Бидний тухай
Багш ажилтан
Ашигт малтмалыг хайх, олборлох, боловсруулах явцад уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, тэдний мал аж ахуй болон аж ахуйн бусад үйл ажиллагаанд, мөн түүнчлэн орон нутгийн хөгжилд сөргөөр нөлөөлөх явдал гарах болов. Үүнтэй холбоотой орон нутаг болон уул уурхайн компаний хооронд, цаашид орон нутаг төв засгийн газрын хооронд үл ойлголцол, зөрчилтэй байдал үүсэх нь тохиолдог. Энэ асуудлыг шийдвэрлэх нэгэн гарц, шийдэл болгон Ашигт малмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1-д 2022.11.11-ний өдөр дараах нэмэлт орсон. “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэж заасан. Иймд энэхүү гэрээтэй холбоотой эрх зүйн асуудлыг судлах, судалгааны дүгнэлт, санал гаргах нь уул уурхай тойрсон маргаантай асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.
Тус судалгаа нь нийт 5 хэсэг бүхий, Эмэгтэй Нэр Дэвшигчид Ба Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгууль; Яагаад Эмэгтэй Хуульч Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд Хүчтэй Кандидат Болж Чадахгүй Байна вэ? (Дүрийн Онол Болон Нимбэгний Зах Зээлийн Онолын Тайлбар); Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд Нэр Дэвшсэн Эмэгтэй Хуульчидтай Хийсэн Ярилцлагын Судалгаа; Харьцуулсан Судалгаа: Олон Улсын Барын Холбоо болон Бүгд Найрамдах Гана Улсын Барын Холбооны Туршлагаас; Дүгнэлт, Санал гэсэн бүтэцтэйгээр Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд Нэр Дэвшсэн Эмэгтэй Хуульчдын талаар судалсан салбар дундын судалгаа юм. Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд Нэр Дэвшсэн Эмэгтэй Хуульчдаас ганцаарчилсан ярилцлагын судалгаа авч, мөн тус сонгуульд эмэгтэй хуульч сонгогдохгүй байгаа тухайд хуулийн салбараас бусад салбар шинжлэх ухааны үүднээс анализ хийн, энэ талаар тайлбарлаж болох онолуудыг ашиглан нийгмийн сэтгэл судлалын онолын нэг Иглигийн Дүрийн онолоор, мөн зан үйлийн эдийн засгийн онол болох Акерлофын Нимбэгний зах зээлийн онолоор асуудлыг тайлбарлаж, цаашлаад практик дээр эмэгтэй барын холбооны ерөнхийлөгч сонгогдсон туршлага бүхий Олон Улсын Барын Холбоо болон Бүгд Найрамдах Гана Улсын Барын Холбооны сонгуулийн тогтолцооны онцлогийг судалсан болно. Судалгааны үр дүнд манай Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд цахим сонгуулийн тогтолцоог нэвтрүүлж, бүртгэлтэй хуульч бүр төлөөллөөрөө бус шууд ерөнхийлөгчийг өөрөө цахимаар сонгох тогтолцоотой болох, мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд хамгийн багадаа 2 эмэгтэй нэр дэвшигчийг оруулахаар чармайх, түүнчлэн төгссөн их сургууль зэрэг адил төстэй байдлаар нэр дэвшигчийг үнэлэхгүйн тулд нэр дэвшигчдийн хооронд шууд мэтгэлцээн өрнүүлэх маягаар нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг авч хэлэлцэх сонгуулийн мэтгэлцээний тогтолцоог Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд бий болгохыг тус тус санал болголоо.
