Бидний тухай
Багш ажилтан
Энэ хичээлээр өгүүлбэр зүйн онолын үндсэн зарчмыг гадаад болон дотоод бүтцийн хүрээнд судална. Үүнд цөм хэмжигдэхүүний ойлголт, өгүүлбэрийг бүрдүүлж буй нэгжүүдийн хоорондох өгүүлбэр зүйн болон утга зүйн харьцаанууд, тэдгээр харьцаануудыг тодорхойлох загварчлал, утга ба харилцан шүтэлцээ, тэг хэлбэр, хөдөлгөөн - хувиргал, тийн ялгалын онол зэрэг үндсэн ойлголтууд багтана.
Өгүүлбэр зүйн гадаад болон дотоод орчинд явагддаг элдэв үзэгдлүүдэд дүн шинжилгээ хийж, хүний хэлэнд өгүүлбэр хэрхэн бүтдэг талаар үүсгүүр хэлзүйн онолын түвшинд ойлгоно. Ингэснээр өгүүлбэр хийгээд өгүүлбэрийг бүрдүүлж буй нэгжүүдийн бүтцийг сурах, судлах, заах зэрэг практик хэрэглээнд нэвтрүүлэхэд илүү хялбаршуулах ач холбогдолтой.
Хэл шинжлэл ба орчуулга хичээлээр дараах ойлголтыг гүнзгийрүүлэн судална. Үүнд: Южин Нидагийн “динамик” чиг хандлага, Питер Ньюмаркийн утгын ба коммуникатив чиг хандлага, Виней ба Дарбелнетийн загвар, Катфордийн үүргийн чиг хандлага, Рожер Беллийн сэтгэц хэл шинжлэлийн чиг хандлага, Сандра Хаверсоний танихуйн хэл шинжлэлийн чиг хандлага, Гатийн уялдаа хамаарлын онолын чиг хандлага, Хэл ба дискурсийн тухайд гаргасан Халидейн загвар, Дискурсийн шүүмжит задлал, Жулиан Хаусийн “Орчуулгын чанарын үнэлгээ”-ний загвар зэрэг багтана.
Энэ хичээлийг судалснаар орчуулгын онолын ахисан түвшний мэдлэг эзэмшихийн зэрэгцээ орчуулгыг хэл шинжлэлийн чиг хандлагын үүднээс тайлж тайлбарлах чадвартай болно.
Бизнес, эдийн засгийн салбарын эх бичвэрийн бүтэц, хэл найруулгын онцлог, мэргэжлийн нэр томьёоны орчуулга, орчуулгын стратеги, арга зүйг онол-практикийн уялдаатайгаар гүнзгийрүүлэн судлах асуудлууд багтана. Суралцагч бизнес, эдийн засгийн нэр томьёо ба үгийн сангаа баяжуулан бизнесийн харилцааны бичиг баримтын; маркетинг ба зар сурталчилгааны; санхүүгийн баримт бичгийн; эдийн засгийн тайлангийн орчуулгыг монгол хэлнээс англи хэлнээ, англи хэлнээс монгол хэлнээ оновчтой орчуулах арга аргачлалд суралцана.
Энэхүү хичээлийн зорилго нь эдийн засаг, бизнесийн салбарын эх бичвэрийг онолын мэдлэгт тулгуурлан орчуулах, хэлний оновчтой хэрэглээ, орчуулгын чанар, нэр томьёоны зөв хэрэглээг судалгааны ахисан түвшинд гүйцэтгэх мэргэжлийн ур чадвар, чадамжийг эзэмшүүлэхэд оршино.
Эдийн засаг, бизнес гэсэн ерөнхий сэдвээр доор дурдсан агуулгын хүрээнд англи-монгол, монгол-англи хоёр хэл рүү ахисан түвшинд бичгийн орчуулга хийж, үг хэллэгийг хэрэглэн хэвших. Үүнд: Бизнесийн удирдлага, зах зээл, зар сурталчилгаа, бараа бүтээгдэхүүн, компаний бүтэц, нягтлан бодох бүртгэл, банк санхүү, валютын ханш,үнэт цаас хувьцаа, хүний нөөц, олон улсын худалдаа, эдийн засаг-экологи, эдийн засаг-шинжлэх ухаан, эдийн засаг-нийгэм.
