэгшитгэлийн ерөнхий хэлбэр, түүний бүрдэл, голын урсац, сүлжээ, урсцын горим, урсцын тодорхойлолтууд, голын болон сав газрын дүрс зүйн үзүүлэлт тодорхойлох, тэдгээрийн хороодын болон урсац, бусад хүчин зүйлстэй хэрхэн хамаарах, мөсний болон дулааны горим, нуурын гарал үүсэл, нуурын усны тэнцэл ба дүрс зүй, мөнх цас, мөсөн гол, ангилал, тэдгээрийн өөрчлөлт, Монгол орны гадаргын ус, усны тооллого, гадаргын ус болон гол мөрний урсцад уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны үзүүлэх нөлөөлөл, Голын сав газрын нэгдсэн менежментийн зарим ерөнхий ойлголт зарчмыг үзэх болно.
Гадаргын усан объектуудын талаар үндсэн ойлголт өгөх, ус зүйн үзэгдэл, үйл явц бүрдэх зүй тогтол, тэдгээрийн хуваарилалт, агаар мандал, шим мандал, эх газар болон бусад харилцан үйлчлэл бүхий объектын хамаарал, уялдаа холбоог судалж, гол мөрөн, нуурын усны горим, нөөц, орон зай цаг хугацааны хуваарилалтын үндсэн тодорхойлолтуудыг тооцох, үнэлэх арга зүйг эзэмшүүлэхэд чиглэнэ. Усны нөөц тогтоох, усан сан бүхий газарт учирсан экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээ, гадаргын усны байгаль орчны ерөнхий ба нарийвчилсан үнэлгээ хийж сурах, усны тухай хууль эрх зүй, бодлогын бичиг баримт, тогтоол шийдвэр, стандартуудтай танилцаж оюутан өөрийн сурч буй мэргэжил, сонирхсон судалгааны ажилд хэрэглэх, шинэ мэдлэг бүтээх ач холбогдолтой.
Байгалийн нөөц судлал хичээл нь байгалийн баялгийн ангилал, тэдгээрийн тархалт, нөөцөд тоон болон чанарын үнэлгээ хийх аргачлал, судалгаа хийхэд баримтлах зарчим, арга хэрэгслийн талаар заах онол, дадлагын хичээл юм.
Оюутнуудад байгалийн баялгийн нөөц, Монгол орны янз бүрийн ландшафт, байгалийн баялгийн чадавхи, түүний өсөлт, бүс нутагт эрхлэх байгаль ашиглалт онцлогийн тухай мэдлэг олгоно.