(Аман илтгэлийн хураангуй) Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монголын Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн 2008 онд туурвисан Сонгуульд суралцахуй (тогтолцоо, үйл явц, эрх зүй) номын уншлагад хэлэлцэгчийн хувиар оролцож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлье. Б.Чимид багш Монгол Улсыг ардчилсан дэглэм бүхий улс төрийн тогтолцоотой, хувийн өмчид суурилсан зах зээлийн эдийн засагтай, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоо бүхий нийгмийн байгуулалтай байх; хүн ард нь олон улсын нийтлэг шаардлагад нийцсэн эрх, эрх чөлөөгөө эдлэх баталгаатай байх, тэдгээрийг дэмжин хамгаалах эрх зүйт засаг төр, орон нутгийн байгуулалтай байх, энэ бүхийн эх ундрага болсон ард түмэн нь дээд эрх буюу бүрэн эрхт байдалтай байх үндэслэлийг төрийн хэргийг залгуулж явахдаа хууль зүйн хувьд бүрдүүлж чадсан хосгүй бөгөөд агуу хувь заяатай хуульч юм. Энэ бүхэн нь түүний эхийг барьж, эцсийн найруулгыг үг үсэг, цэг, таслал нэг бүрийг уншиж танилцуулан Үндсэн хууль тогтоох эрх бүхий тусгай байгууллага болох Ардын Их Хурлаар батлуулсан 1992 оны Үндсэн хуульд нь бий. Үндсэн хууьд буй дээрх боломж, үндэслэлийг цаашид хууль зүйн хэм хэмжээний түвшинд хэрхэн залгамжлуулж, практикт хэрхэн хэрэгжүүлэн тогтоож Монгол Улсаа, төрт ёсоо авч явах нь монголчууд бид бүхний мэдлэг, ур чадвар, ухаан, тэсвэр тэвчээрээс хамаарна. Б.Чимид багш Үндсэн хуулийг боловсруулах ажилд өндөр хэмжээнд бэлтгэгдсэн хуульч байсан төдийгүй, Үндсэн хуульд орсон агуулга, үндэслэл, үзэл санааг тайлбарлан таниулсан, цаашид залгамжлан үйлчлэх хууль тогтоомжийн талаар судлан шинжилсэн судлаач, бүтээн туурвисан эрдэмтэн зохиогч хүн байсан. Энэ удаагийн номын уншлагын хүрээнд түүний бичсэн олон арван номноос “Сонгуульд суралцахуй (тогтолцоо, үйл явц, эрх зүй)” номыг сонгон уншиж, тодорхой сэдвээр уул номыг түшиглэсэн судлаачид илтгэл хэлэлцүүлж, санал, дүгнэлтээ танилцуулж байгаа нь бидний дээр дурдсан мэдлэг, ур чадвар, ухаан, тэсвэр тэвчээрээ ахиулах сайхан боломж, үндэсний цар хүрээ бүхий эрдэм шинжилгээний хурал болж байна гэж үзэж байна. Миний бие “Сонгогчдын боловсрол төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Оюунтуяагийн бичсэн “Сонгогчдын боловсрол чухал болох нь” илтгэл, “Сонгуульд суралцахуй (тогтолцоо, үйл явц, эрх зүй)” номыг уншаад дараах санал, дүгнэлт гаргаснаа танилцуулъя. Үүнд: 1. Илтгэгч Сонгогчийн боловсрол сэдэвтэй илтгэл бичиж, тэр хүрээндээ “Сонгуульд суралцахуй (тогтолцоо, үйл явц, эрх зүй)” номын “Сонгуульд суралцахуй” ном тав (Сонгогчдын нэрийн жагсаалт ба сонгогчийн үнэмлэх), арав (Сонгуулийн өдөрт бэлтгэх нь), арваннэгдүгээр (Санал хурааж, дүн гаргах) бүлгийн товч агуулгыг авч үзжээ.
Энэхүү илтгэлээр Байгалийн баялгийн хууль тогтоомжийг шинэчлэх үндэслэл, шаардлагыг судлан төрөлжүүлж, тухайлбал ойн хууль тогтоомжийн хүрээнд уг шинэчлэл хэрхэн хийгдэж болох талаар өгүүлсэн болно. Мөн түүнчлэн байгалийн баялаг, байгалийн нөөц гэсэн нэр томьёоны агуулга, хүрээ, хэрэглээний асуудлыг хөндсөн юм.