Эдийн засаг, бизнесийн холбогдолтой материалыг Англи-Монгол, Монгол-Англи хэлнээ орчуулж сурах, өгүүлбэрийн бүтцийг зөв тодорхойлох, холбогдолт үг хэллэг, нэр томьёо, холбоо үг зэргийг тогтоон, орчуулгын зөв оновчтой хувилбарыг сонгон хэрэглэж сурах; үгчлэх, утгачилах, дүйлгэх, тайлбарлах зэрэг орчуулгын төрлүүдийг зөв хэрэглэх дадал чадварыг эзэмших; үгийн сангийн нөөцийг баяжуулах, дүрмийн мэдлэгээ гүнзгийрүүлж сурна.
Суралцагч хууль, эрхзүйн эх бичвэрийг таньж тодорхойлох; компаний тухай хууль, холбогдох баримт бичгүүд, хөрөнгө оруулалтын тухай хууль, гэрээ, гэрээний төрөл, нийтлэг эрхзүйн шүүхийн шийдвэр, хууль зүйн бичиг захидал, арбитр болон эвлэрүүлэн зуучлалын гэрээ, хамтран ажиллах гэрээ, итгэмжлэл ба лиценз, гадаадад суралцах гэрээг монгол хэлнээс англи хэлнээ, англи хэлнээс монгол хэлнээ оновчтой орчуулах арга аргачлалд суралцана.
Энэхүү хичээлийн зорилго нь хууль, эрхзүйн хэлний онцлогийг танин мэдэж, хууль эрхзүйн баримт бичгийг задлан шинжилж, орчуулах, нэр томьёог хэрхэн оновчтой хэрэглэх, мэргэжлийн орчуулгыг судалгааны ахисан түвшинд гүйцэтгэх ур чадвар, дадлыг эзэмшүүлэхэд оршино.
Уул, уурхай гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд доор дурдсан агуулгаар англи-монгол, монгол-англи хоёр хэл рүү ахисан түвшинд орчуулж, үг хэллэгийг хэрэглэж хэвших.
Уул, уурхайн холбогдолт бичвэрийг англиас монгол, монголоос англи хэл рүү ахисан түвшинд орчуулах, үгийн сангийн нөөцөө уул уурхайн холбогдолт үг хэллэг, мэргэжлийн нэр томьёогоор баяжуулах, тэдгээрийг тогтоон, хэрэглэж хэвших, орчуулгын зөв оновчтой хувилбарыг сонгон хэрэглэж сурах; үгчлэх, утгачилах, дүйлгэх, тайлбарлах зэрэг орчуулгын төрлүүдийг найруулгын хэв шинжүүдтэй хослуулан хэрэглэж, хэвших дадал чадварыг эзэмшүүлэхээс гадна найруулгазүй болон хэлзүйн дүрмийн мэдлэгээ гүнзгийрүүлнэ.
Хичээлийн агуулга нь уншсан материалыг бүрэн ойлгох, олон төрлийн унших материалтай танилцах, шаардлагатай эсвэл тодорхой мэдээлэл, баримт авах зорилготой унших, нарийвчилсан, хайлт хийсэн, танин мэдэхүйн журмаар унших дадлыг хөгжүүлэх чиглэлийг багтаасан болно.
Бүтээл туурвилыг эх зохиолоос нь уншиж ойлгох, гол утга санааг тодорхойлох, мэдээлэлийг харьцуулах, шүүн тунгаах, үнэлгээ дүгнэлт өгөх, тусгай ба мэргэжлийн үгийн санг контекстээр мэдэх, цуглуулах, цэгцлэн томьёолох, эрдэм шинжилгээний үг хэллэг, үгсийн санг судлах, харьцуулах, дэлгэн харуулах, гадаад эх сурвалжтай бие даан ажиллах замаар оюутнууд англи хэлний унших чадварыг дундын дээд түвшинд, бичих чадварыг дунд түвшинд эзэмшихэд тус хичээлийн зорилго, ач холбогдол оршино.
Англи хэлний өгүүлбэр зүйн лекц хичээлээр дараах ойлголтыг гүнзгийрүүлэн үзэж судалсан байна. Үүнд: өгүүлбэр зүйн судлагдахуун, бүрэн өгүүлэгдэхүүн, бүрэн өгүүлэхүүн, нийлмэл өгүүлэгдэхүүн, нийлмэл өгүүлэхүүн, нийлмэл өгүүлбэрийн хэсгүүд, өгүүлбэрийн хэв шинж, батлах өгүүлбэр, асуух өгүүлбэр, захирах өгүүлбэр, анхааруулах өгүүлбэр, гүйцээвэр шууд тусагдахуун, шууд бус тусагдахуун, тусагдахуун гүйцээвэр, өгүүлэгдэхүүн гүйцээвэр, өгүүлэхүүн хавсрал нэр, холбоос үйл үг, өгүүлбэрийн үндсэн загвар, угтлагат хэлц, үйл хавсралт хэлц, дагалдагч хэлц үйлийн хэлц эс тухайлах хэлбэр, эс тухайлах хэлбэрийн хэлц, нөхцөлт үйл үг, нөхцөлт үйл үгийн хэлц, үйлт нэр, үйлт нэрийн хэлц, гишүүн өгүүлбэр, гишүүн өгүүлбэрийн төрөл, үйл хавсрал гишүүн өгүүлбэр, нэр гишүүн өгүүлбэр,өгүүлбэрийн бүтэц, энгийн нийлмэл өгүүлбэр, хавсарсан өгүүлбэр, хавсарсан нийлмэл өгүүлбэр, өгүүлэгдэхүүн өгүүлэхүүний зохицол, өгүүлэгдэхүүний үүрэгтэй тодорхойгүй төлөөний үг, ганц ба олон тоогоор байдаг төлөөний үгс, урвуу өгүүлэгдэхүн өгүүлэхүүн, өгүүлэхүүн нэрлэхүйтэй өгүүлбэр, өгүүлэгдэхүүн хам нэр, үйлшсэн нэр, тусах үйл үг, зэрэгцсэн бүтэц, оноосон нэр томоор бичих нь, цэг хэрэглэхүй, асуултын тэмдэг, анхааруулах тэмдэг, босоо цэг, асуултын тэмдэг, анхааруулах тэмдэг хэрэглэхүй, босоо цэг, таслал, цэгтэй таслал хэрэглэхүй, зураас, орхиц, холбох зураас, эшлэх тэмдэг, хаалт, хашилт, бичмэлээр бичих, англи хэлний хувилбар зэрэг болно.
Энэхүү хичээлийг судалсанаар оюутнууд англи хэлний өгүүлбэрийн бүтцийг нарийвчлан судалж, дүрмийг зөв хэрэглэх дадал чадварыг эзэмшинэ. Үг, өгүүлбэр, хэллэгийг задлан шинжилж хоёр хэлний орчуулга хийж сурах үндсэн суурьтай болно.
Аялал жуулчлалын үндэс, хэм хэмжээ, үйл ажиллагаатай холбогдсон мэдээ мэдэээлэл, онол практикийн мэдээллийг таниулах, орчуулах дадал олгоно
Аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбогдсон үг хэллэг бүхий бичвэрийг уншин ойлгож, Англи-Монгол, Монгол-Англи хэлнээ орчуулж сурах, өгүүлбэрийн бүтцийг зөв тодорхойлох, холбогдолт үг хэллэг, нэр томьёо, холбоо үг зэргийг тогтоон, орчуулгын зөв оновчтой хувилбарыг сонгон хэрэглэж сурах; үгчлэх, утгачилах, дүйлгэх, тайлбарлах зэрэг орчуулгын төрлүүдийг зөв хэрэглэх дадал чадварыг эзэмших; үгийн сангийн нөөцийг баяжуулах, дүрмийн мэдлэгээ гүнзгийрүүлж сурна.
Хичээлийн явцад оюутан англи-монгол, монгол-англи хэл рүү бичгийн орчуулга хийх арга барилд суралцана. Ингэхдээ өдөр тутмын сонин хэвлэл, сэтгүүл, ном сурах бичигт нийтлэгдсэн газар зүй, нийгэм эдийн засаг, соёл урлаг, шашин шүтлэг, түүх соёл, уламжлалт ахуй, ёс заншил гэх мэт олон төрлийн сэдвийн хүрээнд орчуулга хийнэ.
Уг хичээлийн зорилго нь оюутанд орчуулгын онол дээр тулгуурлан англи-монгол, монгол-англи хэл рүү орчуулах арга барил, дадлыг оюутанд олгох явдал юм. Түүнчлэн орчуулгын явцад тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг хамтдаа боловсруулж шийдсэнээр оюутан цаашид орчуулгын суурь мэдлэгтээ тулгуурлан бие даан орчуулах чадвар, дадалд суралцахаараа ач холбогдолтой.