Монголын Хуульчдын Холбоо, Шүүхийн сахилгын хорооны урилгаар ирсэн эрхэм хүндэт зочид, эрдэмтэн судлаачид, нийт хуульчиддаа өглөөний мэнд хүргэн мэндчилье. Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны шинэ бүрэлдэхүүн, удирдлага томилогдоод 1 жилийн ойн дээрээ ирж байна. Бид өнгөрсөн 1 жилийн хугацаанд хуульчдын ёс зүйн мэдлэг, боловсрол, дадал зуршлыг дээшлүүлэх чиглэлээр, тэдэнд зөвлөх, туслах зорилготой үйл ажиллагаа ихэвчлэн явуулж ирсэн бол өнөөдөр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээ “code of conduct”-ийн эрх зүйн үндсийн хүрээнд үүссэн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг та бүхний дунд хэлэлцүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцох гэсэн юм. Энэ нь хорооны үйл ажилагааг сайжруулах явцуу зорилготой бус, харин Монголын хуульчдын үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээг дараагийн шатны хөгжилд нь дэмжих зорилготой юм. Миний илтгэл дараах агуулгатай байна: 1. Ёс суртахуун, ёс зүй, хууль, хуульчийн харилцан шүтэлцээний талаар товч; 2. Хуульчийн ёс зүйн түүхэн хөгжил; 3. Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаа дахь ёс зүйн хэм хэмжээ (шаардлага)-ний эрх зүйн үндэс ба төрөлжсөн зохицуулалтын хүрээнд хийгдэх шаардлагатай зохион байгуулалтын тулгамдсан асуудал.
Ашигт малтмалын буюу уул уурхайн эрх зүй нь ашигт малтмалын өмчлөлөөс эхэлдэг. Тухайн улс ашигт малтмалын өмчлөлийг хууль тогтоомжоор хэрхэн тодорхойлох вэ гэдгээс ашигт малтмалын буюу уул уурхайн хууль тогтоомжийн үзэл баримтлал нь тодорхойлогддог. Энэ удаа ашигт малтмал өмчлөл дэлхийн улс орнуудад болон Монгол Улсын хувьд хэрхэн тодорхойлогдсон байдаг талаар болон Монгол Улс дахь ашигт малтмалын өмчлөлийн хууль зүйн агуулга, түүний хэрэгжилтийн талаарх зарим асуудлыг хөндөх юм.
I. Оршил (Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчлэлийн эрх зүйн үндэс) Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2020 оны 1 дүгээр сарын 09-ний 2 дугаар тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийг баталсан. Тус хуваарийн 1.1.4-ийн 7-д “Иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулна” гэж заасан. Мөн түүнчлэн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”- батлах тухай Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолын 1.2-т Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг “иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдлаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох” чиглэлийн хүрээнд боловсруулахаар шийдвэрлэсэн. Улсын Их Хурлын дээрх тогтоолоор заасан чиглэлийн дагуу төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлэхээр Төрийн хяналт шалгалтын хуулийг шинэчлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар, түүний өмнөөс Монгол Улсын Шадар сайд хариуцан ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайдын удирдлага дор түүний зөвлөх, харьяа агентлаг болох Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар хамтран хуулийн төсөл боловсруулах ажлыг гардан хариуцаж байгаа билээ. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэх ажлын хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн судалгааны ажлыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газрын захиалгаар Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн гүйцэтгэсэн бөгөөд Монгол Улсын Шадар сайд, түүний ажлын албанд хүлээлгэн өгсөн. Тус судалгааны ажлыг Монгол Улсын Их Сургуулийн Нийтийн эрх зүйн танхимын ахлах багш Д.Ганзориг, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Х.Эрдэм-Ундрах, Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор С.Сүхбаатар, Эрдэм шинжилгээний ажилтан Г.Халиунаа, О.Төрболд, С.Цэрэндолгор, Оюуны инноваци Төрийн бус байгууллагын судлаач П.Баттулга, Б.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэсэн. Энэ судалгааны ажил нь удиртгал, хуулийн үйлчлэх хүрээ, хуулийн нэр томьёо, хяналт шалгалтын байгууллагын тогтолцоо, томилгоо, хяналт шалгалтын төрөл, хэлбэр, улсын байцаагчийн бүрэн эрх, нийгмийн баталгааг хамарсан, нэгдсэн санал, дүгнэлт бүхий тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварыг үнэлсэн, хуулийн төсөл боловсруулахад үндэслэл болох гол судалгааны ажил юм. Хэдийгээр Улсын Их Хурлаас батлагдсан тогтоолд төрийн хяналт шалгалтын хууль тогтоомжийг тодорхой чиглэлээр шинэчлэх агуулга тодорхойлогдсон боловч энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг хуулийг шинэчилсэн найруулгын хүрээнд боловсруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрч одоо хуулийн төслийн шинэчилсэн найруулгын түвшинд боловсруулж байна. Миний бие энэхүү өгүүллээрээ төрийн хяналт шалгалтын хуулийн шинэчилсэн найруулгын явц, үр дүнд үндэслэж, төрийн хяналт шалгалтын хууль тогтоомжийг хэрхэн шинэтгэх вэ? гэдэг асуудлыг хөндөх юм.
Энэ өгүүлэлд ашигт малтмалын өмчлөл, ашиглалтын талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, түүний үндсийн асуудлыг хөндөв. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг төрийн болон хувийн эрх зүйн үүднээс судалж, дүн шинжилгээ хийсэн бөгөөд төрийн өмчлөх, ашиглах, эзэмших эрхийн агуулгыг хэрхэн тодорхойлох талаар өгүүлнэ.
Монгол Улсын Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл (цаашид “төсөл” гэх)-д Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд аймгаас гадна хотод хуваагдахаар, энэ нэгж (хот) нь хороонд хуваагдахаар; аймаг нь сумаас гадна орон нутгийн харьяалалтай хотод хуваагдахаар; сум нь багийн зэрэгцээ тосгонд хуваагдахаар тусгажээ. Мөн түүнчлэн уг төсөлд хот, тосгон нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс өөр хэлбэрээр буюу өөрийн онцлогоор бие даан орших Үндсэн хуулийн үндэслэл, ач холбогдлыг бууруулах шинжтэй зохицуулалт туссан байна. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт миний бие хот тосгоныг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй ямар харьцаанд оршдог, түүний талаар хэрхэн харьцуулалт, дүгнэлт хийх талаар өөрийн саналаа боловсрууллаа.
АШИГТ МАЛТМАЛ ӨМЧЛӨЛ, АШИГЛАЛТЫН ТАЛААРХИ АРД ТҮМНИЙ ЭРХ, ХУУЛЬ ЁСНЫ АШИГ СОНИРХЛЫГ ХАНГАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛҮҮД (People’s right and legal interest in mineral ownership and exploitation) МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Доржсүрэнгийн Батболд (LL.M, MPA,) Товч утга: Монгол Улсын газрын хэвлийд агуулагдаж буй ашигт малтмалыг энэ улсын эзэн нь болсон ард түмнийх нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн зарцуулах учиртайг суурь хуулиудад заасан байдаг. Харин хэрхэн яаж, ямар арга замаар энэхүү хууль ёсны ашиг сонирхол, зарчмыг хангах вэ гэдэг нь тийм ч амар хялбар асуудал биш. Ашигт малтмалын хууль тогтоомжийг шинэчлэх талаар Улсын Их Хурал (УИХ), Засгийн газраас ажлыг хэсэг байгуулах, олон нийтийг татан оруулах зэргээр сүүлийн хэдэн жил идэвхитэй ажилласан ч хийсэн ажил нь олон түмэнд хүлээн зөвшөөрөгдөхгүй, дорвитой үр дүнд хүрсэнгүй. Тухайбал 2006 оны Ашигт малтмалын тухай хууль нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар Ашигт малмталын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нийт 29 хуулиар түүний зүйл, хэсэгт 240 орчим тооны нэмэлт, өөрчлөлт оруулсан ч баялгийн эзэн болох ард түмний эрхийг хангах талаар дорвитой алхам хийгдээгүй. Энэ талаар олон нийт шүүмжлэлтэй хандсан хэвээр байгаа нь бодитой зүйл. Энэхүү өгүүллээр ашигт малтмал өмчлөл, ашиглалтын талаархи ард түмний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хангах талаар хөндөх болно.